Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 101/2023/06150/И |
Дугаар | 210/МА2024/01761 |
Огноо | 2024-09-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/01761
2024 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 210/МА2024/01761 |
,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/03444 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,,,,,,,,,,,,,д холбогдох,
47,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Миний бие хоол үйлдвэрлэлийн, ,,,,,,,,,,,,, нь махны бизнес эрхэлдэг ба багагүй хугацаанд хамтран ажилласан. ,,,,,,,,,,,,,ын хэлсний дагуу зохих төлбөрүүдийг төлж байсан боловч махаа дутуу нийлүүлсний улмаас 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 35,000,000 төгрөгийг илүү төлсөн.
Мөн Төв аймгийн ,,,,,,, суманд байх өөрийн малаас 17 тооны эр хонь, 63 тооны эм хонь, нийт 80 тооны хонь заруулахаар түүнд өгсөн боловч одоог хүртэл тооцоо нийлээгүй. Удаа дараа уулзаж шаардсаны дараа 2022 оны 10 дугаар сарын сарын 05-ны өдөр ,,,,,,,,,,,,, нь өөрийн гараар тухайн илүү авсан мөнгө болон хонь авсан талаарх гар баримтыг бичиж өгсөн.
Иймд 35,000,000 төгрөг, түүнд өгсөн 80 амьд хонь /17 эр хонийг 200,000 төгрөгөөр тооцон 3,400,000 төгрөг, 63 эм хонийг 150,000 төгрөгөөр тооцон 9,450,000 төгрөг/-ны үнэ болох 12,850,000 төгрөг, нийт 47,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Би 2020 оны 07 дугаар сард анх ,,,,,,,,,,д мах нийлүүлж эхэлсэн. ,,,,,,,,,, нь дараагийн махаа авахдаа өмнөх үлдэгдэл тооцооноосоо тодорхой хэсгийг нь төлөөд, үлдэгдэл тооцоог дараа хийхээр үлдээдэг байсан. Махныхаа тооцооны мөнгийг нэг ч удаа бүрэн төлж байгаагүй. Ингэж явсаар ,,,,,,,,,, надад 21,802,000 төгрөгийн төлбөртэй болсон.
Шүүхэд гаргаж өгсөн гараар бичсэн баримтыг ,,,,,,,,,, нь "Ах надаас 300 сая төгрөг нэхэмжлээд байгаа. Би ахдаа үзүүлэх гэсэн юмаа, та мөнгө авсан гээд баримт бичээд гарын үсэг зураад өгөөч гэж надаар гуйж бичүүлсэн. Би тус баримт дээр бичсэн шиг бодитоор мөнгө огт хүлээн авч байгаагүй. Энийг миний дансны хуулгаас харж болно.
80 тооны хонь авсан гэх тухайд би авах ёстой байсан мөнгөнөөсөө хасч тооцон 9,000,000 төгрөгт бодож Төв аймгийн ,,,,,,, сумын нутгаас очиж авсан.
Нэхэмжлэгчээс 8,000,000 төгрөг, 9,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 2,500,000 төгрөг тус тус авсан гэсэн байх боловч дансны хуулгыг шүүж үзэхэд ийм хэмжээний мөнгө өгсөн үйл баримт тогтоогдохгүй.
Иймээс би ,,,,,,,,,,д 47,000,000 төгрөг төлөх төлбөргүй, харин авлагатай тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,аас 44,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамжид 377,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл зөрүүтэй байхад үйл баримтыг тодруулаагүй, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн үү, худалдах худалдан авах харилцаа үүссэн үү гэдгээ тогтоох ёстой байсан.
Мөнгө аваагүй гэдгээ нотолж чадаагүй гэж үндэслэх хэсгийн 6-д дурьдаж нэхэмжлэлийг хангажээ. Огт болоогүй үйл баримтад ямар ч нотлох баримт байх боломжгүй. Нэхэмжлэгч мөнгө өгсөн гэдгээ нотлоогүй.
Хэзээ, хаана, ямар хэдэн төгрөг өгснөө, хэзээ хэдий хэмжээтэй ямар үнэтэй махыг авч хэдэн килограмм мах дутуу авснаа, мөнгө илүү төлснөө огт нотлоогүй байхад нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй .
Мөнгө авсан гэж бичиж өгсөн гар бичмэл баримт нь утга агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүхий нотлох баримт биш юм. Миний хувьд өөрт байгаа дансны хуулга, худалдсан махны тооцоогоо гаргаж өгсөн. Гэтэл миний гаргаж өгсөн баримтуудыг нотлох баримт гэж үзээгүй.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ надад мөнгө зээлүүлсэн гэсэн утгатай зүйл бичиж өгсөн байхад шүүх худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,д холбогдуулан махны үнэд илүү төлсөн 35,000,000 төгрөг, 80 тооны хонины үнэ 12,850,000 төгрөг, нийт 47,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. 2020 оноос 2022 оны хооронд хариуцагч ,,,,,,,,,,,,, нь мах бэлтгэн нийлүүлж, нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь хүлээн авсан махны төлбөрийг төлж байсан үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоожээ.
3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэл бүхий дүгнэсэн.
3.2. Хэрэгт авагдсан хариуцагч ,,,,,,,,,,,,,ын Хаан банк дахь 5018416774 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тэрээр 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд ,,,,,,,,,,аас мах бэлтгэн нийлүүлсний төлбөрт 217,557,000 төгрөг хүлээж авснаас нэхэмжлэлд заасан 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 84,550,000 төгрөгийг хүлээн авчээ.
Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгөн төлбөрийн хариуд мах бэлтгэн нийлүүлэхдээ 35,000,000 төгрөгийн үнэ бүхий махыг хүлээлгэн өгсөн болохоо нотлоогүй гэж шүүх зөв дүгнэсэн.
Учир нь нэхэмжлэгчээс махны үнийг хариуцагч хүлээн авсан болох нь дансны хуулга, 35,000,000 төгрөгийг хүлээн авсан болохоо зөвшөөрч бичсэн гар бичмэл зэрэг баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч нь уг төлбөрийн хариуд мах бэлтгэн нийлүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Энд дурдсан гар бичмэлийг нэхэмжлэгчийн гуйлтаар үйлдсэн гэж хариуцагч тайлбарлаж буй боловч энэ нь нотлогдоогүй, дээрх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэхэд тавигдах шаардлагыг хангасан.
3.3. Хариуцагчаас хэрэгт баримтаар гаргаж өгсөн хүлээн авсан талын гарын үсэггүй тооцооны хүснэгт, ямар хүмүүс хоорондоо харилцаж байгаа эсэх нь тодорхойгүй 9911-5777 тоот дугаараас илгээсэн мессеж зэргийг анхан шатны шүүх үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй.
4. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 80 тооны хонь хүлээн авсан үйл баримтад маргаагүй бөгөөд үүнийгээ нотолж гараар холбогдох баримтыг үйлдэж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн.
Түүнчлэн хариуцагч нь 80 тооны хонийг мах бэлтгэн нийлүүлж өгөх явцад үүссэн төлбөрт хүлээн авсан гэж маргасан боловч мах бэлтгэн нийлүүлэх явцад нэхэмжлэгч нь төлбөр үүсгээгүй, харин хариуцагч нь мах дутуу нийлүүлсэн үйл баримтыг дээр дүгнэсэн болно.
4.1. Хэрэгт авагдсан хариуцагчийн өөрөө үйлдсэн 80 тооны хонь хүлээн авсан талаарх гар бичмэл баримт, мах нийлүүлэх явцад нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх төлбөрийн үлдэгдэлгүй байсан нөхцөл байдлыг үнэлэхэд хариуцагч нь 80 тооны хонийг нэхэмжлэгчээс худалдан авсан үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тогтоогдож байна.
4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид 80 тооны хонь худалдсан үйл баримтыг зөв тогтоож, энэ нэхэмжлэлийг хариуцагчийн зөвшөөрсөн 9,000,000 төгрөгийн үнэлгээнд үндэслэн хангасан нь мэтгэлцэх зарчимд нийцжээ.
5. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 44,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
6. Дээрд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/03444 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Т.БАДРАХ