Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 1603

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00507 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлдэгч ХХХХ-д 60 000 000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлж, 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл, 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл тус тус 2 удаа сунгалт хийсэн. Дараа нь 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр уг гэрээг 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан байдаг.

Зээлдэгч ХХХХ нь харилцан тохиролцсон гэрээний дагуу зээлийн хүүг 2015 оны 10 дугаар сар хүртэл төлсөн. Зээлдэгч 2015 оны 10 дугаар сараас хойш зээлийн хүү болон үндсэн зээлийг гэрээнд заасны дагуу төлөлгүй зээлдүүлэгч надад хохирол үзүүлж байна. ХХХХгээс үндсэн зээл 60 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны хүү 10 500 000 төгрөг, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт заасны дагуу хохиролд хүү 8 400 000 төгрөг, нийт 78 900 000 төгрөг гаргуулж өгнө үү.

Бид зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээнд заасны дагуу алданги нэхэмжлээгүй. 40 400 000 төгрөг төлсөн байдаг. Үүнийг зээлийн хүүний төлөлт гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ, өмгөөлөгч ХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХтэй 2014 оны 2 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулж 60 000 000 төгрөг зээлж авсан, гэрээний хугацааг 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгасныг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хийсэн сунгалтыг зээлдүүлэгчийн дарамт шахалтанд хийсэн.

Аргагүй эрхэнд ХХХХгийн өмнөөс гарын үсгийг нь ХХХХХ зурсан. Зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, 3 сарын сунгалтыг мөн нотариатаар гэрчлүүлсэн байхад 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны сунгалтыг ийнхүү гэрчлүүлээгүй байгаа нь дарамтанд орж хийснийг нотолж байна.

2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн гэх сунгалтыг ч хүлээн зөвшөөрөхгүй. Зээлдэгчийн зүгээс 40 400 000 төгрөгийг төлсөн. Үүнийг үндсэн зээлийн төлөлт гэж үзэж байна. Зээлдэгч нь одоо 45 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээнд заасан 3.5 хувийн хүү өндөр байгаа тул шүүх хуульд заасны дагуу хүүг бууруулан тооцож өгөхийг хүсье гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т заасныг баримтлан хариуцагч ХХХХгээс 55 517 476 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 382 524 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч ХХХ нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурдсан барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг дурдаж, Үүнд: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, ХХХХХХХХХ дүүргийн ХХ хороо, ХХ хороолол, ХХХХХХХХХХХХ тоот хаягт байршилтай, иргэн ХХХХ-ийн өмчлөлд бүртгэлтэй, 46.73 м.кв тайлбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХгээс тэмдэгтийн хураамжид 435 537 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт “2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хийсэн сунгалтыг зээлдүүлэгчийн дарамт шахалтанд хийсэн, мөн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн бичгийг эс зөвшөөрч, зээлдүүлэгчийн дарамт шахалтанд орж аргагүй эрхэнд гарын үсэг зурсан” тухай хариуцагчийн мэдүүлэг дурьдагджээ. Зээлдүүлэгч би зээлдэгчийг ямар нэгэн байдлаар дарамт шахалтанд оруулаагүй.

Шүүхээс шийдвэр гаргахдаа тооцооны болон техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Тухайлбал: анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Зээлийн гэрээ нь 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл буюу 20 сарын хугацаатай байгуулагдсан байх ба зээлдүүлэгч нь энэ хугацаанд зээлийн хүүг авах эрхтэй... Зээлдэгч 18 сарын турш cap бүр төлбөр хийж байсан ба зарим сард шилжүүлсэн төлбөр зээлийн хүүний төлбөрөөс илүү үнийн дүнтэй байх тул зээлийн хүүний төлбөрөөс давсан үнийн дүнг үндсэн зээлийн дүнгээс хасаж дараа сард уг хассан дүнгээс 3.5 хувийн хүүг бодох нь зүйтэй гэж үзэв” гээд хүснэгт гаргаж тооцсон байна.

Хүснэгтээр тооцоог гаргахдаа зээлдэгчийн 2014 оны 10 дугаар сарыи 07-ны өдөр 09, 10 дугаар сарын хүүг нийлүүлж төлсөн 4 200 000 төгрөг буюу хоёр сарын зээлийн хүүний төлөлтийг тооцохдоо илүү төлөлт гэж буруу тооцоолон бодож үндсэн зээлээс хасаж тооцсоноос үндсэн зээлийн төлөх ёстой үлдэгдэл болон мөн зээлийн хүүний төлөлт буруу бодогдсон.

Үндсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүний төлөлт буруу бодогдсон талаар дурдахад, зээлийн хүүний 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 09,10 дугаар сарын хүүг нийлүүлж төлсөн 4 200 000 төгрөгийг илүү төлөлт гэж тооцоолон үндсэн зээлээс хасаж буруу тооцсоноос болж үндсэн зээлийн төлөх ёстой үлдэгдэл 55 517 476 төгрөг гэж буруу бодогдсон дүн гаргасан.

Харин дээрх 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 09, 10 дугаар сарын хүүг нийлүүлж төлсөн 4 200 000 төгрөгийг хүүгээр нь тооцон хасаж тооцсон дүнгээр 58 552 597 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл үлдсэн байсан, үүний зөрүү нь 3 035 121 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын хүүний төлөгдөөгүй үлдэгдэл 549 340 төгрөг 10 сарын төлөгдөөгүй хүү 2 049 340 төгрөг нийт 09, 10 сарын дутуу төлөгдсөн хүү 2 598 680 төгрөг байна.

Нийт үндсэн зээлийн үлдэгдлийн зөрүү болон 2015 оны 09, 10 дугаар сарын төлөгдөөгүй хүүний үлдэгдэл нийт 5 633 801 төгрөгийг тооцооны алдаанаас дутуу бодож буруу дүн гаргасан байна. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хариуцагч ХХХХ гэж бичихийг ХХХ гэж андуурч бичиж техникийн шинжтэй алдаа гаргажээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх алдаануудыг зөвтгөж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

ХХХХ болон ХХХ нарын хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдсэн байх боловч зээлдүүлэгч ХХХ нь зээлдэгч ХХХХ-д зээлийн гэрээнд заасан 60 000 000 төгрөгийг шилжүүлэн өгөх үүргээ бодитой, шударгаар гүйцэтгээгүй.

Иргэний хуулийн 281 дүгаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч зээлдүүлж буй мөнгийг шилжүүлэн өгөх үүргээ зохих ёсоор бодитой биелүүлээгүй байгаа нь ХХХ, ХХХХ нарын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу хавтас хэргийн 8 дугаар хуудаст авагдсан баримтаар бол 60 000 000 төгрөгийг ХХХХХд шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

Мөн хавтаст хэргийи 28-30 дугаар хуудаст авагдсан баримтаар зээлийн гэрээний дагуу ХХХХХгаас ХХХт мөнгийг шилжүүлж байсан болох нь нотлогддог. Иймд ХХХ нь зээлийн гэрээний үүргийг ХХХХгээс биш мөнгө шилжүүлсэн хүнээсээ шаардах үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийи 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасныг үзэхэд ХХХХ нь хариуцагч биш байна.

Анхнаасаа  хариуцагч  нь  ХХХХХ  байх  хууль  зүйн  үндслэлтэй  байхад ХХХХгээс зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Иймд зээлийи гэрээ нь 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл буюу 20 сарын хугацаатай байгуулагдсан байх ба зээлдүүлэгч нь энэ хугацаанд зээлийн хүү авах эрхтэй” хэмээн дурдсан нь хуурамч нотлох баримтад үндэслэн хэт нэг талд үйлчилсэн болох нь харагдаж байна.

2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч ХХХ зээлийн гэрээний харилцаа үүсэж мөнгө шилжүүлж авсан ХХХХХг дуудаж зээлийн гэрээг сунгасан гэсэн бичгийг дарамталж байж бичүүлж авсан байдаг, уг баримтыг ХХХХ биш ХХХХХ бичиж өгсөн гэдгийг шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч бол үүнийг үгүйсгээгүй.

ХХХХгээс уг баримтыг үйлдэж өгөөгүй гэдэг нь талуудын тайлбараар тогтоогдож байхад шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй.

Мөн ХХХХгийн хүсэл зориг биш бусдын нэрийг барьж үйлдсэн баримтыг шүүх хүчин төгөлдөр хэлцэл хэмээн үзэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэт нэг талд үйлчилсэн шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78 900 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

            Хариуцагч ХХХХ нэхэмжлэлийн шаардлагаас 45 000 000 төгрөг төлөх үндэслэлтэй,  үлдсэнийг төлөхгүй гэж маргасан ба үндэслэлээ зээлийн гэрээг 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 24-нийг хүртэл сунгаагүй тул хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.

            Зохигчдын 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу  зээлдүүлэгч ХХХ нь 60 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдэгч ХХХХ-д зээлдүүлсэн, мөн ХХХХгийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаа болгож, барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгчээс 40 400 000 төгрөгийн төлөлт  хийсэн талаар талууд маргаагүй бөгөөд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаар зөв дүгнэжээ.

            Мөн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг мөн оны 5 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 24-нийг хүртэл сунгасан талаар зохигчид маргаагүй, харин хариуцагчаас 8 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 24-нийг хүртэл сунгасан гэх гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, гарын үсгийг дарамтанд орж зурсан тул зөвшөөрөхгүй, нэгэнт гэрээ сунгагдаагүй тул уг хугацаанд хүү төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

            Хэрэгт авагдсан 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөр огноолсон зээлийн гэрээний сунгалт /хх-9/, 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөр огноолсон зээлийн гэрээний сунгалт /хх-10/-ын агуулгыг  ХХХ-ийн 5135482723 тоот дансанд  2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сар тутам мөнгө шилжүүлсэн баримттай харьцуулан үзвэл зээлдэгч сар тутам зээлийн хүүг төлж байсан, талууд зээлийн гэрээг харилцан тохиролцож сунгасан гэж үзэхээр байна.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт талууд хүү төлөхөөр тохирсон бол зээлийн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хуульчилсан, харин  нотариатаар гэрчлүүлсэн байхыг шаардаагүй тул хариуцагчийн 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгасан баримт нь нотариатаар гэрчлэгдээгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, мөн дарамтад орж гарын үсэг зурсан, сунгасан баримтад ХХХХ өөрөө гарын үсэг зураагүй гэх боловч уг тайлбараа нотлоогүй байна.

            Дээрхээс үзвэл зээлийн гэрээг бичгээр байгуулж, улмаар гэрээний гол нөхцлүүдийг хадгалсан сунгалтыг талууд харилцан тохирч, бичгээр баталгаажуулан, гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч үндсэн зээл, 2015  оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд хүү шаардах эрхтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт нийцсэн байна.

            Хариуцагч буюу зээлдэгч ХХХХ нь 60 000 000 төгрөгийг эхнэр ХХХХХгийн ХААН банкны 5037363331 дансаар хүлээн авч, эргэн төлөлтийг мөн дансаар төлж байснаа зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч ХХХийг зээлдэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэнд тооцох ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

            Харин шүүх хариуцагчийн төлсөн зээл, зээлийн хүүгийн дүнг тооцохдоо зээлдэгч 2015 оны 9 сард төлбөл зохих хүүг төлөлгүй, 10 дугаар сарын 7-нд 2 сарын хүү 4 200 000 төгрөг төлсний 2 100 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, тооцооны алдаа гаргасныг зөвтгөх шаардлагатай, нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

            Хариуцагч ХХХХгээс 2014 оны 3 дугаар сарын 21-нээс 2015 оны 10 дугаар сарын 21-ний хооронд нийт 19 удаагийн төлөлтөөр нийт 40 400 000 төгрөг төлөхдөө сард төлбөл зохих зээлийн хүүний төлбөрөөс илүү төлж байсныг үндсэн зээлийн дүнгээс хасаж, үндсэн зээлийн үлдэгдлээс 3.5 хувийн хүү тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл нь 58 530 189,4 төгрөг,  төлбөл зохих хүүгийн нийт хэмжээ нь 41 527 332.4 төгрөг  байна. Тооцооллыг хүснэгтээр харуулбал,

Сар

Үндсэн зээлийн үлдэгдэл

Төлбөл зохих хүү

Төлсөн хүү

Хугацаа

1

2014.3

60 000 000

2 100 000

2 100 000

2014.03.21

2

4

60 000 000

2 100 000

2 300 000

2014.04.30

3

5

59 800 000

2 093 000

2 300 000

2014.05.27

4

6

59 593 000

2 085 755

2 100 000

2014.06.24

5

7

59 578 755

2 085 256.43

2 100 000

2014.07.25

6

8

59 564 011.43

2 084 740.4

2 100 000

2014.08.25

7

9

59 548 751.83

2 084 206.3

=

=

8

10

59 548 751.83

2 084 206.3

4 200 000

2014.10.07

9

11

59 517 164.43

2 083 100.75

2 100 000

2014.11.25

10

12

59 500 265.18

2 082 509.3

2 100 000

2014.12.23

11

2015.01

59 482 744.5

2 081 896

2 400 000

2015.01.30

12

2

59 164 640.5

2 070 762.4

2 100 000

2015.02.26

13

3

59 135 402.9

2 069 739

2 100 000

2015.04.23

14

4

59 105 142

2 068 680

2 100 000

2015.04.24

15

5

59 073 822

2 067 583.7

2 100 000

2015.05.25

16

6

59 041 405.8

2 066 449.2

2 100 000

2015.07.01

17

7

59 007 855

2 065 274.9

2 300 000

2015.08.05

18

8

58 773 129.9

2 057 059.5

2 300 000

2015.09.09

19

9

58 530 189.4

2 048 556.6

1 500 000

2015.10.21

20

10

58 530 189.4

2 048 556.6

=

=

Нийт

 

 

41 527 332.4

40 400 000

 

 

            Иймд хариуцагчаас 58 530 189.4 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүүгийн 1 127 332,4 /41 527 332.4-40 400 000/ төгрөг, нийт 59 657 521,8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 19 242 478,2 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэлийг хангасан дүнд болон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

Мөн шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийг баримталсан нь оновчтой биш байх тул зээлийн хүү шаардах эрхийн үндэслэл болсон Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “хариуцагч ХХХ” гэж буруу бичсэнийг “хариуцагч ХХХХ” гэж зөвтгөнө. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00507 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “282.3-т заасныг” гэснийг 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг” гэж, “55 517 476 төгрөгийг” гэснийг “59 657 521 төгрөгийг” гэж, “23 382 524” гэснийг  “19 242 478 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч ХХХ” гэснийг “хариуцагч ХХХХ” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “435 537 төгрөгийг гаргуулан” гэснийг “456 237 төгрөгийг гаргуулан” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4,  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435 538 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 105 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ