Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 597

 

                            

                                               Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                               баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

       Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 4-15 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЮ78010206, Цагаач овогт Жамъяны Даваахүүгийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Баянгол уурхай” уурхайн ажилчдын байранд /Баянгол уурхайд жолоочоор ажилладаг/ оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, РД:ОП81062218, Бөөгүүд овогт Даваагийн Мөнгөншагайд холбогдох,

      Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах, 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хадлангийн талбайг өөрийн нэр дээр шилжүүлж авах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар  сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ж.Даваахүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ж.Даваахүү нь 1978 онд төрсөн, 38 настай. Одоо ам бүл 3, өндөр настай ээж, бага насны хүүгийн хамт амьдардаг. Би 2007 онд Увс аймгийн Улаангом коллежийн англи хэл, комьпютерийн ангийг 4 жил суралцаж төгсөөд багшийн курсад суралцан 2007 оны 9 сарын 20-нд Увс аймгийн Ховд суманд англи хэл, компьютерийн багшаар хуваарилагдан очиж, тэндээ мэдээлэл зүйн хичээлийн багшаар  ажиллах болсон. Тэнд ажиллаж байх хугацаандаа нөхөр болох Д.Мөнгөншагайтай танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болж улмаар бид 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсон. Нөхөр маань тухайн үед ажил хөдөлмөр эрхэлдэггүй  байнга гэртээ байдаг байсан. Гэр бүл болсны дараа би өглөө гараад ажилдаа яваад орой гэртээ ирэхэд нөхөр маань байнга согтуу байдаг байсан. Зарим үед би ажлаа тараад гэртээ ирчихээд нөхрийгөө байхгүй болохоор гадуур хайж, энд тэндээс согтуу байхад нь олж авч ирдэг байсан. Ийм байдлаар бид 2 жил хамт амьдарсан ба энэ хугацаанд бид үр хүүхэдтэй болоогүй. Архи уусан үед нь би айгаад юу ч хэлдэггүй байсан ба эрүүл үед нь би “Архи битгий уугаач, амьдралаа бодъё” гэж хэлж гуйдаг байсан боловч нөхөр маань засарч архинаас өөрийгөө татаж авч чадаагүй. Тухайн үед би суманд ажилгүй залуучууд их байдаг тул тэдэнд уруу татагдаад байна гэж ойлгож нөхөртэйгээ ярилцаж байгаад ажлаасаа гарч 2010 оны 6 сард аймгийн төвд нүүж ирсэн. Улаангомд нүүж ирсний дараа бид хоёр хоёулаа ажилгүй байсан тул амьдрахад хэцүү болж, би эгчээсээ бараа авч, зах дээр лангуу түрээслэн зогсож, наймаа хийж, аль болох амьдралаа хүний дайтай авч явахыг хичээн амьдралынхаа төлөө зүтгэсэн. Наймаа хийж байхдаа давхар ажил хөөцөлдөж, шинээр байгуулагдсан Улаангом сумын 8-р цэцэрлэгт туслах багшаар ажилд орсон. Нөхөр маань архинаас гараагүй бөгөөд архи уух нь улам даамжирч улмаар гэр орондоо ирж хонохгүй хоногоор явж архиддаг болсон. Үүнээс болж би сэтгэл санаагаар унаж,  бие өвдөж ажлаа хийж чадахгүй болоод 1 жил ажиллаад жилийн чөлөө аваад ажлаасаа гарсан. Ажлаасаа гараад эмчилгээ хийлгэж байсан ч хажуугаар нь битүү зах дээр лангуу түрээслэн авч, эгчээсээ алим жимс бөөндөж зараад ашгаараа амьдрал ахуйгаа залгуулдаг байсан. Миний ингэж амьдралын төлөө зүтгэж, нэгэнт бүтээн босгосон амьдралаа нураахгүйн тулд нөхрийнхөө архи уудаг байдлыг тэвчин амьдарч ирснийг нөхөр маань ойлгодоггүй. Өдөр шөнөгүй архи уугаад байхаар нь би янз бүрийн юм бодож, сэтгэлээр унан бүр сүүлдээ үр хүүхэдгүй байгаагаас болоод архинд ороод байгаа юм болов уу гэж  хадам аавтай болон өөртэй нь ярьж зөвлөж байгаад миний шавь Ховд сумын харъяат, 19 настай Батцэцэг гэдэг охин 2013 оны 5 сарын 29-нд хүү төрүүлснийг үрчилж авсан. Хүү маань 3-хан хоногтой байхдаа бид хоёрын гар дээр ирсэн. Хүүхэд үрчилж авсны дараа нэг хэсэг бид хоёр гэртээ хүүгээ хараад хамт байдаг байсан. Дараа нь Ховд аймгийн нүүрсний уурхайд жолоочоор 1 жил ажиллаад ажлаасаа гараад гэртээ ирсэн. Тэгээд 2015 оны намар 8 сард Сэлэнгэ аймгийн Хүдрийн  уурхайд ажиллахаар явснаас хойш бид хоёрын харьцаа хөндийрч, утсаар ярьхад уурлаж уцаарлан надад дургүйцсэн байдлаа байнга илэрхийлдэг болсон. Би түүнийг “Ажил ихтэй, ядраад байгаа бол ажлаа орхиод гэртээ хүрээд ирээч, үр хүүхэдтэйгээ гэр бүлээрээ хамт амьдаръя” гэхээр хүү бид хоёртой хамт амьдрахаас өөрөө зугатаад байгаа юм. Хүү бид хоёр эзэнгүй хашаанд гэртээ хоёулахнаа амьдрах боломжгүй байгаа, мөн өндөр настай ээжийгээ асрах шаардлагатай байгаа тул одоо ээжийндээ хүүгийн хамт амьдарч байна. Би нөхөр Д.Мөнгөншагайтай хамт амьдраад 8 жил болж байгаа боловч эхний 6 жилийн хугацаанд нөхөр маань байнга архи уудаг байсан, сүүлийн 2 жил нөхөр маань Ховд, Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа нэртэй гэртээ ирэхгүй байгаа тул 8 жилийн хугацаанд нөхөртэй ч юм шиг нөхөргүй ч юм шиг амьдралаа нуруундаа үүрч, ханийн хайр халамж үзэлгүй өнөөдрийг хүрч байна. Энэ байдлаас болж би сэтгэл санаагаар их унаж өвчлөмтгий болсон. Нөхөр маань  амьдрах хугацаандаа надтай нэг ч удаа үнэн сэтгэлээсээ харьцаж байгаагүй. Байнга худлаа хэлж байсан ба үнэнийг нь би өөр хүнээс  сонсдог байсан. Мөн нөхөр Д.Мөнгөншагайг Сэлэнгэд ажиллах болсноос хойш бидний харьцаа хөндийрч, цаашид бие биенийгээ гэх сэтгэлгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүү М.Батсуурийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Би хүүгээ өөрийн асрамжид авч тэжээн тэтгэн, өсгөн хүмүүмүүлж, хүний зэрэгтэй сайн хүн болгохыг туйлаас их хүсэж байна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй болно. Эд хөрөнгийн хувьд нөхөр Д.Мөнгөншагай бид хоёр хамт амьдрах хугацаандаа 2009 онд хадлангийн талбай худалдаж авсан. Тухайн үед би 250.000 төгрөг гаргаж, нөхөр маань 1 үхэр өгч худалдаж авсан, 2013 онд 5.500.000 төгрөгөөр 1 тал хашаа худалдаж авсан. Миний наймаа хийж олсон мөнгө болох 3.000.000 төгрөг дээр нөхөр Д.Мөнгөншагай 2.500.000 төгрөг гаргаж, нийт 5.500.000 төгрөгөөр уг хашааг худалдаж авсан юм. 2015 оны 05 сарын 06-нд бид хоёр 5.000.000 төгрөгийн бизнесийн зээл авч уг мөнгөөр нөхөр маань Портер машин худалдаж авсан. Машин авсан зээлийг нөхөр Д.Мөнгөншагай Сэлэнгэ аймагт ажил хийж цалингаараа төлж байгаа. Д.Мөнгөншагай Сэлэнгэ аймагт ажилласнаас хойш зээлээ төлж байна гээд хүү бид хоёрт нэг ч төгрөг явуулаагүй. Дээрх хөрөнгөөс хүү бид хоёр 1.000.000 төгрөгийн үнэ бүхий хадлангийн талбайгаа нэр дээрээ шилжүүлж авах хүсэлтэй байна. Харин 6 ханатай гэр, 1 тал хашаа, Портер машин зэргийг нөхөр Д.Мөнгөншагайд өгөхийг зөвшөөрч байна. Иймд бидний эд хөрөнгийг дээрх байдлаар хуваарилан шийдвэрлэж өгнө үү. Миний нөхөр Д.Мөнгөншагай нь одоо Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хүдрийн уурхайд ажиллаж, тэндээ амьдардаг боловч би бага насны хүүхэдтэй, 80 гарсан өндөр настай ээжийгээ байнга асран халамжилдаг тул хариуцагчийн оршин суугаа газрын шүүх болох Сэлэнгэ аймгийн шүүхэд  хандах боломжгүй байна. Иймд ИХШХШТ хуулийн 126.2-д заасан харъяаллын дагуу өөрийн оршин суугаа газрын шүүх болох Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаа тул миний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

   Хариуцагч Д.Мөнгөншагай шүүхэд гаргасан тайлбартаа: “Ж.Даваахүүгийн нэхэмжлэлтэй Д.Мөнгөншагай надад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхнэр Ж.Даваахүү бид хоёр 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хамт байсан, бид эвлэрч байгаа. Иймээс заавал гэрлэлтээ цуцлуулах шаардлагагүй учир бидэнд эвлэрэх хугацаа өгнө үү. Миний бие салах бодолгүй байна” гэжээ.

      Нэхэмжлэгч Ж.Даваахүү шүүхэд гаргасан тайлбартаа: “Ж.Даваахүү миний бие нь гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах, эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд цаашид шүүхэд хандах шаардлагагүй болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ж.Даваахүү нь хариуцагч Д.Мөнгөншагайд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах, 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хадлангийн талбайг өөрийн нэр дээр шилжүүлж авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Даваахүү нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч Ж.Даваахүүгийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Нэхэмжлэгч Ж.Даваахүү нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 95.550 төгрөг төлсөн ба тал хувь болох 49.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 49.275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Даваахүүд олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч Ж.Даваахүү нь хариуцагч Д.Мөнгөншагайд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах, 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хадлангийн талбайг өөрийн нэр дээр шилжүүлж авах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 49.275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Даваахүүд олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР