Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 967

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2016/00967

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар, /РД:3861724/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Сүмбэр сум, 2-р баг, Жавхлант Баянхошуу, 6-р гудамж, 1 тоотод оршин суух, Баяд овогт Сүхээгийн Баясгалан /РД:НШ78031171/-д холбогдох,

Бараа, материал зээлээр олгох гэрээний төлбөр 24.824.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 4760 төгрөг, нийт 24.828.760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Баясгалан нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 118 тоот Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээ байгуулсан. Хариуцагч талд хаврын тариалтанд 1 тонныг 800.000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа төлбөр болох 30 хувийг 16.000.000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд төвлөрүүлж, үлдэгдэл төлбөр болох 70 хувийг зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан хугацаанд бэлэн мөнгөөр Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд шилжүүлсэн байх нөхцөлтэйгөөр Улсын нөөцөөс 52 тонн 280 кг үрийн буудай зээлээр олгосон. Зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан гэрээний хугацаа дууссан тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан тул үлдэгдэл төлбөр 24.824.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 4.760 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Баясгалан шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Би 2015 оны хаврын тариалалтанд зориулж Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбараас 30 хувийн урьдчилгаатай үрийн будаа авч 330 га газар тариалалт хийсэн. Тэр үеийн цаг агаарын байдлаас болж ургац алдаж үлдэгдэл болох 24.824.000 төгрөгийг төлж чадаагүй. Энэ жил 30 га газарт үр тариа тарьсан. Мөн 5 га газарт төмс тарьсан. Төлбөрөө 2016 оны 11 дүгээр сарын 20-ны дотор нотариатын үйлчилгээний хөлс 4760 төгрөгийн хамт төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь хариуцагч С.Баясгалангаас 24.828.760 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Баясгалан нь 24.828.760 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх 24/

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Баясгалан нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлага 24.828.760 төгрөгийг хариуцагч С.Баясгалан нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Баясгалангаас нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 282093 төгрөгийн 50 хувь 141046 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                       Д.АЛТАНТУУЛ