| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0411/Э |
| Дугаар | 410 |
| Огноо | 2019-04-26 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 410
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Г.Ганбагана,
Шүүгдэгч Ж.Т түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Ж.Т-дхолбогдох эрүүгийн 1909011030447 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, ам бүл 10, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй, Г овогт Ж.Т /Регистрийн дугаар/.
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Яллагдагч Ж.Т 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө өөрийн төрсөн ах Ж.Дамжинтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Ж.Тод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө өөрийн төрсөн ах Ж.Дамжинтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Ж.Тын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Дамжингийн "...Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн дүү Ж.Тын гэрт эхнэр Нарантуяагийн хамт очсон юм. Тын гэрт манай ах дүү нар цуглаад бурхан тахисан бас золголт хийх зорилготой очсон юм. Эхлээд ах дүү болон тэнд байсан хүмүүсийн хамт бүгд архи ууцгаасан. Сүүлд нь би манай эхнэр Нарантуяа, Т, Тын эхнэр Хандаа нар үлдсэн юм. Би Тын хамт архи уусан. Би Ттой юунаас болоод маргалдсанаа санахгүй байна. Уг нь эхнэр нь жаахан ааш муутай байдаг, түүнийг нь ойлгуулах санаатай юм ярьж байсан. Би гэртээ хариад хүнд зодуулснаа мэдсэн. Энэ асуудал нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнө болсон. Би дүү Ттой хоорондоо зодолдсон, зодолдоод салахгүй байсан. Тэгээд эхнэр цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-17-р хуудас/
Гэрч Б.Нарантуяагийн "...2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 02 цагаас 06 цаг 30 минутын хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайд байдаг манай нөхөр Ж.Дамжингийн төрсөн дүү Тын гэрт Т цохиж зодсон. Манай нөхөр Тод зодуулснаасаа болж 2 нүд цус хуралттай дотор гадна талдаа хавдсан, гавлын яс чамархайн яс хугаралттай хамар дух шалбарсан хавдсан байгаа. Т нь манай нөхрийн нүүр толгой хэсэгт гар хөлөөрөө маш олон удаа цохисон бас шал мөргүүлсэн бас чихнээс нь маш их цус гарсан. Одоо босч явж чадахгүй байгаа. Манай нөхөр Тын нүүр хэсэгт нүд рүү нь нэг удаа гараараа цохисон гэхдээ эхлээд цохиогүй...." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2334 дугаар шинжээчийн дүгнэлтэнд "...Ж.Дамжингийн биед баруун чамархай ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн хөмсөг, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, баруун, зүүн нүдний алимд, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн зэргийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн Ж.Тын "...Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн юм. Надад нэмж ярих зүйл байхгүй. Би буруу зүйл хийж төрсөн ахдаа гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тухайн үед юу болсныг бүдэг бадаг санаж байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ж.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ж.Тод танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Ж.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Хохирогч Ж.Дамжин тус дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Ж.Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Тыг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Т-од оногдуулсан 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Т шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ