Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01577

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 09 210/МА2024/01577

 

 

Ү.Д-, Г.Т- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/02700 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ү.Д-, Г.Т- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ГШГГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3232 дугаар шийдвэрээр 236,725,993 төгрөг гаргуулж, Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу ГШГГ- ажиллагаа явуулж бидний өмч болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 37 байрны 27 болон мөн байрны 00 тоотын хоёр орон сууцыг шинжээч томилон үнэлүүлж, 00 тоот 3 өрөө 109.72 м.кв орон сууцыг 297,778,033 төгрөгөөр, 00 тоот2 өрөө 77.02 м.кв орон сууцыг 205,915,357 төгрөгөөр үнэлжээ. Энэ үнэлгээ нь барилгын материалын үнэ 5-8 дахин өсөхөөс өмнөх үнэлгээ болсон байна. 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанд орсон ижил төстэй Баянзүрх дүүрэгт байгаа хотын төвийн 1 дүгээр бүсэд хамааралтай орон сууцны үнэлгээнүүдтэй харьцуулж судалсан. Томилогдсон шинжээч Г.О- нь бидний үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхдээ биднийг байлцуулахгүйгээр үнэлгээг хийсэн. Үнэлгээний баримт материалуудтай танилцуулаагүй атлаа үнэлгээ хийсэн гэсэн мэдэгдлийг ирүүлсэн. Өмнөх жилүүдэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэгч нар олон дахин солигдож зарим нь бүр нэхэмжлэгч талд үнэлгээг хэт доогуур хийн өгч, бидний өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн учраас зохих дээд шатны байгууллагуудад бид хандаж асуудлыг шалгуулсан. Үүний улмаас Баянзүрх дүүргийн 1 дүгээр тойргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Д- нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дугаар 1/03 тоот тогтоол гаргаж өмнөх гүйцэтгэлийн хууль бус ажиллагаануудаа хүчингүй болгосон. Иймд Монгол Улсын Үндсэн хууль, НҮБ-ийн хүний суурь эрх, өмч хөрөнгөд хандах тэгш байдал алдагдсан учир бид хариуцагч байгууллагын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 5/197 дугаар тогтоол, мөн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5/227 дугаар тогтоолоор явуулсан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18261200/01, 18261200/02 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа тогтоож, тогтоолуудын нэг хувийг төлбөр төлөгч, өмчлөгч Г.Т-, Ү.Д- нарт танилцуулан гарын үсэг зуруулж тэмдэглэл үйлдсэн. Төлбөр төлөгч нар тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн 2 гэрчид эрх, үүргийг тайлбарлан мөн төлбөр төлөгч, өмчлөгч Ү.Д-г байлцуулан 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 18261200/04 дугаар тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 161-18261200/05 дугаар тогтоолоор 2 үл хөдлөх эд хөрөнгүүдийг хурааж авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч Г.Т-, Ү.Д- нараас үнийн санал авахад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 367,013,400 төгрөгөөр үнэлсэн тухай 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр ирүүлснийг төлбөр авагч Капитал континент инвестмент ББСБ ХХК 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4-161/9559 дугаар албан бичгээр төлбөр төлөгч нарын өгсөн үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн. Тус газраас 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 5/197 тоот, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5/200 тоот тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний С ХХК-ийн шинжээч Г.О-аар тогтоож, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 00 дугаар байрны байрны 00 тоотхаягт байрлах 77.02 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 205,915,357 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 297,778,033 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4-241/11512, 4-241/11513, 4-241/11511 дугаар мэдэгдлийг өмчлөгч, төлбөр төлөгч, төлбөр авагч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Төлбөр төлөгч нараас үнэлгээний мэдэгдлийг хүлээн авч 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа авах хүсэлт ирүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны төлбөр төлөгч Ү.Д- хөрөнгийн үнэлгээг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд хандах эрх нь байсан. Гэтэл хөрөнгийн үнэлгээг мэдсэнээс хойш бие даан худалдан борлуулах хугацаа авсныхаа дараа шүүхэд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан нь буруу юм. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГШГГ-т холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039004 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 109,72 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 297,778,033 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042332 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоотхаягт байрлах 77,02 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 205,915,357 төгрөгөөр үнэлсэн С ХХК-ийн үнэлгээчний 2023 оны 05 дугаар сарын 19, 06 дугаар сарын 08-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөг /70,200 төгрөг + 70,200 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШЗ2023/21134 дугаар захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн дотор гомдол гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Бид үнэлгээний талаар мэдсэн өдрөөсөө хойш өөрсдөө худалдан борлуулах тухай хугацаа авсан учир шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зогссон. Үүнтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа мөн тасалдсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоож өгсөн хугацаа дуусмагц хөөн хэлэлцэх хугацаа сэргэсэн. Иймд бид хуулийн хугацаанд гомдлоо гаргасан. Бодит байдал ийм байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон учир давж заалдах гомдлоо зөвхөн энэ хүрээнд гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Төлбөр төлөгч нар тухайн мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдлийг хүлээн аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу нэг сарын хугацаа авах хүсэлт ирүүлсэн. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч мэдсэнээс хойш 7 хоногийн дотор төлбөр төлөгчид шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан хугацаагаа авсан байсан.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Ү.Д-, Г.Т- нар нь хариуцагч ГШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоож хэргийг шийдвэрлэсэн байна.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 235,391,088 төгрөгийг хариуцагч Ү.Д-, Г.Т- нараас гаргуулж, нэхэмжлэгч Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,475,836 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2526 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ХТ2018/00532 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх30-38/

 

4. Дээрх хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Ү.Д-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042332 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 00 дугаар байрны 00 тоотхаягт байрлах 77.02 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, Г.Т-, Д.А Д.С нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039004 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр битүүмжилж, дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцсэн. /хх 39-47/

 

5. Түүнчлэн төлбөр төлөгч нарын дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд 5/197, 5/200 тоот тогтоолоор С ХХК-ийн шинжээч Г.О-ыг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх49, 54, 57-58/

 

5.1. С ХХК-ийн үнэлгээчин Г.О- нь Сангийн сайдаас олгосон Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх, үүргийг нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тайлбарлан, танилцуулсан байна. /хх59,133/

 

6. С ХХК-ийн үнэлгээчин Г.О-ын гаргасан, Ү.Д-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042332 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 00 дугаар байрны 00 тоотхаягт байрлах 77.02 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 205,915,357 төгрөгөөр, Г.Т-, Д.А Д.С нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039004 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 297,778,033 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хуульд заасан арга хэрэгслэлээр тогтоосон байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна./хх 63-136/

 

7. Нэхэмжлэгч нар нь зах зээлийн бодит үнэлгээтэй нийцээгүй, хэт доогуур үнэлсэн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргийг хүлээдэг ба нэхэмжлэгч талаас уг үүргээ биелүүлээгүй байна.

 

8. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч тус хаягт байрлах 77.02 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 205,915,357 төгрөгөөр, 109.72 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 297,778,033 төгрөгөөр тус тус үнэлснийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч нарт 2023 оны 05 дугаар сарын 19, 22, 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэн, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн./хх50-53,137-139/

 

9. Дээрх мэдэгдлийн дагуу төлбөр төлөгч нар нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгөө бие даан худалдан борлуулах саналыг хариуцагч талд хүргүүлсэн байна. /хх159/

 

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно. гэж заасны дагуу хариуцагч байгууллагаас мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаа олгосон нь шүүхэд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол гаргах хуульд заасан хугацааг тоолоход саад болохгүй. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт үнэлгээний талаар гомдол гаргаагүй тохиолдолд эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах санал гаргаж болохоор заасан бөгөөд энэ нь эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

11. Нэхэмжлэгч нараас үнэлгээний тайланг эс зөвшөөрч 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр явуулах ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/02700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ