Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01613

 

 

 

 

 

 

 

2024 08 16 210/МА2024/01613

 

 

О.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/02611 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.А-д холбогдох,

Талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

О.Б- нь Р ХХК-тай 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3/21 дугаартай дулаан гарааш худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний чанх урд байрлалтай 00 дугаар байрны доор байрлах дулаан гараашнаас 14 м.кв (2.8*5.1) талбай бүхий #20 зогсоолыг 3,000 ам.доллараар худалдан авч, өмчлөх эрхтэй болсон. Тус гараашид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй явсаар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр анх удаа улсын бүртгэлийн гэрчилгээтэй болсон болно.

Ийнхүү 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг 3,000,000 төгрөгөөр хариуцагч М.А-тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл болно.

Учир нь миний өмчлөлийн 20 дугаартай гараашийн зах зээлийн үнэлгээ нь одоогоор 30,000,000 төгрөг байхад 3,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зориг, эрмэлзэл нэхэмжлэгчид байхгүй. Талууд яагаад гэрээний үнийг 3,000,000 төгрөг гэсэн бэ гэхээр улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхээ шилжүүлж авъя, татвар, бусад зардлууд бага гардаг гэж хэлсэн. Хариуцагч ямар нэгэн төлбөр төлөөгүй. Мөнгө өгөөгүй талаарх М.А-гийн бичиж өгсөн баримтад тодорхой тусгасан. Авто зогсоолын зах зээлийн үнэ 30,265,492 төгрөгөөр үнэлэгдсэн хөрөнгийг 3,000,000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг илтэд зөрчсөн болох нь тогтоогдоно. Үүнээс гадна хуульд заасан үндэслэлээр шударга эзэмшигч болох байтал М.А- хэрхэн эзэмшилдээ авсан нь тодорхойгүй байна. Хариуцагч нь С.П-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь өөр хэлцлийг халхавчилж хийсэн хэлцэл байна.

Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу О.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 00 дугаар байрны доор байрлах 14 м.кв талбай бүхий 00 тоот автомашины зогсоолыг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгөөр С.П-гээс худалдан авч эзэмших болсон. Тус автомашины зогсоолыг миний бие худалдан авч, мөнгийг бэлнээр төлсөн талаар С.П- нь тайлбар бичиж автомашины зогсоол худалдсан тухай гэрээ байгуулж, иргэний үнэмлэхээ нотариатаар гэрчлүүлсэн.

Тус авто зогсоолыг О.Б- нь 2002 онд Р ХХК-аас 3,000 ам.доллараар буюу тухайн үеийн ханшаар 3,000,000 орчим төгрөгөөр худалдан авсан бөгөөд үүнээс хойш хэд хэдэн хүний гар дамжин 6 жилийн өмнө буюу 2017 онд 20,000,000 төгрөгөөр С.П-гээс авто зогсоолыг би худалдан авсан нь баримтаар нотлогдож байгаа. Худалдан авснаасаа хойш 6 жилийн турш авто зогсоолын дулаан, цахилгаан бусад төлбөрөө тасралтгүй төлж ирсэн.

О.Б- нь Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлийг Т.Э-ад олгосон байсан, уг итгэмжлэлийн дагуу талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хуульд заасан шаардлага хангасан байдлаар байгуулагдаж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Үүнийг талуудын хооронд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээний дагуу өмчлөх эрх шилжсэн, улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд бүртгэлийн талаар маргаагүй байна.

Түүнээс гадна нэхэмжлэгч нь дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийгдсэн хэлцэл гэж байх боловч уг хэлцэлд дүр үзүүлэхийг эрмэлзэж байгаа шинж байдал ерөөсөө харагдахгүй байна. Улсын бүртгэлд бүртгүүлсэн баримтуудаас харахад уг хэлцэл нь хуульд заасан шаардлага хангаж байх ба хэлцлийн үр дагавар буюу 30,000,000 төгрөгийн зогсоолыг 3,000,000 төгрөгөөр худалдсан гэж нуусан, халхавчилсан хэлцэл харагдахгүй байна. М.А- нь тус хаягт байрлах 00 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгч бөгөөд ямар нэг байдлаар нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн зүйлгүй.

Иймд О.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан хариуцагч М.А-д холбогдох, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204129979 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, 23 байр зоорийн давхрын 00 тоот хаягт байршилтай, 14 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн автозогсоолын өмчлөлийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч О.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлүүд нь шаардах эрхийн үндэслэлийг буюу шаардах эрх бий болсон эсэхийг тогтооход шалгагдах ёстой, шаардах эрхийн урьдчилсан нөхцөлүүдийг үгүйсгэх нөхцөл гэж тооцогддог. Өөрөөр хэлбэл, гэрээний аль нэг тал гэрээ, хэлцэл хийгдсэний дараа шүүхэд хандан гэрээнд заасан агуулгаар маргаж, шүүхийн зүгээс шаардах эрх үүссэн эсэхийг шалгахдаа үгүйсгэх нөхцөл байдал болгож шалгаж байх нь энэхүү 56 дугаар зүйлд заасан зохицуулалтын зорилго байдаг.

Учир нь худалдах, худалдан авах гэрээний хувьд гэрээний гол нөхцөлийг тохирсноор гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд худалдах, худалдан авах гэрээний хамгийн гол нөхцөл нь хариу төлбөртэйгөөр хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх бөгөөд гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлсэн факт нь гэрээг байгуулсанд тооцох үндсэн нөхцөл биш болно. Өөрөөр хэлбэл, гэрээний хоёр талын хэн алинд нь субьектив эрх, үүрэг үүсгэдэг учраас худалдах, худалдан авах гэрээг харилцан үүрэг үүсгэсэн хэлцэл гэж үздэг.

4.2. Шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Хэрэгт хариуцагч М.А-гийн хариу тайлбар, гэрчийн мэдүүлгүүд, хариуцагчийн хариу төлбөр төлөөгүй тухай гар бичвэр зэрэг баримтууд хавсаргагдсан байх бөгөөд эдгээр баримтуудад хариуцагч нь нэхэмжлэгч О.Б-эд нэг ч төгрөгийн хариу төлбөр төлөөгүй болохыг дурдсан. Гэтэл шүүх гэрээнд 3,000,000 төгрөгийг төлсөн гэж тусгасан байх ба гэж тодорхойгүй, эргэлзээтэй дүгнэлт хийж гэрээний гол нөхцөл болох хариу төлбөр төлөгдсөн эсэх дээр нотлох баримтуудыг огт үнэлээгүй.

Нэхэмжлэгчийн хувьд 30,000,000 төгрөгийн үнэ бүхий дулаан гараашийг ямар ч хариу төлбөр авахгүйгээр хийж буй хэлцэл нь худалдагч талын өмчлөх эрхэд илтэд хохиролтой гэрээ байх бөгөөд хүчин төгөлдөр бусад тооцуулах хэлцлийн зорилго, шинжийг агуулж байгаа болно.

Гэтэл шүүх хэлцлийн хүчин төгөлдөр бус байх буюу худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардах эрх үүссэн эсэх, гэрээний гол нөхцөл болох хариу төлбөр төлсөн эсэх, хариу төлбөрийг талууд тохирсон эсэхэд дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд ноцтой хохирол учруулахуйц нөхцөл байдлыг дүгнэхгүйгээр шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч О.Б- нь хариуцагч М.А-д холбогдуулан талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. О.Б- нь Р ХХК-тай байгуулсан 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Дулаан гарааш худалдах, худалдан авах гэрээ-гээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 00 дугаар байрны доор байрлах 14 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 3,000 ам.доллараар худалдан авахаар талууд харилцан тохиролцжээ. /хх8/

 

2.1. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 00 дугаар байрны зоорийн давхарын 00 тоот, 14 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр О.Б- эрхийн улсын бүртгэлийн Ү-2204129979 дугаарт бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон байна. /1хх9/

 

2.2. Нэхэмжлэгч О.Б-ээс хариуцагч М.А- 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 00 дугаар байрны зоорийн давхарын 00 тоот, 14 м.кв талбайтай автозогсоолыг 3,000,000 төгрөгөөр худалдан авч, нийт төлбөрийг бэлнээр бүрэн төлж дууссан талаар гэрээнд заасан байна. /хх5/

 

2.3. Хариуцагч нь М.А- нь дээрх гэрээг байгуулах үедээ нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нотариатын байгууллагаар орж гараашийн үл хөдлөхийг шилжүүлэхэд заавал үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээтэй байх ёстой гэсний дагуу гэрээ байгуулсан. Энэ гэрээнд анхны үнэ /3,000,000Т/-ээр гэж зааж оруулсан боловч үнэн хэрэгтээ ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүй болохоо батлан тодорхойлж байна гэсэн тодорхойлолтыг үйлдсэн талаар маргаагүй./1хх7/

 

3. Талууд дээрх худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байна.

 

3.1. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ уг автозогсоолыг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгөөр С.П-гээс худалдаж авсан тул хууль ёсны дагуу өмчлөх эрхтэй гэж маргасан байна.

 

3.2. Гэтэл дээрх гэрээг байгуулах үед С.П- нь маргаан бүхий автозогсоолын өмчлөгч байгаагүй тул хариуцагч М.А-д уг автозогсоолыг худалдах эрхгүй юм.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хийгдсэн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь, худалдагч нь дээрх худалдах, худалдан авах гэрээгээр автозогсоолыг 3,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зориггүй байсан ба бодит байдалд нийцэхгүй үнийг гэрээнд заасныг хариуцагч мэдсэн гэж үзэхээр байна.

 

5. Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор тус гэрээг байгуулсан гэж дүгнэн, уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангана.

 

5.1. Өөрөөр хэлбэл, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр уг автозогсоолыг С.П-гээс хариуцагч М.А- 20,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэх хэлцлийг халхавчлах зорилгоор 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна./1хх224/

 

5.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байдаг.

 

5.3. Иймд нэхэмжлэгчээс дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн автозогсоолыг буцаан шилжүүлэхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

 

5.4. Харин уг хэлцлээр худалдан авагч нь авто зогсоолын үнийг төлөөгүй тул харилцан буцаах үр дагавар үүсэхгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/02611 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан О.Б- болон М.А- нарын хооронд байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0162 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 00 дугаар байрны зоорийн давхарын 00 тоот, 14 м.кв талбайтай автозогсоолыг нэхэмжлэгч О.Б-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч М.А-гаас 62,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-эд олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ