Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/01749

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 11 210/МА2024/01749

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2024/03314 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Ад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 35,923,638 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, талуудын хооронд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Р.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

С.А нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-20-48 дугаартай зээлийн гэрээний байгуулж 21,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийг олгохдоо 2020.12.22-ны өдөр талууд БГ-20-48/2 дугаартай барьцааны гэрээ байгуулж С.Агийн Хаан банк дахь ................ болон Голомт банк дахь ..................... тоот дансны орлогыг барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 0 төгрөг, зээлийн хүүд 1,000,000 төгрөг буюу нийт 1,000,000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 21,000,000 төгрөг, үндсэн хүү 13,374,356 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,549,282 төгрөг, нийт 35,923,638 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. 

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар татгалзлын агуулга:

С.А нь 2020.12.22-ны өдөр А ХХК-иас 21,000,000 төгрөгийн зээлийг бодитойгоор өөрийн харилцах данс болон бэлнээр огт аваагүй, зээлийн гэрээ болон бэлэн мөнгөний баримт дээр гарын үсгээ зурж өгсөн боловч нэг ч төгрөгийг С.Ад олгоогүй. Тус ББСБ-аас С.А нь 21,000,000 төгрөгийн зээлийг огт аваагүй гэжээ

  

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Зээл олгосон гэх С.Агийн Хаан банкны ................ тоот данс нь М.Гансүх гэх иргэнтэй хамтран эзэмшдэг, Голомт банкны ..................... тоот дансаар С.А огт гүйлгээ хийдэггүй, ашигладаггүй.

А ХХК нь С.А 21,000,000 төгрөгийн зээлийг олгох зорилгогүй байсан нь дээрх байдлуудаар тогтоогдож байх тул 2022.12.22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар татгалзлын агуулга:

Зээлийн гэрээг нотариатаар батлуулсан, хариуцагчийн хүсэлтийн дагуу 21,000,000 төгрөгийг бэлнээр олгосон, хариуцагч нь зээлийн хүүгийн төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн нь тухайн зээлээ хүлээн авсны нотолгоо болж байна.

Зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Агаас Зээлийн гэрээний үүрэгт нийт 35,923,638 төгрөг гаргуулах нэхэмжлэгч А ХХК-д олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасныг баримтлан С.Агийн Ахан дүүсийн итгэл ББСБ ХХК болон С.А нарын хооронд 2020 оны 12 сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337.569 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 337.569 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, С.Агаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

2020.12.22-ны өдрийн зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх 1995.10.13-ны өдөр батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийг баримтлан шийдвэрлэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлэхгүйгээр хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан.

1995.10.13-ны өдөр батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 21.2, 21.3, 21.4, 22.1, 22.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой байсан.

Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн хариуцагч С.Агийн зээлийн хувийн хэрэгт авагдсан баримтууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 23-р зүйлд Зээлийн хувийн хэрэг гэж заасантай нийцэхгүй байдлаар бүртгэгдсэн хувийн хэрэг болох нь баримтаар тогтоогдсон болохыг анхан шатны шүүх огт анхаараагүй нь илт хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч талаас хариуцагчийн төлөөлөгчийг хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцоогүй байх үед нь маргааны зүйл болсон баримтыг шүүхэд гарган өгч шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шинжээч томилох захирамжийг гаргасан атлаа хууль журамд заасны дагуу хариуцагчид уг захирамжийг танилцуулахгүйгээр хуулийг ноцтой зөрчсөн байсан.

-Хариуцагч талаас 2019.01.24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг бус харин уг гэрээний зургийг нь авч хадгалсныг каноноор хэвлэсэн хуулбарыг гарган өгснийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй дүгнэлт болно

2024.05.09-ний өдрийн 184/ШЗ2024/11451 дугаартай захирамжаар А ХХК-иас хариуцагч С.Агийн 2017-01-01-ний өдрөөс хойш авч байсан зээлийн гэрээнүүдийн хуулбарыг, мөн уг зээлүүдийн төлбөрийг хэрхэн төлж байсан тухай баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн боловч захирамжийн биелэлт хангагдаагүй байхад анхан шатны шүүх энэ тухайд шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч талаас хэлж тайлбарласаар байхад анхаарч үзэхгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийг хийсэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэх үндэслэл нь болсон гэж үзэж байна гэжээ.

Дээрхи байдлуудаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ИХШХШТХ-ийн 116-р зүйл, 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй шийдвэр болсон болохыг нотолж байна гэж үзэж байгаа тул давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна гэжээ.

 

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хэрэгт зээлдэгчийн зээл хүссэн анкет, зээл хүссэн өргөдөл, зээл хүлээж авсан баримт, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С.Атай тооцоо нийлсэн баримт авагдсан, хүү, тооцооллын хүснэгтэд тооцоо нийлсэн С.А гэж гарын үсгээ зурсан, хүү сар бүр 200,000 төгрөг төлж байхаар тохиролцлоо гээд дахин С.А гарын үсгээ зураад он сар өдрөө бичсэн байдаг. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А ХХК-ийн дансанд С.Агаас 1,000,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан. Хэрэв зээл аваагүй байсан бол хүсэлт бичиж өгөх үү, мөн С.А тооцоо нийлсэн актаар баримтжуулсан, хүү төлсөн. Тийм учраас зээл авсан нь ямар нэгэн байдлаар үгүйсгэгдэх боломжгүй. Хариуцагч талын гомдол үндэслэлгүй гэдгийг үүгээр нотолж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч С.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,923,638 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар А ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр С.Атай зээлийн гэрээ байгуулж 21,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл зээлдүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд талууд 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2 /хоёр/ сараар сунгахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

 

Мөн талууд тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар С.Агийн банк дахь дансдыг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөхгүй.

 

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний зүйл болох 21,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэснийг хариуцагч нь эс зөвшөөрч аваагүй гэж татгалзсан нь зохигчдын маргааны зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь, хэрэгт цугларсан баримтаар;

 

4.1. А ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр С.Ад зээлийн гэрээний зүйл болох 21,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн тухай баримт үйлдсэн,

 

4.2. Зээл хүссэн өргөдөл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар зээлдэгч С.А нь А ХХК-аас урьд өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 120,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийг тус тус авсан бөгөөд төлж дуусгасан,

 

4.3. Гэрээний талууд 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2 /хоёр/ сараар сунгасан нэмэлт, өөрчлөлт оруулсан,

 

4.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182 тоот дүгнэлтээр хариуцагч С.Аг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, зээл хүссэн өргөдөлд тус тус гарын үсэг зурсан гэсэн дүгнэлт,

 

4.5. Мөн С.А нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зээлийн үлдэгдэл 21,000,000 төгрөг, зээлийн хүү 7,823,452 төгрөгийг 2022 оны 06 дугаар сар хүртэл сар бүр 200,000 төгрөгийг төлж байхаар тохиролцов гэсэн утгатай тооцоо нийлсэн актыг үйлдсэн зэргээс дүгнэвэл тэрээр зээлийн гэрээний зүйлийг хүлээн авсан байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж зааснаар С.А нь 21,000,000 төгрөгийг хүлээн авсан гэдгээ ийнхүү хүлээн зөвшөөрсөн байх тул зээлийг аваагүй гэсэн түүний тайлбар үндэслэлгүй.

 

5. Хэдийгээр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж зааснаар зээлдэгчид зээлийг данс нээж олгох зохицуулалттай боловч энэ нь зээлдэгч этгээд зээлийг бэлнээр хүлээн авсан үйл баримтыг үгүйсгэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж энэ талаар тодорхой зохицуулсан тул хариуцагчийн мөнгө хүлээн аваагүй гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар зохицуулсан бөгөөд 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байна.

 

Талууд зөвхөн тухайн гэрээ, хэлцлийг байгуулсан талаарх гадаад илэрхийллийг бий болгохын тулд хэлцлийн үр дагаврыг үүсгэх, хариуцах буюу эрх, үүргийн хувьд холбогдох хүсэл зориггүйгээр гэрээ байгуулсан тохиолдолд дүр үзүүлсэн хэлцэлд хамаарна. Гэвч С.А нь дээр дурдсанчлан зээлийг хүүгийн хамт буцаан төлөхийг зөвшөөрснөөс гадна 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг А ХХК-нд төлсөн байх тул зохигч нарыг дүр үзүүлэх зорилгоор зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэх боломжгүй юм.

 

Нөгөө талаар хариуцагч нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 21,000,000 төгрөгийг өмнө нь авсан зээлийг төлөхөөр тийнхүү гэрээ байгуулсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Иймд, анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдал буюу хариуцагчийг зээлийн гэрээний зүйлийг хүлээн авсан, зээлийг буцаан төлөхийг зөвшөөрсөн, зээлийн хүү төлж байсан зэргийг харгалзан хуулийг зөв тайлбарлан хэрэглэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

 

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгч С.А нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн хүүнд 5,033,096 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны 642,082 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 621,370 төгрөгийг үндсэн зээл 21,000,000 төгрөгийн хамт тус тус төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтаар зээлдэгч С.А нь зээл, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч А ХХК нь түүнээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

8. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бол тухайн биелэгдээгүй үүргийг, мөн хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцож төлөхөөс гадна гэрээгээр тохирсон бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ.

 

8.1. Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн үндсэн зээл, түүний хүү, болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж, 2.6-д Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрийг энэхүү гэрээний 2.1 дэх хэсэгт заасан хугацаанд хавсралт 1-д зааснаар төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хугацаа хэтэрсэн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, мөн 5 дугаар зүйлийн 5.6-д Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн өрийн үлдэгдлээс үндсэн хүүг сар тутам 20 хувиар нэмэгдүүлэн тооцож зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү авах гэж тус тус заажээ.

 

8.2. Гэрээний энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасантай нийцсэн байна.

 

9. Анхан шатны шүүх хариуцагч С.Агаас үндсэн зээл 21,000,000 төгрөг, зээлийн хүү 13,374,356 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,549,282 төгрөг, нийт 35,923,638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Тодруулбал, хариуцагчийн төлбөл зохих зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцвол;

21,000,000x3%=630,000 /сарын хүү/, 630,000x12=7,560,000 /жилийн хүү/:365=20,712.32 /өдрийн хүү/, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 694 өдрөөр үржүүлэхэд 14,374,356 төгрөг бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 1,000,000 төгрөгийг хасахад 13,374,356 төгрөг болно.

 

Харин нэмэгдүүлсэн хүүгийн хувьд 21,000,000x0.6%=126,000 /сарын хүү/, 126,000x12=1,512,000 /жилийн хүү/:365=4,142.45 /өдрийн хүү/, зээлийн гэрээний хугацаа дууссан 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 410 өдрөөр үржүүлэхэд 1,698,408 төгрөг болох ба нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүнд 1,549,282 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.

 

Иймд, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг өөрчлөхгүй.

 

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2024/03314 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600,519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

 

Б.МАНДАЛБАЯР