| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00852/И |
| Дугаар | 968 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 968
| 2016 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2016/00968 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар, /РД:3861724/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, Загдал 4-р баг, Шанд, 4-р гудамж, 1 тоотод оршин суух, Сартуул овогт Гэндэнсүрэнгийн Бэгзсүрэн /РД:НМ49040317/-д холбогдох,
Бараа, материал зээлээр олгох гэрээний төлбөр 8.960.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3990 төгрөг, нийт 8.963.990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Бэгзсүрэн нь 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 91 тоот Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээ байгуулсан. Хариуцагч талд хаврын тариалтанд 1 тонныг 800.000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа төлбөр болох 30 хувийг 3.840.000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд төвлөрүүлж, үлдэгдэл төлбөр болох 70 хувийг зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан хугацаанд бэлэн мөнгөөр Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд шилжүүлсэн байх нөхцөлтэйгөөр Улсын нөөцөөс 16 тонн үрийн буудай зээлээр олгосон. Зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан гэрээний хугацаа дууссан тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан тул Г.Бэгзсүрэнгээс үлдэгдэл төлбөр 8.960.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3.990 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Бэгзсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Бэгзсүрэн овогт Гантөмөр би Төв аймгийн Жаргалант сумын үрийн нөөцийн салбарт 8.960.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний дотор төлж барагдуулна. Мөн нотариатын үйлчилгээний хөлс 3990 төгрөгийг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь хариуцагч Г.Бэгзсүрэнгээс 8.963.990 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.Бэгзсүрэн нь Сартуул овогт Бэгзсүрэнгийн Гантөмөр /РД:НМ75041211/-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу мөн хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан бүхий л эрх үүргийг эдлэх эрхийг итгэмжлэлээр олгосон байна. /хх-20/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр нь 8.963.990 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх 24/
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Бэгзсүрэнгээс нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох 158373 төгрөгийн 50 хувь 79186 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлага 8.963.990 төгрөгийг хариуцагч Г.Бэгзсүрэн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Бэгзсүрэнгээс нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 158373 төгрөгийн 50 хувь 79.186 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ