Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2023/0058

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй,

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын

сайдад тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн

Шүүгчид:                        Г.Банзрагч

                                           П.Соёл-Эрдэнэ

                                           Ц.Цогт

Илтгэгч шүүгч:              Д.Батбаатар

Нарийн бичгийн дарга: Х.Амарбаясгалан

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221/ШШ2023/0013 дугаар шийдвэртэй хэргийг,

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор, хариуцагч Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, О.Г нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн батлах тухай” 2021 оны А/758, А/197 дугаар тушаалын өөрт хамаарах хэсэг буюу 1 дүгээр хавсралтын 3 дугаар бүлэг, дотрын өвчний хэсэг дэх 3.2-ын “а” заалтыг хүчингүй болгуулах

2.Хэргийн нөхцөл байдал: Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/758, А/197 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”-г, хоёрдугаар хавсралтаар “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”-г шинэчлэн баталж, энэ тушаалыг мөрдөж ажиллахыг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв, салбар, орон нутгийн комисс, эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комисст тус тус үүрэг болгожээ.

3.Нэхэмжлэгчээс “... сайд нарын хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын холбогдох заалтын улмаас даатгуулагч миний сар бүрийн тэтгэврийн хэмжээг бууруулж, эрх зүйн байдлыг дордуулсан” гэж, хариуцагч нараас “... маргаж буй тушаалын холбогдох заалт хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан зохицуулалт агуулаагүй, ... нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагаваргүй болсон” гэж тус тус маргажээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: “... нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн бодитоор сэргэх нь тодорхойгүй, чухам ямар хүчин төгөлдөр журам, тушаал, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг баримталж дутуу олгогдсон гэх мөнгөө нэхэмжлэх боломжтой болох нь ойлгомжгүй, ... нэхэмжлэгч өөрийн сонгох эрхийн хүрээнд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцлуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ...” гэх үндэслэлээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгч Д.А давж заалдах гомдолдоо:

5.1.Маргаан бүхий тушаалын холбогдох заалтын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг бууруулснаар тэтгэврийн хэмжээ буурч миний эрх зүйн байдлыг дордуулсан.

5.2.Өмнөх онош хэвээр болох нь тогтоогдсон, 9 хувиар эдгэрсэн эсэх нь тодорхойгүй.

5.3.Даатгуулагч надад учирсан эрсдэлд тохирох нөхцөлд хамаатуулан тодорхой үүргээ биелүүлэх ёстой байтал хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдын тоо өссөн учраас сангаа хэмнэх шийдвэр гаргаж байгаа нь хууль бус.

5.4.Шүүх “тушаалын холбогдох заалт нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагаваргүй болсон” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан гэж үзэхээр байна.

5.5.Гэрчийн мэдүүлгээс үзэхэд миний зөрчигдөөд байгаа эрхтэй холбоотой буюу дотрын өвчинд хамааруулж олон улсын өвчний ангиллыг хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

5.6.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221/ШШ2023/0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээв.

7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6, 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд шүүх захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангах боломжтой.

8.Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлсөн шимтгэл, хуульд заасан бусад эх үүсвэрээс бүрддэг хязгаарлагдмал нөөцтэй мөнгөн хөрөнгө болох нийгмийн даатгалын сангаас зарцуулахтай холбоотой шийдвэр буюу Ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох эрх хэмжээг холбогдох хүрээний ажлыг эрхэлдэг Засгийн газрын гишүүнд буюу хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээний асуудлыг эрхэлдэг Эрүүл мэндийн сайд, нийгмийн даатгалын бодлогын асуудлыг эрхэлдэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарт олгожээ.

9.Хуулийн дээрх заалтыг үндэслэн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хамтран 2021 оны А/758, А/197 дугаар тушаалаар даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлахдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/89 дүгээр тушаалаар Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлүүд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулсан, тухайн ажлын хэсгээс төсөлд санал авахаар сургалт, хэлэлцүүлэг, хуралдааныг зохион байгуулах, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны цахим хуудаст байршуулах зэргээр Захиргааны ерөнхий хуулийн Зургадугаар бүлэгт заасан төслийг бэлтгэх, санал авах, баталж, хүргүүлэх зэрэг захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаж ажилласан талаар шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

10.Энэ тохиолдолд захиргааны байгууллагаас өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэм хэмжээний актыг баталж, 3.2-ын “а” заалтаар Артерийн гипертензи өвчний Бөөрний архаг дутагдлын II үе шат тархины цусан хангамжийн архаг дутагдлын үед хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар, 1 жилийн хугацаатай байхаар тогтоосныг хууль бус, ялангуяа хүчингүй болсонд тооцогдсон Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/39, А/12 дугаар хамтарсан тушаалын дагуу Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр 12 сарын хугацаатай хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоолгож, тухайн хугацаанд тэтгэврээ бүрэн авсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж дүгнэх боломжгүй.

11.Маргаж буй тушаалын 4 буюу “Өвчний жагсаалтаас хасагдсан эсхүл өөрчлөгдсөн өвчний заалтаар урьд нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэртэй даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг урьд байснаар үргэлжлүүлэн мөрдсүгэй” гэх заалт нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үйлчлэл нь дуусгавар болсон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үргэлжлүүлэн тэтгэвэр авагч Д.А-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоох үндэслэл болохгүй талаарх давж заалдах шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

12.Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Даатгуулагчид нийгмийн даатгалын нэг төрлийн сангаас тэтгэвэр буюу тэтгэмжийг давхардуулж олгохгүй. Хэрэв давхардахаар байвал даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг зөвхөн нэг удаа сонгон авах эрхтэй” гэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ гаргахаас өмнө буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр сонголтоо хийж өндөр насны тэтгэврээ тогтоолгосноор бусад төрлийн тэтгэвэр авах боломжгүй болсныг дурдах нь зүйтэй.

13.Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэгч Д.А-ийн “Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2021 оны А/758, А/197 дугаар тушаалаар баталсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” журмын 1 дүгээр хавсралтын 3 дугаар бүлэг, дотрын өвчний хэсэг дэх 3.2-ын “а” заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221/ШШ2023/0013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                  Х.БАТСҮРЭН

                                      ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                  Ц.ЦОГТ

                                                                                                                  Д.БАТБААТАР