Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 324

 

 

    2019         04         04                                   2019/ШЦТ/324

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

          Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт М.Эд холбогдох эрүүгийн 1909011000347 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй гэх Т овогт М.Э /регистрийн дугаар /.

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч М.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 501 дүгээр байрны гадна хохирогч М.Ганбаатартай маргалдан улмаар цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, уруул, зүүн зовхи, духанд зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Эг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 501 дүгээр байрны гадна хохирогч М.Ганбаатартай маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч М.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч М.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 501 дүгээр байрны гадна хохирогч М.Ганбаатартай маргалдан улмаар цохиж эрүүл мэндэд зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, уруул, зүүн зовхи, духанд зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

          Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна, хохирогчтой эвлэрсэн...” гэх мэдүүлэг,  

 

          Хохирогч М.Ганбаатарын “...Би 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажлынхаа хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Хангай” хотхоны 501 дүгээр байрны орцны үүдэнд гэртээ орох гээд хамт ажилладаг дүү Мягмардоржийн хамт явж байхад нэг залуу “приус 11” маркийн автомашины жолоочтой хэрэлдэж хутга, шөвөг ярьж, байгаад гэнэт намайг цохиод унагаасан. Намайг цохисон хүн телевизэд найруулагч ажилтай Э гэх залуу мөн. Бид хоёрыг тухайн хэрэг болсон өдөр цагдаа ирээд хамт эрүүлжүүлэх байранд хүргэсэн юм. Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан, хамар зулгарсан, толгой өвдөж байсан одоо гэмтэл шарх нь гайгүй болсон. Би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34, 60-61 дүгээр хуудас/,

 

          Хүний биед шинжилгээ хийсэн 1499 дугаартай “М.Ганбаатарын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, дээд уруул, зүүн зовхи, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт/ хх-ийн 36 дугаар хуудас/,

 

          Гэрч Э.Мягмардоржийн “...2019 оны 01 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед хамт ажилладаг Ганбаатар ахыг гэрт нь хүргэж өгөхөөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Хангай” хотхоны 501 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд гэрт нь оруулж өгөх санаатай донофон системийг дараад зогсож байтал үл таних нэг залуу ирээд Ганбаатар ахыг цохиж унагаасан. Дараа нь би тэр залууг түлхээд холдуулахад над руу дайрсан. Би 98939989 дугаарын гар утсаараа цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч М.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч М.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч М.Эд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч М.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т овогт М.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Эг 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Э нь шүүхээс оногдуулсан 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.         

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ