Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2024/01676

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 28 210/МА2024/01676

 

 

 

К ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2024/03613 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: К ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нт холбогдох,

 

Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Ц.Гд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...Шинжээч Г.О нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээний тайлан нь илт хууль болон олон улсын стандартыг зөрчсөн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг үндэслэн энэхүү гомдлыг доорх үндэслэлүүдээр гаргаж байна. Үүнд:

1.    Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.12 дах хэсэгт заасан үнэлгээчний мэдэгдлээ гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулаагүй байна.

2.    Н эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг шинжээчээр тогтоолгохоор шийдвэрлэсэн байтал шинжээч нь сайн дураараа буюу шинжээч томилох тухай тогтоолд заагаагүй эрхийн улсын бүртгэлийн ....... тоот үл хөдлөх эд хөрөнгө болон бусад дагалдах хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн байна.

3.    Хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээчний тусгай Зөвшөөрлийн хугацаа 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болно гэж бичсэн байх боловч үнэлгээний тайлангаа 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон байхад гаргасан байна.

4.    Шинжээч томилох тухай тогтоолд 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор томилсон байхад хөрөнгүүдийг нэгтгэж нэг үнэлсэн нь шинжээч тогтоолын дагуу үнэлгээ гаргаагүй байна.

Иймд, эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн, ............. дүүргийн ....-р хороо, ......... /............/ ............ы 24, 26, 28, 30 дугаартай хаягт байршилтай контор, агуулах, гараж, уурын зуухны зориулалттай 2,742.23 м.кв талбайтай, 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ............... дугаартай, ............. дүүргийн ....-р хороо, Үйлдвэрлэл /................./ зориулалттай, 10,991.0 м.кв талбайтай газрыг үнэлсэн шинжээч Г.Оын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Үнэлгээний тайланг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн ...дугаар мэдэгдлүүдээр зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох... 4 ширхэг үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ....... дугаартай 10.991 м.кв талбайтай газрыг 2022 оны 10 дугаар 04-ний өдөр 20390537/10, 3390536/07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2024 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн 20390537/10 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр авагч К ХК нь 2024 оны 03 дугаар сарын 07-ний өдөр төлбөр төлөгч С.Гын гаргасан үнэлгээтэй танилцаад үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, харилцан тохиролцох боломжгүй тул хөрөнгийн үнэлгээний шинжээч томилж өгөх талаар албан бичгээр хүсэлт өгч 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдөр Г.Оыг шинжээчээр томилсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд ............ дүүргийн ... дугаар хороо ......... /............/ ............ы 24, 26, 28, 30 тоотод байрлах улсын бүртгэлийн ....... дугаартай контор, агуулах, гараж, уурын зуухны зориулалттай 2742.23 м.кв талбайтай 4 ширхэг үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн .................. дугаартай ............ дүүргийн ... дугаар хороо ........., ............. гудамж 24, 26, 28, 30 тоот 10.991 м.кв талбайтай газрыг 5.728.856.885 төгрөгөөр үнэлж, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 4-170/7005, 4-170/7006 дугаар мэдэгдлүүдээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн. Хөрөнгийн үнэлгээний шинжээч Г.О нь Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн Институтийн Удирдах Зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн №.............. дугаартай хугацаагүй эрхийн гэрчилгээтэй. Уг хугацаагүй эрхийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шинжээч томилох тогтоолын дагуу үнэлгээ хийх объект дээр очоод талууд бүгд байлцсан. Шинжээчийн тогтоолын бусад хэсэгт бүгдэд нь шинжээч гарын үсэг зурсан байсан боловч эхний хуудас дээр нэг гарын үсэг зурагдаагүй байсныг шинжээч Г.О өөрийн биеэр ирж гарын үсэг зурж өгсөн. Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон шинжээч Г.О нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.

...Үнэлгээчин нь тогтоолын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагаар харьцуулалтын аргыг ашиглан үнэлгээ тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан бодитой байх зарчимд нийцсэн гэж гуравдагч этгээд үзэж байгаа болно. Иймд, нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан К ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нт холбогдох Эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн, ............. дүүргийн ....-р хороо, ......... /............/ ............ы 24, 26, 28, 30 дугаартай хаягт байршилтай контор, агуулах, гараж, уурын зуухны зориулалттай 2,742.23 м.кв талбайтай, 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ............... дугаартай, ............. дүүргийн ....-р хороо, Үйлдвэрлэл /................./ зориулалттай, 10,991.0 м.кв талбайтай газар эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч К ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...1. Шинжээчийн үнэлгээ нь Үнэлгээний олон улсын стандартын 10.4, 10.5, 20.2, 20.3, 20.5, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.12 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Өөрөөр хэлбэл, олон улсын стандарт болон холбогдох хуулийг зөрчсөн үнэлгээ нь хууль бус болно.

2. Н шинжээч томилсон тогтоолд эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхийг шинжээчид даалгаагүй байхад шинжээч үнэлсэн нь хууль бус байна. Тогтоол дурдсан газар эзэмших эрхээс шинжээчийн үнэлсэн газар эзэмших эрх нь хаяг, талбайн хэмжээ, улсын бүртгэлийн дугаар, эзэмшүүлэх шийдвэр, нэгж талбарын дугаар, эзэмшүүлэх хугацаа зэрэг нь хоорондоо зөрж байна.

3. Үнэлгээний тайланд тусгасан хөдлөх эд хөрөнгө /дэд станц, зоорь, дп, 80 ширхэг бетон хашаа, зам, агаарын шугам, цэвэр бохирын хоолой/-үүдийн мэдээлэл байхгүй. Жишээ нь: дэд станцын хүчин чадал, тоноглолын мэдээлэл болон үйлдвэрлэсэн он, зоорийн багтаамж, дп гэж юуг хэлж байгаа, бетон хашааны болон талбайн хэмжээ /өргөн, өндөр, зузаан/, агаарын шугам, цэвэр бохир усны тоноглолын мэдээлэл тодорхойгүй байна.

4. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д Шинжилгээ хийх явцад шинжээч уг хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлийг олж тогтоосон бол энэ талаар асуулт тавиагүй ч дүгнэлтэд тусгана гэсэн заалтыг барьж тогтоолд дурдаагүй хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг зөвтгөсөн нь үндэслэл муутай болжээ. Учир нь шүүхээс тухайн хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлээгүй болно.

Иймд, шинжээч Г.Оын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн, ............. дүүргийн ....-р хороо, ......... /............/ ............ы 24, 26, 28, 30 дугаартай хаягт байршилтай контор, агуулах, гараж, уурын зуухны зориулалттай 2,742.23 м.кв талбайтай, 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ............... дугаартай, ............. дүүргийн ....-р хороо, Үйлдвэрлэл /................./ зориулалттай, 10,991.0 м.кв талбайтай газар эзэмших эрх болон дэд станц, зоорь, дп, 80 ширхэг бетон хашаа, зам, агаарын шугам, цэвэр бохирын хоолойг нийт 5,728,856,885.00 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэгж талбарын дугаар эрхийн улсын эрхийн дугаар ....... дугаар бүртгэлтэй нэгж талбарын №............... дугаартай 10991 м.кв талбайтай төлбөр төлөгч С.Гын эзэмшилтэй газрын эрхийг эрхийн улсын бүртгэлийн г дугаар нь м дугаар болж өөрчлөгдсөн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 сарын 17-ний өдрийн А\9950 дугаар захирамжийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр С.Год иргэний газар эзэмших эрхийн №59701 дугаар гэрчилгээ бүхий нэгж талбарын ............... дугаартай 10991 м.кв талбайтай орон сууцны зориулалтын газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж эрхийн улсын бүртгэлийн г-2201006996 дугаарт бүртгэж гэрчилгээ олгогдсон. Шинжээч  Г.Оын эрх дууссан гэдэгт хөрөнгө үнэлгээний шинжээч Г.О Монголын мэргэжлийн үнэлгээчдийн институтийн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 12 -ний өдрийн .............. дугаартай хугацаагүй эрхийн гэрчилгээтэй гэв.

 

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Шинжээч н.О Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан Үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн үнэлгээний тайланг гаргасан. Нэхэмжлэгч тал гомдолд Э-улсын бүртгэлийн дугаар зөрүүтэй гэдэг, Э улсын бүртгэлийн дугаар Г дугаар өөрчлөгдөх үед өөрчлөгдсөн бөгөөд нэгж талбарын дугаар өөрчлөгддөггүй. Өөр газар очиж үнэлгээ хийсэн мэтээр ярьдаг энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд байлцах хүсэлт гарган  байлцсан тухайн бүх хөрөнгөд үзлэг хийсэн нэхэмжлэгчийн зүгээс санал  хүсэлт гаргаагүй. Хөрөнгийн үнэлгээний тайлан бодитой байх зарчимд нийцсэн. Шүүхийн шийдвэрт барьцаалагдаагүй, дурдагдаагүй хөрөнгүүдийг үнэлсэн нь хууль бус гэдэг нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 85  дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ үнэн зөв бодитой гарсан. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрээв үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч Нт холбогдуулан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагч талыг дэмжиж оролцсон байна.

 

3.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/00433 тоот захирамжаар К ХК-ийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт 323,536,929 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 323,536,929 төгрөгийг төлөх, хэрэв тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Гэвч төлбөр төлөгч С.Г нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч Н нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 562 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэлтэй ............... дүүрэг, ..... дугаар хороо, ......... ............. гудамж 30, 26, 24, 28 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэлтэй ............... дүүрэг, ..... дугаар хороо, ......... /............/ ............. гудамж 24, 26, 28, 30 тоот хаягт байрлах контор, агуулах, гараж, уурын зуухны зориулалттай 2,742.23 м.кв талбайтай 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр түдгэлзүүлж, мөн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр битүүмжилсэн үйл баримтыг тус тус анхан шатны шүүх зөв тогтоожээ /1 х.х-ийн 80, 84, 86-89/.

 

4. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 94/Ш дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 85 дугаар магадлалаар,

 

мөн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/01 тоот, Виннэрвэй ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ш-01/2 тоот хөрөнгийн үнэлгээний тайлангуудыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2024/00016 дугаар шийдвэрээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн ба дээрх шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ /1 х.х-ийн 104-110, 116-124/.

 

5. Төлбөр төлөгч С.Г нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 8,620,004,000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч К ХК нь эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнийг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг хариуцагч Н хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/92 тоот тогтоолоор Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт-ын хөрөнгийн үнэлгээчин Г.Оыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийцсэн байна /1 х.х-ийн 128-131/.

 

6. Хөрөнгийн үнэлгээчин Г.Оын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээний тайланд дурдсанаар төлбөр төлөгч С.Гын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 5,728,856,885 төгрөгөөр үнэлсэн ба уг тайланд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо тухайн байршилд ижил төсөөтэй харьцуулж болохуйц адил зориулалттай хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийн судалгааг хийж, харьцуулах хөрөнгүүдийн ялгаатай байдалд шаардлагатай тохируулгыг тооцож зах зээлийн нийтэд арилжаалагддаг төсвийн жиших зүйлсийн аргаар үнэлж тогтоосон байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ. /1 х.х-ийн 135-174/.

 

7. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8-д Хөрөнгийн үнэлгээчний эрхийг сунгаснаас хойш энэ хуулийн 12.1-д заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд үнэлгээчинд хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг хугацаагүй олгоно гэж заажээ.

 

Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот тогтоолоор Г.От хөрөнгийн үнэлгээчний эрхийг хугацаагүйгээр олгосон ба тэрээр хөрөнгийн үнэлгээний тайланд гарын үсэг зурж, хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээг хавсаргасан байх тул нэхэмжлэгчийн эрхгүй этгээд дүгнэлт гаргасан болон тайланд гарын үсэг зураагүй гэсэн гомдол үндэслэлгүй байна /1 х.х-ийн 165/.

 

7.2. Эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэлтэй ............... дүүрэг, ..... дугаар хороо, ......... ............. гудамж 30, 26, 24, 28 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/950 тоот захирамжаар .............. дүүрэг, .... дүгээр хороонд байрлах ............... дугаар бүхий 1,0911 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлснээр тус газрын байршлын хаяг, хэмжээ, зориулалтыг өөрчилж, эрхийн улсын бүртгэлийн ............................ дугаарт бүртгэсэн гэрчилгээ олгосон байх тул нэхэмжлэгчийн гаргасан .шинжээчид эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхийг даалгаагүй гэсэн гомдлыг хүлээн авахгүй.

 

7.3. Мөн шинжээч үнэлгээний объектод очиж биечлэн үзлэг хийхдээ .дараах хөрөнгүүд биет илэрсэн ба хөрөнгийн үнэлгээг энэхүү тайланд тусгасан болно /дэд станц, зоорь, дп, 80 ширхэг бетнон хашаа, бетнон зам, агаарын шугам, цэвэр бохирын хоолой/ гэж тодруулсан ба дээрх эд хөрөнгүүдийг өртгийн хандлагын аргаар үнэлж, үнэлгээг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байна.

 

Иймд, үнэлгээний тайланд тусгасан хөдлөх эд хөрөнгө /дэд станц, зоорь, дп, 80 ширхэг бетон хашаа, зам, агаарын шугам, цэвэр бохирын хоолой/-үүдийн мэдээлэл байхгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

7.4. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-д Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заажээ.

 

Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар дэд станц, зоорь, дп, 80 ширхэг бетон хашаа, зам, агаарын шугам, цэвэр бохирын хоолой зэрэг нь газрын үндсэн бүрдэл хэсэгт хамааран гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй бөгөөд шинжээч нь үйлдвэрлэлийн зориулалттай суурилагдсан цогцолбор тоног төхөөрөмж тул уг хөрөнгүүдийг хамтад нь үнэлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулахаар шинжээч Г.Оыг шүүх хуралдаанд оролцуулж, түүнээс үнэлгээ хийсэн аргачлал, үнэлгээний объектын онцлог шинж чанар, зориулалт, салгаж үл болох бүрдэл хэсэг болон бусад нөхцөл байдлын талаар тайлбар авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т нийцсэн байна.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2024/03613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР