Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 331

 

 

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

            Улсын яллагч Х.Еркебулан /томилолтоор/,

            Шүүгдэгч С.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт С.Пхолбогдох эрүүгийн 1909001250305 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт, оршин суух хаягтай, тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Х овогт С.П. /регистрийн дугаар /

         

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч С.П нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 17 дугаар байрны 38 тоотод иргэн Л.Отгонбаярын “Самсунг галакси эс 7 эджи” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүй, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Пыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Л.Отгонбаярын “Самсунг галакси эс 7 эджи” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүй, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүх шүүгдэгч С.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч С.П нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 17 дугаар байрны 38 тоотод иргэн Л.Отгонбаярын “Самсунг галакси эс 7 эджи” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүй, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

            Шүүгдэгч С.Пын шүүх хуралдаанд өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Л.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз С.Пд гар утсаа авч яваад ломбарданд тавих зөшөөрөл өгөөгүй, миний зөвшөөрөлгүй миний гар утсыг авч, ломбарданд тавих эрхтэй хүн биш...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гар утсаа ломбарданд тавина гээд ломбард хайгаад яваад байсан. Тэгэхэд уг залуугийн иргэний үнэмлэх нь байхгүй байсан ба надаас “ иргэний үнэмлэхээ ашиглаад, ломбарданд утас тавиад өгөөч” гэж гуйгаад байхаар нь би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр дэлгүүрийн буудлаасаа дээшээ өгсөөд ломбард гэсэн бичигтэй бүх ломбарданд намайг дагуулж орсон ба тухайн үед гар утас нь гэмтэлтэй гээд авахгүй байсан, сүүлд дээд талаасаа 2 дахь хаалганд байрлах ломбардруу ороод уг ломбардны хүнээс энэ утсыг хэдэн төгрөгөөр тавьж болох уу гэж асуухад 40.000 төгрөгөөр тавьж болно, тухайн үед нөгөө эрэгтэйд “ахаа утсаа тавьж яах юм бээ больё” гэж хэлж байсан болохоор тухайн үйлчлэгч “та хоёр нэг нэгнийгээ танихгүй бол манай байгууллага та нарт үйлчлэхгүй” гэж хэлэхэд уг эрэгтэй “үгүй энэ эрэгтэй манай 7 буудалд хамт оршин суудаг танидаг дүү байгаа юм” гэж худал ярьсан. Энэ үед нөгөө ах намайг чимээгүй байгаарай гэж шаардсан учраас дуугүй зогсож байсан. Утасны урьд тал болон ар тал нь хагархай, дэлгэцэн дээрээ хар толботой, “Самсунг эс 7 эджи” маркийн гар утсыг миний иргэний үнэмлэхийг ашиглан 40.000 төгрөгөөр тавиад ломбардны баримтыг уг залуу өөрөө аваад буцаад машиндаа суухад ойролцоогоор 23 цаг өнгөрч байсан... 2 хоногийн дараа өөрийн иргэний үнэмлэхээр тавьсан байсан учраас иргэний үнэмлэхээ үзүүлж 43.600 / дөчин гурван мянга зургаан зуу/ төгрөг төлж утас авсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 16-20 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн СБ1-19-22 дугаартай “... хөрөнгийн нэр “Самсунг галакси эс 7 эджи” маркийн гар утас 408.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 40 дүгээр хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 42 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

             Шүүгдэгч С.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч С.П нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч С.Пд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

             Иймд шүүх шүүгдэгч С.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 245 /хоёр зуун дөчин таван/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

         

             Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт С.Пыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Пыг 245 / хоёр зуун дөчин тав / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Пд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч С.П нь энэ хэргийг улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ