Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01637

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 21 210/МА2024/01637

 

 

О.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/02212 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Д-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах үндсэн, түрээсийн гэрээний үүрэгт 96,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч Д.Д-, хариуцагчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

2022 оны хавар Д.Д- өөрийн эзэмшлийн үйлчилгээний обьект дээр хамтран ажиллах санал тавьсан. Д.Д-ийн үйлчилгээний объектод хоолны газар ажиллуулж эхэлсэн бөгөөд Д.Д- үйлчилгээний байраар хангаж, О.О- найзуудын хамтаар үйл ажиллагааг хариуцан ажиллаж, талууд олсон ашгаа тэнцүү хуваан авахаар тохиролцсон. Гэтэл цаг үеийн нөхцөл байдлаас болон ашиг орлого багатай байсан учраас аль аль тал нь цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул үйл ажиллагааг зогсоосон. Хамтран ажиллаж эхлэх үед Дэлгэр ашиг орлого олж эхэлснийхээ дараа өөрийн авах ёстой ашгаасаа өгнө, мөнгө зээлээч гэхээр нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Д.Д-ийн Хаан банкны 000 тоот дансруу 20,000,000 төгрөгийг шилжүүлэн зээлдүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл мөнгийг өгөөгүй. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй буюу нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2-т тус тус заасны дагуу шүүхэд үнэн зөв тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй оролцдог бөгөөд уг үүргээ биелүүлээгүй худал тайлбар гаргасан байна.

Миний бие О.О-тай найз нөхдийн харилцаатай бөгөөд 2022 оны 03 дугаар сард өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, бага тойруу, 4-00 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэхээр зар тавьсан. Гэтэл найз О.О- нь үл хөдлөх эд хөрөнгөө надад түрээслүүлчих, манай Солонгос Улсад ажиллаж байсан найзууд бий тэд нартай нийлээд мах шардаг хоолны газар болгон ажиллая гэх саналыг анх надад тавьсан. Үүний дагуу түүний мах шардаг хоолны газар ажиллуулах саналыг хүлээн зөвшөөрч бусдад түрээслэх гэж байсан хөрөнгийг О.О-д сарын 17,000,000 төгрөгөөр түрээслэхээр болж талуудын хооронд амаар түрээсийн гэрээ байгуулагдсан. О.О-д үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг хүлээлгэн өгч шилжүүлснээр, мөн түрээсийн төлбөрт 20,000,000 төгрөгийг төлснөөр талуудын хооронд бодит үйлдлээр хийгдсэн түрээсийн гэрээний харилцаа үүссэн.

Ийнхүү түрээсийн гэрээний дагуу би түүнд үл хөдлөх эд хөрөнгийг ямар нэгэн эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх, харин О.О- нь надад сарын 17,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 3 сарын түрээсийн барьцаа болгон 51,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээж оролцсон. Улмаар О.О- нь хөрөнгийг өөрийн эзэмшил ашиглалтад авснаар найзуудын хамт үл хөдлөх эд хөрөнгөд мах шарах хоолны газрын зориулалтад нийцүүлэн дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний дараа хоолны газраа албан ёсоор 2022 оны 04 дүгээр сараас эхлэн 2022 оны 09 дүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан ба төлөхийг шаардахад үйл ажиллагаанаас ерөөсөө ашиг олохгүй байна гэх зэргээр худал үнэн шалтаг тоочин, мөн түрээсээр ашиглаж буй обьектыг анх хэлэлцэн тохиролцсон зориулалтын дагуу ашиглаагүй /цагийн хуваарийн дагуу шөнийн 00 цагт хаахгүй, архидан согтуурч дотор зааландаа тамхи татах/ зэрэг зөрчлүүдийг үүсгэж бидний хооронд маргаан үүсэж эхэлсэн.

Миний бие О.О-аас 20,000,000 төгрөг зээлэх санхүүгийн хэрэгцээ шаардлага огт байхгүй бөгөөд өөрийн эзэмшлийн объектыг нэхэмжлэгчид түрээслүүлсний дагуу түүнээс олж авч буй үр шим юм. Хэрэв нэхэмжлэгч тал дээрх 20,000,000 төгрөгийг надад зээлүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхойлж байгаа бол хэдэн сарын хугацаатай, хэдий хэмжээний хүүтэй зээлж буй, мөн хэзээ, ямар цаг хугацаанд эргэн төлөгдөх, дуусгавар болох талаар тодорхойлсон байх шаардлагатай ба нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг өөрсдөө нотлох хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

О.О- нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 4-00 тоот хаягт байрлах 170 м.кв талбай бүхий Д.Д- миний өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн үйл ажиллагаа явуулахаар 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр надтай харилцан тохиролцож улмаар бид амаар түрээсийн гэрээг байгуулсан. Бидний хооронд зээлийн гэрээ биш, харин Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээ байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.О- нь түрээсийн зүйлийг надаас хүлээн авч тодорхой хугацаанд түрээслэн үйл ажиллагаа явуулсан талаар ямар нэгэн маргаан байхгүй болно. Түрээсийн зүйлд үйл ажиллагаа явуулахдаа түрээслэн үйл ажиллагаа явуулж олох орлогыг 1 өдөрт 3,000,000 төгрөг, сард 90,000,000 төгрөгийн орлого олох боломжтой гэж тооцож, үүний 40%-ийг нь цэвэр ашиг гэж үзвэл 1 сард 36,000,000 төгрөгийн ашиг олох боломжтой гэж ярилцан, үүнийг тэнцүү хувааж авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч надад 1 сард 18,000,000 төгрөгийг төлж байхаар амаар бид тохиролцсон. Мөн ийнхүү төлөвлөсөн орлогыг түрээслэгч олж чадаагүй тохиолдолд сар бүр түрээсийн төлбөрт 17,000,000 төгрөгийг түрээслүүлэгч талд төлөх нөхцөлийг бид амаар харилцан тохиролцсон.

Д.Д- миний бие өөрийн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг өмнө нь рестораны зориулалтаар ашиглаж байсан тул дотор нь байсан том тек, кофены машиныг бутлагчийн хамт нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн. О.О- нь 2022 оны 04 дүгээр сараас эхлэн миний түрээсийн зүйлд рестораны үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд түрээсийн төлбөрөө огт төлөөгүйгээс гадна зөрчлийн шинжтэй үйлдэл удаа дараа гаргасан тул би түрээсийн гэрээг цуцлан 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр түүнээс үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг хүлээж авсан. Кофены машин эвдэрчихсэн ашиглах боломжгүй болсон байсан ба надад 8,200,000 төгрөгийн үнэ бүхий кофены машин, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий кофены бутлагчийг шинээр худалдан авах шаардлага үүссэн. Үүнд миний бие 11,200,000 төгрөгийн зардал гарч байгаа үүнийг хохиролд тооцон нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж байна. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэл 5 сарын түрээсийн төлбөрт нэг сарын 17,000,000 төгрөг гэж тохиролцсоны дагуу түрээсийн төлбөр нийт 85,000,000 төгрөг болон түрээсийн зүйлийг эвдэж гэмтээсэн хохирол болох 11,200,000 төгрөгийг би нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд түрээсийн төлбөрт 85,000,000 төгрөг, хохиролд 11,200,000 төгрөг, нийт 96,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар заавал бичгээр байгуулна, бүртгэлийн газарт бүртгүүлнэ, уг шаардлагыг хангаагүй бол хүчин төгөлдөр бус байна. Хамтарч ажиллахаас тусдаа 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, хэрвээ хамтраад ашигтай болох юм бол дараа нь буцааж олгоно гэж тохирсон. Тийм учраас байрыг нь буцааж өгөөд хүмүүс нь гараад мөнгөө авъя гэж шаардсан. Кофены машин, бутлагч зэрэг эд зүйлийг хүлээлгэж өгсөн эсэх бодит баримтгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагчийн 96,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч 257,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 638,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх маргаантай эрх зүйн харилцааны төрөл, талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй ба хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэн тайлбарлаж хэргийг шийдвэрлэж хууль зөрчсөн. Тухайлбал, нэхэмжлэгч О.О- нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 4-00 тоот хаягт байрлах 170 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг рестораны зориулалтаар түрээслэх зорилгоор 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Bataev Mongolia фэйсбүүк хаягаар дамжуулж Д.Д-тэй холбогдож махан шарлагын газрын зориулалтаар түрээслэх санал гаргаж, уг саналыг Д.Д- хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн атал шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж улмаар шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй. Хуульд зааснаар гэрээг бичгээр эсхүл амаар, цахимаар болон бодит үйлдлээр ч байгуулж болохыг хуулиар хориглоогүй.

Талуудын гол тохиролцоо нь ...тус үл хөдлөх эд хөрөнгийг ашиглан рестораны зориулалтаар үйл ажиллагаа явуулахад 1 өдөрт 3,000,000 төгрөгийн орлого олсон тохиолдолд 40%-ийг нь цэвэр ашиг гэж үзвэл сард 30.5 хоног гэж тооцож 36,600,000 төгрөг олох боломжтой гэж ярилцаж уг орлогыг тэнцүү буюу 18,300,000 төгрөгөөр хувааж авах, хэрэв сард дээрх хэмжээний орлогод хүрэхгүй бол сар бүр 17,000,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. Гэхдээ эхлээд 1 сарын барьцаа болон 3 сарын түрээс болох 80,000,000 төгрөгийг өгчих гэсэн боловч нэхэмжлэгч 3 сарын түрээс өгөх боломжгүй харин 1 сарын барьцаа 20,000,000 төгрөг өгье... гэсэн тохиролцооны дагуу Д.Д- нь О.О-аас 20,000,000 төгрөгийг түрээсийн гэрээний 1 сарын барьцаа төлбөр болгон өөрийн дансаар хүлээн авсан. Түрээсийн 1 сарын барьцааг шилжүүлсэн болох нь нотлогдож байгаа тул Д.Д- нь О О-аас түрээсийн төлбөрийг бүрэн шаардах эрхтэй. Нэхэмжлэгч тал 2022 оны 03 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл түрээслэн үйл ажиллагаа явуулсан тул 4 сарын түрээсийн төлбөрт 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн хүсэлтээр Д.Д-ийн гар утсанд үзлэг хийсэн бөгөөд тэрхүү үзлэгээр 20,000,000 төгрөгийг шилжүүлсний дараа нэхэмжлэгч О.О-аас ...гэрээгээ чулуудна биз... гэсэн мессеж, болон түүний дараа хариуцагч Д.Д-ээс нэхэмжлэгч О.О- руу явуулсан гэрээний төсөл зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Гэтэл тухайн гэрээний төсөл нь хамтран ажиллах гэрээний төсөл байдаг. Тиймээс талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх ямар ч үндэслэлгүй бөгөөд талууд анхнаасаа хамтарч ажиллахаар тохиролцсон. Тохиролцооны тухайд хариуцагч Д.Д- аавынхаа нэр дээр байх үл хөдлөх эд хөрөнгийг гаргаж, үйл ажиллагаа явуулахад шаардагдах тусгай зөвшөөрөл гэх баримт бичгийг авна, харин нэхэмжлэгч О.О- нь өөрийн найзуудын хамт компани байгуулж, үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр олсон ашгаа хоорондоо тэнцүү хувааж авна гэсэн нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдоно. Миний мэйл хаягт үзлэг хийхэд надаас явуулсан гэрээнд хариуцагчийн хэлсэн 17,000,000 төгрөгтэй холбоотой ямар нэгэн зүйл яриагүй, талуудын хамтран ажиллах гэрээний төсөл хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч О.О- нь хариуцагч Д.Д-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн гэрээний харилцаа үүссэн үндэслэлээр 96,200,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөгийг зээлдүүлсэн тул мөнгөө буцаан гаргуулна гэж, хариуцагч нь түрээсийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг авсан бөгөөд зээл аваагүй, түрээсийн үлдэх төлбөрөө нэхэмжлэгчээс гаргуулна гэжээ.

 

2. Талууд харилцан адилгүй зөрүүтэй тайлбар гаргасан байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

2.1. Шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Д Д жимэйл.ком хаягт үзлэг хийсэн тэмдэглэлээр талуудыг хамтран үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь тогтоогдож байна. /хх104-127/

 

2.2. Нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх боловч баримтаар нотлоогүй учир анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь зөв.

 

2.3. Харин, Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна. гэж заасан тул дээрх шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.О-аас хамтын үйл ажиллагааны хураамжид хариуцагч Д.Д-т шилжүүлсэн гэж үзэх тул уг хураамжийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхгүй.

 

3. Харин, хариуцагч талаас нэхэмжлэгчид түрээслүүлж байсан гэх обьект болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203001618 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 4 дүгээр байрны 00 тоот орон сууцны зориулалттай 57 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийнх бус харин түүний эцэг гэх Д.Д-ийн өмчлөлийн эд хөрөнгө байна./хх85/

 

3.1. Иймд анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнээд, улмаар сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Тодруулбал, хариуцагч нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслэх эрхгүй, өмчлөгчөөс олгосон Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангасан итгэмжлэлгүй байх ба мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн талаар нотлох баримтгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/02212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 635,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.Д-ЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ