| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00512/И |
| Дугаар | 497 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00512/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух Боржигон овогт Батсүхийн Энхтуяагийн (РД: СЭ64022916) нэхэмжлэлтэй
Овог солиулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Б.Энхтуяа миний бие нь 1964 оны 2 дугаар сарын 29-нд Дамбын Чойдоржийн гэрт 5 дахь хүү нь болон мэндэлсэн юм. Тухайн үед иргэний бүртгэлд бүртгэж байсан ажилтны хайхрамжгүй байдлаас болж төрсөн эх Батсүхээр минь баримт бичигт бүртгэсэн болно. Иргэн би цаашид өөрийн эцэг болох Чойдоржоор овоглох хүсэлтэй байна.
Иймд Б.Энхтуяа миний овгийг сольж өгнө үү? гэжээ. /хх-ийн 1,16 тал/
Нэхэмжлэгч Б.Энхтуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Боржигон овогт Батсүхийн Энхтуяа миний бие нь тухайн үеийн иргэний бүртгэлийн ажилтны буруугаас эх Батсүхээр овоглогдсон билээ. Миний эцэг Дамбын Чойдорж гэдэг хүн байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр болон жолооны үнэмлэх, зарим бичиг баримт миний аав болох Д. Чойдоржоор овоглосон байдаг. Харин иргэний үнэмлэх миний ээж болох Ө. Батсүхээр овоглосон байдаг...төрсний гэрчилгээний эхэнд миний ээж болох Ө. Батсүхээр овоглоод, дараа нь эцэг Чойдорж гэж бичсэн байдаг. Ийм учраас бичиг баримтаа цэгцэлж овог нэгтэй болох гэсэн юм...Одоо би Дамбын Чойдоржоор зөвтгөн овоглуулах хүсэлтэй байна. Манай нутгийн ард түмэн ч гэсэн намайг Чойдорж гэсэн овгоор минь Чойдоржийн Туяа гэж дууддаг...Иймд миний овог нэрийг Боржигон овогт Чойдоржийн Энхтуяа болгон өөрчилж өгнө үү? гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигон овогт Батсүхийн Энхтуяа (РД:СЭ 64022916) нь өөрийн овгийг төрсөн эцэг Дамбын Чойдоржоор зөвтгөн овоглож овог нэрийг Боржигон овогт Чойдоржийн Энхтуяа мөн болохыг шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Боржигон овогт Батсүхийн Энхтуяагийн (РД:СЭ 64022916) төрсөн эцэг нь эцэг Дамба овогтой Чойдорж гэгч мөн болох нь 1948 оны Бүгд найрамдах Монгол ард улсын хүн амын регистрийн карт №466 (хх-ийн 3 тал), нэхэмжлэгчийн төрсөн дүү нар болох Чойдоржийн Эрдэнэцэцэг, Чойдоржийн Адилбиш нарын төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-ийн 4 тал), нэхэмжлэгч Б. Энхтуяагийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар (хх-ийн 5 тал), Улсын бүртгэл статистикийн ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтэсийн 5/001003/3707 дугаартай Дамбын Чойдоржийн нас барсны бүртгэлийн лавлагаа (хх-ийн 6 тал), гэрч Ч.Эрдэнэцэцэг, Ч.Адилбиш нарын мэдүүлэг (хх-ийн 16-17 тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б. Энхтуяаг төрсөн эцэг Чойдоржоор нь овоглоход ямар нэг зөрчилтэй асуудал гарахгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөхгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Батсүхийн Энхтуяаг (РД:СЭ 64022916) эцэг Дамбын Чойдоржоор нь зөвтгөн овоглож, овог нэрийг Боржигон овогт Чойдоржийн Энхтуяа болгон тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Боржигон овогт Чойдоржийн Энхтуяагийн иргэний бичиг баримтыг энэ овог нэрээр олгохыг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР