Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01636

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 21 210/МА2024/01636

 

 

Н.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/02887 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Э-д холбогдох,

Д.Р-ын өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.У, хариуцагч Д.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие Д.Р-тай хууль ёсны гэр бүл. Хариуцагч Д.Э- 2023 оны 11 дүгээр сарын 01 ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ү-2201023761 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 143 дугаар байр 146 тоот орон сууцнаас нэхэмжлэгч Н.О- намайг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Нөхөр Д.Р- нь 1982 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Д-гийн 3 дахь хүүхэд, айлын ганц хүү болж төрсөн. Миний бие Д.Р-тай 2009 онд анх танилцаж, 2012 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр том охин Э.М-, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Э.М- нарыг төрүүлсэн. Нөхөр Д.Р- маань 2021 оны 03 дугаар сард элэгний цирроз өвчнөөр оношлогдож, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр элэгний цирроз өвчнөөр нас барсан. Анх танилцсан хугацаанаас хойш Д.Р- бидний хоёр хүүхэд маргаан бүхий орон сууцанд нөхрийн ээжээс өвлөгдөн амьдарч байсан. Нөхөр Д.Р- өвдсөн цагаас хойш тэдний гэр бүл болон бидний дунд байраа зарж Д.Р-ыг эмчлэх талаар л ярьж байсан. Н.О- би нөхөр Д.Р-ын элэгний донор болохоор мэс засалд бэлдэж хувийн бэлтгэлээ хангаж, Эрүүл мэндийн байгууллагаас донор болоход заавал гэр бүл хууль ёсны байх ёстой гэсний дагуу 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Д.Р- бид хоёр 2012 оноос хойш амьдарч байсан. Д.Р- нь хагалгааны цаг хугацааг хүлээж чадалгүй нас барсан. Маргаан бүхий орон сууц нь Д.Р-ын ээж Д.О-ы нэр дээр бүртгэлтэй байсан. Тус орон сууцыг анх Д.Р- нь 2008 онд БНСУ руу явж 2009 онд ирэхдээ орон сууцны урьдчилгаа төлбөр мөнгөтэй ирсэн. Мөнгөн дээр нь ээж аав хоёр нь мөнгө нэмж тус орон сууцыг анх 2010 онд анх авч байсан. 2020 онд ээж Д.О- нь нас барсны дараа Д.Р-т байрны өв ирэх байсан ч Д.Р- нь хэвтрийн өвчтэй, байн байн сэхээнд орж байсан. Нэр шилжүүлэхэд төвөг багатай байх зорилгоор дүү Д.Э-д дангаар өвийн эрхийг шилжүүлсэн. Гэтэл талийгаач Д.Р-ыг нас барсан өдрөөс эхлэн, оршуулгын сүүлийн өдрөөс эхлэн хоёр хүүхэд болон намайг тус орон сууцнаас Д.Э- нь хөөж, элдэв үгээр доромжлон үр хүүхдүүдийг минь заналхийлэн айлган сүрдүүлсэн. Иймд Д.Э-ийн нэр дээр өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 143 дугаар байр 146 тоот орон сууцны Ү-2201023761 өв залгамжлалын гэрчилгээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.7, 56.1.8.1, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасныг үндэслэн миний нөхөр Д.Р-ыг хуурч, өөрийнх нь өвчтэй зовлонтой байсныг ашиглаж хийсэн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулна. Иймд Д.Р-ын өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №24 тоот өвлөх эрхийн гэрчилгээг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.8, 43 дугаар зүйлийн 43.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий өвлөх эрхийн гэрчилгээтэй холбогдуулан бодит байдлыг тодруулбал Ү-2201023761 эрхийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2009 онд худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч, миний ээж дангаар өмчилж байсан. Харамсалтай нь миний ээж 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн. Улмаар хууль ёсны өмчлөгч нас барсны дараа 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өв нээгдэж, хууль ёсны өв залгамжлах эрхтэй, төрсөн хүүхдүүд болох Д-гийн Жаргалцэцэг, Д-гийн Энхбаяр нар нь өөрсдийн хүсэл зоригийг бүрэн дүүрэн илэрхийлж, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргаснаар, төрсөн охин болох Д.Э- надад нотариатаас өвлөх эрхийн гэрчилгээ үйлдэж, түүнийг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуулийн дагуу өөрийн нэр дээр авсан болно. Миний ихэр Д.Р- нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн. Түүнийг нас барахаас 1 сар гаруйн өмнө буюу 2023 оны 02 сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Миний ихэр айлын ганц хүү, 3 дахь хүүхэд болж төрсөн. 2021 оны 02 дугаар сард өв нээгдэж, өвлөх эрхээс татгалзах хүсэлтээ илэрхийлж байх үед миний ихэр элэгний цирроз өвчнөөр оношлогдоогүй байсан бөгөөд өвчтэй, зовлонтой гэх нөхцөл байдалд байгаагүй. Мөн хууль ёсны өвлөгчид нь өөрсдийн хүсэлтийг чөлөөтэй илэрхийлснийг тухайн тойргийн нотариатч гэрчлэн, өвлөх эрхийн гэрчилгээг үйлдсэн. Нэхэмжлэгч Н.О- нь өвлөх эрхийн гэрчилгээг хэзээ үйлдсэнийг мэдэхгүй, мэдэх боломжгүй байсан атлаа тухайн үед миний ихрийг элэгний цирроз өвчнөөр оношлогдсон байсан эсэхийг хэрхэн мэдэж, хэрхэн энэ үйл явдалтай холбож, хууран мэхэлж, хэвтрийн өвчтэй зовлонтой байсныг далимдуулан хийсэн гэж холбож байгаа нь ойлгомжгүй бөгөөд уялдаа холбоогүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дүгээр зүйлд Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. гэж заасны дагуу хэлцэл хийсэн талууд нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, тийнхүү шүүх хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон тохиолдолд хэлцлийн тал бус этгээд нь тухайн хэлцлээс үүссэн үр дагавар (хохирол)-ыг арилгуулахаар шаардах эрхтэй байна. Гэтэл Н.О- нь энэ тохиолдолд өөрт хамааралгүй хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан тул тийнхүү нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагыг Өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах болгож өөрчилсөн ч Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу тийнхүү үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч Н.О- нь бодит байдалд нийцэхгүй зүйлийг мэдсэн гэх тухайн хугацааг хэзээ болохыг тогтоох ямар ч боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Э-д холбогдох Д.Р-ын өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О-өөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Талийгаач нөхөр Д.Р- өөрийн ээж ааваас өвлөгдөх хөрөнгө, өв хүлээн авахаас татгалзсан хэд хэдэн шалтгаан байсан. Үүнд, гэрч Ц.О- мэдүүлэгтээ талийгаач Д.Р- нь айлын ганц хүү түүний ээж, аав нь хүүдээ Москва хороолол, 18070/Москвагийн гудамж 143 дугаар байрны 146 тоот 2 өрөө орон сууцыг авч өгсөн тухай дурдсан. Мөн нэхэмжлэгч Н.О- гар утасны чатад нөхөр Д.Р-тай эрүүл мэндийн асуудлаар болон тэдний амьдарч байсан орон сууцны захиран зарцуулах эсэх талаар ярилцаж байсан тухай утасны үзлэг, тэмдэглэлд дурдсан. 2023 оны 04 дүгээр сард элэгний цирроз өвчин К74 оношоор нас барсан тухай хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэх хуудсаар бусдад өр төлбөртэй гэх шалтгаануудаас болж, байрыг өөрийн нэр дээр байлгахгүй шалтгаануудаас болж өв хүлээн авахаас татгалзаж, дүү Д.Э-д дүр эсгэж нэр шилжүүлсэн.

Өмгөөлөгч М.Ундармаа нь 5 дугаар сард хагалгаанд орсон, 5 дугаар сарын 30-ны өдөр нурууны мэдээгүйжүүлэлт нь гараагүй нуруу нь татаж, босож чадахгүй байна гээд арай гэж шүүх дээр ирж нэхэмжлэгч надтай хэргийн материалаа уншаад явж чадахгүй түшүүлэн буцсан. Гэтэл маргааш нь 11 цагийн орчимд босож чадахгүй байна шүүгчид хэлээд хойшлуулаад өгөөч гэж надтай ярьсан. Мөн шүүх рүү энэ байдлаа мэдэгдсэн гэж надад хэлсэн. Гэтэл өмгөөлөгчийн асуудлыг хүлээн авахгүйгээр нэхэмжлэгч миний хувийн байдлыг ноцтой зөрчиж, нэхэмжлэгч намайг өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцуулсан нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ бүх талаас нь хянаж үзээгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэсэн ганцхан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт цугларсан нотлох баримт бүрийг дутуу хянаж, нотлох баримт бүрийг үнэлж чадаагүй зэрэг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй, мөн шийдвэр нь үг үсгийн алдаатай, нэхэмжлэгч миний гаргасан нэхэмжлэл хувийн байдал, гудамжинд хөөгдөж гарч байгаа 2 бага насны хүүхдийн эрх зүйн байдал зэргийг анхаарч хэргийг хянаж чадаагүй. Уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талын хэлж буй дүр үзүүлэн хийсэн хэлцлийн талаар би одоо хүртэл сайн ойлгохгүй байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.О- нь нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өв залгамжлах гэрээг хийж байх үед Д.Р-ын бие муу, сэтгэн бодох чадваргүй байсан ба тухайн байдлыг миний бие ашиглаж өв залгамжлалын гэрээг хүчээр өөрийн нэр дээр хийсэн мэтээр тайлбарладаг. Гэтэл миний ахын бие 2022 оны 04 дүгээр сард анх муудаж эхэлсэн болохыг нотлохоор эмнэлгийн магадлагааг би хэрэгт өгсөн. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Д.Ж, Д.Р-, Д.Э- бид 3 өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж, хоорондоо ярилцаж, эхээс өвлөгдөх ёстой үл хөдлөх эд хөрөнгө болон бусад зүйлсийн талаар хуулийн дагуу шийдсэн. Тухайн өдөр миний ихэр ах Д.Р-ын бие эрүүл, ухаан санаа нь зүгээр байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Н.О- нь хариуцагч Д.Э-д холбогдуулан Д.Р-ын өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоож хэргийг шийдвэрлэсэн байна.

 

2.1. Талийгаач Д.Р- болон Н.О- нар нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба 2012 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр охин Э.М-, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Э.М- нарыг төрүүлж, Д.Р- 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан үйл баримтууд тогтоогджээ./хх5, 7-9/

 

2.2. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201023761 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, 143 дугаар байрны 146 тоот хаягт байрлах, 41.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Д.О- бүртгэлтэй байсан байна./хх12, 23, 99/

 

2.3. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Д.Ж, Д.Р- нар дээрх орон сууцны өвийг хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт гаргасныг нотариатч гэрчилж, хариуцагч Д.Э-д уг орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна./хх95-99/

 

Улмаар 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээ-ний дагуу тухайн орон сууц 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Д.Э-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна. /хх126-136/

 

3. Хэрэгт авагдсан гэрч Д.Ж, Д.О, Ц.О- нарын мэдүүлгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан хүсэлтийг Д.Р- өөрийн хүсэл зоригийн дагуу гаргаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхгүй. Иймд Д.Р-ын хүсэл зоригийг хүчин төгөлдөр бус гэж үзэх нотлох баримтгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4. Түүнчлэн, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна. гэж заасан тул Д.Р-ын өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй юм.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.У нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг мөн өдрийн 102/ШЗ2024/11340 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

5.1. Уг хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн эмнэлгийн магадлагаа нь М.У-г 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд ажлаас чөлөөлсөн гэсэн байх ба энэхүү магадлагаа нь тухайн өдрийн буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах нотлох баримтад хамааралгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/02887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ