Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 33

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Э.*******гийн нэхэмжлэлтэй тус аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч холбогдох 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******, хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаарД.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2005 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар захирамжаар ******* сумын Засаг даргын Тамгын газарт Чигэстэй багийн туслах түшмэлийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тушаалаар ******* сумын Засаг даргын Тамгын газарт Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар жирэмсэний амралтаа авсан. 2016 оны 2 дугаар сарын 29-ны өдрийн Б/8 дугаар тушаалаар амаржсаны амралтын хугацаа дуусгавар болж ажилдаа томилогдон ажиллаж байтал 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/6 дугаар тушаалаар орон тооны бүтцийн өөрчлөлт гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр охин Б. төрүүлсэн. Одоо 2 нас 4 сартай эрүүл саруул бойжиж байгаа. Ажлаас халсан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтуудыг зөрчиж байна хэмээн үзэж байна. 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэхдээ 87.2 буюу В үнэлгээтэй дүгнүүлсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлага ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би 2005 онд ******* сумын Засаг даргын Тамгын газарт багийн түшмэлээр ажилд орж байсан. Багийн түшмэл нь ******* сумын Засаг даргын Тамгын газартаа харьяалагдаж байдаг. Тэгэхээр би ******* сумын Засаг даргын Тамгын газарт нийт 12 жил ажилласан. Тэгээд 2014 оноос ******* сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэлээр ажилласан юм. Намайг орон тооны бүтцийн өөрчлөлт гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Ийнхүү ажлаас халснаас хойш шинээр ажлын байр бий болгож, хүмүүсийг ажилд авсан байгаа.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.******* нь 2005 оноос ажлаас халагдах хүртлээ ******* сумын Засаг даргын Тамгын газарт нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэлээр ажиллаж байсан. Тэгээд 2014 оны 2 дугаар сарын 29-ний өдөр жирэмсний амралтаа аваад, энэ оноо дуусгаад ажилдаа орсон байдаг. Ийнхүү нэхэмжлэгч нь ажлаа хийж байгаад, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар захиргааны актаар ажлаасаа халагдсан. Нэхэмжлэгч Э.******* нь 3 нас хүрээгүй хүүхэдтэй байгаа. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-т заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1, Төрийн албаны тухай хуулийн 11.6 дахь хэсгийг маргаан бүхий захиргааны акт зөрчсөн. Энэхүү маргаан бүхий захиргааны акт дээр хууль хэрэглээний асуудал яригдана. Мөн ******* сумын Засаг даргын Тамгын газрын орон тоо нь бодит нөхцөл байдал дээр цөөрсөн эсэх асуудал яригдана.

Нэгдүгээрт маргаан бүхий актын хууль хэрэглээний асуудал дээр тайлбарлая. Төрийн албаны тухай хуулийн 11.1-т зааснаар нэхэмжлэгч Э.******* нь төрийн жинхэнэ албан хаагч байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 11.6-т зааснаар зарим асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заажээ. Тухайлбал эмэгтэй хүний хөдөлмөрийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон Олон Улсын гэрээ, конвенцэд чухал байр суурьнаас авч үздэг. Өөрөөр хэлбэл жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эмэгтэй хүний хөдөлмөрийг Төрийн албаны тухай хуульд нарийвчлан зохицуулаагүй. Иймд Төрийн албаны тухай хуулийн 11.6 дахь заалтыг маргаан бүхий захиргааны актад хэрэглэх зайлшгүй шаардлагатай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлүүдийг тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-т ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-т зааснаар ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыгхоригложээ. Тийм учраас маргаан бүхий акт дээр Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх ёстой байжээ. Мөн ******* сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдсөн болохоос биш аж ахуй нэгж, байгууллага татан буугдсан асуудал байхгүй.

Хоёрдугаарт ******* сумын Засаг даргын Тамгын газарт цомхотгол явагдаад хэдэн хүн ажлаасаа халагдсан бэ? гэдэг асуудал гарч ирнэ. ******* сумын Засаг даргын Тамгын газрын орон тоо нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 21 захиргааны ажилтантай байсан. Гэтэл одоо ******* сумын Засаг даргын Тамгын газар 20 орон тоотой байна.

Гуравдугаарт нэхэмжлэгч Э.******* нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэл гэдэг орон тоон дээр ажиллаж байсан. Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь боловсрол, соёл урлагийн тогтоол шийдвэрийг хангах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, нийтийн биеийн тамир, спортын үйл ажиллагааг зохион байгуулах, хууль тогтоомжийг сурталчилах гэсэн чиг үүрэгтэй ажиллаж байсан. Гэтэл шинээр бий болсон нийгмийн хамгаалал, халамж хариуцсан мэргэжилтний ажлын байрны үндсэн чиг үүрэгт Э.*******гийн ажлын чиг үүрэг хадгалагдсан байна.Хариуцагч талаас тайлбар гаргахдаа Э.*******гийн ажлын байрыг цомхотгосон гэж тайлбарладаг. Гэвч Э.*******гийн ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүргүүд хэвээр хадгалагдан үлджээ. Иймд маргаан бүхий албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т зааснаар сонгон шалгаруулж авахаар байна. Нэхэмжлэгч Э.******* нь үр дүнгийн гэрээгээр 87 хувь буюу хангалттай сайн дүгнэгдсэн. Мөн төрийн албанд 12 жил ажилласан тул мэдлэг, ур чадвар, туршлагын хувьд хангалттай байна.

Хариуцагч талаас Э.*******гийн ажлыг нийгмийн халамж хариуцсан мэргэжилтэнд хуваарилж өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл Э.*******гийн ажлын байрны чиг үүрэг хадгалагдан үлдсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т зааснаар сонгон шалгаруулалт явуулах боломжтой байсан. Маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх заалтыг баримталсан байгаа. Гэтэл бодит байдал дээр орон тоо цөөрсөн асуудал огт харагдахгүй байна. Мөн маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасныг баримталсан. Энэхүү заалтыг хэрэглэхээр бол Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т зааснаар сонгон шалгаруулж авахаар байна. Тэгэхээр дээрх хуулийн заалтыг хариуцагч хэрэглээгүй. Нэхэмжлэгч Э.*******, ******* хоёрыг өрөөндөө дуудаад, уулзсан гэж тайлбарлалаа. Гэтэл үүнийг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа. Төрийн албаны тухай хуульд эмэгтэй хүний хөдөлмөрийн талаарх зохицуулалт байдаггүй. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 11.6-т зааснаар эмэгтэй хүний хөдөлмөрийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.

...Өмнө нь нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэлийн мэргэжлийн шаардлага дээр нягтлан бодогч байна гэсэн шаардлагыг тавьж байгаагүй. Тийм учраас Э.******* нь нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан албан тушаалд ажиллаж байсан. Гэтэл дээрх албан тушаалын нэршил нь өөрчлөгдөөд нийгмийн хамгаалал, халамж хариуцсан түшмэл гэсэн нэртэй болжээ. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн хувьд нягтлан бодогч байхаар шаардлагыг хариуцагч талаас тавьсан байна. Энэхүү шаардлага нь Э.*******гийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд Э.*******гийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зарчмыг баримтлах ёстой.

Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн гэдэгт эргэлзээтэй байна гэж тайлбарлалаа. Нэхэмжлэгч нь хуульч биш учраас үнэн зөвийг шийдвэрлэж өгнө үү гэж Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан гэж хэллээ. Гэхдээ нэхэмжлэгч Э.******* нь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын дагуу гаргасан байдаг. Тийм учраас Төрийн албаны салбар зөвлөлөөс албан бичгээр хариу ирсэн байгаа.

Иймд маргаан бүхий захиргааны акт нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн тул ******* сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.*******г ажилд нь эгүүлэн томилж өгнө үү.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар тогтоолын төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр бүх шатны төсвийн захирагч нарт салбар болон байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачаалалыг нягтруулах зэргээр орон тоо, цалин хөлс, урсгал зардлыг бууруулах, батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх эрхийг олгох, байгууллагын бүтцийн өөрчлөлт, хийх болон чиг үүргийн давхардлыг арилгах замаар батлагдсан төсвөөс хэмнэсэн цалингийн сан болон бараа үйлчилгээний бусад зардлыг байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах зориулалтаар зарцуулахыг зөвшөөрөх гэсэн заалтуудын дагуу чиг үүргийн давхардлыг арилгах ажлын ачааллыг нягтруулах, бүтцийн өөрчлөлтийн саналыг боловсруулж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн...

Би 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа авсан. Ийнхүү ажлаа аваад хамгийн түрүүнд ямар бүтэц, орон тоотой ажиллах талаар судалсан. Ингэж судалсны үндсэн дээр 2017 он гарахаас өмнө ******* сумын Удирдах зөвлөлд бүтэц, орон тооны талаарх асуудлаа тавьж зөвшилцсөн.

Тамгын газрын орон тоог Засгийн газар жишгээр баталдаг байгаа. Ингэхдээ 10 мянгаас дээш хүн амтай бол 20 орон тоотой байхаар заасан. Үүний дараа ******* сумын Тамгын газарт олон албан бичгүүд ирсэн. Тухайлбал ******* сумын Засаг даргын Тамгын газар санхүүгийн алба байгуулах тухай Засгийн газрын тогтоол, мөн ажлын ачааллыг нягтруулах, чиг үүргийн давхардлыг арилгах тухай Улсын Их Хурлын 47 дугаар тогтоол ирсэн. Дээрх тогтоолуудын хүрээнд Тамгын газрын орон тоо, бүтцийн асуудлаар сумын Засаг даргатай ярилцсан. Манай Тамгын газар бол Засгийн газрын тогтоолын дагуу 20 орон тоотой байх ёстой. Өмнө нь 21 орон тоотой байсан. Учир нь программист, архитектур хоёр нь тус тусдаа байсан. Ийнхүү чиг үүрэг нь давхардаж байгаа орон тоог судалж үзсэн юм. Тэгэхэд нийгмийн ажилтан, нийгмийн халамж хариуцсан ажилтны ажлыг нягтруулах боломжтой харагдсан. Мөн хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтний ажлын ачаалал багатай байсан. Гэтэл газрын даамал гэдэг орон тоо бол хамгийн их ачаалалтай, хамгийн их асуудалтай ажлын байрын байсан.

...******* сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд өөрчлөлт оруулах саналыг сумын Хурлын Тэргүүлэгчдээс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар тогтоол гарган дэмжиж, уг саналыг тусгаж холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга, хотын захирагч Б.*******т даалгасан. Үүний дагуу ******* сумын Засаг дарга, хотын захирагч Б.******* 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамж гарган бүтэц, орон тоог баталсан. Энэ бүтэц, орон тоогоор нийгмийн бодлого хариуцсан түшмэл, хөдөлмөр эрхлэлт хариуцсан түшмэл нарын орон тоог цомхотгосон юм...Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалт, 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтуудыг зөрчсөн гэжээ. Энэ заалтууд төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Э.******* нь 3 сарын тэтгэмжийг шилжүүлэхийг удаа дараа шаардаж байсан тул 2017 оны 1 дүгээр сарын 26-ний өдөр 1 549 989 /нэг сая таван зуун дөчин есөн зуун наян есөн/ төгрөгийг өөрийн нэр дээрх Төрийн банкны 17000008270 тоот дансанд шилжүүлсэн болно. Шаардлагатай гэж үзвэл 3 сарын тэтгэмж болох 1 549 989 /нэг сая таван зуун дөчин есөн мянга есөн зуун наян есөн/ төгрөгийг нэхэмжлэх болно. Дээрх нөхцөл байдлуудын улмаас Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.

Хэрэгцээтэй албан тушаалыг нэмэх, чиг үүрэг нь давхардсан ажлын байрыг нягтруулахын тулд тушаал гаргасан. Ийнхүү тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх хэсгийг үндэслэсэн байгаа. Тэгэхээр бүтцийн өөрчлөлт орж, төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь тайлбарлахдаа зарим асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах байсан гэж хэллээ. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Тийм учраас маргаан бүхий тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийг голчлон баримталсан.

Би нийгмийн халамж хариуцсан түшмэл болон Э.*******тай хоёр удаа уулзсан. Ингэхдээ бүтэц, орон тоо өөрчлөгдөж байгаа тул та хоёрын хэн нэг нь үлдэхээр боллоо гэж хэлсэн. *******г ажлаа хийгээд үлдэхийг Э.******* тухайн үед хүлээн зөвшөөрч байгааг ажигласан. Тийм учраас Э.*******г ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Ингэхдээ ажилтнуудынхаа хувийн байдал болон ажил мэргэжил, туршлагын талаар судалсан. Тэгэхэд нийгмийн халамж хариуцсан түшмэл ******* нь төрийн албанд 19 жил ажилласан, өрх толгойлсон эмэгтэй байсан. Харин Э.******* нь багт түшмэлээр ажиллаж байгаад, ******* сумын Засаг даргын Тамгын газарт 3 жил гаран ажилласан байдаг. Тийм учраас *******гийн төрийн албанд ажилласан жил болон өрх толгойлсон эмэгтэй гэдэг хувийн байдлыг нь харгалзан үзээд ажлын байрыг нягтруулсан. Ингэхдээ Э.*******гийн хийж байсан ихэнх ажлыг *******д, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хүн ам зүйн бодлого хариуцсан мэргэжилтэнд, харин нийтийн биеийн тамиртай холбоотой ажлыг хасч, ажлын байрны давхардлыг арилгасан. Ийм учраас Э.*******г ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан юм. Төрийн албаны тухай хуулин дээр энэ хуулиар нарийвчлан зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан байгаа. Маргаан бүхий актад баримталсан Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх заалтыг энэ хуулинд нарийвчлан зохицуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй. Харин ээлжийн амралтын тухайд Төрийн албаны тухай хуулинд нарийвчлан заагаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийг баримтална... Нэхэмжлэгчийг эгүүлэн томилох ажлын байр байхгүй байгаа. Гэхдээ гэрээгээр ажиллуулж болохыг үгүйсгэхгүй. Ер нь шүүхээр маргалдаж байгаа хүмүүс хамтран ажиллах хэцүү юм байна лээ. Нэхэмжлэгч Э.*******гийн ажиллаж байсан орон тоо байхгүй болсон учраас ажилдаа эргэж томилогдсон ч гэсэн халагдана шүү дээ. Тийм учраас дахин халагдаж, шүүхээр маргалдах шаардлага нэхэмжлэгчид байгаа эсэхийг бодоорой гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт нэхэмжлэгч талаас орон тоо цөөрүүлсэн гэдэг асуудал ярилаа. Гэтэл орон тоо цөөрүүлсэн гэдэг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар дээр орон тоо цөөрүүлсэн гэдгийг хоёр ижил албан тушаалыг нэгийг нь хассан бол орон тоо цөөрүүлсэн гэж ойлгоно. Иймд нэхэмжлэгч талын орон тоо цөөрүүлсэн гэдэг тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Хоёрдугаарт Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлага нь юу вэ? гэхээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх гэсэн зүйл байгаа. Үүнээс харахад Э.******* нь цалин, хөлсөө гаргуулахаар нэхэмжилсэн нь харагдахгүй байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбогуулан шүүхийн зүгээс тодруулга аваагүй байдаг. Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбар өгөөгүй. Гэтэл Захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэхдээ Э.*******г нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэл дээр эгүүлэн тогтоолгох... гэсэн байгаа. Гэтэл нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэлд эгүүлэн тогтоолгох гэдэг нь хавтаст хэргээс харагдахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь анхнаасаа тодорхойгүй байсан. Үүнийг нэхэмжлэгч талаас тайлбарлаж, тодруулсан зүйл байдаггүй.

Гуравдугаарт чиг үүрэг нь шилжсэн учраас энэ албан тушаал дээр байх ёстой гэж нэхэмжлэгч талаас тайлбарлалаа. Гэтэл бодит байдал дээр нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэлийн албан тушаал байхгүй болсон.

Дөрөвдүгээрт Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой гэж нэхэмжлэгч талаас тайлбарлалаа. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийг ямар нөхцөлд хэрэглэх талаар Төрийн албаны тухай хуульд тодорхой зааж өгсөн. Маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 23.4-т заасныг баримталсан байгаа. Ийнхүү нарийвчилсан хуулийн заалтыг баримталсан учраас заавал Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх шаардлага байхгүй. Тухайлбал *******ын *******гийн хүүхэд биш гэж хэлж байгаа зүйл биш. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад *******гийн хүүхэд гэж нотлох баримт алга. Тухайлбал гэрлэлтийн баталгаа хавтаст хэрэгт авагдсан тохиолдолд *******, ******* хоёрын хүүхэд гэж ойлгоно. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-т заасныг баримтлах шаардлага байхгүй.

Тавдугаарт нэхэмжлэгч нь тайлбар гаргахдаа намайг ажлаас халчихаад, өөр хүмүүсийг ажилд авсан байна. Тиймээс би эргэж ажилдаа орох ёстой гэдэг байдлаар тайлбарласан. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Тамгын газрын дарга нь сумын Засаг даргатай зөвшилцөөд, Засгийн газраас баталсан орон тооны хязгаарт багтааж, Тамгын газрын бүтэц орон тоогоо батлах боломжтой. Үүний дагуу чиг үүргийн давхардлыг арилгаж, ажлын ачааллыг нягтруулсан. Тэгэхээр нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэлийн ажлын байрыг дахин гаргаж ирээд, өөр хүнийг ажилд авсан гэж нэхэмжлэгч тал ойлгож болохгүй. ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь ажлын байрны чиг үүргийн давхардлыг арилгахдаа холбогдох хууль болон Засгийн газрын тогтоолын дагуу шийдвэр гаргасан. Ажлын байрны чиг үүрэг хаана давхардаж байна вэ? гэхээр ажлын байрны тодорхойлолтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Тухайлбал аймаг, сумын Засаг даргын үндсэн чиглэл болон мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэсэн зорилго нь нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэл, нийгмийн халамж хариуцсан түшмэлийн ажлын байрны тодорхойлолтууд дээр байдаг. Үүнийг чиг үүргийн давхардал гэж үзэж байна. Ийм учраас чиг үүргийн давхардлыг арилгахаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга шийдвэр гаргасан. Ийнхүү шийдвэр гаргахад заавал сонгон шалгаруулалт явуулах шаардлага байхгүй. Учир нь сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуулинд нарийвчлан зохицуулаагүй. Гэхдээ хариуцагчийн тайлбараар *******, Э.******* хоёрын алийг нь авч үлдсэн талаар тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл ******* нь ******* сумын Засаг даргын Тамгын газарт 19 жил ажилласан бөгөөд өрх толгойлсон эмэгтэй. Харин Э.******* нь 3 жил гаран ажилласан. Тийм учраас *******г сонгосон гэж хариуцагч тайлбарлалаа. Учир нь мэргэжил, ур чадвар, туршлагын хувьд илүүг нь сонгох эрх хариуцагчид байсан. Ийнхүү сонгохдоо *******, Э.******* хоёрыг өрөөндөө оруулж ирээд, алийг нь сонгох талаар ярьсан байдаг. Тийм учраас маргаан бүхий тушаалыг гаргахдаа сонголт хийсэн. Ийнхүү сонголт хийхдээ 19 жил ажилласан хүн авах уу? 3 жил ажилласан хүн авах уу? мөн багш мэргэжилтэй хүн авах уу? нягтлан бодогч мэргэжилтэй хүн авах уу? гэдэг нь хариуцагчийн бүрэн эрхийн асуудал юм. Тухайлбал маргаан бүхий ажлын байрны тодорхойлолтууд дээр нягтлан бодогч мэргэжилтэй байхаар заасан байна. Иймд нягтлан бодогч мэргэжилтэй хүнийг авч үлдэж, Э.*******г ажлаас чөлөөлсөн нь зүйтэй юм.

... Нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэлийн чиг үүрэг нь нийгмийн хамгаалал, халамжийн асуудал хариуцсан албан тушаалд хэвээр хадгалагдаж байна. Тиймээс Э.******* нь нийгмийн хамгаалал, халамжийн асуудал хариуцсан албан тушаалд томилогдох ёстой гэж тайлбарлалаа. Дээрх албан тушаал дээр ******* ажиллаж байгаа. Гэтэл *******г гуравдагч этгээдээр татаагүй байдаг. Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн албан бичгээс харахад урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь Төрийн албаны салбар зөвлөлөөс таны гаргасан өргөдлийн талаар манайх шийдвэрлэх боломжгүй, манайд хамааралгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Энэ талаар нэхэмжлэгчээс тодруулахад үнэн зөвийг шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдол гаргасан гэж хэллээ. Энэ нь урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагааг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Миний бодлоор Төрийн албаны салбар зөвлөлийн чиг үүрэгт хамааралгүй гомдол ирсэн учраас тийм хариу өгсөн гэж ойлгож байгаа. Иймд урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байна. Хэрвээ урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй бол хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахдаа үнэн зөвийг шийдвэрлэж өгнө үү гэж гомдлыг гаргасан талаар түрүүн тайлбарласан. Хэрвээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын дагуу гомдлоо гаргасан бол Төрийн албаны салбар зөвлөл хуралдаад, холбогдох шийдвэрийг ирүүлэх байсан байх.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны хичнээн төгрөгний цалин нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Яагаад гэвэл 2017 оны 1 дүгээр сарын цалин нь нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдээгүй байна. Тэгсэн мөртлөө цалингийн цэснээс харахад 2017 оны 1 дүгээр сард цалин хөлс авсан байдаг. Тэгэхээр аль нотлох баримтыг үндэслэж цалин хөлс нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс ажилгүй байсан хугацааны цалинг бодож, гаргуулах саналтай гэж ойлголоо. Эцэст нь хэлэхэд санал солилцож, зөвшилцсөн учраас бүтэц орон тоог өөрчилсөн гэж үзэх боломжтой гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч/-ын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдэгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Маргаан бүхий захиргааны акт болох дээрх Б/06 дугаар тушаалаар[1] Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар тогтоолын[2] 1.2 Б, Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 425 дугаар тогтоол[3], ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар тогтоол[4], сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн А/135 дугаар захирамжийг[5] тус тус үндэслэн Э.*******г нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэлийн үүрэгт ажлаас чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар зэрэгт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж, хохирол гаргуулах шаардлагыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр тогтоов.

1. ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал ...Э.******* нь 3 хүртэлх насны хүүхэдтэй эх бөгөөд түүний урьд эрхэлж байсан нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэлийн ажлын байрны чиг үүрэг нь шинээр бий болсон нийгмийн халамж, нийгмийн бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн тул дээрх албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах ёстой, түүнчлэн орон тоог цөөрүүлж, цомхтгосон гэх боловч бодит байдал дээрээ нэмэгдсэн хэмээн нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж байна.

Хариуцагч тал Нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо цөөрөөгүй, харин уг орон тоо хасагдсан учраас түүнийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу ажлаас чөлөөлсөн нь үндэстэй, энэ асуудлыг шийдвэрлэх талаар Төрийн албаны тухай хуулинд нарийвчлан зохицуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийн зохицуулалт хамааралгүй хэмээн тайлбарлаж байна.

Хариуцагч ******* сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д зааснаар Засгийн газраас тогтоосон бүтэц орон тооны хязгаарт багтаан сумын Засаг даргатай зөвшилцөн Тамгын газрын бүтэц, орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрхтэй байна.

Хариуцагч дээрх эрх хэмжээний хүрээнд Э.*******г ажлаас чөлөөлөх асуудлаар маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

******* сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог зөвхөн сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамжаар тогтоосон байх ба харин хариуцагч Тамгын газрын даргаас дээрх бүтэц орон тооны талаар гаргасан захиргааны акт байхгүй байна.

Гэхдээ энэ талаар буюу бүтэц орон тоо зохих ёсоор шинэчилэн тогтоогдсон эсэх талаар нэхэмжлэгч тал маргаагүй болно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамж гарснаар тус Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн тогтоогдсон гэж үзэж, үүний дагуу шинээр бий болсон нийгмийн халамж, нийгмийн бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалд Э.*******г томилогдох ёстой гэж маргажээ.

Нэхэмжлэгч Э.******* нь ******* сумын Засаг даргын Тамгын газарт нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэлээр ажиллаж, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спортын талаар баримтлах бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, сурталчлах үндсэн чиг үүргийг[6] хэрэгжүүлж байжээ.

******* сумын Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалаар Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах үед түүний дээрх албан тушаалын чиг үүрэг шинээр бий болсон нийгмийн бодлого, халамж хариуцсан ажилтны орон тоонд хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамж[7], түүний хавсралт, тус Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тушаал[8], нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэлийн болон шинээр бий болсон нийгмийн халамж, нийгмийн бодлого хариуцсан түшмэлийн ажлын байрны тодорхойлолтууд[9], гэрч Ё.*******гийн мэдүүлэг[10] зэрэг баримтаар нотлогдож байна.

Дээрх баримтуудаас харахад ******* сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэл болон нийгмийн хамгаалал, халамж хариуцсан түшмэл гэсэн хоёр ажлын байрны хувьд орон тоог цөөрүүлж нийгмийн халамж, нийгмийн бодлого хариуцсан түшмэл гэсэн нэг орон тоог бий болгосон байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажлын байрны орон тоог цөөрүүлсэн байгаа боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдэж, өөр ажлын байранд нэгтгэгдэж өөрчлөгдсөн бол дээрх албан тушаалуудыг эрхэлж байсан албан хаагчдын тухайд үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзаж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах үндэслэлтэй юм.

Гэвч дээрх нөхцлийг хангалгүйгээр, Э.*******г төрийн жинхэнэ албанаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг тус тус үндэслэсэн нь буруу байх ба энэ нь нэхэмжлэгчийнүргэлжлүүлэн ажиллах эрх, дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5-д заасан төрийн албанд томилогдох адил тэгш боломжтой байх, шударга ёсны зарчмуудыг зөрчсөн шийдвэр болжээ.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д ... тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө, 27 дугаар зүйлийн 27.2.4-д ...өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан уг зохицуулалтуудыг хуулийн этгээд татан буугдсан болон бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөн байгуулагдсаны улмаас зөвхөн орон тоо нь хасагдсан буюу тухайн ажлын байрны чиг үүргийг цаашид огт үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагагүй болсон нөхцөлд хэрэглэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт дахь ...шалгаруулж авна гэдгийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг ойлгохоор байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтаас үзэхэд төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөний улмаас тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авахаар хуульчилжээ.

Иймд хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан зохицуулалтад нийцүүлэн нийгмийн халамж, нийгмийн бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалд Э.*******г томилох эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байжээ.

Тодруулбал 2 ажлын байрыг нэгтгэн нэг болгож, ажлын байрыг нэг орон тоогоор цөөрүүлсэн тул нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэл болон нийгмийн хамгаалал, халамж хариуцсан түшмэлийн албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдаас хэнийг нь шинэ тогтоосон бүтэц, орон тооны дагуу нийгмийн халамж, нийгмийн бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалд томилохыг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сонгон шалгаруулж шийдвэрлэх ёстой байжээ.

Хэдийгээр хариуцагч нь шүүх хуралдаанд дээрх сонгон шалгаруулалтыг хийсэн, нэхэмжлэгч Э.*******г дээрх асуудлаар сонсож, санаа бодлыг нь асуусан гэж тайлбарлаж байгаа хэдий ч дээрх тайлбарынхаа үндэслэлийг шүүхэд баримтаар нотлож чадаагүй, энэ талаар нотлох баримтууд гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж байна.

Дээрх шалгаруулалтыг хариуцан зохион байгуулж, шийдвэрлэх нь хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээ тул шүүх дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах боломжгүй буюу нэмж шалгаж, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.

Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдын дунд шалгаруулалт явуулах нь шүүхийн эрх хэмжээ биш бөгөөд нэмж шалгаж, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу тус хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх-ээр заасан байна.

Шүүх дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, маргаан бүхий 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд нийгмийн халамж, нийгмийн бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалд нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэл болон нийгмийн хамгаалал, халамж хариуцсан түшмэлийн албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдаас хэнийг нь томилохоо сонгон шалгаруулсан захиргааны шинэ актыг Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаас гаргах хүртэл хугацаагаар маргаан бүхий 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/06 дугаар тушаалын биелэлтийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь шүүхээс тогтоосон 45 /дөчин тав/ хоногийн хугацаанд нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэл болон нийгмийн хамгаалал, халамж хариуцсан түшмэлийн албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж, шинээр бий болсон нийгмийн халамж, нийгмийн бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалд зохих ёсоор томилох асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга / үүргийг түр орлон гүйцэтгэгч/-ын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/06 дугаар тушаал хүчингүй болох юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн болон ажлын байрыг бодитоор цөөрүүлээгүй гэх маргааны тухайд:

а/ Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 /ноцтой зөрчил гаргасан/, 40.1.5 /ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан/-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно., 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1 /...орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн/-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх... гэж заажээ.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулиар, төрийн албан хаагч болох 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийн нэмэгдэл баталгааг хуульчлаагүй, түүнчлэн орон тоо цөөрсөн, хасагдсан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө энэ тухай ажилтанд мэдэгдэх хугацааны талаар тодорхой зохицуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх илүү нарийвчилсан зохицуулалтыг 3 нас хүрээгүй хүүхэдтэй эхийн тухайд төсөөтэй хэрэглэж болох тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар буруу биш юм.

Нэхэмжлэгч Э.******* нь эрүүл бойжиж буй 3 нас хүрээгүй хүүхэдтэй эх болох нь түүний охин Б.******* төрсний гэрчилгээ[11] болон их эмчийн тодорхойлолтоор[12] нотлогдож байна.

Гэвч энэ хэрэгт маргаж буй үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авч үзэхэд нэхэмжлэгч тал Э.*******г урьд эрхэлж байсан нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан албан тушаалд бус хоёр ажлын байрны чиг үүргийг нэгтгэн шинээр тогтоосон нийгмийн халамж, нийгмийн бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалд томилуулахыг хүсч байгаа тул дээрх үүссэн нөхцөл байдлын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан зохицуулалтаас илүү Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь зохицуулалт буюу орон тоо цөөрсөн бол ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан сонгон шалгаруулах гэсэн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан ажлын байр орон тооны хувьд бүхэлдээ хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд л Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан зохицуулалт хангагдах ёстой гэж үзнэ.

б/ Завхан аймгийн Статистикийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар албан бичгээс[13] харахад******* сум нь 2016 оны жилийн эцсийн байдлаар 15 756 хүн амтай байх ба Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 425 дугаар тогтоолоор 20 000 хүртэл хүн амтай сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 20 байхаар тогтоожээ.

******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамж, мөн гэрч Ё.*******гийн мэдүүлэг зэргээс харахад тус Тамгын газар нь үндсэн 20 тоотойгоор 2017 оны 1 дүгээр сараас эхлэн ажиллаж ирсэн байх ба зарим чиг үүргийг гэрээт ажилтнуудаар гүйцэтгүүлж ирсэн байна.

Ажилтнуудын 2017 оны 1-ээс 4 сарын цалингийн холбогдох баримтууд[14], мөн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтаас[15] харахад ******* сумын Засаг даргын Тамгын газар нь 48-59 ажилтанд цалин бодож олгон, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж төлсөн байна.

Дээрх ажилтны тоонд үндсэн 20 ажилтнаас гадна багуудын Засаг дарга болон тэдний ажлын албаны 12, бусад гэрээт 21 ажилтан багтаж байх ба 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш үндсэн ажилтны тоог нэмэгдүүлээгүй талаар гэрч буюу ******* сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Ё.*******[16] мэдүүлж байна.

******* сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн ажлын байрны 20 орон тооны дотор нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэл болон нийгмийн хамгаалал, халамж хариуцсан түшмэлийн орон тоог нэгтгэж нийгмийн халамж, нийгмийн бодлого хариуцсан түшмэл, хөдөлмөр эрхлэлт хариуцсан түшмэл болон жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан түшмэлийн орон тоог нэгтгэж хөдөлмөр, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан түшмэлийн орон тоог тус тус бий болгож, мөн зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж, өргөдөл, гомдол хүлээн авах ажилтан болон газрын даамлын ажлын байрыг тус тус шинээр бий болгож нэмэгдүүлсэн байна.

Харин программист, татварын ажилтан, агронамич зэрэг ажилтнуудыг гэрээгээр ажиллуулах болсон байна. Мөн бусад урьд ажиллаж байсан гэрээт ажилтнаа 11-ээр цөөрүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Тиймээс Тамгын газрын үндсэн 20 орон тоог нэмэгдүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэсгүй бөгөөд тогтоогдсон орон тоо, цалингийн санд багтаан үндсэн болон гэрээт ажилтнуудын ажлын байрны зохицуулалтыг хийсэнд хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

Ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл, мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээрсарын 10-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/06 дугаар тушаал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаарх нэхэмжлэгчийн шаардлага үндэстэй байна.

Гэхдээ нэхэмжлэгч Э.******* нь маргаан бүхий захиргааны актыг гаргаснаас хойш уг захирамжинд заасан 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг хүлээж авсан байх ба ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хүрээнд уг цалингийн нөхөн олговрын хэмжээгээ тодорхой тооцоогүй бөгөөд нөхөн олговрын хэмжээний талаар хариуцагч тал маргаж байгаа тул цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах шаардлагуудыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ. гэж заасан байх тул дээрх шаардлагуудыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаагүй, мөн шинээр бий болсон нийгмийн халамж, нийгмийн бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалд ажиллаж буй этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагатай гэххариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

а/ Нэхэмжлэгч Э.******* нь төрийн албатай холбоотой өөр бусад асуудлаар хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргатай маргаан үүсгээгүй байх ба энэ талаар талууд хэн аль нь тайлбарлаж байна.

Иймд Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар албан бичгээр[17] ...энэхүү өргөдөлд дурдсан асуудлаар дүгнэлт гаргах боломжгүй бөгөөд холбогдох хууль журмын дагуу асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэх хариу өгснөөс үзэхэд нэхэмжлэгчийн тухайд энэ хэрэгт маргаж буй асуудлаар гомдлоо урьдчилан шийдвэрлүүлсэн гэж үзэж болохоор байна.

б/ Хариуцагчаас нэгэнт ажлын байруудыг нэгтгэж шинээр бий болсон нийгмийн халамж, нийгмийн бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалд томилогдох ажилтныг зохих ёсоор сонгон шалгаруулаагүй нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх албан тушаалд одоо ажиллаж буй этгээдийг энэ хэрэгт зайлшгүй гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагаар хэрэг шийдвэрлэлтийг хойшлуулах, удаашруулах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, тус Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчT.*******гийн цалин хөлс болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн халамж, нийгмийн бодлого хариуцсан ажилтны албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан шалгуур үзүүлэлтүүдээр нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэл болон нийгмийн хамгаалал, халамж хариуцсан түшмэлийн албан тушаалыг урьд эрхэлж байсан албан хаагчдаас сонгон шалгаруулж, томилох талаар хариуцагчаас захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон 45 хоногийн хугацаанд гаргаагүй тохиолдолд тус ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

5. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Л.ТУНГАЛАГ

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд

[2] Хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд

[3] Хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд

[4] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд

[5] Хавтаст хэргийн 35-36 дугаар хуудсанд

[6] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд

[7] Хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд

[8] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд

[9] Хавтаст хэргийн 11 болон 81 дүгээр хуудсанд

[10] Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудсанд

[11] Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд

[12] Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд

[13] Хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудсанд

[14] Хавтаст хэргийн 56-65 дугаар хуудсанд

[15] Хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудсанд

[16] Хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд

[17] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд