Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 24

 

2017.4.06                        №24

 

Т.Хүрэлбаатарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2017/0025/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга,
Прокурор: С.Алтай /онлайнаар/,
Ялтны өмгөөлөгч:Р.Ганчулуун /онлайнаар/,
Ялтан: Т.Хүрэлбаатар /онлайнаар/ нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаагийн даргалж  хийсэн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Р.Ганчулуун, ялтан Т.Хүрэлбаатар нарын давж заалдах гомдлоор Т.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн 201611000167 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1966 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Цагаан чулуут” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Их Монгол овогт Төмөрбаатарын Хүрэлбаатар  /РД: ЖЮ66080512/
Т.Хүрэлбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг Бурхант гэх газарт иргэн Ч.Сүхбаатарын 3 тооны үхрийг “Хонда-Лого” маркийн 57-89 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж,  бэлчээрт нь  нядалж, 2400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газраас Т.Хүрэлбаатарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн,  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Их Монгол овогт Төмөрбаатарын Хүрэлбаатарыг бусдын эд хөрөнгийг машин механизм хэрэглэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Т.Хүрэлбаатарын эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ялтан Т.Хүрэлбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1-т зааснаар ялтан Т.Хүрэлбаатарын 2016 оны 04 сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 57-89 ДОР улсын дугаартай "Honda Logo" маркийн тээврийн хэрэгслийн үнийн дүнтэй тэнцэх 2000000 /хоёр сая/ төгрөгийг ялтан Т.Хүрэлбаатараас гаргуулан төрийн өмчлөлд шилжүүлж,  Эрүүгийн байцаан шйитгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 57-89 ДОР улсын дугаартай "Honda Logo" маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, машиныг өмчлөгч Н.Нэргүйд олгож, ялтан Т.Хүрэлбаатарын эзэмшлээс 1200000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 ханатай эсгий гэр битүүмжилсэн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнх-Эрдэнийн 2016 оны 09 сарын 16-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээж,  Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Хүрэлбаатараас 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг “Бурхант” гэх газар оршин суух, ЖЮ51101176 регистрийн дугаартай Чонод овогт Чимэдийн Сүхбаатарт олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн 2.5 литрийн “Нийслэл” пивоны голоор нь хуваасан хуванцар савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирүүлсэн ялтан Т.Хүрэлбаатарын ЖЮ66080512 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлж, 1000930 дугаартай жолоочийн үнэмлэхийг ялтан Т.Хүрэлбаатарт, 00660734 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Н.Нэргүйд тус тус буцаан олгохоор  тус тус шийдвэрлэжээ.
Ялтан Т.Хүрэлбаатар  нь давж заалдах гомдолдоо: ... Миний урьд нь хүнд өгсөн байсан улаан шүдлэн үхэр манайд ирээд хэд хоносон юм. Тэгэхээр нь би хэд хоног эзнийг нь ирж авахгүй байхаар нь ажиллаад махыг нь аймаг руу оруулж зарсан. Тэгээд 2016 оны 4 сарын 19-ний үдээс хойш би эхнэр, хүүхдээ авч явж байгаад цагдаа нарт баригдсан. Гэрч Энхтөр худал мэдүүлэг өгсөн. Энэ хэргийг дахин шалгаж өгнө үү гэжээ.
Ялтны өмгөөлөгч Р.Ганчулуун давж заалдах гомдолдоо: ... Хүрэлбаатар уг хэргийг үйлдээгүй талаараа мэдүүлсээр ирсэн. Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй нотлогдоогүй байхад анхан шатны шүүх үнэлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай огт нийцэхгүй байна. Мөн хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн зэрэг нөхцөл байдлууд байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцааалтанд буцааж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Т.Хүрэлбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Бурхант” гэх газарт Ч.Сүхбаатарын 3 тооны үхрийг Хонда-Лого маркийн 57-89 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн хулгайлж бэлчээрт нь нядалж,  2400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ч.Сүхбаатарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Малаа услах санаатай  очтол үхрүүд байхгүй байсан. Тэгээд айлын хашаанд мал ажилласан байхыг харчхаад шууд цагдаагийн газарт хандсан. Миний алдсан үхрүүдийг Хүрэлбаатар авсан нь хэргийн баримт, гэрчийн мэдүүлгээр тодорхой болсон.  Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү... гэх
Гэрч Ч.Энхтөрийн  мөрдөн байцаалтад өгсөн: Хүрэлбаатар 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр аймаг явлаа гэж хэлээд явсан. Нөгөөдөр нь буюу 4 дүгээр сарын 19-ний өдөр ирэхдээ  машинаасаа үхрийн хаа, гуя буулгаж шулаад буцаагаад аймаг руу аваад явсан. 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш ямар нэгэн үхэр, мал ажиллаагүй. Хүрэлбаатар 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр утсаар ярихдаа “цагдаа чамаас юм асуувал намайг гэрийнхээ гадаа уг үхрийг ажилласан” гэж хэлээрэй гэж хэлэхэд нь “би тэгж хэлж чадахгүй, үнэн зөвөөр нь хэлнээ” гэж хэлсэн ... гэх /хх-45-46, 170х/
Гэрч Г.Баянмөнх мөрдөн байцаалтад өгсөн: Хадам аав 4 дүгээр сарын 19-ний өглөө над руу “үхэр хулгайд алдсан” гэж ярихаар нь би цагдаад мэдэгдсэн. Анх хэргийн газарт очиход хар мухар халзан, ухаа халзан, улаан халзан 3 тооны эр үхрийг нядалж толгой, арьс болон гэдэс дотор сэвсийг нь хаясан байсан. Биеэр арай том ухаа халзан эр үхрийн арьс болон багалзуур хоолой, уушиг, зүрх нь байхгүй байсан бөгөөд толгойд нь хэл байхгүй байсан болохоор нь авалгүй хэргийн газарт  орхиод явсан. Нөгөө хоёр үхрийн толгой нь хэл, арьстайгаа байсан болохоор нь аваад явсан. Гэрэл зургийн үзүүлэлтэд байгаа үхрийн хэлний доод хэсэгт байрлах жижиг арьс нь хадам аав Сүхбаатарын ухаа зүсмийн үхрийн арьс мөн байна ... гэх /хх- 49-51/
Гэрч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: Хүрэлбаатар нь манай малаас авч  хэрэглэсэн талаар надад хэлээгүй. Манайд улаан зүсмийн эм шүдлэн үхэр байхгүй ... гэх /хх-173х/
Гэрч Б.Оюунболдын мөрдөн байцаалтад өгсөн: Би мал мах авдаг юм.  2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Нэргүй гэх эмэгтэй хүн өндөр залуугийн хамт мах авчрахаар нь би авсан. Худалдаж авсан махнаас гэдэс дотор, толгой, арьс нь дутуу бөгөөд нуруутай дан хаа нь байсан. Аль талын хаа нь байсныг нь одоо санахгүй байна ... гэх /хх- 56-57 х/
Гэрч Н.Нэргүйн мөрдөн байцаалтад өгсөн: Манай нөхөр Хүрэлбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагийн үед машинаа янзлуулна гэж яваад 19-ний өглөө 07 цагийн үед үхрийн махтай ирсэн. Машин дээр нь ухаа зүсмийн үхрийн арьс  байсан. Харин би сандраад үхрийн толгойг нь хүнд зарсан гэж худлаа хэлсэн юм ... гэх /хх-97-98х/
Гэрч Б.Батзулын мөрдөн байцаалтад өгсөн: Нэргүй нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 1 тооны үхрийн гарал үүслийн гэрчилгээ авсан ... гэх мэдүүлгүүд /хх-58-59/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: ... Саравчнаас ертөнцийн зүгээр баруун урагшаа 10 мерт зайд тэнхлэг хоорондын зай 129 см өргөнтэй тээврийн хэрэгслийн мөр зүүн хойшоо явсан мөр байв. /хх-13х/
Тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: ... Урд талын дугуйны тэнхлэг хоорондын хэмжээг хэмжихэд дотор хэсэг 129 см байв. /хх-141х/  
Эд зүйлийн үнэлгээ /хх- 34-36х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй  бөгөөд шүүх Т.Хүрэлбаатарт хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.
Ялтан Т.Хүрэлбаатар, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нарын “хэргийг мөрдөн байцаалтад буцаах” талаар  гаргасан давж заалдах гомдлын тухайд: Т.Хүрэлбаатар нь хохирогч Ч.Сүхбаатарын 3 тооны үхрийг хулгайлаагүй гэж байгаа боловч, хэргийн газрын үзлэгээр ухаа халзан үхрийн хэл толгойдоо байхгүй байсан бөгөөд харин Т.Хүрэлбаатарын машинаас хураагдсан шуудайтай махан дотроос жижиг арьстай үхрийн хэл гарсан, уг жижиг арьсыг гэрч Г.Баянмөнх нь “хадам аав Сүхбаатарын ухаа халзан үхрийн арьс мөн байна” гэж таньсан, хэргийн газрын үзлэгээр илэрсэн машины мөрний тэнхлэг хоорондын хэмжээ нь  Хүрэлбаатарын унаж явсан “Хонда лого” машины урд талын дугуйны тэнхлэг хоорондын хэмжээтэй тохирч байгаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байх тул тэдгээрийн  давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
 Харин 57-89 ДОР улсын дугаартай “Honda logo” маркийн автомашины өмчлөгч Найдан овогтой Нэргүй болох нь 00660734 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул анхан шатны шүүх Т.Хүрэлбаатараас машины үнийн дүнтэй тэнцэх 2 сая төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул  шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар тогтов.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1,  325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хасч, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.СҮХГОМБО
                                 ШҮҮГЧИД                                              О.БААТАРСҮХ
                                                                                                      Б.ДЭНСМАА