Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01671

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 26 210/МА2024/01671

 

 

 

Б.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/02629 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ю ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 122,110,393 төгрөг гаргуулах, хөрөнгийг чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй, салгаж болохгүй засан сайжруулалтын зардалд 338,420,955 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий  иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, өмгөөлөгч А.Б, хариуцагчийн төлөөлөгч С.М, өмгөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Иргэн Б.Г би өөрийн өмч ...обьектоо түрээслэх зорилгоор 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сарын 2.000.000 төгрөгний төлбөртэйгээр 5 жилийн хугацаатай Ю ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхтулгатай Түрээсийн гэрээ байгуулсан.

Ю ХХК нь обьектод 420 мкв бетонон шал, бохирын систем, гүний худаг гаргахад 32,640,000 төгрөг зарцуулсан тооцоог гаргаж түрээсийн гэрээний хугацааг 5 биш 8 жил байхаар сунгаж, сарын түрээсийн төлбөр 2.000.000 төгрөгнөөс 340.000 төгрөг 8 жилийн хугацаагаар суутган тооцон, гэрээний хугацаа дуусмагц бохирын шугам сүлжээ, ёмкос, бетонон шал, гүний худгийн тоног төхөөрөмжийг түрээслэгчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөх санал гаргасан тул 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээнд үргэлжлэх хугацаа, сар бүр төлөх түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулсан.

2022, 2023 оны газрын төлбөр, 2022, 2023 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төлбөр, түрээсийн төлбөр нийт 81,960,262 төрөг, алданги 40,150,131 төгрөг, нийт 122,110,393 төгрөгийг гаргуулж,

Миний өмчлөлийн ..... дүүргийн ... дугаар хороо .... тоот хаягтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулттай 420 мкв сендвичин барилга Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэгдсэн 961 мкв хэмжээтэй, блокон хашаатай үл хөдлөх хөрөнгөөс оффис, гал тогооны өргөтгөлийн сендвичин байр, дотоод халаалт, тус бүр 5x6x3 метр хэмжээтэй 3 ширхэг хөргөгч, 2 ширхэг мотор, гулууз мах гэсгээх, мах өлгөх шугам, ажлын өрөө хоорондын тусгаарлах хуванцар, шилэн хана, мах чаналгын 3 ширхэг тогоо , бусад тоног төхөөрөмжийг салган авч миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг буцааж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Б.Гийн өмчлөлийн 420 мкв талбайтай сэндвичэн барилга нь үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан бөгөөд бид өөрсдийн хөрөнгөөр бетонон шал цутгах, шал тавих, бохирын систем, гүний худаг, цахилгааны шит өргөтгөх, сэндвичэн барилга барих, дотоод халаалт хийх зэргээр нийт 85,892,100 төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн. Мөн үйл ажиллагаагаа явуулахад зориулж хөргөгч суурилуулах, гулууз мах гэсгээх, өлгөх шугам, ажлын өрөө хоорондын тусгаарлах ханууд хийх, мах чаналгын тогоо, бусад төхөөрөмж зэргээр 252,528,855 төгрөгний хөрөнгө оруулалт нэмж хийсэн.

Тус хуулийн этгээд 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл дээрх зориулалтаар үйл ажиллагаа хэвийн явуулсан бөгөөд 2019 оны 5 дугаар сард Хүнс хөдөө аж, ахуйн яамнаас экспортын маханд квот тогтоосон, 2019 оны 10 дугаар сарын 18-нд экспортын мах гаргахыг бүрмөсөн хориглосноор үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хүндрэл үүсч эхэлсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол, Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 улмаас үйл ажиллагаа бүрэн зогсож өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй болно. Бид 2018 оны 5 дугаар сараас үйл ажиллагаа явуулж байх үеийн түрээсийн төлбөрийг төлсөн бөгөөд дээрх гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын улмаас түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй байдалд орсон нь үнэн болно.

Иймд, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын үеийн Монгол улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар сарын тогтоолоос 2022 оны 66 дугаар тогтоол хүртэл түрээсийн төлбөр - 39.840.000 төгрөг,

Газрын төлбөр нь Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, Үл хөдлөх хөрөнгийн татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар түрээслүүлэгчийн үүрэг бөгөөд манай хуулийн этгээдийн өмч биш тул татвар ногдох үндэслэлгүй. Тухайн газарт байгуулсан инженерийн болон дэд бүтэц бий болсон төлбөрийг түрээсийн зардлаас хасах 85,892,100 төгрөг, алданги 40,150,131 төгрөгийг зөвшөөрөхгүй. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуацагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай хийж бүтээсэн хөрөнгө оруулалтаас шалтгаалаад С.Гийн тухайн объектийн өнөөдрийн үнэлгээ асар ихээр өссөн. Үүнд: Бетонон шал зуурмаг 7,897,000 төгрөг, шал тавих ажлын хөлс 6,300,000 төгрөг, бохирын систем 13,300,000 төгрөг, гүний худаг 5,200,000 төгрөг, цахилгаан шийдлийг өргөтгөх 16,813,700 төгрөг, цахилгаан шийдлийг өргөтгөх ажлын хөлс 4,000,000 төгрөг, оффис, гал тогооны өргөтгөлийн сендвич барилга 14,460,000 төгрөг, дотоод халаалт 17,921,400 төгрөг, тус бүр 5*6*3м хэмжээтэй 3 хөргөгч (тус бүр 20 тонн багтаамжтай) 105,650,575 төгрөг, гулууз мах гэсгээх, өлгөх шугам 35,028,280 төгрөг, ажлын өрөө хоорондын тусгаарлах хана 27,200,000 төгрөг, мах чаналагын тогоо (тур бүр 700кг-н 3 тогоо) 36,000,000 төгрөг, бусад тоног төхөөрөмж 48,650,000 төгрөг, нийт 338,420,955 төгрөг.

Иргэний хуулийн 332 дугаар зүйлийн 332.3-д заасны дагуу Ю ХХК түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан объектийг сайжруулан хөрөнгө оруулалт хийсэн зардал болох 338,420,955 төгрөгийг Б.Гөөс гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Цахилгааны шийдлийн өргөтгөх 16,813,700 төгрөг, цахилгааны шийдлийг өргөтгөх ажлын хөлс 4,000,000 төгрөг, нийт 20,813,700 төгрөгөөр хөрөнгө оруулсан гэж байгаа боловч тухайн хөрөнгө оруулалт хийсэн гэх нотлох баримт байхгүй байна.

...Ю ХХК нь халаалтгүй хүйтний улиралд хүн байх боломжгүй 4м х 6м х 2.5 хэмжээтэй гал зуух, 8мх7мх 2.6м хэмжээтэй агуулахын сендвичэн барилгыг барихдаа надтай зөвшилцөлгүй дур мэдэн барьсан. Уг сендвичин барилгыг өөрсдөө аваад явах боломжтой.

...Энэ нэр бүхий тоног төхөөрөмжөө тус компани бусдад зарж борлуулах зарыг удаа дараа өгч бусдад үзүүлж байгаа талаараа, түрээсийн төлбөр шаардаж уулзах үед хэлж байсан. Бусдад зарах зар өгч үзүүлж байсан энэ үйлдэл нь дээрх тоног төхөөрөмжийг тус компани салгаад авах боломжтой байсанг нотлож байна.

Ю ХХК өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг явуулах зорилгоор авчирсан тоног төхөөрөмжөө надад хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймд, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Ю ХХК-иас 94.032.314 /ерэн дөрвөн сая гучин хоёр мянга гурван зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28.078.079 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эрхийн улсын бүртгэлийн ............., .......... дугаарт бүртгэлтэй ..... дүүрэг, ... дугаар хороо, Үйлдвэрлэлийн төвийн бүс, ...... тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 461 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаяг дах 960 мкв газрыг, түүнд байршуулж суурилуулсан тус бүр 5*6*3 метр хэмжээтэй, 20 тонн багтаамжтай 3 ширхэг мах хөлдөөх зориулалттай хөргөгч, 2 ширхэг цахилгааны мотор, 6 эгнээ мах гэсгээх, өлгөх зориулалттай шугам, тус бүр 700 кг хэмжээтэй гурван ширхэг мах чаналгын тогоо, ванн болоод бусад тоног төхөөрөмжийг салган авч чөлөөлж өгөхийг хариуцагч Ю ХХК-д даалгаж,

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар Б.Гөөс 104.392.100 /нэг зуун дөрвөн сая гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж Ю ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 234.028.855 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 838.702 төгрөг, хариуцагчаас төлсөн 1.850.055 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 698.311 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 679.912 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэг. Алдангийг хасаж шийдвэрлэсэн үндэслэлийн талаар

1.1. Миний бие түрээсийн төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдлийг 81,960,262 төгрөг гэж тодорхойлон алдангид 40,150,131 төгрөгийг нэхэмжилсэн.

Анхан шатны шүүх бидний хооронд байгуулагдсан гэрээний 4.5-д заасны дагуу газрын төлбөр болох 2,711,262 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн атлаа гүйцэтгээгүй үүргийн дүнд энэ төлбөрийг оруулалгүйгээр зөвхөн түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 102,920,000 төгрөгөөс төлөгдсөн төлбөр 27,271,000 төгрөгийг хасаж, гүйцэтгээгүй үүргийн дүнг 75,649,000 гэж тодорхойлон алдангийг тооцсон нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх ямар үндэслэлээр миний нэхэмжилсэн алдангийн хэмжээг илт их байна гэж үзсэн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй.

Бодит байдал дээр миний нэхэмжилсэн алданги илт их байгаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, тэдгээрээр тогтоогдсон үйл баримтуудаар тогтоогдож байгаа.

Анхан шатны шүүх алдангийг 2022 оноос хойших хугацаанд тооцсон нь короновирус цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, хэсэгчлэн хөл хорио тогтоосон Монгол Улсын Засгийн газрын шийдвэрүүдэд нийцээгүй.

1.2.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан хэргийн нөхцөл байдал гэдэгт цар тахлаас гадна мах, махан бүтээгдэхүүний экспортын хориг-ийг хамааруулан үзсэн талаар дурдсан байдаг.

Гэтэл цар тахал-ын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, хол хорио тогтоосон үеийг 2019-2022 оны хугацааны бүтэн гурван жилийг /ямар ч баримт, үндэслэлгүйгээр/ хамруулан энэ хугацаанд алданги тооцох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн атлаа үүнийг алдангийн хэмжээг багасгах нэг үндэслэл болгосон.

хариуцагч ямар хэмжээний үйлдвэрлэл явуулаад, хэдий хэмжээний мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортод гаргах гэж байхад нь ямар эрх бүхий этгээдийн шийдвэрээр хориглосныг анхан шатны шүүх тогтоогоогүй, хариуцагч ч үүнийгээ нотлоогүй...

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн талаар

2.1. Бетонон шал 7,897,000 төгрөг, бохирын систем 13,000,000 төгрөг, гүний худаг 5,200,000 төгрөг, шал тавих ажлын хөлс 6,300,000 төгрөг буюу нийт 32,697,000 төгрөгөөс Түрээсийн гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар төлбөл зохих түрээсийн төлбөрөөс суутган тооцсоноор нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 11,900,000 төгрөг, сөрөг нэхэмжлэлд хариу өгөх өдрийн байдлаар 68 сар буюу 9,500,000 төгрөг нийт 21,400,000 төгрөгийг хасаж тооцох ёстой атал анхан шатны шүүх дээрх 32,697,000 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бодит байдалд нийцээгүй.

2.2. ...Түрээслэгч цахилгааны хүчдэлийг ихэсгэж 250 к.вт болгохдоо тухайн объектод ямар ч доголдолгүй ажиллаж байсан КТПН буулган авч явсан бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч Г.Ц ....... дүүргийн .... дугаар хороо ...........-д Улаанбаатар хотын .... дэд төвийн төслийн ажилд аваачин суурилуулж тус газраас 25,000,000 төгрөг авсан энэ тооцоо манай компанийн дотоод асуудал нэхэмжлэгч миний биед хамааралгүй буюу би энэ төлбөрийг төлөх ёсгүй... гэдгийг шүүхэд тодорхой мэдүүлсэн.

Гэрч Г.Цгийн мэдүүлгээр тус компани надаас 20,813,700 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй харин ч миний ашиглаж байсан КТПН-ийг өөр газарт суулган төлбөрт нь 25,000,000 төгрөг авч, 4,186,300 төгрөгийн ашиг олсон болох нь тогтоогдсон үйл баримтыг шүүх огт үнэлээгүй.

2.3. ...Анх түрээсийн гэрээ байгуулахдаа л бетонон шал, бохирын систем, гүний худгаас бусад зүйлийг түрээслэгч тал гэрээний хугацаа дуусмагц авч явахаар тохиролцож тэд өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай эд зүйл, тоног төхөөрөмжөө авч явахаар тооцон суурилуулсан.

Шүүх дотоод халаалт, объекттой залгаа оффис, гал тогооны өргөтгөлийн сэндвич барилга нэмж барьсан энэ нь газраас салгаж үл болох, вакум хаалтыг сэндвичин барилгын өндөр хэмжээнд тохируулж хийсэн, салгаснаар зориулалтаар нь дахин ашиглах боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэгчид үлдээж зардлыг гаргуулахаар шийдэхдээ дээрх зүйлийг барьж байгуулснаас хойш 5 жил 10 сар болсон ашиглалт, элэгдлийг тооцолгүй оруулсан гэх мөнгөн дүнгийн хэмжээгээр нь надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

...Хариуцагч дээрх эд зүйлийн үнийн дүнг тогтоосон шаардлага хангасан нотлох баримтыг гаргаж өгөөгүй, шүүхэд өөрийн компанийн дансны хуулга гаргаж өгч, гаргасан зардлаа гэж хэлсэн боловч тухайн сендвичин барилга, ажлын өрөө тусгаарлах вакум ханыг барихад хувь хүн компанитай дээрх ажлыг гүйцэтгүүлэхээр хийсэн ажлын гэрээ, ажлын зураг, төсөв, дансаар хийсэн гүйлгээнд ямар хэмжээтэй материал авсан талаар бусад нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй.

Дээр дурдсан тайлбар, үндэслэлийг үзэж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 181\ШШ2024\02629 дугаартай шүүхийн шийдвэрт миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

 

7.Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээр алдангийг хасаж, буруу тооцсон гэх гомдлын тухайд иргэн Б.Гтэй 2018 онд байгуулсан түрээсийн гэрээний дагуу манайх төлбөрөө өгөөгүй үйл баримт хэрэгт авагдсан бөгөөд алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу 40 хувиар тооцож гаргасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хэрэгт авагдсан хаан банкны дансны хуулгаар орлого зарлага гүйлгээнд хийгдсэн бүх ажиллагааг нэг бүрчлэн бичсэн. Мөн шүүгчийн захирамжийн дагуу тухайн объектод үзлэг хийж, тэмдэглэл хөтөлсөн, гэрчийн мэдүүлэг авагдсан байх бөгөөд салгаж болохгүй гэх зүйл гэж чухам алийг үнэлж байгаа талаар үзлэгийн тэмдэглэл болон гэрчийн мэдүүлгээр орсон нийт хөрөнгүүдийг бодит байдлаар шүүх үнэлсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ю ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 122,110,393 төгрөг гаргуулах, түрээсийн зүйлийг чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч салгаж болохгүй засан сайжруулалтын зардалд 338,420,955 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

3.1. Б.Г нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ю ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж ..... дүүрэг, ... дугаар хороо, Мах маркет ХХК-ийн урд байрлах 420 м.кв талбайтай сендвичин барилга, мөн 10.5 м.кв талбайтай блокон ханатай хучилтын хавтан бүхий дээвэртэй техникийн өрөө, КТПН бүхий 961 м.кв талбайтай блокон хашаатай газрыг тус тус сарын 2,000,000 төгрөгөөр 5 /тав/-н жилийн хугацаатай түрээслүүлэх,

 

3.2. Ю ХХК нь энэхүү үл хөдлөх хөрөнгөд 420 м.кв бетонон шал, бохирын систем, гүний худаг гаргахад 32,640,000 төгрөг зарцуулах тооцоог үндэслэн талууд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээний төлбөрийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сарын 1,660,000 төгрөг байхаар тохирч, улмаар гэрээний хугацааг 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгажээ.

 

Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Тодруулбал, дээрх хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүчин төгөлдөр бус гэж үзэх хэдий ч зохигчдыг түрээсийн гэрээ байгуулснаас хойш Б.Г нь ..... дүүрэг, ... дугаар хороо, Үйлдвэрийн бүс 3/16102/ 21 тоот хаягт байрлах 960 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, мөн хаягт байрлах 461 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр авсан байх тул тэдгээрийн байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

4. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчид аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ.

 

Энэ талаар мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй гэж тодорхой зохицуулсан.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар түрээслүүлэгч Б.Г нь түрээслэгч Ю ХХК-д түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн талаар зохигчид маргаагүй боловч гэрээ цуцалсан хугацаа, түрээсийн төлбөрийн хэмжээ, алданги, газрын төлбөр, татвар болон түрээсийн зүйлд засвар хийсэнтэй холбоотой салгаж үл болох хөрөнгөд зарцуулсан зардлын талаар маргажээ.

 

Анхан шатны шүүх Ю ХХК-ийг түрээсийн зүйлийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээж авч, 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн гэрээг цуцлагдсан гэж дүгнэснээс гадна түрээсийн зүйлийг ашигласан хугацааг 62 сараар тооцож, түрээсийн төлбөр 102,920,000 төгрөг /1,660,000x62/-өөс түрээслэгчийн урьд өмнө төлсөн 27,271,000 төгрөгийг хасаад үлдэх 75,649,000 төгрөгийг Б.Гт олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар Б.Г нь Ю ХХК-д удаа дараа түрээсийн төлбөрийг төлөх тухай шаардлага хүргүүлж байсан боловч биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн зүйлийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг гэрээг цуцлагдсанд тооцсоныг буруутгахгүй.

 

5. Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар зохигч түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцжээ.

 

Хэрэгт цугларсан баримтаар Ю ХХК нь түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар түрээсийн төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр төлөх үүргээ тухай бүр зөрчсөн болох нь тогтоогдсон учир тус компани алданги төлөх үүрэг хүлээнэ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангид 15,672,052 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэл бүхий болоогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

5.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Талууд алдангийн хэмжээг энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан 0.5 хувиас багаар тогтоосон бөгөөд Ю ХХК нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй байсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Ковид-19 цар тахал гарсан талаар нотлох шаардлагагүй боловч үүний улмаас Ю ХХК нь түрээсийн төлбөрийг төлөх санхүүгийн хувьд хүндрэл үүссэн талаар тодорхой хэмжээгээр нотлох учиртай.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан байсан нь тогтоогдсон бол хэргийн нөхцөл байдал буюу түрээслэгчийн гэм буруу, гэрээний зөрчлийн шинж, төлбөрийн чадвар, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн шалтгаан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх алдангийн хэмжээ хэт их байвал багасгаж болно.

 

Иймээс хариуцагч нь 2019 оноос хойш түрээсийн төлбөрийг хугацаандаа төлддөгүй болох нь тогтоогдсон тул алдангид 37,824,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчихгүй.

 

6. Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т газрын төлбөрийг түрээслэгч Ю ХХК нь төлөх талаар тохирсон ба түрээслүүлэгч Б.Г нь газрын төлбөрт 2,711,262 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдсоныг үндэслэн анхан шатны шүүх хариуцагчаас үүнийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Харин түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар түрээслүүлэгч Б.Г нь түрээсийн зүйлтэй холбоотой татварыг төлөхөөр тохирсон, түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн татвар болон орлогын албан татвар нь өмчлөгч болон орлого олсон этгээдэд хамаатай учир нэхэмжлэлийн шаардлагаас 3,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй ба нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй тул давж даалдах шатны шүүхээс нэмж дүгнэхгүй.

 

Иймд, дээр дурдсанаар хариуцагчаас түрээсийн төлбөр 75,649,000 төгрөг, алданги 37,824,500 төгрөг, газрын төлбөр 2,711,262 төгрөг, нийт 116,184,762 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ.

 

7. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2 дахь хэсэгт хөлслүүлэгчийн эрхийг заасан бөгөөд 288.2.4-т гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, хөлслүүлэгч нь түүний зөвшөөрлөөр хөлслөгчийн түрээсийн зүйлд засвар үйлчилгээ хийснээс салгаж үл болох засан сайжруулалтын хөлсийг түүнд төлөх үүрэг хүлээнэ.

 

Энэ талаар тус хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах гэж тодорхой зохицуулжээ.

 

Анхан шатны шүүх түрээслэгч Ю ХХК-ийг түрээслүүлэгч Б.Гийн зөвшөөрлөөр түрээсийн зүйлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах зорилгоор нэмэлт засан сайжруулалт хийсэн гэж дүгнэснийг буруутгахгүй, мөн зохигчдын маргаж байгаа зүйлтэй биечлэн танилцаж, хөндлөнгийн гэрч нарын хамт үзлэг хийж, улмаар салгаж үл болох зүйлийг тодорхойлсон байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь засан сайжруулсан гэх зүйлийг буулгаад зөөвөрлөх боломжтой гэх боловч цахилгааны КТПН, бохирын цооног, гүнийн худаг, гал тогооны өргөтгөл, шал, цахилгааны самбар зэрэг нь газар болон бусад зүйлтэй бэхлэгдсэн, түүнээс салгахад зардал өндөр, салгасан тохиолдолд үндсэн хийц, чанар, хэлбэр, хэмжээ алдагдахын сацуу өөр газар таарахгүй учир салгаж үл болох бүрдэл хэсэг гэж үзэх тул энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

8. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 104,392,100 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Г нь Ю ХХК-ийн засан сайжруулалтын зардлаас 32,697,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул зохигчдыг энэ талаар маргаагүй гэж үзнэ. Харин хэрэгт цугларсан тус компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхтулгын Хаан банк ХК дахь дансны хуулгыг үзвэл тэрээр халаалт гэсэн утгаар 20,134,400 төгрөг, цахилгаан гэсэн утгаар 4,887,700 төгрөг, сендвич гэсэн утгаар 5,080,000 төгрөг, вакуум гэсэн утгаар 22,810,000 төгрөг, хаалт гэсэн утгаар 146,000 төгрөг, ажлын хөлс гэсэн утгаар 12,350,000 төгрөгийг тус тус бусдад шилжүүлжээ.

 

Үүнээс хариуцагчийн нэхэмжилсэн дотоод халаалтын зардал 17,921,400 төгрөгийг баримтаар бүрэн нотлогдсон гэж үзэж, үүн дээр цахилгаан гэсэн утгаар шилжүүлсэн 4,887,700 төгрөг, өрөө тусгаарлах болон оффис гал тогооны засан сайжруулалтын зардал 28,036,000 төгрөгийг тус тус нэмж, нэхэмжлэгчээс нийт 85,542,100 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.

 

Тодруулбал, бусад зардлын хувьд тухайн дансны хуулгаар бүрэн нотлогдоогүй, эргэлзээтэй буюу мөнгөн шилжүүлгийн утга нь ойлгомжгүй, бусдаас худалдан авсан болон ажил гүйцэтгүүлсэн тухай гэрээ, хэлэлцээр байхгүй, ажлын хөлс гэх зардал нь салгаж үл болох, аль эсхүл салгаж болох зүйлд зарцуулагдсан зардлын аль нь болох нь тодорхойгүй гэх зэрэг зөрчилтэй байх тул баримтаар нотлогдсон гэж шууд дүгнэх боломжгүй юм.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/02629 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 94,032,314 ... гэснийг 116,184,762 гэж, ... ... 28,078,079 ... гэснийг 5,925,631 гэж,

 

2 дахь заалтад ... 104,392,100 ... гэснийг 83,542,100 гэж, ... ... 234,028,855 ... гэснийг 254,878,855 гэж,

 

3 дахь заалтад ... 698,311 ... гэснийг 738,874 гэж, ... 679,912 ... гэснийг 575,600 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 916,320 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

 

  ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Б.МАНДАЛБАЯР