Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/0066

 

“А” ХХК-ийн

гомдолтой, Шударга өрсөлдөөн,

хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчид

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Х.Батсүрэн

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                    Г.Банзрагч

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Д.Батбаатар

Нарийн бичгийн дарга: Э.Бадамдорж

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0411 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2023/0397 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 331 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, Х.Т, хариуцагч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нарыг оролцуулан гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0002355 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 01/29 дүгээр удирдамжийн дагуу буудайн гурилын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн худалдан борлуулж буй гурилын үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, нөөц хангамжийн байдлыг судлан тогтоох зорилгоор хяналт шалгалт хийсэн.

2.2.Улсын ахлах байцаагч ““А” ХХК “гурилын борлуулалтын үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн үйл ажиллагаа явуулсан нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон” гэж үзэж 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д зааснаар 20.000.000 (хорин сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

3.Гомдол гаргагчаас “... Өрсөлдөөний тухай хуульд заасан монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгж биш учраас үнэ нэмэхийг хуулиар хориглоогүй, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьд алдагдлаа нөхөх, ашигтай ажиллах, ажилчдын цалинг нэмэгдүүлэх зорилгоор үнэ нэмсэн” гэж, хариуцагчаас “... улаан буудайн үнэ болон гурилын үйлдвэрлэл явуулахад шаардагдах бусад зардал өсөөгүй байхад үндэслэлгүйгээр үнэ нэмсэн” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “ ... “хязгаарлагдмал нөхцөл байдал үүсээгүй бол үнэ нэмсэн шалтгаан, үндэслэлийг төрөөс хянах эрхгүй” үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасныг баримтлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “... “Улаан буудайн үнэ, зардал өсөөгүй энэ тохиолдолд стратегийн хүнс үйлдвэрлэж буй аж ахуй эрхлэгч болохын хувьд бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмж харилцагчдад нийлүүлсэн нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн“ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Гомдол гаргагчийн төлөөлөгч П.Ц гомдолдоо:

6.1.Манай байгууллага монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгж биш, зөрчлийн хэргийн бүх хугацаанд хүнсний нөөцийн хомсдол, гамшгийн байдал зэрэг онцгой нөхцөл байдал үүсээгүй байсан нь хоёр талын тайлбараар нотлогддог.

6.2.Стратегийн хүнсний талаар ямар үүрэгтэй оролцож болохыг хуулиар нарийвчлан заасан нөхцөлүүдэд хамаарах үед шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

6.3.Хариуцагчийн хяналт шалгалтын ажлын танилцуулгад “А“ ХХК зах зээлд бага нөлөө үзүүлдэг талаар дүгнэсэн байгаа.

6.4.Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-д төр хуульд зааснаас бусад тохиолдолд аж ахуй эрхлэгчийн хөрөнгөө үнэлэх эрхэд халдаж болохгүй талаар заасан, хариуцагч үндэслэлгүй үнэ тогтоосон гэж байгаа боловч үндэслэлтэй үнээ тайлбарлаж чадахгүй байгаа.

6.5.Хүнсний тухай хуулиар хэрэглэгч үндэслэл бүхий үнэтэй бараагаар хангагдах буюу хямд үнийн баталгаа эдлэх эрхийг зохицуулаагүй.

6.6.Иймд шийтгэлийн хуудас болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 397 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 331 дүгээр тогтоолоор гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Хариуцагчаас гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлыг хангааж, шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

10.Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал хамгийн бага байх боломжтой зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь байдалтай гэж үзнэ.”, 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ.” гэж заасан.

11.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ”А” ХХК нь Өрсөлдөөний тухай хуульд заасан гурил үйлдвэрлэлийн зах зээлд монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч биш, 2021 оны байдлаар зах зээлийн хүч 0.09 буюу 0-тэй ойролцоо, зах зээлд үзүүлэх хүч бага болох нь харагдаж байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй.

12.”А” ХХК-ийн шалгалтад хамрагдсан буюу 2022 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарын хугацаанд зах зээлд улаан буудайн хомсдол үүсээгүй, зах зээлд гурил чөлөөтэй худалдаалагдаж, хэрэглэгч хаанаас ч бүх үйлдвэрийн гурилыг сонгон авах боломжтой байсан нь хэргийн оролцогчдын тайлбараас тодорхой байна.

13.Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” үйл ажиллагаа явуулахыг хориглохоор, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

14.“А” ХХК ашгийн төлөө хуулийн этгээдийн хувьд үйл ажиллагаагаа чөлөөтэй удирдан, зах зээлийн зарчмаар үйлдвэрлэсэн барааныхаа үнийг тогтоох эрхтэй, ялангуяа тухайн зах зээлд монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдоогүй тохиолдолд өөрийн үйлдвэрлэсэн гурилын үнийг нэмснийг хууль зөрчин хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа эрхэлсэн гэх боломжгүй.

15.Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулиар монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж тогтоогдсоноос бусад аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтоох үйл ажиллагаанд төрөөс зохицуулалт хийхийг зөвшөөрөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

16.Зах зээлд чөлөөтэй арилжаалагдаж буй бараа бүтээгдэхүүн нь ердийн тохиолдолд харилцан орлох шинж чанартай буюу хэрэглэгч чөлөөтэй худалдан авах боломжтой бол чөлөөт зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар уг бараа бүтээгдэхүүний үнэ тогтоно, ийнхүү тогтсон зах зээлийн үнийг төрөөс хянахгүй буюу чөлөөт өрсөлдөөнийг хамгаалах агуулгад хамааруулж үзнэ.

17.Давж заалдах шатны шүүх “гурил стратегийн хүнсэнд хамаарна, стратегийн хүнс үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийн хувьд бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх нь хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө өндөр байхыг үгүйсгэхгүй” гэх дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

18.Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн үйл ажиллагаанд шийтгэл ногдуулсантай холбоотой харилцаанд хамааралгүй, хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан Хүнсний тухай хуулийг хэрэглэж гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

19.Иймд эдгээр үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2023/0397 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0411 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “А” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагч “А” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ                                                  Х.БАТСҮРЭН

                                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Д.МӨНХТУЯА

                                                ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                             Д.БАТБААТАР