Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/01592

 

 

 

 

 

 

 

 

2024 08 12 210/МА2024/01592

 

 

А ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/02315 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н ХХК-д холбогдох,

Н ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болох П.Э-х, О.Б-, Ж.А-ий нарын болон Н ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Б-гийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

А ХК /хуучнаар И ХХК/ 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Н ХХК-ийн 36,000 ширхэг хувьцааг нэг бүрийг 29,131.74 төгрөг нийт 1,048,742,640 төгрөгөөр тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан П.Э-хоос худалдан авч 20 хувийн хувьцаа эзэмшигч болж 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр компанийн дүрмийг баталж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор П.Э-х, О.Б-, Ж.А-ий нар ТУЗ-ын гишүүнээр сонгогдож, О.Б-г гүйцэтгэх захирлаар томилсон.

Н ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр О.Б-г Н ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасны дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцуулсан боловч Н ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон П.Э-х болон гүйцэтгэх захирлаар ажиллаж буй О.Б- нар нь Н ХХК-ийн өмч, хөрөнгийг хууль бусаар хувьдаа захиран зарцуулсан, компанийг санхүүгийн хүнд нөхцөл байдалд оруулсан, компанийн үйл ажиллагааг удирдаж ажиллахдаа санхүүгийн тооцоо, төлөвлөгөөгүй буруу шийдвэр гаргаж, компани алдагдалд орж их хэмжээний өр төлбөртэй болсон.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөл нь Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулах үүрэгтэй байтал төлөөлөн удирдах зөвлөл бүрдсэнээс хойш Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ дуусгавар болсон байхад П.Э-х, О.Б-, Ж.А-ий нар нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг хууль бусаар гүйцэтгэж Н ХХК-ийг санхүүгийн хувьд алдагдалтай ажиллуулж, их хэмжээний өр төлбөрт оруулсан үйлдэл нь нэхэмжлэгч, Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч А ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэж байна. Бүрэн эрх нь дуусгавар болсон ТУЗ-ийн гишүүдийн гаргаж байгаа шийдвэрүүд хууль бус, хийж байгаа гэрээ хэлэлцээрүүд Компанийн тухай хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байдаг бөгөөд одоогийн байдлаар их хэмжээний үнийн дүн бүхий хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл байгуулж, хууль бус шийдвэрүүд гаргаж компанид их хэмжээний хохирол учруулаад байгаа, цаашид ч хохирлын хэмжээ улам бүр нэмэгдэхээр байна.

Иймд Н ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болох П.Э-х, О.Б-, Ж.А-ий нарын болон Н ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Б-гийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Компанийн гүйцэтгэх захирлаар О.Б- нь томилогдоод удаагүй байхад Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 коронавирусын цар тахал гарч, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2 жил орчим хугацаанд хөл хорио тогтоосны улмаас улс орон даяар аж ахуйн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй нөхцөл байдалтай байсан.

Манай өмчлөлийн байранд П ХХК нь бидний зөвшөөрөлгүйгээр орж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд А ХК энэ байранд үйл ажиллагаа явуулахыг бидэнд зөвшөөрсөн гэх хариуг бидэнд өгсөн. Өөрөөр хэлбэл, А ХК нь Н ХХК-ийн 20 хувийн хувьцааг эзэмшигч атал Н ХХК-ийн өмнөөс шийдвэр гаргаж, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хөндлөнгөөс дур мэдэн оролцож, компанийн үйл ажиллагааг доголдуулж, энэхүү хууль бус үйлдлээ зогсоох талаар зүй ёсны шаардлага тавьсан ТУЗ-ын дарга болон гүйцэтгэх захирлын хуулиар олгогдсон эрхийг шүүхээр хязгаарлалт тогтоолгуулахаар хууль бусаар хандаж байна.

Өөрөөр хэлбэл, компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлын эрх хэмжээ нь тухайлсан хуулиар болон Хувьцаа эзэмшигчдийн хурлаас олгосон бүрэн эрхийн хүрээнд гэрээ болон холбогдох бусад баримт бичгээр тодорхойлогдож, улсын бүртгэлд бүртгэгдсэнээр эхэлж, дараагийн этгээд бүртгэгдэх хүртэл хугацаанд эрхээ хэрэгжүүлдэг буюу үргэлжилдэг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.8, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Э-х, гишүүд О.Б-, Ж.А-ий нарын болон Н ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Б-гийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болсныг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н ХХК-аас тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Манай компанийн хувьцаа эзэмшигч А ХК нь 2021 оноос хойш хаана байгаа нь тодорхойгүй, хаягийн өөрчлөлтөө манай компанид мэдэгдэх хуулиар хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Энэ байдлаас шалтгаалан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол албажиж гарсан байдаг боловч А ХК-ийн буруутай үйлдлээс шалтгаалан хурлыг хуралдуулж чадаагүй.

Өөрөөр хэлбэл, компанийн дотоод харилцаанд хамаарах гүйцэтгэх захирал болон төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээтэй холбоотой асуудал нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах бөгөөд хуулиар шүүхэд харьяалуулаагүй асуудал тул шүүх энэхүү маргааныг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, Компанийн тухай хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчийн шүүхэд мэдүүлэх эрхэд энэ маргаан хамаарахгүй гэж үзэж байна.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаас үзэхэд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргах эрх зөвхөн төлөөлөн удирдах зөвлөлд хадгалагдах бөгөөд компани нь төлөөлөн удирдах зөвлөлтэй тул хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргах эрх нь гүйцэтгэх захирал О.Б-д хамааралгүй, компанийн гүйцэтгэх захирлын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ хүрээг тогтоох болон хариуцлагаас чөлөөлөх, эрх хэмжээг хязгаарлах эсэх асуудал нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал гэж үзэж байна.

Түүнчлэн, А ХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий асуудал нь Н ХХК-ийн 80 хувийн хувьцааг эзэмшигч, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Э-хын хууль ёсны эрх ашигт нөлөөлж, аль ч утгаараа эрх нь хөндөгдөж болзошгүй байна хэмээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид, П.Э-хыг гуравдагч этгээдээр оролцуулж өгөхийг хүсч хариуцагч Н ХХК-аас болон П.Э-х өөрөө удаа дараа бичгээр гаргасан хүсэлтийг шүүхээс хангахгүй татгалзаж шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд П.Э-хыг огт оролцуулаагүй атал түүний эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч А ХК-д шүүхээс илт давуу байдал бий болгосон, зөрчил гаргасан гэж үзэж гомдолтой байна.

Өнөөдрийн байдлаар, компанийн гүйцэтгэх захирал болон төлөөлөн удирдах зөвлөлийн хуулиар тухайлан олгосон эрхийг шүүхээс шууд хязгаарласан шийдвэрийг гаргасан нь компанийн зүгээс хуульд заасан хугацаанд тайлан тооцоо өгөх, тооцоо нийлэх, төрийн болон бусад байгууллага иргэнтэй харилцах гэх зэрэг манай компанийн өдөр тутмын үйл ажиллагааг шууд зогсоож, их хэмжээний хохирол учруулахуйц бодит нөхцөлийг бий болгоод байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Компанийн тухай хуулиар тухайн хүмүүсийн эрх хэмжээг зааж өгч, тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу санхүүгийн жил дуусахаас өмнө 4 сарын дотор хуралдуулна, хэрэв хуралдуулахгүй бол тус хуулийн 59.5 дахь хэсэгт дуусгавар болох талаар тодорхой заасан. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад эрх дуусгавар болно гэж Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасан ба хувьцаа эзэмшигчдийн эрхийг хаасан байдлаар шүүх шийдвэрлээгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар буруу байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 болон 9.4.10-т зааснаар хамаарах тул хариуцагч талын гаргаж буй гомдол үндэслэлгүй ба мөн хариуцагч тал нь төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээний асуудал гэж маргадаг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч компанийн дүрэмд зааснаар төрийн удирдах зөвлөл болон төлөөлөн удирдах зөвлөл нь 3 жилийн хугацаатай байхад гэрээний хугацаа дууссан, Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн жилд хуралдуулах ёстой байхад тухайн сарын хугацаа дууссан, төлөөлөн удирдах зөвлөлийн хугацаа дууссан байхад гүйцэтгэх удирдлагын хэмжээ мөн адил дуусна.

Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч А ХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан Н ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болох П.Э-х, О.Б-, Ж.А-ий нарын болон Н ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Б-гийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. А ХК /хуучнаарИ ХХК/ нь П.Э-хтой байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-гээр Н ХХК-ийн 36,000 ширхэг хувьцааг П.Э-хоос нэг бүрийг 29,131.74 төгрөг, нийт 1,048,742,640 төгрөг буюу 768,000 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, тус компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч болж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна./1хх226-229/

 

2.1. Түүнчлэн, Н ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01, 04-ний өдрүүдийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, компанийн гүйцэтгэх захирлаар О.Б-г томилж, төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдээр П.Э-х, О.Б-, Ж.А-ий нарыг сонгосон талаар талууд маргаагүй./1хх248, 2хх1-5/

 

3. Н ХХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулсан эсэх, хурлын зарыг А ХК-д зохих журмын дагуу хүргүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

3.1. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулна гэж заасан ба Н ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот тогтоолыг дарга П.Э-х гаргасан талаар баримт хэрэгт авагджээ./2хх122/

 

Уг хугацаанаас өмнө болон дараа хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй учир шалтгааныг А ХК-ийн оршин байгаа хаяг тодорхойгүй байсан гэж хариуцагч тал тайлбарлажээ.

 

3.2. Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хурлын зард компанийн оноосон нэр, байршил, хурал хийх өдөр, цаг, газар, хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбоотой баримт бичигтэй танилцах журам зэрэг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээллийг тусгасан байна гэж заасан.

 

3.3. Мөн Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.4 дэх хэсэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-аас хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргаж, уг шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчид хүргэх үүрэгтэй боловч хариуцагч талаас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргасан хурлын зарыг нэхэмжлэгч А ХК-д хэрхэн мэдэгдэж хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

4. Талууд нэхэмжлэгч компанийн оршин байрлах, үйл ажиллагаа явуулж байгаа байршил хаягийн талаар харилцан адилгүй тайлбар гаргасан. Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг уг хаягаар явуулсан байдал зэргээс үзвэл, тэрээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Өнгөт хэвлэл компанийн байранд оршин байгаа болох нь тогтоогдож байна. /1хх1, 5, 2хх250/

 

5. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно. гэж заасан байх тул Н ХХК-ийн зөвхөн төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр дээрх хуульд нийцсэн байна.

 

5.1. Харин, дээрх хуульд төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусгавар болох тухай заасан байх тул гишүүдийн нэрийг нэрлэн заах шаардлагагүй учир шийдвэрээс гишүүдийн нэрийг хассан өөрчлөлтийг оруулна.

 

5.2. Мөн гүйцэтгэх захирал О.Б-гийн бүрэн эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг буруу гэж үзлээ. Учир нь, дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагч компани нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байгаа нөхцөлд гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг дуусгавар болгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

5.3. Түүнчлэн, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга буюу гишүүн П.Э-хыг гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэсэн гомдлыг хангахгүй. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг тодорхой гишүүнд холбогдох шаардлага гэж үзэхгүй бөгөөд компанийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан шаардлага гэж үзэхээр байх тул түүний эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхгүй.

 

6. Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасанчлан дуусгавар болох тул шүүхийн шийдвэрээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.8 гэсэн заалтыг хассан өөрчлөлтийг мөн оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/02315 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болсныг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх Н ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Б-гийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 140,400 төгрөгийг гаргуулж, гэснийг 70,200 төгрөгийг гаргуулж, гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ