Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 404

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Н.Түвшинбаяр,  

Шүүгдэгч Ц.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 1809019790156 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант 2 дугаар баг Өгөөмөр, хонхор 1-р гудамж, 09 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 08 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 31 дүгээр гудамжны 111 тоот хашаанд хохирогч П.Батбаярыг “хадам аав Хатанбаатарыг уруу татаж архи уулаа” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар сандалаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

           Эрүүгийн 1809019790156 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 31 дүгээр гудамжны 111 тоотод ажилдаа явах гээд гэрээс гарч нойл орж байтал хадам аав Хатанбаатарын гэрт нь хүмүүс архидан, согтууруулах ундааны зүйл хэрэглээд орилж чарлаад амгалан тайван байдал алдагдуулаад байхаар нь Хатанбаатарын гэрт нь ороод архидаад байсан хүмүүсийг гэрээс хөөж гаргасан. Хатанбаатарын найз Батбаяр гэгч нь Хатанбаатартай гэрийн үүд орчимд зогсож байхаар нь очоод “хашаанаас гар” гэж хэлэхэд Батбаяр нь “гарахгүй” гээд миний өөдөөс амандаа үг хэлээд дайраад байхаар нь жижигхэн модон сандал аваад Батбаярыг цохих гэтэл хадам аав Хатанбаатар нь дундуур орохоор нь би хадам аавын мөрөн дээгүүр сандалаа давуулаад Батбаярын нүүрэнд нэг удаа цохисон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

 

Хохирогч П.Батбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 31 дүгээр гудамжны 311 тоотод амьдардаг багын найз Хатанбаатарын гэрт очсон. Хатанбаатарын гэрт ороход Хатанбаатар болон түүний эхнэр Мандах нар согтуу байсан. Тэгэхээр нь би Хатанбаатарыг гэрээс нь гарч хашаан дотор нь Хатанбаатартай уулзаад тамхи татаад зогсож байсан чинь Хатанбаатарын хүргэн Батдорж гэрээсээ гарч ирээд намайг хараад үг хэлээд байснаа Батдорж нь төмөр хөлтэй, түшлэгтэй модон сандал авснаа шууд над руу далайсан чинь Хатанбаатар урдуур ороод болиулах гээд барьтал Хатанбаатарын мөрөн дээгүүр сандлаа давуулаад нүүрэн тус газар хамар руу цохисон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

 

Гэрч Ө.Хатанбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 31 дүгээр гудамжны 311 тоот гэртээ байхад  өглөө 08 цагийн үед цэргийн найз Батбаяр манай гэрт орж ирсэн. Би Батбаяртай гэрээс гараад тамхи татаад ойр зуурын юм яриад сууж байсан. Манай хүргэн Батдорж “аав архи уугаад байгаа юм уу” гэхээр нь “үгүй” гэж хэлсэн. Батбаярыг манай хүргэн Батдорж “та нар яах гээд манай аавыг уруу татаж архи уугаад байгаа юм бэ” гэж хэлээд сандал аваад Батбаярын нүүрэн тус газарт нь нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5175 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. П.Батбаярын биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 87 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 08 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 31 дүгээр гудамжны 111 тоот хашаанд хохирогч П.Батбаярыг “хадам аав Хатанбаатарыг уруу татаж архи уулаа” гэсэн шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь сандалаар цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Батбаярын мэдүүлэг, гэрч Ө.Хатанбаатарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5175 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч нь хохирогч П.Батбаярын биед хүч хэрэглэсэн үйлдэл, хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлж, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Бийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогчоос “...Батдоржид гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ц.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ДУЛАМСҮРЭН