Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01576

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 09 210/МА2024/01576

 

 

М.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/02367 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Л-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.А-д холбогдох,

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 975,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагч О.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

О.А- нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 850,000 төгрөгийн үнэтэй Novita брэндийн бидэ суултуурыг урьдчилгаа 200,000 төгрөг төлж, үлдэгдэл 650,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 650,000 төгрөг, алданги 325,000 төгрөг нийт 975,000 төгрөгийг О.А-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Д.Ц гэдэг хүнтэй Novita брэндийн бидэ суултуурын гэрээг төлбөрийг хуваан төлөх нөхцөлтэй гэрээ байгуулж, худалдаж авсан. Гэрээ байгуулахдаа 200,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. Гэвч уг бидэ суултуур маань ажиллагааны горимын доголдолтойг 9 сард тус газарт мэдэгдэн, 10 сард засварчин ирж оношлоод, сольж өгөх эсхүл засварлаж өгөх тухай хэлсэн. Үүнээс хойш бидэ суултуурын газраас дахин холбогдолгүй 5 сар болсны дараа та төлбөрөө төлөөгүй байна гэж холбогдсон учир байдлыг хэлэхэд цааш нь мэдэгдээд дахин холбогдож хэлье гээд холбоогүй болсон. Энэ хугацаанд 4 удаа ярихад миний асуудлыг мэдэхгүй, хүмүүсээ байнга солих эсхүл засварын талаар мэдэгдсээр байсан. 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр яг энэ асуудлыг шийдэж чадах хүний дугаарыг өгөхийг хүсэж, М.Л-тай холбогдсон. 7 хоногийн дараа таны асуудлыг шийдэх хүнийг явуулна гэж хэлсэн ч хүн ирж уулзаагүй. Миний энэ байдал нь санаатай төлбөрөө төлдөггүй, төлөх боломжгүйгээс төлбөрийг удаасан явдал биш гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.А-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 975,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.А-гаас Novita-SH610 загварын бидэ суултуурыг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч М.Л-гаас 200,000 төгрөгийг гаргуулж хариуцагч О.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 27,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Эрүүл мэндийн ухаалаг суултуур болох бидэ суултуурыг О.А- зээлийн нөхцөлөөр авсан бөгөөд эхний сар төлөх төлбөрийг төлөхгүй удаасанд О.А-тай холбогдоход манай бидэ халахгүй байна гэсэн гомдол гаргасан.

Гомдлын дагуу засварчин ажил, амьдралын байдлаас болж хугацаа хойшлогдоно очиж үзэхэд бидэний суудал нь сайн халж байсан, харин хариуцагч бидэний суудлыг өдөржин халуун байлгахыг хүсэж, өөрийн хэрэглэдэг өөр төрлийн буюу Аррlе бидэтэй жишиж гомдол гаргасан байсан. Хариуцагчийн сонгосон Novita брэндийн бидэ нь тог хэмнэх эко горимтой бөгөөд хүн хэрэглээгүй 3-4 цаг болоход автоматаар суудлын халах үйлдэл нь унтардаг горимтой байдаг. Тиймээс үйлдвэрээс гаргасан үйлдэл горимыг засварчин засах боломжгүй гэдгийг тухайн үед нь сайн тайлбарлаж өгсөн боловч хариуцагч О.А- бидэ засаж өгөөгүй гэсэн шалтгаанаар 20 сар болоход /энэ хугацаанд манайх өөр асуудал байгааг шалгахаар 2-3 удаа гэрт нь очиход хүнгүй байсан, бас өөрөө очуулахыг хүсээгүй/ төлбөрөө төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тус шүүхийн шүүгч нэхэмжлэгчийн бүтээгдэхүүний үйлдэл зааврыг буруу ойлгож, бүтээгдэхүүн, хувь хүний худалдаанд илүү анхаарч нэхэмжлэгчийн шаардлагыг хөндөхгүй хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хариуцагч О.А- тухайн суултуур бидэг өөрийн хүсэл сонирхлоор сонгон зээлийн нөхцөлөөр худалдан авсан, гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн авсан бидэгээ 20 сар хэрэглэсэн, өөрийн авсан бидэг эвдэрсэн гэсэн өөрийн таамаглалаар Novita бидэний үйлдвэрийн үйлдэл горимыг засуулах гэж шаардан зээлээ төлөхөөс зайлсхийж байсан. Мөн нойлын ухаалаг суултуур бидэ нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн тул буцаах боломжгүй байдаг гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талаас бидэг засаад өгье, та үндсэн төлбөрөө төлчих гэх санал тавьсан. Хариуцагч талаас зөвшөөрлөө гэхэд цаашид хамран ажиллахад хүндрэлтэй тул саналыг хүлээн авахаас татгалзсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч М.Л- нь хариуцагч О.А-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 650,000 төгрөг, алдангид 325,000 төгрөг нийт 975,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч үндсэн төлбөрийг төлнө, уг суултуур нь эвдрэлтэй байсан гэж маргажээ.

 

2. Зохигчид 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр О.А- нь Солонгос Улсын Novita-SH610 загварын бидэ суултуурыг 850,000 төгрөгөөр М.Л-гаас худалдан авах, урьдчилгаанд 200,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 650,000 төгрөгийг 5 удаа хуваан төлөхөөр талууд тохиролцжээ./хх4/

 

3. Хэргийн баримтаар хариуцагч бидэ суултуурыг худалдан авахдаа нэхэмжлэгчид урьдчилгаанд 200,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна. Харин зохигчдын хооронд худалдсан бидэ суултуур доголдолтой байсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ хүчин төгөлдөр бөгөөд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгаа алдаа гаргасныг дараах байдлаар зөвтгөн шийдвэрлэнэ.

 

5. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ тухайн худалдаж авсан бидэ суултуур нь ажиллагааны горимын доголдолтой байсныг засварлуулах гэсэн боловч засварлаагүй гэж тайлбарласан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

5.1. Түүнчлэн, тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь бидэ суултуурын үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна./хх21/

 

5.2. Хариуцагч нь маргааны зүйл болох бидэ суултуурыг эд хөрөнгийн доголдолтой байсан болохыг баримтаар нотлоогүй нөхцөлд бидэ суултуурын ажиллагааны горимын талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл бүхий байна гэж дүгнэв. Учир нь, шүүх хуралдаанд оролцсон гэрч Ш.Тамираас дуудлагын дагуу очиж үзэхэд танайхаас авсан бидэ суусны дараа халаад байна. Манай нөгөө суултуур байнга халуун байдаг гэж хэлсэн. Би уг бидэ нь 3 цаг хүн суухгүй бол өөрийгөө амраадаг системтэй учраас ингэдэг юмаа гэж хэлсэн. Тэгэхэд уг бидэг буцаамаар байна гэж хэлэхэд нь бидэг устай холбоод хэрэглэчихсэн байгаа учраас буцаах боломжгүй гэж хэлсэн. Би уг бидэг шалгахад хүйтэн байснаа суусны дараа халж байсан, угаасаа ийм тохиргоотой гэж мэдүүлжээ.

 

5.3. Талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудыг харьцуулан дүгнэвэл маргааны зүйл болох худалдсан бидэ суултуурыг эд хөрөнгийн доголдолтой байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар доголдолгүй эд хөрөнгө гэж үзнэ./хх 21/

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч буюу худалдагч нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан барааны талаарх мэдээлэл авах хэрэглэгчийн эрхийг зөрчсөн тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон байна. Зохигчид худалдсан эд хөрөнгө доголдолтой байсан эсэх талаар маргасныг шүүх талуудын байгуулсан гэрээний нөхцөл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцлөөс дордуулсан барааны талаар мэдээлэл авах эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн нь буруу байхаас гадна хэргийн баримтаар нэхэмжлэгч буюу худалдагч нь хувиараа аж ахуй эрхлэгч иргэн гэж үзэх талаар баримт хэрэгт авагдаагүй байхад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхлээгүй гэж дүгнэсэн нь буруу байгааг зөвтгөж нэхэмжлэгчид хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгт 650,000 төгрөг гаргуулна.

 

7. Мөн талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 1.5-д Худалдан авагч тал хэсэгчлэн төлөх төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн нэг өдрийн 0.5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан талуудын гаргасан тайлбар, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, суултуурын төлбөрийн үлдэгдэл 650,000 төгрөг, алдангид 32,500 төгрөг, нийт 682,500 төгрөгийг хариуцагч О.А-гаас гаргуулж, нэхэмжлэгч М.Л-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 292,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчилж, 2 дахь заалтыг хасаж дугаарлан, 3 болон 4 дэх заалтыг 2, 3 гэж дугаарласан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/02367 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.А-гаас 682,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Л-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 292,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасаж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан ...үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч О.А-гаас 20,930 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Л-д олгосугай. гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ