Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01638

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 21 210/МА2024/01638

 

 

Н.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/02475 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Б-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч Т ХХК, Н.Б- нарт тус тус холбогдох,

Орон сууцыг чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг гаргуулж өгөхийг Т ХХК-д даалгуулж, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э, хариуцагч Н.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие Т ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 айлын орон сууц, үйлчилгээтэй орон сууцны цогцолбороос 3 давхарт 307 дугаартай 32.6 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 32,600,000 төгрөгөөр худалдан авч 100 хувь төлбөрийг төлсөн. Энэхүү орон сууцыг анх худалдан авсан Х.Адьяа захиалгын төлбөрийн үлдэгдлээ төлж чадаагүй байсан тул гэрээний эрх үүргийг Н.Б- надад шилжүүлэхийг Т ХХК зөвшөөрсөн тул гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу орон сууцандаа орох гэтэл өөр этгээд би худалдан авсан гэж хэлсэн тул шүүхэд хандсан. Иймд орон сууц захиалгаар бариулах гэрээгээр худалдан авсан хөрөнгийг чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Н.Б-д гаргуулж өгөхийг Т ХХК-д даалгаж зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Н.Б- нь орон сууцны төлбөрт нийт 40,500,000 төгрөгийг төлсөн байх ба өөрийн өмчлөлийн 32.6 м.кв байраа бусдад зарах эрхийг Т ХХК-д олгоогүй, ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй атал 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Н.Б-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчиж хийсэн. Иймд орон сууц захиалан бариулах 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00 дугаар гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Т ХХК-ийн тайлбарын агуулга:

Маргаан бүхий орон сууцны төслийн ажлыг 2019 оноос эхлүүлсэн. 2019 онд БНХАУ-д ковидын анхны тохиолдол гарч 2020 онд Хятад улс хилээ хаасан. Анх төсөл эхлээд явж байх цаг хугацаанд ковидоос үүдээд тухайн төслийг хэрэгжүүлэх боломжгүй болж 2 жил хагасын хугацаанд барилгын материалын хомсдол бий болсон. Анх төсөвлөсөн өртөгтөө тухайн газрыг барьж хэрэгжүүлэхэд компанид алдагдалтай байсан учраас энэ байдлаас шалтгаалаад захиалагч нартайгаа гэрээгээ өөрчлөн байгуулахаар саналуудыг тавьж байсан. 2021 оноос эхлээд н.Болортунгалаг гэж хөрөнгө оруулагч манай компанид хөрөнгө оруулж компанийн хувьцаа эзэмшсэн. Н.Б-тай н.Болортунгалаг гэрээ байгуулсан байсан. Тухайн үед нэхэмжлэгч Н.Б-тай харилцан зөвшилцөөд үнийг тодорхой хувиар нэмье гэдэг саналыг биечлэн уулзаад ярилцаж байсан. н.Болортунгалагаас тодруулахад эхний захиалагч Н.Б-тай ярилцаад тохиролцоод тухайн орон сууцыг зарахаар болсон. Зөвшөөрлийг өгсөн учраас Н.Б-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан гэсэн. Тийм учраас Н.Б- бол н.Болортунгалагт тухайн орон сууцыг зараад төлсөн мөнгийг буцаагаад авъя гэдгээ чатаар хэлсэн, энэ нь үзлэгээр нотлогдоно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Н.Б-ын тайлбарын агуулга:

Н.Б- нь Т ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, тус хотхоны 33.05 м.кв нэг өрөө орон сууцыг 57,837,500 төгрөгөөр худалдан авах захиалгын гэрээ байгуулсан. Тухайн өдрөө байраа хүлээн авсан. Анх гэрээ байгуулахдаа уг байрыг өөр хүмүүстэй давхардуулж гэрээ байгуулсан талаар огт мэдээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахад мэдсэн бөгөөд Н.Б- нь манай байр гэж нэг ч удаа ирж байгаагүй атлаа байрнаас гаргана гэдэг нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ы орон сууцыг чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг гаргуулж өгөхийг Т ХХК-д даалгуулж, орон сууц захиалгаар бариулах 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 103 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Т ХХК, Н.Б- нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т ХХК-аас гэрээний дагуу төлсөн төлбөр 32,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 768,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас 320,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б-д олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв, бодитойгоор үнэлж чадаагүй.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Н.Б-ы н.А гэх хүнтэй гэрээ байгуулж, гэрээгээр 10,000 ам.долларыг солиулж 28,500,000 төгрөгийг бэлнээр өгч, дээрээс нь приус маркийн автомашинаа өгсөн нь баримтаар нотлогддог. Иймд 32,600,000 төгрөгийн орон сууцыг 40,500,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд энэхүү худалдан авсан үйлдлийг Т ХХК ...та нар хоорондоо тохирсон бол манай зүгээс зөвшөөрч байна, бид Н.Б-ы нэр дээр гэрээг шилжүүлж өгнө... гэж хэлсний дагуу н.А-гаас Н.Б-ы нэр рүү гэрээ шилжиж, төлбөрийн тооцоогүй хэмээн бүх асуудал дууссан. Хариуцагч Н.Б-ын хувьд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө Т ХХК нь Н.Б-тай ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл хийсэн, харилцан тохиролцож, Н.Б- нь орон сууцыг Т ХХК-аар худалдан борлуулж байгаа нөхцөл байдлыг хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй.

Иргэний хэрэгт талууд тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэж, нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх ёстой бөгөөд манай зүгээс гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах ямар нэгэн зөрчил гаргаагүй. Хариуцагч компани биш нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй нөхцөл байдал үүсээд байхад хариуцагч компани гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Мөн гэрээг цуцлах талаар бидний зүгээс орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн байхад гэрээг цуцлахыг шаардах эрх хариуцагч компанид байгаа эсэхийг анхаарч үзнэ үү. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу талууд гэрээний агуулгыг чөлөөтэй тохирч байгуулсан, гэрээг цуцлаагүй бөгөөд ямар нэгэн цуцлах мэдэгдэл өгөөгүй атлаа хариуцагч тал тухайн орон сууцыг бусдад давхардуулан худалдсан нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч Н.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч Т ХХК болон нэхэмжлэгч Н.Б- нарын хариуцлагагүй үйлдлийн улмаас бид хохирч байна. Бид орон сууцнаасаа гарахгүй гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч Тэргүүн газар констракшн ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч Т ХХК гэрээг нэг талын санаачлагаар цуцлаагүй бөгөөд нэхэмжлэгч Н.Б-ы хүсэл зоригийг хүлээн авч, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах хугацааг нь бие даан тогтоож, гэрээг дуусгавар болгосон. Иймд хариуцагч Т ХХК-ийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.16-д заасныг үндэслэн гэрээг дангаар цуцалсан мэтээр тайлбарлаж байгаа нь илтэд үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Т ХХК, Н.Б-д тус тус холбогдуулан орон сууцыг чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг гаргуулж өгөхийг Т ХХК-д даалгуулж, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Т ХХК нь Н.Б-тай байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 105 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ-гээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 айлын орон сууц, үйлчилгээний цогцолбороос 3 давхарт 307 дугаартай 32.6 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 32,600,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн байна. /хх4-5/

 

2.1. Түүнчлэн, Т ХХК нь Н.Б-тай байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-гээр дээрх Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 айлын орон сууц, үйлчилгээний цогцолбороос 3 давхарт 307 дугаартай 33.05 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 57,837,500 төгрөгөөр худалдсан байна. /хх61-68/

 

3. Гэтэл талуудын маргааны зүйл болсон уг орон сууц нь О.Х-ийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болох нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа болон холбогдох баримтуудаар тогтоогдож байна. /хх44-45/

 

4. Анхан шатны шүүхээс Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн дээр дурдсан холбогдох нотлох баримтуудыг харьцуулан үзэж шүүхээс гарах шийдвэрээр гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэх талаар дүгнэлт хийх, түүнчлэн шүүхээс талуудыг маргааны зүйл рүү чиглүүлж мэтгэлцүүлэх, тодруулах ажиллагааг явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

5. Мөн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2 хариуцагчид холбогдуулан гаргасан байх ба хэнд ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхой бус байх тул энэ талаар тодруулах ажиллагаа хийх шаардлагатай байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой болсноор талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/02475 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 768,140 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

  ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ