| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0056/э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2019-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 55
2019 оны 03 дугаар сарын 22 Дугаар 55 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Цт холбогдох эрүүгийн 1930000510048 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1 Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ...тоотод оршин суух, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, Г.Ц.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Г.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ...тоотод иргэн Г.Сг зодож эрүүл мэндэд нь доод эрүүний 31, 41, 42-р шүдний булгаралт, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 23-нд Онгон сумаас ирсэн хүргэн ахын хамаатан залуутай Э бид 3 машинд нь архи уусан. Би архиндаа согтоод гэртээ ороод дүүгийнхээ хүүхдийг татаж чангааж уйлуулсан. Үүнээс болж дүүтэйгээ маргасан. Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Бүх зүйл үнэн гэв.
Эрүүгийн 1930000510048 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 23-ны орой манай төрсөн ах Г.Ц нь гаднаас согтуу орж ирээд дүү Мыг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаж хүүхэд хэл амаар доромжиллоо гэж галын хайчаар цохисон юм. Гэтэл чамд хамаагүй гээд миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж миний үүдэн 3 шүдийг хөдөлгөсөн. Доод эрүүний 3 шүд булгарсан. Буйл дотор талдаа бага зэрэг язарсан. Би ахтайгаа сайн дураараа эвлэрсэн ...” гэх мэдүүлэг, /хх-05/,
Гэрч Ц.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Г.Ц гаднаас халамцуухан орж ирээд манай бага хүүгийн 4 настай хүүхдийг тоглоом шоглоомоор татаж чангааж байгаад уйлуулсан. Гэтэл манай охин Сарангуа нь хүүхэд татаж чангаалаа гээд хоорондоо муудаж байсан. Би тэр хоёрыг хоорондоо зодолдоно гэж бодоогүй. Нэг мэдсэн чинь хоёулаа зодолдож байсан. Сарангуагийн үүдэн доод 3 шүд нь булгарсан. Одоо Сарангуа нь хиймэл шүд хийлгэсэн байгаа...” гэх мэдүүлэг, /хх-08/
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаартай дүгнэлтэнд: Г.Сгийн доод эрүүний 31, 41, 42-р шүдний булгаралт, буйланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ. /хх-11-12/,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/312 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 28/
Г.Цын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Г.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ...тоотод хохирогч Г.Сг зодож эрүүл мэндэд нь доод эрүүний 31, 41, 42-р шүдний булгаралт, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Цын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.С , гэрч Ц.О нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Цт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Г.Цыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Ц нь хохирогч Г.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Г.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Цт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд хохирогч Г.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан Г.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов.
Шүүгдэгч Г.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.Цт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА