Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01618

 

 

 

 

 

 

 

 

2024 08 16 210/МА2024/01618

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/01879 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөр, алдангид 20,500,546 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн өмгөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Манай байгууллага нь П ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Т ХХК-ийн Хан-Уул дүүрэгт байрлах төв агуулахад бараа, бүтээгдэхүүн хадгалдаг хөлдөөгчний моторт талуудын байгуулсан гэрээний 5.1.3-т заасан цахилгааны эрсдэл үүсч, гал гарч, шатсан бөгөөд компанид нийт 16,942,600 төгрөгийн хохирол гарсан. Гэрээний дагуу 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 21/193 тоот албан бичгээр нөхөн төлбөрийн баримтыг бүрэн хүлээлгэн өгөхөд П ХХК нь гэрээний 9.2-т заасан хугацааг зөрчиж, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 23-01/763 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Дээрх даатгалын тохиолдол үүссэнтэй холбоотойгоор гэрээний 9.1.4-т заасны дагуу мэргэжлийн байгууллага болох С ХХК-аас дүгнэлт гаргуулсан. Гэвч П ХХК нь дээрх даатгалын тохиолдолд гэрээний 5.1.2-т заасны дагуу даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж үзэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна. Эд хөрөнгийн даатгалын гэрээний 7.1-т эд хөрөнгийг түүний өртгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулсан нөхцөлд гарсан бодит хохирлыг 100 хувь нөхөн төлнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т ХХК нь өөрсдийн бүхий л эд хөрөнгийг 100 хувь өртөг үнээр буюу анхны худалдан авсан үнийн дүнгээр даатгуулсан болно. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.5-д зааснаар түрээсийн сайжруулалт мотор багтана, тийм учраас даатгуулсан хөрөнгөд хамаарна. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр даатгалын тохиолдол болсон бөгөөд Т ХХК-ийн болон ТП ХХК-ийн ашигладаг агуулах нь 3, 4 гэсэн дугаартай агуулахууд, зэрэгцээ оршдог. Хоёр агуулахын голд нь мотор байрладаг бөгөөд мотор нь манай компанийнх мөн. Тухайн үед хариуцагч байгууллагын даатгалын мэргэжилтэн ирж газар дээр нь үзээд явсан байгаа. Мотор шатсан учраас шинээр сольж тавьсан. Тухайн үед манай шатсан мотор 40hp байсан нь цахилгааны хэлбэлзэлд нөлөөлж байна гэсэн дүгнэлт гарсан учраас 30 hp мотор болгож хүчин чадлыг нь бууруулсан байгаа.

Хариуцагч П ХХК нь нөхөн төлбөр олгохоос татгалзсантай холбоотойгоор маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд хандахад тус хорооны 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 9/3122 тоот шийдвэрээр П ХХК нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байх тул дээрх даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Агуулахын хөлдөөгчний мотор шатсан үнийн дүн, ажлын хөлсөнд 16,942,600 төгрөг, нөхөн төлбөрийн материал өгсөн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх алданги 3,557,946 төгрөг, нийт 20,500,546 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Даатгуулагчтай байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгийн даатгалын гэрээнд Хан-Уул дүүргийн төв агуулахад байрлах бүтээгдэхүүн хадгалдаг хөлдөөгчний мотор нь хамааралгүй. Өөрөөр хэлбэл, төв агуулахад байрлах бүтээгдэхүүн хадгалдаг хөлдөөгчний мотор нь даатгалын зүйл биш байх бөгөөд талууд аливаа эрсдэлээс хамгаалах, хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгох талаар тохиролцоогүй, талуудын хооронд эрх, үүрэг үүсээгүй болно. Талуудын хооронд эд хөрөнгийн даатгалын багц гэрээ байгуулагдаж, хавсралтаар даатгалын зүйл буюу даатгагдсан хөрөнгийн жагсаалтыг баталсан бөгөөд бидний зүгээс шатсан гээд байгаа бүтээгдэхүүн хадгалах хөлдөөгчийг түрээсийн сайжруулалт, машин, тоног төхөөрөмжид хамаарахгүй гэж үздэг. Учир нь эрсдэл учирсан гэх зүйл нь даатгагдаагүй хөрөнгө байна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9/3122 дугаар албан бичигт тухайн эвдэрсэн төхөөрөмж нь гэрээний хавсралтаар баталсан даатгалын хамгаалалтын жагсаалтад Т ХХК-ийн төв агуулах дээр компьютер, дагалдах хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил, түрээсийн сайжруулалт гэж заасны тоног төхөөрөмж ангилалд хамаарна гэж үзсэн.

Нэхэмжлэгч нь маргааны зүйл болоод байгаа агуулахыг ТТ ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээсэлдэг, С ХХК-тай хамтран ажилладаг гэсэн байгаа. Гэтэл С ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны дүгнэлт, тухайн өдрийн нэхэмжлэх нь ТП ХХК-д ирүүлсэн дүгнэлт, нэхэмжлэхтэй үг, үсэггүй адилхан байгаа. Мөн шатсан мотор нь 40hp байхад сольж тавихдаа 30 hp мотор болгож хүчин чадлыг нь бууруулсан байгаа. Бидний зүгээс шатсан моторыг Т ХХК бус харин ТП ХХК худалдан авсан гэж харж байна. Иймд мотор даатгалын зүйлд хамаарахгүй, нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэгчийн баримтууд эргэлзээтэй, нэг талын байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөр, алдангид 20,500,546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 260,453 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх талуудын байгуулсан гэрээнд нэхэмжлэгч тал нь Хан-Уул дүүрэгт байрлах Төв агуулахад барилга, барилгын сайжруулалт, түрээс, түрээсийн сайжруулалт гэж даатгуулсан боловч гадна талын хөлдөөгчний моторыг даатгаагүй гэсэн нь хууль болон бодит байдалд нийцээгүй бөгөөд хууль зөрчсөн.

Тодруулбал, агуулахын хөлдөөгч нь өөрийн моторгүйгээр ажиллах боломжгүй бөгөөд аливаа эд хөрөнгийн сэлбэг, эд ангиар нь задалж даатгах, эд ангийг тусад нь даатгаагүй нь даатгалын нөхөн төлбөр авахгүй мэтээр шийдвэрлэсэн нь буруу юм. Түүнчлэн, шүүхийн зүгээс Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.11-т заасныг буруу тайлбарлан шийдвэрлэсэн.

Иймд талуудын тайлбар, нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхээс даатгалын гэрээний хавсралтыг шалгаж, даатгалын гэрээний хавсралтад юу хамаарч байгааг дэлгэрэнгүй хавсралт зураг, баримтуудаар тогтоосон. Тухайн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр авах хүсэлт нь ТП ХХК-ийн мотор авсан баримтыг үзүүлж, Т ХХК-ийн өмнөөс нөхөн төлбөр авахаар баримт бүрдүүлж өгсөн. Анхан шатны шүүхээс хуульд заасны дагуу нотолбол зохих ажиллагааг хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр, алдангид 20,500,546 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг эс зөвшөөрч маргажээ.

 

2. Т ХХК нь П ХХК-тай байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Эд хөрөнгийн багц даатгалын гэрээ-гээр 1 жилийн хугацаатайгаар буюу 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаатай, хавсралтаар баталсан эд хөрөнгүүдийг буюу Бизнес плаза, Смарт, Тэнгис, Төв агуулахын нийт 16 салбарын компьютер, дагалдах хэрэгсэл, машин тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, түрээсийн сайжруулалт зэргийг даатгуулж, хураамж төлөх, П ХХК нь даатгалын тохиолдолд бий болсон үед нөхөн төлбөр олгох үүргийг тус тус хүлээж, талууд харилцан тохиролцсон байна./хх7-13/

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хан-Уул дүүрэгт байрлах Төв агуулахын мотор шатсан шалтгаан нь цахилгааны хэлбэлзлээс үүдэлтэй байсан тул шинэ мотор худалдан авч, тавихад 16,942,600 төгрөгийн зардал гаргасан, шатсан мотор нь даатгалын зүйлд хамаарах бөгөөд алдангид 3,557,946 төгрөг, нийт 20,500,546 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлажээ.

 

4.1. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Төв агуулахын мотор нь даатгалын гэрээнд заасан Барилга, барилгын сайжруулалт, түрээсийн сайжруулалтад хамаарахгүй, шатсан мотор нь даатгагдсан хөрөнгө биш, мөн шатсан моторын хүчин чадал хэт их байсныг хүчдэлийг нь бууруулж тавьсан, түүнчлэн уг шатсан моторыг даатгуулагч Т ХХК бус ТП ХХК худалдан авсан гэж үзэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

5. Даатгалын гэрээний зүйлд учирсан хохирол нь даатгалын гэрээгээр тохиролцсон эрсдэлд хамаарах эсэх, мөн гаргаж өгсөн нотлох баримт нэхэмжлэгчид учирсан хохирол мөн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5.1. Хөргөлтийн агуулахын мотор нь даатгалын гэрээний 4.1.1, 4.1.2-т заасан барилга, барилгын сайжруулалт, машин тоног төхөөрөмж гэсэн даатгалын зүйлд, мөн гэрээний 5.1 дүгээр зүйлийн 5.1.3-т заасан цахилгааны эрсдэлд гэсэн хэсэгт хамаарахаар байна.

 

5.2. Гэвч, нэхэмжлэгч талаас анх даатгалын нөхөн төлбөр авахаар хариуцагч талд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 21/193 тоот албан бичгээр хандахдаа бүрдүүлэн өгсөн С ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/20 дугаартай албан бичиг, ТП ХХК-ийн агуулахын 4 дүгээр хөргөгчинд үзлэг оношилгоо хийсэн акт, 2023 оны 02 дугаар сарын 01, 02-ны өдрүүдийн нэхэмжлэх, ТП ХХК болон С ХХК-уудын хооронд байгуулагдсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хөргөлтийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах гэрээ зэрэг баримтуудыг нэхэмжлэгч компаниас бүрдүүлэн өгсөн байна./хх26-34, 69-80/

 

5.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр С ХХК-аас нотлох баримт авахаар шийдвэрлэсний дагуу Т ХХК болон С ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хөргөх хөлдөөх агуулахын засвар үйлчилгээний гэрээ, Т ХХК-ийн агуулахын 3 дугаар хөргөгчинд үзлэг оношилгоо хийсэн тухай 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн акт, моторын гэрэл зураг, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэхүүдийг тус тус ирүүлсэн байна./хх129-142/

 

5.4. Дээрх баримтууд болох хариуцагч П ХХК-д гаргасан нэхэмжлэгчийн даатгалын нөхөн төлбөр авахаар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр анх хандахдаа бүрдүүлсэн холбогдох баримт хүсэлт, шүүхийн санаачилгаар С ХХК-аас ирүүлсэн баримтууд, уг компаниас ирүүлсэн нэхэмжлэхийн огноог 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэж огноолсон байдал зэргийг харьцуулан дүгнэж үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар уг баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлоогүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/01879 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,453 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ