| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 144/2017/0070/Э |
| Дугаар | 97 |
| Огноо | 2022-05-18 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 97
Г.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Г.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 126 дугаар цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар магадлалтай, Г.Б-т холбогдох 201416010167 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль-эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдрах, Г.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дугаар зүйлийн 2701.2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр орлого олж хууль бусаар хөрөнгөжих” гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 126 дугаар цагаатгах тогтоолоор: Нийслэлийн прокурорын газраас Г.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201416010167 тоот хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Б-г цагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар орон сууц, Мерседес бенз маркийн авто машин, Г.З-ийн нэр дээр бүртгэлтэй орон сууцыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөгчийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө захиран зарцуулахыг хязгаарлах тогтоол, 2015 оны 01 сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 126 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд прокурор Ш.Баасанжав бичсэн эсэргүүцэлдээ “... Магадлалтай танилцаад, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Монгол Улсын Их Хурлын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуульд "Хууль бусаар хөрөнгөжих” үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцож хуульчилсан бөгөөд энэ хуулийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан тул тухайн цаг хугацаанаас хойш 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нийтийн албан тушаалтан болох Г.Бийн хамаарал бүхий хүмүүс болох төрсөн эцэг Н.Гансүх, төрсөн ах Г.Зоригтбаяр, төрсөн дүү Г.Золбоо, хамтран амьдрагч Б.Сарангоо, салсан эхнэр Г.Нандинцэцэг нарын нэр дээрх валютын дансанд Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөрмонголын өөртөө засах орны иргэдээс зөвхөн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Хаан банкны салбараас 182 удаагийн гүйлгээгээр 3,584,264.67 юань буюу 854,141,219.58 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Мөн тухай мөнгөн хөрөнгө орж ирэх цаг хугацаанд Г.Б нь 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаартай улсын байцаагчийн эрх олгох тухай, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын даргын тушаалаар Дорнод аймгийн албан хяналтын байцаагчаар, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны тушаалтаар үүрэгт ажлаас нь чөлөөлж 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс Өмнөговь аймаг дахь албаны ахлах мэргэжилтнээр дэвшүүлсэн томилсон, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр аймгийн Захиргааны хэлтсийн даргаар томилсон байдаг ба эдгээр албан тушаалууд нь тасралтгүй үргэлжилсэн Нийтийн болон нийтийн албан ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу нийтийн албан тушаалтан байсан болох нь тогтоогддог, мөн хууль бус эд хөрөнгө бий болсон цаг хугацаа, нийтийн албан тушаалтны албан тушаал эрхэлж байсан цаг хугацаатай давхцалтай буюу 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Г.Б нь нийтийн албан тушаалтнаар тасралтгүй ажиллаж байсан болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл дээрх цаг хугацаанд газар орон зайг үл харгалзан нийтийн албан тушаалтны хамаарал бүхий хүмүүсийн дансаар их хэмжээний мөнгө орлого орсон ба өөрийн хөрөнгө орлогыг эх үүсвэрийг нуух зорилгоор бусдын буюу өөрийн хамаарал бүхий хүмүүсийн дансанд бусдаас шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгааг шүүх буруу тайлбарлаж тогтоолдоо зөвхөн мөнгө шилжүүлсэн газарт ажиллаж байхыг ойлгон дүгнэсэн нь шүүх Эрүүгийн хуулийн зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
2. Г.Б болон түүний хамаарал бүхий хүмүүс болох төрсөн эцэг Н.Гансүх, төрсөн ах Г.Зоригтбаяр, төрсөн дүү Г.Золбоо, хамтран амьдрагч Б.Сарангоо, салсан эхнэр Г.Нандинцэцэг нар нь өөрсдийн нэр дээрх валютын дансанд орж ирсэн мөнгөн хөрөнгийг тайлбарлахдаа:
Харин хавтаст хэрэгт гэрч О.Нандинцэцэгийн “... Б данс нээгээрэй гэсний дагуу би данс нээсэн. Тэгээд над руу утасдаад дансанд чинь тэдэн юань хийсэн шүү гэдэг. Түүнийг нь би авч хэрэглээндээ хэрэглэж байсан ..., Миний санаж байгаагаар их хэмжээний буюу 50.000 юань шилжүүлээд намайг аваад байж байгаарай гээд дараа нь Улаанбаатарт ирэхээрээ надаас авдаг байсан ...” гэж,
Мөн Г.Зоригтбаяр нь дээрх хэрэгт иргэн Ц.Сэлэнгийг 100.000 ам.доллар өөрт нь зээлүүлсэн гэж худал мэдүүлэг өгүүлсэн нь нотлогдсон байгаа нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, тус нотлох баримтуудыг үнэлээгүй, цагаатгах тогтоол болон магадлалд дүгнээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэхээр байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах орны иргэд болох Чимгээ, XURENOIMUGE буюу Д.Шүрэнчимэг, Б.Батцагаан, Э.Эрдэнэгэрэл, Ш.Зоригту нарын гадаад улсын иргэдийн өгсөн гэрчийн мэдүүлэг нь процессын хуулийн хэм хэмжээг чанд баримтлан аваагүй буюу мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч, орчуулагч оролцуулж аваагүй байдаг боловч тэдгээрийн “Г.Б нь гаргасан зөрчилд торгууль тавьж, дансны дугаар өгч, энэ данс руу тэдэн юанийг торгуульд хийж, баримтыг авч ир гэж хэлээд өгсөн дансандаа мөнгө хийлгүүлдэг байсан” гэсэн мэдүүлгийг үгүйсгэсэн нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдоогүй, дээрх орлогын гүйлгээнүүд нь Г.Бт хамааралгүй, түүний ах Г.Зоригтбаярын хууль ёсны орлого болох нь батлагдаагүй зэрэг нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, хэргийн бодит байдалтай нийцээгүй илт үндэслэлгүй дүгнэлтийг хийж, Г.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Анхан шатны шүүхээс “шүүгдэгч Г.Б нь өөрийнхөө гэм буруугүйг заавал нотлох үүрэггүй юм” гэсэн дүгнэлт нь Эрүүгийн зүйл, хэсэг заалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.
Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 249 дугаартай тогтоолд “... Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн санаа сэдэлт /men’s геа/-ийн албан тушаалтан их хэмжээний эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлсэн, биечлэн зарлага гаргасан, төлбөр хийсэн байх эсхүл өөрийн эд хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэнийг баттай мэдсэн, мэдэх ёстой байсан байх бусад нөхцөл байдлуудаар тогтоож болох юм.
Энэ гэмт хэргийн тухайд бий болсон эд хөрөнгө хууль ёсны болохыг тайлбарлахаас бусад дээр өгүүлсэн дөрвөн нөхцөл байдлыг прокурор тогтоож шүүхэд нотолно. Нөгөө талаас, эд хөрөнгө хууль ёсны болохыг тайлбарлахыг албан тушаалтанд үүрэг болгож хэргийн зарим нөхцөл байдлыг яллагдагч, шүүгдэгчээр нотлуулдаг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэсэн зарчмаас өөр хандлагыг нотлох ажиллагаанд баримтлахаар тогтоодог.
Олон улсын эрүүгийн эрх зүйд нийтээр хүлээн зөвшөөрч Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглох”, “прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээх” зэрэг зарчмуудтай нийцэхгүй мэт харагдавч албан тушаалтны гаргасан тайлбарыг няцаах, түүнийг үндэслэлгүй болохыг нотлох үүргийг прокурорт хүлээлгэх байдлаар нотолгооны тэнцвэрийг бий болгосноор дээрх зарчмууд хангагдаж байна гэж үздэг” гэж тодорхойлсон байхад шүүх хуулийг буруу ойлгож хэрэгжүүлсэн нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй гэж дүгнэх үндэслэлийг бий болгож байна.
Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 249 дугаартай тогтоолд хийсэн дүгнэлтүүдийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгжүүлээгүй байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн өдрийн 2021/ШЦТ/126 дугаартай цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ДШМ/12 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүх шүүгдэгч Г.Бт холбогдох хэргийн тухайд үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгийн талаар мэдээлэл өгсөн гэрч нараас авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох шинжээчийн дүгнэлтүүд, банкны хуулга, бусад гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг няцаасан дүгнэлт хийж чадаагүй байна. Мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төгссөн гэж яллах дүгнэлт үйлдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт өөрчлөлт орсноор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил болж өөрчлөгдсөн. Прокурор 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Г.Бт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан буюу хуулийн өөрчлөлттэй холбогдуулан процессыг зөвтгөсөн. Яллах дүгнэлт үйлдэх үед хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өөрчлөлтөөр 3 жил болгон тогтоосон. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 126 дугаар цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар магадлал нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэмт гэм буруутай эсэх, үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгийг улсын орлого болгох, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа зэрэг асуудлуудыг дахин хянан хэлэлцэх нь зүйтэй. Шүүгдэгчийн үйлдэл нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу албан тушаалын бүрэн эрхийн хугацаанд хууль ёсны орлогын эх үүсвэрээс хэт давсан хөрөнгө бий болсон, санаатай үйлдэгдсэн, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй зэрэг шинжүүдийг бүрэн хангасан байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ш.Баасанжавын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр бичсэн 38 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Бт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж дүгнэлээ.
2. Анхан шатны шүүхийн “шүүгдэгч Г.Бт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэр” болон тус шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн бодит үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.
3. Шүүгдэгч Г.Бийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 94 дүгээр цагаатгах тогтоол, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар магадлалаар цагаатгаж, хяналтын шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 249 дүгээр тогтоолоор хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхийн дээрх тогтоол гарснаас хойш анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Бт холбогдох хэргийг тус бүр 4 удаа шийдвэрлэсэн хэдий ч хяналтын шатны шүүхийн тогтоолд “Албан тушаалтанд бий болсон их хэмжээний хөрөнгийн эх сурвалж буюу ямар аргаар, хэнээс шилжин ирсэн нь тодорхойгүй, эх үүсвэр тогтоогдохгүй байгаа үед хууль бус орлого олсных нь төлөө албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжийг үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн томьёолол олгодог бөгөөд дээрх нөхцөл байдлууд нотлогдвол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох шинжээр хэргийг зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ” хэмээн заасан дүгнэлтийг анхаарч үзээгүй орхигдуулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар дугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлд “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж заасны дагуу хяналтын шатны шүүхийн тогтоолыг хоёр шатны шүүх биелүүлээгүй, үүний улмаас хэргийн шийдвэрлэлтийг удаашруулж байгааг үүгээр анхааруулж тэмдэглэх нь зүйтэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь тогтоогдсон байх тул зөвхөн “... хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” нь зүйтэй гэх прокурорын санал үндэслэлгүй болно.
Учир нь шүүгдэгч Г.Бт холбогдох гэмт хэргийн шинж буюу гэм бурууг хянан хэлэлцсэний дараа хөөн хэлэлцэх хугацааны асуудал шийдвэрлэгдэх тул уг асуудлаар урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй юм.
Мөн Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар”-т заасан “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэх болон хамаарах бусад үндэслэлийг анхаарах нь зүйтэй.
5. Иймд хяналтын шатны шүүхээс прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, үүнтэй холбогдуулан шүүгдэгч Г.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 126 дугаар цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.Бт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурор Ш.Баасанжавын бичсэн эсэргүүцлийг хангасугай.
2. Шүүгдэгч Г.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ