| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0439/Э |
| Дугаар | 436 |
| Огноо | 2019-05-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 436
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Д.Т-дхолбогдох эрүүгийн 1909008460261 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг гэх, 2000 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар, 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 1 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, У овогт Д.Т, /регистрийн дугаар /,
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Тнь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол зочид буудлын ойролцоо насанд хүрээгүй хохирогч Ч.Есүйгийн 2.800.000 төгрөгөөр худалдан авч байсан “айфоне 8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би Баянгол зочид буудлын автобусны буудлын орчим зогсож байгаад уг автобусны буудал дээр автобус хүлээж байсан хоёр охины гар утсыг авчихсан. Тэгээд би автобусанд суугаад явсан. Тэр хоёр охин миний араас автобусанд ороод ирэхээр нь би тэр хоёрыг дуудаад гар утсыг нь буцаагаад өгсөн. Гэтэл цагдаа дуудчихсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирсэн” гэв.
Хохирогч Ч.Есүйгийн "...Би өнөөдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол зочид буудлын автобусны буудлын ойролцоо өөрийн найз Э.Болормаатай хамт явж байсан. Бид хоёрын ард нэг үл таних эрэгтэй хүн араас дагаад наалдаад байсан. Тэгтэл нэг эгч бид хоёрт хандан та хоёрын гар утсыг нэг хүн авчихлаа гэж хэлсэн. ...тэр эрэгтэй Баян Монгол хороолол дээр буух гэж байхад миний найз Э.Болормаа нь энэ хүн миний утсыг авчихлаа гэж хашхирсан. Тэр эрэгтэйг автобусанд сууж байсан хүмүүс барьж авсан. Мөн автобусанд байсан үл таних миний үеийн гурван эрэгтэй хүүхэд тэр хүнийг барьж автобусны буудал дээр бууж цагдаа ирэхийг хүлээсэн. Удалгүй цагдаа нар ирж тэр хүнийг барьсан. ...Би өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан." гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаагийн "... ЖЭ82072411 регистрийн дугаартай Д овогтой Т нь ... Чулуудай овогтой Есүйгийн айфоне 8 гар утсыг хулгайлан зугтаасныг хүлээлгэн өгөв" гэх илтгэх хуудас" /хх-ийн 3 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн Д.Т ийн "... 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчимд Номын сангийн 120 явдаг автобусны буудал дээр хүнтэй уулзах гээд явж байхад хоёр охин явж байсан. Тэр хоёр дэлгүүрийн хажууд зогсохоор нь хартал нэг охиных нь баруун халаасанд гар утас нь ил харагдсан. Тэгэхээр нь хойно зогсож байгаад би авчихсан. Тэгтэл нөгөө хоёр охин чинь гар утсаа алга болсныг мэдээд цагдаа дуудсан. Тэгэхээр нь би нөгөө гар утсыг нь номын сангийн ТҮЦ-ийн хогийн саванд хийчихээд Зайсан чиглэлийн автобусанд суутал нөгөө хоёр охин чинь дагаад ороод ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Д.Тнь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол зочид буудлын ойролцоо насанд хүрээгүй хохирогч Ч.Есүйгийн 2.800.000 төгрөгөөр худалдан авч байсан “айфоне 8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хохирогч Ч.Есүй хулгайлагдсан “айфоне 8” маркийн гар утсыг биет байдлаар хүлээн авсан, гомдол саналгүй гэж тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
Иймд шүүгдэгч Д.Т-ийн гэмт үйлдлийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Д-ийн Т-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Т-ийг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ