Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/01591

 

 

 

 

 

 

 

2024 08 12 210/МА2024/01591

 

М.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2024/03233 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.С-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Ж-д холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

М.С- нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Б.Ж-ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Дарцагт уул 28 гудамж, 00 тоот хаягт байрлах 699 м.кв талбай бүхий, 1801812772 нэгж талбарын дугаартай, эрхийн 32201032373 дугаарт бүртгэлтэй хашааны газрыг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэлийн 1854 тоот дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, тус хаягт байрлах 120 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2201067753 дугаартай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэлийн 2249 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Дарцагт уул 28 гудамж, 122 тоот хаягт байрлах 120 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2201067754 дугаартай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 4182 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулан 70,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайлбал, газрыг 5,000,000 төгрөгөөр, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 30,000,000 төгрөг болон 35,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан ба нийт 70,000,000 төгрөгөөр худалдан авсан. Дээрх газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авах 70,000,000 төгрөгийн 12,000,000 төгрөгт өөрт байсан хамаатныхаа өмчлөлд бүртгэлтэй байсан Hyundai Starex маркийн машиныг өгч, үлдэгдэл 58,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн болно. Түүнээс хойш худалдагч тал гэрээний үүргээ биелүүлэхгүй худалдсан газар, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөөгүй өдий хүрч байгаа тул тус хаягт байрлалтай гэр, орон сууцны хашааны газар, уг газар дээр байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201067754 дугаарт бүртгэгдсэн агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн газар дээр байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201067753 дугаарт бүртгэгдсэн агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг Б.Ж-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие М.С-гаас 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 35,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 23,000,000 төгрөг, Hyundai Starex маркийн машиныг 12,000,00 төгрөгөөр бодож тооцон нийт 70,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, барьцаанд нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн. Гэвч 2023 оны 11 дүгээр сараас ажил доголдож сарын хүүгээ төлөх чадваргүй болсон ба хүүгээ буулгахыг хүсэхэд хугацаа хэтэрсэн хоног тутам алданги тооцон, 125,000,000 төгрөгийг М.С- нь надаас нэхсэн. Миний бие газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдээ худалдах зорилгоор нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй харин зээлийн барьцаанд шилжүүлсэн тул албадан чөлөөлүүлэх нь үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Дарцагт уул-28 дугаар гудамжны 00 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-2201032373 дугаарт бүртгэгдсэн газар, уг газар дээр байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201067754 дугаарт бүртгэгдсэн агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн газар дээр байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201067753 дугаарт бүртгэгдсэн агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг Б.Ж-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн М.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. М.С- нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 23,000,000 төгрөг, мөн Hyundai Starex маркийн машиныг 12,000,000 төгрөгөөр бодож нийт 70,000,000 төгрөгийг Б.Ж-д өгсөн. Б.Ж-, оронд нь газар болон хоёр ширхэг агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх болон эзэмших эрхийг М.С-д шилжүүлсэн.

Б.Ж- нь зээлсэн мөнгөө өгөхгүй тохиолдолд миний энэ хөрөнгүүдийг аваарай гэж тохирсны эцэст 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1854 дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2249 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 4182 дугаартай худалдах, худалдан авах гэрээ тус тус өөрийн нь хүсэлтээр байгуулсан.

Хариуцагч Б.Ж- нь Би мөнгөө өгч чадахгүй боллоо, наад хөрөнгөө өөрөө аваарай гэж ярьж байсан нь тогтоогддог. Нэгэнт зохигчдын хооронд байгуулсан нь гэрээ нь хүчин төгөлдөр байна мөн ямар нэгэн шахалт дарамт болон хуурч мэхлээгүй, өнөөдрийн байдлаар мөнгө төлөөгүй учир Б.Ж-ын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

М.С- нь эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргахдаа тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан үйл баримт болон хариуцагч Б.Ж- тухайн хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үйл баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн, хэргийн 96 дугаар талд авагдсан үзлэгийн тэмдэглэлд хариуцагч М.С- болон Б.Ж- нарын хоорондоо харилцсан чатанд хариуцагч нь нэхэмжлэгчид тухайн эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгогүй, зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалах зорилготой байсан нь тусгагдсан. Иймд барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч М.С- нь хариуцагч Б.Ж-д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

2.1. Б.Ж- нь М.С-тай байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр Б.Ж-ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Дарцагт уул 28 гудамж, 00 тоот хаягт байрлах 699 м.кв талбай бүхий, 1801812772 нэгж талбарын дугаартай, эрхийн 32201032373 дугаарт бүртгэлтэй гэр, орон сууцны хашааны газрыг 1,500,000 төгрөгөөр газар эзэмших эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх8/

 

2.2. Б.Ж- нь М.С-тай 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2249 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Ж-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Дарцагт уул 28 гудамж, 00 тоот хаягт байрлах 120 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2201067753 дугаартай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж, улмаар 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр М.С-гийн өмчлөлд шилжүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. /хх4-5/

 

2.3. Мөн талуудын байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-гээр Б.Ж-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Дарцагт уул 28 гудамж, 122 тоот хаягт байрлах 120 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2201067754 дугаартай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 35,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж, улмаар 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр М.С-гийн өмчлөлд шилжүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /хх10-11/

 

3. Хариуцагч талаас дээрх эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээг байгуулах хүсэл зоригийн үндсэн дээр хийгээгүй, харин нэхэмжлэгчээс 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 35,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 23,000,000 төгрөг, Hyundai Starex маркийн машиныг 12,000,00 төгрөгт тооцож нийт 70,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, барьцаанд нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч М.С-гийн Хаан банкны дансны хуулгаас үзвэл С-с болон зээл гэсэн гүйлгээний утгаар 2023 оны 07 дугаар сарын 25-26-ын хооронд нийт 29,800,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 12-16-ны хооронд нийт 27,275,000 төгрөг, бүгд 57,075,000 төгрөгийг 00, 00000 данснуудад тус тус шилжүүлсэн байх бөгөөд дээрх мөнгийг болон 12,000,000 төгрөгт тооцон Hyundai Starex маркийн автомашиныг зээлээр хариуцагч Б.Ж- хүлээн авсан эсэх талаар маргаагүй./хх13-21/

 

Харин, дээрх мөнгийг зээлдэж авсан эсхүл маргаан бүхий эд хөрөнгүүдийн төлбөрт шилжүүлэн авсан эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

5. Дээрх үйл баримт болон анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн М.С-гийн гар утсаар талуудын харилцсан цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, талуудын тайлбараас үзэхэд маргаан бүхий газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид зээлийн барьцаанд өмчлөх эрхийг шилжүүлсэн гэсэн хариуцагчийн тайлбар нотлох баримтуудаар тогтоогджээ./хх96-112/

 

Иймд талуудын хооронд хийгдсэн дээрх худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв.

 

6. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан ба нэхэмжлэгч М.С-г шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй учраас энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2024/03233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ