Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2024/01681

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 28 210/МА2024/01681

 

 

 

Д.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/02527 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж ХХК-нд холбогдох,

 

Үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...Д.С нь 2020 онд тус компанитай барилгад хөрөнгө оруулах гэрээ байгуулж, .... хотхоны ... дугаар байр, ... давхар, ... блокын ... тоот хаягт байрлах 111.78 м.кв талбайтай орон сууцыг 276,096,600 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бүрэн төлж худалдан авагчийн үүргээ биелүүлсэн. ...Ж ХХК барилгыг Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьчихсан байгаа учир та улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авах боломжгүй гэх хариу өгсөн...

Иймээс Д.С 2020 онд манай Ө компани дээр ирж хоёр жилийн хугацаанд байрны гэрчилгээгээ авч чадсангүй, маш олон иргэд хохирч байна, хандах ёстой газар нь хандаад миний өмнөөс манай гэрчилгээг гаргаад аваад өгөөч гэж хүссэн. Тэгээд манай өмгөөллийн компани нэхэмжлэгчтэй 6.000.000 төгрөгийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, урьдчилж 3.000.000 төгрөг, үлдсэн 3.000.000 төгрөгийг улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсны дараа өгөхөөр тохиролцсон. Ийнхүү 2020 оны 10 дугаар сард урьдчилгаа болох 3.000.000 төгрөгийг төлж, нэхэмжлэгчийг төлөөлж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, мөн .... дүүргийн улсын бүртгэлийн газарт улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай хэд хэдэн удаа хандсаны эцэст 2024 оны 1 дүгээр сард ...улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Ингээд гэрчилгээг гаргасны дараагаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл болох 3.000.000 төгрөгийг манайд шилжүүлсэн. ...Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавихгүйгээр шууд гэрчилгээг нь гаргаад өгсөн бол нэхэмжлэгч өмгөөлөгчийн туслалцаа авахгүйгээр шууд улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авах боломжтой байсан. ...Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Тус шүүхэд иргэн Д.Сын нэхэмжлэлтэй Ж ХХК-д холбогдох иргэний хэрэг хянагдаад 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхээс Д.Сыг өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсонд маргаагүй. Нэхэмжлэгчийн хувьд Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно гэж заасан. Уг эрхээ эдэлж өөрийн сайн дураар өмгөөлөгч хөлсөлсөн байна. Өмгөөлөгчид хөлс төлөх, асуудал нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр үүссэн учраас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгэгчээс гарсан зардалд хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж ХХК-иас 6,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Сд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас 111,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Сд олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Дараах үндэслэлээр Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна.

1. Хариуцагч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүй байгаа тохиолдолд хохирол шаардах эрхтэй.

Энэ тохиолдолд манай компани гэрээний үүргээ биелүүлж орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн бөгөөд Д.С нь тус орон сууцыг ашиглалтад орсноос хойш хүлээн авсан, гэрчилгээ гаргуулж авсан байгаа.

2.Өмгөөлөгчид төлсөн хөлс нь Сын сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж 6,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан төлсөн мөнгө буюу Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний үүрэг тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д хамаарах Хөрөнгө оруулалтын гэрээнээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй юм гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон үүргийг үнэн зөв дүгнэсэн. Учир нь, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Д.С нь худалдаж авсан орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авах үүрэг үүссэн. Гэвч Ж ХХК нь 3 жилийн хугацаанд улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаанд тавьж, улсын бүртгэлийн гэрчилгээг Д.Сын нэр дээр гаргаж өгөхгүй байсан. Уг нөхцөл байдлын улмаас Д.С нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, 2 жилийн хугацаанд шүүхээр хянан шийдвэрлүүлж, орон сууцны өмчлөгчөөр тогтоогдож, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсан. Мөн талуудын хооронд гэрээ байгуулагдаж, үүрэг үүссэн тул Иргэний хуулийн 219, 227 дугаар зүйлд заасныг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад түүний гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол буюу хууль зүйн туслалцаа авахад төлсөн 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.С нь Ж ХХК-д холбогдох орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэрэг маргаанд хууль зүйн туслалцаа авахаар 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ө ХХН-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулж, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг төлсөн байна /х.х-ийн 10-11/.

 

Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Ж ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Д.Стой байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн үүргийн гүйцэтгэлтэй холбогдсон маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02081 тоот шийдвэрээр тус компанид .... дүүрэг, .... дугаар хороо, Нийслэл өргөн чөлөө гудамж, .... хотхон, ... дугаар байр, Д блок, ... тоот хаягт байрлах 11.78 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь энэхүү 6,000,000 төгрөгийг хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авахад төлсөн зардал гэсэн үндэслэлээр нэхэмжилсэн нь зохигчдын маргааны зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, хоёр талын гэрээний үүргээ аль нэг тал биелүүлээгүй бол нөгөө тал нь мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж зааснаар өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй.

 

Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ..., өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох..., ... гэж зааснаар хууль зүйн туслалцаа авах эсэх нь тухайн иргэний буюу хэргийн оролцогчийн эрх юм.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд улсын төсвөөс санхүүжүүлэх хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлын талаар зохицуулсан ба үүнтэй нэгэн адил хууль зүйн туслалцаа авахтай холбоотой зардал нь тэгш эрхтэй гэрээний талуудын хувьд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар зайлшгүй зардалд хамаарахгүй.

 

Нэхэмжлэгч Д.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.5-д тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох эрхтэйгээс гадна дээр дурдсанаар хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөөр төлөөлүүлэх эрхтэй тул түүний өмгөөлөгчид төлсөн төлбөрийг гарах ёсгүй байсан зардал гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/02527 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Сын гаргасан хариуцагч Ж ХХК-нд холбогдох 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР