Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 391

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Н.Ням-Очир, Н.Цогоо, Т.Сайханжаргал, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг нарыг оролцуулан Н.Ням-Очир, Н.Цогоо, Т.Сайханжаргал нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ням-Очир, Н.Цогоо, Т.Сайханжаргал болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг нар шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Н.Ням-Очир, Н.Цогоо, Т.Сайханжаргал нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн оролцогчид дараах нөхцөлөөр эвлэрэн тохирлоо. 

1. Нэхэмжлэгч нарын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч нөхөн төлөх, ингэхдээ 3 сарын тэтгэмжийг суутгах. 

2. Нэхэмжлэгч Н.Цогоогийн цалинг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, нэхэмжлэгч Н.Ням-Очирын цалинг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, нэхэмжлэгч Т.Сайханжаргалын цалинг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцов. 

3. Нэхэмжлэгч нар ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ням-Очир, Н.Цогоо, Т.Сайханжаргал болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг нар нь тус шүүхэд хянагдаж байгаа “Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/49, Б/53, Б/62 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагатай захиргааны хэргийн талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Уг эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч нарын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч нь нөхөн төлөх /ингэхдээ 3 сарын тэтгэмжийг суутгах/, нэхэмжлэгч Н.Цогоогийн цалинг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, Н.Ням-Очирын цалинг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, Т.Сайханжаргалын цалинг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцож нэхэмжлэгч нар ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно” гэжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдааны явцад харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул нэхэмжлэгч Н.Ням-Очир, Н.Цогоо, Т.Сайханжаргал болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаас С.Батбилэгт олгосон итгэмжлэлд эвлэрэх эрхийг тусгайлан олгосон байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийн оролцогчдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар ...уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т ...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Н.Ням-Очир, Н.Цогоо, Т.Сайханжаргал нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Н.Ням-Очир, Н.Цогоо, Т.Сайханжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг нар ... нэхэмжлэгч нарын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч нь нөхөн төлөх /ингэхдээ 3 сарын тэтгэмжийг суутгах/, нэхэмжлэгч Н.Цогоогийн цалинг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, Н.Ням-Очирын цалинг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, Т.Сайханжаргалын цалинг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус төлөхөөр, нэхэмжлэгч нар ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзана гэж харилцан тохиролцож байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                            Д.ОЮУМАА