Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 971

 

 

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2016/00971

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар, /РД:3861724/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Сүмбэр сум, 1-р сумын төвд байрлах “Өгөөж сүмбэр” ХХК /РД:2053314/-д холбогдох,

Бараа, материал зээлээр олгох гэрээний төлбөр 130.958.600 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 22.000 төгрөг, нийт 130.980.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Өгөөжсүмбэр” ХХК-н захирал С.Мөнхтүвшин нь 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 106 тоот Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээ байгуулсан. Хариуцагч талд хаврын тариалтанд 1 тонныг 800.000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа төлбөр болох 30 хувийг 67.200.000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд төвлөрүүлж, үлдэгдэл төлбөр болох 70 хувийг зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан хугацаанд бэлэн мөнгөөр Онцгой байдлын ерөнхий газрын 900031005 тоот дансанд шилжүүлсэн байх нөхцөлтэйгөөр Улсын нөөцөөс 280 тонн үрийн буудай зээлээр олгосон. 2015 оны намар 25.841.400 төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан тул “Өгөөжсүмбэр” ХХК-аас үлдэгдэл төлбөр 130.958.600 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 22.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь хариуцагч “Өгөөж сүмбэр” ХХК-аас 130.980.600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Өгөөж сүмбэр” ХХК нь 130.980.600 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбар болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. /хх 40/

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, хариуцагчийн гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн хүсэлтийг зөвшөөрсөн албан бичиг зэргийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Өгөөж сүмбэр” ХХК нь төлж барагдуулахаар  хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлага 130.980.600 төгрөгийг хариуцагч “Өгөөж сүмбэр” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Жаргалант сум дахь үр тарианы нөөцийн салбар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Өгөөж сүмбэр” ХХК-аас нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 812853 төгрөгийн 50 хувь 406426 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУУЛ