| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0404/Э |
| Дугаар | 403 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 403
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Ц.Амгаланбаатар,
Шүүгдэгч У.А нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн овогт У.Ат холбогдох эрүүгийн 1909006130257 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 20 настай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, ял шийтгэлгүй гэх Бодонгууд овогт У.А /Регистрийн дугаар УИ 99111931/,
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Яллагдагч У.А нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Койн” барьцаат зээлийн газарт Б.Энхсайханы “ай поне 6” маркийн гар утсыг барьцаалан 150.000 төгрөг авч уг мөнгөөр өөрийн гар утсыг ломбардаас авч зараад чиний гар утсыг буцаагаад аваад өгье гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Б.Энхсайханд 258.000 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Хас” буурал барьцаат зээлийн газарт Н.Одбаярын “ай поне 5 эс” маркийн гар утсыг барьцаалан 100.000 төгрөг авч уг мөнгөөр өөрийн гар утсыг ломбардаас аваад өгье гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Н.Одбаярт 232.000 төгрөгийн хохирол учруулан үргэлжилсэн үйлдлээр тус тус залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч У.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч У.А нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Койн” барьцаат зээлийн газарт Б.Энхсайханы “ай поне 6” маркийн гар утсыг барьцаалан 150.000 төгрөг авч уг мөнгөөр өөрийн гар утсыг ломбардаас авч зараад чиний гар утсыг буцаагаад аваад өгье гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Б.Энхсайханд 258.000 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Хас” буурал барьцаат зээлийн газарт Н.Одбаярын ”ай поне 5 эс” маркийн гар утсыг барьцаалан 100.000 төгрөг авч уг мөнгөөр өөрийн гар утсыг ломбардаас аваад өгье гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Н.Одбаярт 232.000 төгрөгийн хохирол учруулан үргэлжилсэн үйлдлээр тус тус залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч У.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Насан хүрээгүй хохирогч Б.Энхсайханы ...Амар ах залгаад ахын дүү хаана байна, хоёулаа уулзъя гэж хэлэхээр нь би ахын урлан нүүлгэж байна, уулзаж чадахгүй гэхэд дахин ахын дүү хаана байна, чамтай уулзаж ярих юм байна гэхээр нь би “Цэцэг” төвд байна гэж хэлэхэд Амар ах таксидаад хүрээд ирсэн. Тэгээд уулзсан чинь ах нь утсаа ломбарданд тавьчихсан байгаа утсаа ломбарднаас аваад гар утсаа зараад чамд 20000 төгрөг өгье гэж хэлэхээр нь би Амар ахыг дагаад явсан. Тэгээд такситайгаа хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр очоод ломбард ороход нь агаа хурдлаарай гэж хэлсэн чинь миний найз Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр мэдүүлэг өгч байгаа манай найз ирэхээр нь гар утсаа ломбарданд тавиад чамд 20000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд би хүлээгээд сууж байтал Амар ах надаас миний утас хэдэн төгрөгийн үнэд хүрэх вэ гэж асуухаар нь би хэд хүрэхийг нь мэдэхгүй байна гэхэд тэгвэл хоёулаа ломбард орж асууя гээд хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд талын автобусны буудлын хажууд ТҮЦ-н дотор байдаг ломбарданд орж асуухад 150000 төгрөг хүрнэ гэж хэлсэн. ...Гадаа гараад байж байтал ах нь гар утсаа 100000 төгрөгөөр тавьсан байгаа авахад хүүтэйгээ нийлээд 120.000 төгрөг болно, чи гар утсаа 150.000 төгрөгөөр тавьчих тэгээд миний гар утсыг чи ав, үлдсэн мөнгийг нь агаа нь авъя бас таксины мөнгө өгье гэж хэлэхээр нь би гар утсаа Амар ахын нэр дээр тус ломбарданд 150000 төгрөгөөр тавьсан. ... Амар ах манай найз дээр очъё, манай найзын нэр дээр ломбарданд тавьсан байгаа гээд найз руу нь очоод Тэнгисийн буудлын ард байдаг Victory төвд байдаг "Game bross" нэртэй цахим тоглоомын газраас найзыг нь олж авсан тэгээд ломбардруу нь явсан, очиход цайндаа орчихсон байна гурвуулаа ийшээ орж пс орж 30 минут сууж байгаад гараад ирье гээд Урлан бүтээх төвийн урд байдаг “Хаан” караокены 2 давхарт байдаг 23 нэртэй пс тоглоомын газар орсон. ...Тэгээд цаг дуусаад босоод Амар ахыг хайхад байхгүй байсан" гэх мэдүүлэг /хх-н 13-14-р хуудас/,
Гэрч А.Ёндонжамцийн " 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 15 цагийн үед
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний 4 дүгээр
дэлгүүрийн хажуу талд байрлах "Лаки койн " нэртэй барьцаат зээлийн газар ажлын
байран дээр байх үед гаднаас 2 залуу “ай поне 6” маркийн алтан шаргал
өнгөтэй гар утас барьцаанд тавья гээд орж ирсэн. Тэгээд гар утасны эзэн 18 нас
хүрээгүй байхаар тухайн гар утсыг барьцаанд авахгүй гэж хэлэхэд хамт явж
байсан ахынхаа нэр дээр барьцаанд тавъя гэж хэлэхээр нь бичиг
баримтыг нь үзэхэд Уранзаяа овогтой Амар гэж насанд хүрсэн байхаар нь гар утсыг
150.000 төгрөгөөр үнэлж авсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2
өдрийн дараа У.А нь ирээд гар утасны барьцааны мөнгийг өгөөд эд зүйлээ
манай компаниас авсан " гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч У.Аын "...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 13 цагийн үед
Энхсайхан руу утсаар ярихад “Цэцэг” төвд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь “Цэцэг” төв дээр очиход Энхсайхан нэг найзтайгаа цуг явж байсан. Тэр хоёрыг
суулгаад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Койн” нэртэй
барьцаат зээлийн газар руу очсон. Энхсайханы “ай понe” загварын гар утсыг
150.000 төгрөгөөр тавиад мөнгийг нь би авсан. Энхсайханы гар утсыг буцааж өгсөн
зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан ай поне 6 маркийн гар утсыг 258.000 төгрөгөөр үнэлэв гэжээ /хх-ийн 22-р хуудас/,
“Лаки Койн” ХХК ломбард барьцаат зээлийн гэрээнд үйлчлүүлэгч Уранзаяа
Амар, барьцалдсан эд зүйл “ай поне 6” гap утас, ломбардны үнэлгээ 150.000
төгрөг гэх баримт /хх-ийн 24-р хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 44-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 45-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Н.Одбаярын " Би 4-5 хоногийн өмнө Фэйсбүүкийн
гар утасны ”хар зах” нэртэй групп дээр “ай поне 5 эс” маркийн гар утас байна тулах утас байна уу гэсэн пост оруулсан байсан. Монгол бичгээр бичсэн нэртэй фэйсбүүк
хаягаас байна гэсэн байхаар нь чат бичиж үлдээхэд 2019 оны 1 дүгээр
сарын 16-ны өдөр 14 цагийн үед Amar Uranzaya гэх фэйсбүүк явуулаад энэ
хүнээс ахынхаа гар утсыг авчихаарай гэхээр нь Amar Uranzaya чатлаад
Сүхбаатарын талбай дээр 18 цагт уулзахаар болоод би 19 цагийн үед очоод нөгөө тухайн хүнтэй чатлахад Тэнгис кино театрын энд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр манай найз ачигдах гээд байна чи наанаа байж бай гэсэн хариу ирсэн. Тэгээд удалгүй байж байтал ирээд, таксинд суугаад “Ардын эрх”-ийн хавьцаа ирсэн. ... “Ардын эрх”-ийн урд талд байдаг ... ломбарданд чи гар утсаа ломбардад тавьчих чамтай солих утас маань өөр ломбарданд байгаа хугацаа нь дуусах гээд байгаа юмаа, чиний утсыг ломбарданд тавиад ээжээс очиж мөнгө аваад дээр нь мөнгө нэмээд аваад өгье гэж хэлсэн. Тэр залуу өөрийнхөө нэр дээр миний гар утсыг 100.000 төгрөгөөр тавьсан. ...тухайн залуутай “Алтай” хотхон руу ээжрүү нь очихоор таксинд суугаад явсан “Алтай” хотхоны ...байрны гадаа ирээд байж бай гялс ороод гараад ирье гэж хэлээд алга болсон. Би 30-40 минут тухайн залууг таксинд хүлээсэн гарч ирээгүй. " гэх мэдүүлэг /хх-н 49-р хуудас/,
Гэрч О.Баттөмөрийн "... 2019 оны 01 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны 1 давхарын ажлын байран дээр буюу " Хас буурал групп " ХХК барьцаат зээлийн газарт байх үед үл таних залуу нэг хүүхдийн хамт “ай поне 5 эс” маркийн гар утсаа 100.000 төгрөгөөр барьцаанд тавья гэж орж ирсэн. Тэгээд гар утсыг шалгаж үзээд тухайн залуугийн баримт бичгийг шалгаад “ай поне 5 эс” маркийн гар утсыг 100.000 төгрөгөөр Уранзаяа овогтой Амар гэх хүний нэр дээр барьцаанд авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн У.Аын "2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр фэйсбүүкээр Одбаяр гэх хүүхэдтэй чатлаад Одбаяр гэх хүүхэд надаас миний утсыг “ай поне 6” болгож өгөх хэвээрээ юу гэж асуухад нь хэвээрээ гэж чат бичихэд та өнөөдөр завтай юу гэхээр нь завгүй гэхэд тухайн хүүхэд маргааш хөдөө явах гэж байгаа гэхээр нь Тэнгис кино театр дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд тухайн хүүхэд удалгүй ирээд бид 2 уулзаад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх”-ийн ломбард ороод тухайн хүүхдийн гар утсыг өөрийнхөө нэрээр ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан. ...ломбарднаас гараад тухайн хүүхэдтэй цуг таксинд суугаад “Хангай” хотхоны 503 байрны гадна очоод таксины мөнгө болох 3000 төгрөгийг би өгөөд буугаад 503 байрны 7 давхарт гараад тамхи татангаа юм яриад тухайн хүүхдийг хаана байдаг, хэнтэй байдаг, хотод юу хийдэг гэж асуухад хөдөө байдаг хотод эгчийндээ хүүхэд харж байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхэд утас авч өгөх юм чинь мөнгө авчих гээд 85000 төгрөгийг тухайн хүүхдээс аваад тэр хүүхдэд ах нь доошоо буучихаад ирье гэж хэлээд доошоо буугаад таксинд суугаад явсан. Тухайн хүүхэд ломбарданд байгаа “ай поне 6” маркийн гар утсыг авч өгнө гэж хэлээд гар утсыг тавьсан, надад бичиг баримт авчирж өгөх хүн ирээгүй тэгээд гар утсыг авч чадаагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,
"Дамно ХХК" хөрөнгийн үнэлгээний тайланд “lphone-5 S” маркийн гар утсыг 232000 төгрөгөөр үнэлэв гэжээ /хх-ийн 53-р хуудас/,
"Хас Буурал групп" ХХК барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 54-р хуудас/
зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан буюу залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч У.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч У.Ат танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч У.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч У.Ааас 158000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Энхсайханд 58.000 төгрөгиийг, иргэний нэхэмжлэгч О.Баттөмөрт 100000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт У.Аыг бусдыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч У.Ат оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч У.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Ааас 158000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Энхсайханд 58.000 төгрөгиийг, иргэний нэхэмжлэгч О.Баттөмөрт 100000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ