Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 335

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Амуундарь,

          Улсын яллагч Б.Мөнгөншагай,

          Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Хөх хошуу овогт Ч.Бид холбогдох эрүүгийн 1809098130229 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт тоотод оршин суух, урьд Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, Х овгийн Ч.Б /регистрийн дугаар/.

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ч.Б нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Шөлөндөө" гэх хоолны газарт иргэн Р.Батгэрэлийг "Хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Бийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Шөлөндөө" гэх хоолны газарт иргэн Р.Батгэрэлийг "Хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Ч.Бид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Шөлөндөө" гэх хоолны газарт иргэн Р.Батгэрэлийг "Хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

          Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Р.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөлөндөө хоолны газрын шуурхай хамгаалалтын албаны 180 см орчим өндөр нуруутай, махлаг биетэй, бор царайтай хамгаалагч нь миний эрүүний зүүн талруу гараараа нэг удаа цохихоор нь би ухаан алдсан... миний бие Ч.Бтой харилцан тохиролцсоны улмаас хохиролд 120.000 төгрөг хүлээн авсан, одоо гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 7-8, 35, 62 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаартай дүгнэлтэд “ …Р.Батгэрэлийн биед тархи доргилт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана “ гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа/ хх-ийн 43 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 46 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ч.Бид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

          Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Иймд шүүх шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 4 / дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

              Шүүгдэгч Ч.Б нь урьд Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 46 дугаар хуудас/ болон шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Х овгийн Ч.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ч.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Ч.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.        

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ