Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2023/0059

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын

харьяа Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын

нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч    М.Батсуурь

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

шүүгчид:                    Х.Батсүрэн

                                     Ц.Цогт

Илтгэгч шүүгч:        Д.Батбаатар

Шүүх хуралдааны

нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 118/ШШ2023/0005 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2023/0287 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 281 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, П.Б, өмгөөлөгч У.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Б нарыг оролцуулан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: Маргаан бүхий захирамжаар нисэх буудлын аэродром орчмын аюулгүйн бүсэд “А с” ХХК-д 6000 м.кв газрыг техникийн захын зориулалтаар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар олгосон.

3.Нэхэмжлэгчээс “нисэх буудлын аэродром орчмын аюулгүй бүсэд газар эзэмшүүлсэн” гэж, хариуцагчаас “... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэсэн, гуравдагч этгээд нь нисэх буудалтай гэрээ байгуулсан эсэх, байгуулсан бол гэрээний ямар зүйл заалтыг зөрчсөн эсэх, барилга байгууламж барих үйл ажиллагаа явуулаагүй байгаа, маргаан бүхий захиргааны акт нисэх болон нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хэрхэн зөрчиж байгаа нь тодорхойгүй” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэний дараа “Аэродромын төлөвлөлт ба ашиглалт” техникийн баримт бичиг батлагдсан, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, эрх зүйн үйлчлэлгүй, ... аэродромын бүс дотор бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд байрлан үйл ажиллагаа явуулж байгаа, ... гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь аэродромын аюулгүйн бүсэд хамаарч байх боловч нислэгийн аюулгүй ажиллагаанд саад болохооргүй” үндэслэлээр Иргэний нисэхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “төсөл сонгон шалгаруулалтыг эцсийн байдлаар дүгнэсэн эсэх, шалгаруулалтыг дахин явуулах тухай захирамжийн биелэлт хангагдсан эсэх нь тодорхойгүй, хэргийн нөхцөл байдлыг нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Гуравдагч этгээд “А с” ХХК-ийн өмгөөлөгч Э.Б гомдолдоо:

6.1.Тухайн цаг үед мөрдөгдөж байсан зохицуулалтаар гуравдагч этгээдэд олгосон газар нь худалдаа үйлчилгээ эрхэлж болох бүсэд хамаарч байсан.

6.2.Нэхэмжлэлийн үндэслэл болж буй дүрэм журмууд нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, эрх зүйн үр дагаваргүй.

6.3.Нисэх буудлын хөөрч буух зурвасын налуу хэсэгт парк, авто тээврийн газар, ус, цаг уур, орчны газар зэрэг аж ахуйн нэгжүүд байгаа.

6.4.Төсөл сонгон шалгаруулалт явагдахад ямар нэг маргаан гарч байгаагүй, “А с” ХХК зураг төсөл, эскиз зэргийг дахин илгээсэн, 24 сая төгрөг төлснөөр аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/384 дүгээр захирамжийн биелэлт хангагдсан.

6.5.Давж заалдах шатны шүүх “захиргааны байгууллагаас өөрийн шийдвэрээ эргэн харж, засах боломж олгож байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 281 дүгээр тогтоолоор гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Нэхэмжлэгч, хариуцагч нараас гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

10.Маргаан бүхий актыг гаргах үед Иргэний нисэхийн тухай /1999 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ““аэродром орчмын аюулгүйн бүс” гэж аэродромыг байгуулахдаа нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг үндэслэн тогтоосон тодорхой хэмжээний хуурай газар, усан гадаргуу, орон зай;” гэж, 20 дугаар зүйлийн 20.1-д “Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах шаардлагын үүднээс иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага харъяалах сум, дүүргийн Засаг даргатай хамтарч аэродром орчмын аюулгүйн бүсийг тогтооно.”, 20.2-т “Аюулгүйн бүсийн нутаг дэвсгэрийн ашиглалттай холбогдсон асуудлыг Иргэний нисэхийн багц дүрмээр зохицуулна.” гэж,

11.Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/245 дугаар тушаалаар баталсан “Аэродромд тавигдах шаардлагууд”-ын 7.3.2.1-д “Аэродромын аюулгүйн бүсийн зураг 7.3.1-д үзүүлсний адилаар А ба Б бүсэд хуваана. А бүс нь аэродромын хяналтын цэг дээр төвтэй, 3 километрийн радиус бүхий дугуй хэлбэртэй талбай байна. Б бүсэд аэродромын хяналтын цэг дээр төвтэй, 10 километрийн радиус бүхий дугуй хэлбэрийн талбайгаас дотогш, А бүсээс гадагш байрлах талбай багтана” гэж, 7.2.3.2-ын “Хүснэгт 7.3-1: Нисэх буудлын аюулгүй бүсийн газар ашиглалт” хэсэгт “Аэродромын аюулгүйн А, Б бүсэд Худалдааны төвүүдийн зориулалтаар газар ашиглаж болох”-оор заасан байжээ.

12.Говь-Алтай аймгийн Засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/23 дугаар захирамжаар Есөнбулаг сумын нутагт орших Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь нисэх буудлын аэродром орчмын аюулгүйн бүсийн эргэлтийн цэгийн солбицлыг, хамгаалалтын бүсийн зураглалыг тус тус тогтоожээ.

13.Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/308 дугаар захирамжаар Есөнбулаг сумын Жаргалант баг, хуучин нисэх буудлын зүүн урд талд 6000 м.кв газрыг төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгохоор шийдвэрлэхдээ дээр дурдсан хууль болон аэродром орчмын аюулгүйн бүстэй холбоотой дүрэм, 2018 оны А/23 дугаар захирамжаар тогтоосон бүстэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, тухайн үед үйлчилж байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/245 дугаар тушаалаар батлагдсан “Аэродромд тавигдах шаардлагууд”-ын холбогдох заалтуудыг биелүүлж ажилласан эсэх нь тодорхойгүй байна.

14.Улмаар хариуцагч зарлагдсан хугацаанд төсөл ирүүлээгүй тул 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/384 дүгээр захирамжаар төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулахаар шийдвэрлэсэн, Газар эзэмших эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулах комисс 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн төслүүдийг сонгон шалгаруулалтын шаардлагад нийцүүлэн 14 хоногийн хугацаа зааж дахин төслийг авах”-аар шийдвэрлэсэн боловч тэрээр 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжаар Алтай хотын инженерийн байгууламж бүхий бүсэд “А с” ХХК-д техникийн захын зориулалтаар 6000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхдээ “дуудлага худалдаагаар ялагч болсон” гэх үндэслэлийг заажээ.

15.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар баталсан “Аэродромын төлөвлөлт ба ашиглалт” техникийн баримт бичгийн 7.5.4.1-д “Аэродром орчмын аюулгүйн бүсийг зураг 7.5-1-д үзүүлсний адилаар “А” ба “Б” бүсэд хуваана. “А” бүс нь аэродромын хяналтын цэг, ХБЗ-ын 2 талын босгон дээр төвтэй, 4 километрийн радиус бүхий эллбипс хэлбэртэй талбай байна. “Б” бүсэд аэродромын хяналтын цэгт төвтэй, 15 километрийн радиус бүхий тойрог хэлбэртэй талбайгаас дотогш, “А” бүсээс гадагш байрлах талбай багтана”, 7.5.4.4-д “”Аэродром орчмын “Тусгай бүс”-д иргэний нисэхийн зориулалттай барилга байгууламж барихаас бусад барилга барихыг хориглоно” гэж тус тус заасан.

16.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч албан тушаалтан “А с” ХХК-д “техникийн зах”-ын зориулалтаар газар эзэмшүүлэх асуудлыг дахин шийдвэрлэх, энэ явцдаа олгож буй газар нь аэродром орчмын аюулгүйн бүсэд хамаарах эсэх, хамаарч байвал Иргэний нисэхийн тухай хууль, түүнчлэн эрх бүхий байгууллагаас баталсан баримт бичиг, аэродром орчмын аюулгүйн бүсийн нутаг дэвсгэрийн ашиглалттай холбоотой журам, ялангуяа Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Говь-Алтай нисэх буудлын нислэгийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эсэхийг нягтлах шаардлагатай байна.

17.Давж заалдах шатны шүүх ийнхүү хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн маргаан бүхий захиргааны актын дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэсэн байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн байна.

18.Иймд магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2023/0287 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “А с” ХХК-ийн өмгөөлөгч Э.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.БАТСУУРЬ

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

                             ШҮҮГЧИД                                                        Х.БАТСҮРЭН

                                                                                                           Ц.ЦОГТ

                                                                                                           Д.БАТБААТАР