Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 325

 

 

 

 

  

               

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

          Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт Б.Гт холбогдох эрүүгийн 1909007140264 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн, 39 настай, ам бүл 2, эхнэрийн хамт тоотод оршин суудаг, урьд 1998 онд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан гэх Ш овогт Б.Г /регистрийн дугаар /.

 

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Г нь 2019 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч В.Энхсүхтэй маргалдан улмаар цохиж, түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл буюу  хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Гийг 2019 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч В.Энхсүхтэй маргалдан улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч В.Энхсүхтэй маргалдан улмаар цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

          Шүүгдэгч Б.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн өдөр эхнэрийнхээ оронд ТҮЦ-ийг ажиллуулж байхад манай найз ирээд бид хоёр 0.33 граммтай архи хувааж уусан. Дараа нь гаднаас нэг залуу орж ирсэн. Тамхи авахдаа лангуу рүү өшиглөсөн. Манай найз түүнд хандан “яагаад лангуу өшиглөөд байгаа юм бэ” гэхэд тэр залуу “уучлаарай” гэж хэлээд хөөрөгний даалин гаргаж ирэхэд манай найз нэг тамхилъя гэхэд “чамтай тамхилах шаардлагагүй” гэсэн. Манай найз “чи хөөрөгтэй л юм байна ш дээ” гэж хэлээд маргалдсан. Дараа нь удалгүй тэр залуу “ТҮЦ”-ээс гарсан. Би араас нь гарахад найзтайгаа “ТҮЦ”-ний ард зогсож байсан. Манай найзтай маргалдаад байхаар нь би цохичихсон юм. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирол төлбөр төлсөн” гэх мэдүүлэг,

 

          Хохирогч В.Энхсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гараад Ц-ийн замын урд талд байрлах автобусны буудлын хажууд байрлах ТҮЦ-д тамхи авахаар ороход зүс таних нэрийг нь мэдэхгүй залуу болон өөр нэг танихгүй залуу сууж байсан. Би тамхи авахаар хөөрөгний уутнаас мөнгө гаргаж ирэхэд танихгүй  залуу нэг хөөрөглөөч гэхээр нь би хөөргөө гэртээ орхисон байна гэж хэлэхэд тэр залуу “чи хөөрөгний хулгайч юм уу” гэж хэлэхэд нь хариуд нь “ чамайг танихгүй юм байна” гэж хэлээд гараад явсан. Гараад явж байхад араас хүн дуудахаар эргээд хартал танихгүй залуу намайг заамдаж авсан. Би эргүүлж харилцан заамдалцаж зууралдахад шууд миний толгойн тус газар буюу дух орчим мөргөсөн. Би биеэ хамгаалах гэж газар унахдаа газраас чулуу авч далайхад миний өөдөөс газраас чулуу авч миний зүүн хөмсөгт оносон. Дараа нь зодолдож байх үед хажуугаас хүмүүс салгасан, гэртээ хариад эхнэр цагдаа дуудсан... Надад гомдол санал байхгүй, эмчилгээний зардал 250.000 төгрөгийг миний 5034691945 дансанд шилжүүлсэн. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-22 дугаар хуудас/,

         

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2151 дугаартай “В.Энхсүхийн биед зүүн хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/ хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

          Гэрч Ө.Оюунболдын “...2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн орчим нүүрс зардаг дэлгүүртээ сууж байхад гадаа хүмүүс шуугилдаад байсан. Гадаа гарахад манай найз Г зүс таних залуутай нэгнийгээ заамдаад зогсож байсан. Би гүйж очоод тэр хоёрыг салгаж, Гийг ТҮЦ-рүү оруулсан юм. Намайг салгахад зүс таних залуугийн нүүр хэсэг цус болсон байсан. Г зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

          Шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Дээрх гэмтэл нь хоёр ба түүнээс дээш удаагийн үйчлэлээр үүсэх боломжтой. Чулуу нь ирмэггүй бол мохоо зүйлд хамаарагдана...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Гт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 850 /найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Ш овогт Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Гийг 850 / найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Г нь шүүхээс оногдуулсан 850 /найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Г бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.           

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ