| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0416/Э |
| Дугаар | 429 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 429
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч Т.Л нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т.Лд холбогдох эрүүгийн 1809054400074 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн ам бүл 3, эхнэр хүүгийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй, Х овогт ТЛ, /регистрийн дугаар/.
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Т.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлхийн 27 дугаар гудамжны 663 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Б.Охинбаатарыг “урьд хамт амьдарч байсан нөхөртэйгээ эргэж сууна” гэж хэлсэний улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байх гэртээ хамтран амьдрагч Охинбаатартай нэг шил боргио пиво, нэг шил архи уусан. Манай хамтран амьдрагч дүү нартайгаа нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, архины хамааралтай, архи уухаараа их агсам зантай болчихдог. Тухайн хэрэг болох өдөр Охинбаатар надаас “чи яагаад эхнэрээсээ салсан юм бэ? архи уугаад зодоод салчихсан юм уу” “Чиний охин чинь заяа муутайдаа хүнд хүчиндүүлж үхсэн биз дээ” гэх зэргээр доромжлоод байхаар нь миний уур хүрээд цохьсон. Би уучлалт гуйгаад эвлэрсэн гэв.
Хохирогч Б.Охинбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...бид хоёр 2 ширхэг пиво уусан, харин хамтран амьдрагч Л 0.33 граммын “хараа” нэртэй архи ганцаараа уугаад сууж байсан. Л өмнө нь хуучин эхнэр Баясгалантай утсаар ярихдаа "миний ханиа" гээд ярьдаг болохоор нь өчигдөр хамт сууж байхдаа би "чиний энэ яргын гэрээс гарах юм бол би хүүхдүүдийнхээ аавтай сууна" гэж хэлтэл намайг алгадаад нүүрэн дээр дэвсэж, намайг маш их зодон гэмтэл учруулсан. "...2018 оны 07 дугаар сарын 07, 10 дугаар сарын 27, 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд мөн өчигдөр 11 дүгээр сарын 31-ний өдөр тус тус намайг зодож хэл амаар доромжилсон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,
Шүүгдэгч Т.Лгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн "...Би 2018 оны 11 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн үед гэртээ хамтран амьдрагч Б.Охинбаатарын хамтаар байсан бөгөөд хоёулаа ганц пиво ууя гэж хэлтэл тэгье гээд би дэлгүүр ороод нэг том боргио 1 шил, 0.5 граммын “хараа” нэртэй архи аваад гэртээ ирээд уусан бөгөөд ууж байхдаа инээлдэж сууж байгаад би нилээд согтсон байсан. Гэтэл Б.Охинбаатар би чамаас салаад хуучин нөхөртэйгөө сууна гэхээр нь би уурлаад цаашаа яаснаа санахгүй байна. Нэг мэдэхэд өглөө болсон. Сэрээд хартал манай хамтран амьдрагч Б.Охинбаатарын хоёр нүд нь хөхөрсөн байсан..." гэх мэдүүлэг /хавтас хэргийн 19-21 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14260 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Охинбаатарын биед тархи доргилт, цээж, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...." гэх дүгнэлт /хавтас хэргийн 36 дугаар тал/,
Шүүгдэгч Т.Лгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 44-48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Т.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлхийн 27 дугаар гудамжны 663 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Б.Охинбаатарыг нөхөртэйгөө эргэж сууна гэж хэлсний улмаас маргалдаж түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, цээж, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, дээд, доод уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Лгийн гэмт үйлдлийг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч Б.Охинбаатар шүүгдэгч Т.Лгээс энэ хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас 3 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овгийн Т.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Лг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Лд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.Л нь энэ хэргийн улмаас 3 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Л шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ