| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0064/э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 63
2019 оны 04 сарын 11 2019/ШЦТ/63 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
СүхБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бэ
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Бд холбогдох 1930000000068 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 24-ний өдөр СүхБ аймгийн Мөнххаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, СүхБ аймгийн Наран сумын 3 дугаар баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Г.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.Б нь СүхБ аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Л.Дгийн гэрт 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Эын хамрыг хазаж “хамрын дунд таславчийн сэтэрсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үдийн хойно найз Дгийнд очоод адууны жүчээнд тэжээл бэлтгэж байтал Э, Ш нар согтуу ирсэн. Тэгээд тэжээл зуурч байтал манай Д найзыг хүзүүдэж аваад би архи уумаар байна гээд байсан. Би нэг цэнхэр савтай тэжээл зуурч байтал тэрийг өшиглөөд байсан. Тэгээд эхнэр нь ирээд хэрүүл болоод явсан. Тэр өдөр гадаа шуургатай байсан. Бид нар Дгийнд ороод 0.5 граммын ерөөл архи уусан. Д тэр архинаас амсаад л өгсөн. Э бид хоёр уусан. Ш 2, 3 татчихаад гарсан. Намайг айлын баруун орон дээр сууж байхад Э Шоовой чи шоронгийн хүн шүү гэсэн. Намайг бага байхад Шоовой гэж дууддаг байсан. Тэгэхээр нь би Эаа зүгээр байгаарай гэсэн чинь чи муу шоронгийн хүн шүү гэсэн. Тэгээд уурласан чинь Э миний зүүн нүд рүү цохисон. Тэгэхээр нь би тонгороод унагасан. Тэгээд зууралдах зуур хамрыг нь хазсан юм шиг байна лээ. Тэр үед Э янз бүрийн авир зан, ааш гаргаад байсан гэв.
Яллагдагч Г.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр үдээс хойш найз Дгийнд очиж, мориных нь тэжээлийг бэлдээд байж байтал гаднаас Э, хүргэн Шынхаа хамт нэлээд халамцуу орж ирсэн. Э нь Дг хүзүүдэж аваад архи уумаар байна гэж согтуурхаад, элдэв зан гаргаад байж байтал Эын эхнэр нь орж ирээд Этай маргаж, муудалцаж байгаад гарсан. Гэтэл Л.Д дэлгүүрээс “Ерөөл”-ийн 0.5 литрийн нэг шил архи авч өгч, гэрт орж ууцгаасан. Тэр архинаас Ш 2-3 хундага уугаад гарч явсан. Л.Д архинаас огт уугаагүй хэсэг ярьж сууж байгаад гарахад Э бид хоёр гэрт үлдэж, үлдсэн архийг хувааж уусан. Би тэрнээс өмнө архи уугаагүй болохоор тэр архийг уугаад бага зэрэг халсан болохоос согтоогүй. Э тухайн үед их согтуу хойд орон дээр сууж байсан. Би баруун орон дээр сууж байсан. Гэтэл Э намайг “Шоовоо чи шоронгийн хүн шүү” гэж хэлэхэд нь “Эаа чи зүгээр байгаарай” гэхэд дахиад “Чи муу шоронгийн хүн шүү” гэхээр нь миний уур хүрч, дотор давчдаад Этай зууралдахад, Э миний зүүн нүд рүү эхлээд цохисон. Тэгэхээр нь би Эыг оронд дээр тонгорч унагаад, зууралдаж байхдаа хамрыг нь хазчихсан юм шиг байна лээ. Тухайн үед Э бид хоёрын хооронд хэрүүл, маргаан болоогүй. Э л согтуурхаад элдвийн зан авир гаргаад байсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүргэн Шынд очиж бид хоёр 0.75 литрийн нэг шил “Болор” нэртэй архи хувааж уусан. Ш бид хоёр тэднийхээс найз Л.Дгийн гэр лүү орой 17 цагийн орчимд очиход Ц.Б, Л.Д, Г.Б нар байж байсан. Л.Д гэртээ 0.5 литрийн “Ерөөл” архи задалж өгөхөд Ц.Б, Л.Д нар архинаас огт уугаагүй. Харин Ш архинаас амсчихаад гэр лүүгээ харьсан. Үлдсэн архийг Г.Б бид хоёр хувааж уугаад би их согтсон. Зарим зүйлээ сайн санахгүй байгаа. Намайг гэрийн хойд орны өмнө сууж байтал Г.Б баруун орон дээрээс босож ирэн, намайг орон дээр дарж унагаад миний хамрыг хазчихаад гараад явсан. Би тухайн үед их согтуу байсан болохоор Г.Б бид хоёрын дунд ямар яриа болсныг санахгүй байна. Ямар ч байсан Г.Б миний хамрыг хазсаныг санаж байна. Тэр үед манай эхнэр С гаднаас орж ирэхэд Г.Б манай эхнэртэй зөрөөд гэрээс гарч байгаад байсан. Эхнэрийг гаднаас орж ирэхэд би хамрынхаа цусыг гоожуулаад доошоо хараад сууж байсан. Хамрын цус тогтохгүй болохоор нь ханцуйгаараа дараад гэр лүүгээ харьсан. Гэрт очоод мөн цус тогтохгүй байхаар нь орой 21 цагийн сумын эмнэлэгт очиж үзүүлэн, их эмч Баар хамартаа 2 оёдол тавиулсан. Би Г.Бэс эмчилгээний зардал мөнгө нэхээгүй. 20.000 төгрөгийн эм тариа, боолтын материал авсан. Тэр мөнгийг би нэхэхгүй. Миний зүгээс Г.Бд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй учраас шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6/,
Гэрч Х.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 14-ний өглөө манай нөхөр ЭхБ хүргэн Штай хөдөө явлаа гээд гэрээсээ гарсан. Гэтэл орой 18 цагийн үед Л.Дгийн хашаанд Этай таарахад нэлээд согтуу байхаар нь гэр лүүгээ авч явах гэхэд миний үгэнд орохгүй, хоёулаа тэнд хэсэг маргалдаж байгаад гэр лүүгээ харьсан. Тухайн үед Л.Д, Ш, Г.Б нар цуг байсан. Л.Д, Г.Б архи уугаагүй эрүүл, харин Э, Ш нар архи уучихсан согтуу байсан. Би тэндээс гэр лүүгээ харьж хэсэг амарч байгаад дахин Дгийн гэр лүү ирэхэд Бийн ам нь цус болчихсон Дгийн гэрээс гарч байгаад надтай таарсан. Тухайн үед Бэ архи уучихсан бага зэрэг халамцуу байсан. Тэгээд би Дгийн гэр лүү ороход манай нөхөр Э гэрт ганцаараа хойд орон дээр нүүр, хувцасных нь энгэр тэр чигтээ улаан цус болчихсон хэвтэж байсан. Би яасан, юу болсон талаар нөхрөөсөө асуухад “Бэ миний хамрыг хазчихлаа” гэж байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Л.Дгийн мөрдөн байцаалтад “...2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд гэртээ байж байхад Э, Ш нар нь нэлээд халамцуу манайх руу ирсэн. Тухайн үед Эын эхнэр С нөхрөө согтуу байна, гэр лүүгээ явъя гээд хашаанаас аваад гарсан. Би гэр лүү орж Шад нэг шил 0.5 литрийн “Ерөөл” архи задалж өгсөн. Төд удалгүй Э гаднаас орж ирсэн. Ш архинаас 2-3 хундага авчихаад гэр лүүгээ харьсан. Үлдсэн архийг Э, Бэ нар хувааж уусан. Би хэсэг сууж байгаад архийг нь дуусахаар шилийг нь гаргаж хаяад, айл руу ус буулгаж өгчихөөд, морины зүчээн дээр ирэхэд Бэ миний араас ирж “Би найзын чинь хамрыг цуслаад явуулчихсан шүү. Тохойгоороо цохисон чинь хамраас нь цус гарчихлаа” гэж байсан. Намайг гэр лүү ороход гэрт хүнгүй, гэрийн хойд орны урд хэсэгт хулдаасан дээр их цус гоожсон байсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай: Б.Эын биед хамрын дунд таславчийн сэтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
СүхБ аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 5/24 дугаар тодорхойлолт /хх-ийн 25/
Шүүгдэгч Г.Бт хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-ийн 29/
Шүүгдэгч Г.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Б нь СүхБ аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Л.Дгийн гэрт 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Эын хамрыг хазаж “хамрын дунд таславчийн сэтэрсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Э , гэрч Х.С, Л.Д нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч Б.Эын хамрыг хазаж эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Г.Бийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Э гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бийг 500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бд оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.Бд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Бд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Ялтан Г.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор СүхБ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР