Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 333

 

 

 

 

 

 

 

 

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

             Улсын яллагч Э.Халиун,

            Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1909006300318 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялын 24 цагийг эдэлж, 226 цагийн үлдэгдэлтэй гэх Б овогт Б.Б /регистрийн дугаар/.

         

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

            Яллагдагч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 4 тоотод хохирогч П.Амармэндийг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу "мөрнөөс нь татлаа" гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед тархи доргилт, зовхи, шанаа, хацрын цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүх шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 4 тоотод хохирогч П.Амармэндийг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу "мөрнөөс нь татлаа" гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед тархи доргилт, зовхи, шанаа, хацрын цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

            Шүүгдэгч Б.Бы шүүх хуралдаанд өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,  

 

  Хохирогч П.Амармэндийн “...танил болох Майцэцэгтэй тааралдахад Майцэцэг “хоёулаа хамт айлд очоод хүнтэй уулзчихаад ирье” гэж хэлсэн. Майцэцэгийн хамтаар 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 34-4 тоотод очиход Майцэцэгийн найз гэх эмэгтэй байсан.  Дараа нь Майцэцэгийн хамт 0.75 литрийн 2 шил архи дэлгүүрээс худалдаж аваад эргээд ортол гэрийн эзэн буюу Хуягаа гэх залуу ирсэн байсан. Дараа нь дөрвүүлээ хамтдаа 2 шил архийг хувааж уусан. Архи уугаад ухаан мэдрэлгүй болж согтсон байсан. Архи ууж байх үед гэнэт Хуягаа Майцэцэг бид хоёрыг хөөгөөд байсан. Майцэцэг Хуягаа 2 хоорондоо хэрэлдсэн. Дараа нь Хуягаа намайг зодсон. Би зодуулчихаад гэрээс нь гарч яваад “тавын” гэх нэртэй автобусны буудлын хажууд байрлах эгчийнхээ гэр рүү очсон... Миний зүүн нүд тагларч хавдсан, нүүрний хэсэг газар зулгарсан, баруун хацар хавдсан, зүүн чих шалбарсан, баруун талын бөөрний орчимд хатгаж өвдсөн зовуурьтай байна… гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/,

Хохирогч П.Амармэндийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн "...тухайн үед намайг зодсон хүний нэрийг мэддэггүй, хэн нэгэн хүнээс дам сонсож тэр залууг Хуягаа гэх нэртэй хүн гэж бодож байсан юм. Сүүлд хүнээс сонсоход намайг зодсон залууг Б.Б гэх залуу байсан талаар мэдсэн...Б гэх залуу намайг зодох үед Майцэцэг гэх эмэгтэй хажууд байсан. Өөр хүн байгаагүй болохоор мэдэхгүй байх гэж бодож байна. Майцэцэг тухайн үед согтуу байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,

 

     Шүүгдэгч Б.Бы гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баасан гаригт хамт амьдарч байсан Даваадолгорын гэрт ирэхэд түүний танил Майцэцэг гэх эмэгтэй нэг залуугийн хамт архи уугаад сууж байсан. Би гаднаас орж ирэхээсээ өмнө архи уучихсан согтуурсан байсан бөгөөд Майцэцэг болон түүнтэй хамт явж байсан хохирогч Амармэнд гэх залуугийн хамт ууж байсан архинаас нь хувааж уусан. Дараа нь бид 3 согтсон. Би Амармэндэд хандаж “чи яаж орж ирсэн юм бэ” гэж асуухад миний мөрнөөс гараараа татахаар нь гэрээс гаргаж, хашаан дотроо толгой, нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохисон. Тэр үед Амармэндийн хамарнаас нь цус гарч байсан. Би уусан архиндаа согтож, тасарсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17дугаар тал/,

 

     Шүүгдэгч Б.Бы яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар ярьсан болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогч П.Амармэндийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлоос үүдэлтэй эмчилгээний зардлыг төлж барагдуулахыг бодно..." гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,

 

     Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын
01-ний өдрийн 1965 дугаартай дүгнэлтэд:

1.   П.Амармэндийн биед тархи доргилт, зовхи, шанаа, хацрын цус хуралт,
хамрын нурууны зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой /хх-ийн 14 дүгээр тал/ гэжээ.

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн  30 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн  31 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн талаарх шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33-43 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

             Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Бд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

             Иймд шүүх шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

             Шүүгдэгч Б.Б Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 250 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх ба уг ялын 24 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн, харин 226 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б овогт Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Быг 320 / гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Быг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдэх 226 /хоёр зуун хорин зургаа/ цагийн ял дээр энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 / гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 546 /таван зуун дөчин зургаа/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б 546 /таван зуун дөчин зургаа/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус  дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ