Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01767

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 13 210/МА2024/01767

 

 

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/03647 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

53,812,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, П.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Д ХХК болон М ХХК нар 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр агуулах түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгчийн өөрийн эзэмшлийн .... дүүрэг, ..... дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /.........../, ............. гудамж, .......... тоот хаягт байрлах, .............. үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаартай үйлдвэрийн зориулалттай 3,888 м.кв талбайтай барилгын А блок агуулахын 1,548 м.кв талбай, оффисын 288 м.кв, нийт 1,836 м.кв талбай, нэмж тус блокийн урд хэсэг 612 м.кв талбайг түрээслэн нийт 2,448 м.кв талбайтай, агуулахын ажилтнуудын байрлаж ажиллах албан тасалгаа болон бараа бүтээгдэхүүн хадгалах зориулалттай агуулахыг түрээслэгчид энэхүү гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу түрээслүүлж, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөх үндсэн үүргийг тус тус хүлээсэн.

...Гэрээг цуцалсан үндэслэлийн талаад зохигчид маргадаггүй ба түрээслүүлэгчийн зүгээс сэрээт өргөгч төхөөрөмжийн дугуйны эвдрэлд холбогдох төлбөрийг төлөхөө илэрхийлдэг боловч үүргээ гүйцэтгээгүй өдийг хүрсэн тул гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Агуулах түрээсийн гэрээ-ний 5.2-т заасны дагуу шилжүүлсэн барьцаа төлбөр 46,411,200 төгрөг, түрээслүүлэгч үүргээ биелүүлээгүйгээс буюу түрээсийн байрны доголдлоос үүдэн сэрээт өргөгчийн дугуй эвдэрсэн тул хохирол 7,400,800 төгрөг, нийт 53,812,000 төгрөгийг гаргуулна гэжээ. 

  

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Уг компанид анх 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс түрээслэх боломжтой гэж санал тавьсан, энэ хугацаанд шалны хагарал, урсгал болон бусад жижиг засваруудыг хийх, 6 сараар урьдчилгаа төлбөр авахаар тохиролцсон. Шалны хагарлыг нөхөж резинэн будгаар будсан. Гэвч засварыг маш богино хугацаанд буюу 12 хоногт яарч хийж дуусгасан. Учир нь, яаралтай АПУ-ын зам 09 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө хаахаас нүүж ирэх хүсэлтээ гаргасныг хүлээж авсан. Засварын зардал болон агуулах түрээслэх гэрээний хавсралт /актаар/ бүрэн хүлээлгэн өгсөн. Сэрээт өргөх төхөөрөмжийн дугуй нь хатуу пивор дугуйтай сонголт буруу байгаа нь шаланд эвдрэл гаргаж байгааг хэлж мэдэгдэж байсан.

...Бодит байдлыг үзэж хамтран ажиллаж танилцсан, гэрээний 5.3 дахь заалтын дагуу хүлээж авна, анх оруулахад гарсан зардлыг буюу 53,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэдгээ хэлсэн. н.Бтай ярьж 50 хувь болгохоор тохирч, 7 хоногийн түрээс 10,000,000 төгрөг, эвдэрч гэмтсэн хаалга, бусад засварын зардал болох 16,000,000 төгрөг, их цэвэрлэгээний зардлыг авч, Д ХХК-д сэрээт өргөх төхөөрөмжийн дугуйны төлбөрийг төлөхөөр ярилцаж тохиролцон, М ХХК-д зөрүү төлбөр болох 2,500,000 төгрөгийг төлөхөөр болж менежер н.Б танилцуулахаар болсон. Манай компани уг зөрүү төлбөр 2,500,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөг нэхэмжилж асуудлаа шийдвэрлүүлэх, мөн харилцан тохиролцож асуудлыг уян хатан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 318 дугар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.8-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 46,411,200 төгрөг гаргуулан Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагас 7,400,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас 390,006 төгрөг гаргуулж Д ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж гарсан тул Д ХХК-ийн нэхэмжлэл хангаж 46,411,2007 хүлээн зөвшөөрөхгүй.

М ХХК нь Д ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулснаас хойш түс компани өдөр тутмын үйл ажиллагааг саадгүй сайн гүйцэлдүүлэх тав тухтай байдлыг нь хангахын тулд цаг ямагт анхаарч байнгын засвар үйлчилгээг тогтмол хийж ариун цэврийн өрөө, дүшний өрөө, оффис, цайны өрөөг тогтмол цэвэр цэмцгэр байхад нь анхаарч засвар үйлчилгээг байнга өөрийн зардлаар хийж гүйцэтгэж ирсэн билээ. Иймд, тус компаниас гарсан доорх зардлыг гаргасан болно. Үүнд:

Засвар үйлчилгээ хийж гүйцэтгэсэн ажлын зардал 32,586,800 төгрөг, 7 хоногийн түрээсийн зардал 1,547,040Т*7 хоног=10,829,280 төгрөг, агуулахын дотор цэвэрлэгээний зардал 3,500,000 төгрөг, нийт 46,916,080 төгрөг гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Гэрээний 5.3-т Барьцаа нь түрээсийн төлбөрт зориулагдахгүй, барьцааны төлбөрөөс хохирлыг барагдуулж болно. Гэвч хохирол нь хөндлөнгийн хяналтаар нотлогдсон байна гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмтсэн хаалга, бусад засварын зардал болох 16,000,000 төгрөг болсныг нотолсон тохиолдолд төлөх боломжтойг илэрхийлсэн боловч нотолгоог гаргаж өгөөгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 53,812,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргасан.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 46,411,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,400,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Дээрх шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад талууд маргааны зүйлийн талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Тодруулбал, уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлага болох түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн барьцаа 46,411,200 төгрөг, сэрээт өргөгч төхөөрөмжийн дугуйны төлбөр 7,400,800 төгрөг, нийт 53,812,000 төгрөгөөс хариуцагчийн нэхэмжлэгчээс авах цэвэрлэгээний зардал 3,500,000 төгрөг, 7 хоногийн түрээсийн төлбөр 10,829,280 төгрөг, засварын зардал 16,293,400 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 23,189,320 төгрөгийг М ХХК нь хуанлийн 7 хоногт багтаан Д ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/03647 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

 

нэхэмжлэлийн шаардлага болох 53,812,000 төгрөгөөс цэвэрлэгээний зардал 3,500,000 төгрөг, 7 хоногийн түрээсийн төлбөр 10,829,280 төгрөг, засварын зардал 16,293,400 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 23,189,320 төгрөгийг М ХХК нь хуанлийн 7 хоногт багтаан Д ХХК-д төлөхөөр харилцан тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 390,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

 

  ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

 

Б.МАНДАЛБАЯР