Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01759

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01759

 

 

,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2024/03646 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,, холбогдох,

Газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож, газрыг урьдын хэвийн байдалд оруулах, сэргээхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

13,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,, нар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний А/482 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд зуслангийн зориулалттай, тус бүр 1 ширхэг, 700 м.кв газрыг, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/190 дугаар захирамжаар ,,,,,,,,,,,,,, нь 1 ширхэг, 700 м.кв газрыг, тус тус 15 жилийн хугацаагаар, нэр бүхий иргэдээс шилжүүлэн авч эзэмшсэн.

Гэтэл эдгээр газруудтай хил залгаа зүүн талд нь байрлалтай 141,079 м.кв газрыг эзэмшдэг ,,,,,,,,,, нь тэдний газруудын тэг дунд нь ямар ч барилгын зөвшөөрөлгүйгээр, 2020 онд 2 ширхэг маш том барилгын суурь нүх ухаж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд ноцтойгоор саад учруулж байна.

Мөн нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 04 дүгээр сард хариуцагч нэхэмжлэл гаргаж маргаснаар энэ хэрэг 2023 оны 10 дугаар сард эцэслэн шийдвэрлэгдэж, ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,, нарын газар эзэмших эрх хууль ёсны болох нь тогтоогдсон.

Ийнхүү газар эзэмших эрхээ саадгүй хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг хариуцагчийн зүгээс хууль зөрчин бий болгож, улмаар барилга барих зорилгыг агуулж байгаа тул уг үйлдлийг таслан зогсоож, газрыг урьдын хэвийн байдалд нь сэргээлгэн, газар эзэмших эрхээ саадгүй хэрэгжүүлэх нөхцөлөөр хангуулж өгнө үү.

1.2. Газрын тухай хууль болон Иргэний хуулийн 92 дугаар зүйлд зааснаар хууль ёсоор газар эзэмшиж байгаа этгээд тухайн газраа буцаагаад хэвийн байдалд оруулахыг зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нарын буруугаас болж нүх ухсан гэж шаардлагын үндэслэлээ хариуцагч нотлоогүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах, Авто тээврийн газрын харьяа ,,,,,,,,, зуслангийн цогцолбор газрыг анх Төрийн өмчийн хорооны 1998 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 259 дүгээр тогтоолыг үндэслэн хувьчилж, иргэн Г.Сайханбаяр 219 дүгээр өмчлөлийн эрхийн гэрчилгээгээр өмчлөх эрхтэй болж, Г.Сайханбаяраас ,,,,,,,,,,т, ,,,,,,,,,,аас ,,,,,,,,, уг ,,,,,,,,, зуслангийн цогцолборын эзэмшлийг шилжүүлсэн.

,,,,,,,,, зуслангийн цогцолбор газрыг хувьчлагдах, шилжүүлэх үед бодитоор эзэмшиж, ашиглаж буй газар анх хашаалсан байсан хэмжээнээс өөрчлөгдөөгүй.

Нэхэмжлэгч нар өөрсдөө газар эзэмших хүсэлтээ газрын албанд гаргахдаа Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т зааснаар газрын хэмжээг кординатжуулаагүй, үүнээс болоод хариуцагч өөрийнх нь эзэмшил газарт хамаарч байна гэж ойлгоод байшингийн суурь ухсан.

Газар олгож байгаа захиргааны байгууллага болон нэхэмжлэгч нар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, мөн нэхэмжлэгч нарын газарт байшингийн суурь нүх хэдий хэмжээнд орсон нь тодорхойгүй, түүнийг мэдэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2, 34 дүгээр зүйлийн 34.6.3-т үүргийг иргэн болон төрийн захиргааны байгууллагууд биелүүлэлгүйгээр ,,,,,,,,, зуслангийн хашаанд газар эзэмшүүлсэн.

Нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч тодорхой зардлууд буюу техник, тоног төхөөрөмж түрээсэлж, ажилчид хөлсөөр ажиллуулж, материал зарцуулж, цаашид барихаар төлөвлөсөн байшингийн суурийг дахин ашиглах боломжгүй болж, газрыг хэвийн байдалд оруулах нөхцөл бий болоод байна.

Иймд газар ухаж байшингийн суурь хийлгэж байсан ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг, шүүхээс нэхэмжлэлийг хангаж газрын хэвийн байдалд оруулахаар бол ирээдүйд гарах зардалд 3,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4, 135 дугаар зүйлийн 135.3-т зааныг тус тус баримтлан ,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож, газрыг урьдын хэвийн байдалд оруулах, сэргээхийг хариуцагч ,,,,,,,,, даалгаж,

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан ,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нараас 13,000,000 төгрөг гаргуулах тухай ,,,,,,,,,,гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 210,600 төгрөг, хариуцагчаас төлсөн 224,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,гаас 210,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарт олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

",,,,,,,,, зуслангийн цогцолбор газрыг хувьчлагдах болон шилжүүлэх үеийн захиргааны байгууллагын шийдвэрүүдэд газрын хэмжээг 80,000 м.кв гэж зөрүүтэй бичсэн боловч бодитоор эзэмшиж, ашиглаж буй газар анх хашаалсан хэмжээнээс өөрчлөгдөөгүй буюу 165,264.4 м.кв хэвээр байгаа болно. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас ,,,,,,,,, зуслангийн хашаанд иргэдэд газар эзэмшүүлсэн шийдвэр гаргасан бөгөөд ,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нар нь анх газар эзэмшихдээ болон түүнээс хойш Газрын тухай хуульд заасан шаардлагуудыг хангаагүй, бодитоор эзэмшиж, ашиглаагүй.

Нэхэмжлэгч нар болон газрын асуудал эрхэлсэн захиргааны байгууллага Газрын тухай хуульд зааснаар тухайн газрыг эзэмших, эзэмшүүлэх шаардлагыг хангаагүй атлаа бий болсон гэх эрхийн зөрчилд хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч болон төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааг хариуцагчид хариуцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа гэх боловч, аль нэхэмжлэгчийн газартай, ямар хэмжээгээр, байршлын хувьд хэрхэн давхцаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч уг үйл баримтыг нотлоогүй байхад хариуцагчийг газрыг урьдын хэвийн байдалд оруулах, сэргээхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нарын эзэмшлийн газарт хариуцагч нь барилгын суурь ухсан гэдэг үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байдлаар гарсан. Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нар нь хариуцагч ,,,,,,,,, холбогдуулан газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож, газрыг урьдын хэвийн байдалд оруулах, сэргээхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 13,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.

 

3.1. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд Нийслэлийн засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн а/205, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн а/746 дугаар захирамжийн дагуу ,,,,,,,,,, нь 141,079 м.кв газар,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн а/190, 12 дугаар сарын 04-ний өдрийн А/482 дугаар захирамжаар ,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,, дугаартай 700 м.кв газар, мөн нэгж талбарын ,,,,,,,,,,,, дугаартай 700 м.кв газар,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 12 дугаар сарын 04-ний өдрийн А/482 дугаар захирамжаар ,,,,,,,, нь нэгж талбарын 18635329000980 дугаартай 700 м.кв газрыг тус тус эзэмшдэг, эдгээр газрууд нь өөр хоорондоо давхцалгүй олгогдсон, хөрш залгаа газрууд болох нь хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0198 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн 221/МА2023/0491 дүгээр магадлалаар тогтоогдсон байна.

Харин уг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр талуудын эзэмшиж буй газар нь өөр хоорондоо давхцалгүй гэх үйл баримтыг тогтоосон болохоос газар эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлэх явцад хөрш залгаа газрын хилийг зөрчиж, бусдын газар эзэмших эрхэд халдсан талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

 

3.2. Зохигч нь хөршийн хил зөрчиж барилгын суурь ухсантай холбогдуулан урьд захиргааны хэргийн шүүхийн маргаан үүссэн гэж тайлбар гаргасан боловч ,,,,,,,,,, нь хөрш залгаа ,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарын эзэмшлийн газрууд руу хил зөрчиж барилгын суурь ухсан эсэх, хэрэв ухсан тохиолдолд нэхэмжлэгч нарын хэнийх нь эзэмшлийн аль газар руу хэдий хэмжээтэй газарт хил зөрчиж барилгын суурь ухсан эсэх үйл баримт тогтоогдоогүй байна.

 

3.3. Газар эзэмших эрх нь эрх бүхий байгууллагаас олгосон кадастрын зураг, нэгж талбарын дугаар, гэрчилгээ зэрэг бүртгэлийн баримтаар баталгаажсан байдаг тул үүнтэй холбоотой маргааныг зөвхөн зохигчийн тайлбараар шийдвэрлэх учиргүй.

Үүнээс шалтгаалж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

3.4. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгөх замаар дээр дурдсан үйл баримтыг зохигчоос тодруулаагүй, энэ талаар мэтгэлцүүлээгүй.

Энэхүү ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

4. Дээр дурдсан дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2024/03646 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ