Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
Хэргийн индекс | 105/2016/0023/э |
Дугаар | 238 |
Огноо | 2017-04-06 |
Зүйл хэсэг | 147.2., |
Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 238
Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат
нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Гэрэлмаа,
Ялтан Ц.Отгонбаяр, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан,
Ялтан Б.Дашбал, түүний өмгөөлөгч Ц.Мандал,
Ялтан Б.Наранбат, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,
Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Отгонбаяр, ялтан Б.Дашбал, ялтан Б.Наранбат, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг, Л.Түвшинцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарт холбогдох 201625010912 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Мянгад овогт Цэрэнноровын Отгонбаяр, 1976 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн задгайд оршин суух бүртгэлтэй,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 786 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 413 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаар тогтоолоор хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 400 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 100 дугаар зүйлийн 100.1, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1 жил 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар: /НШ76011875/,
2. Боржигон овогт Бүжингийн Дашбал, 1982 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 28-03 тоотод оршин суух бүртгэлтэй,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 619 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 cap хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 2-ны өдөр "2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай" хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2006 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 cap баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 cap 10 хоног баривчлах ял шийтгүүлж, 2013 ны 3 дугаар сарын 18-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 900 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар /ХК82090917/,
3. Боржигон овогт Бямбын Наранбат, 1980 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Б-23 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /МЮ80062311/.
Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцонд Ц.Эрхэсийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “I phone-5” загварын гар утас, 80.000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтлох гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарт оногдуулсан хорих ялыг тус бүр чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарын урьд цагдан хоригдсон 311 /гурван зуун арван нэг/ хоногийг тус бүр хорих ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Ялтан Ц.Отгонбаяр гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Миний бие хохирогч Ц.Эрхэстэй хамт архи ууж байгаад хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцаж, харилцан зодолдсон. Үүнийгээ би хүлээн зөвшөөрдөг. Гэтэл зодоон болж байх үед Ц.Эрхэс бид хоёрын хажууд байсан Б.Дашбал гэх залуу Ц.Эрхэсийн гар утсыг хулгайлсан талаар гэрчүүд мэдүүлдэг. Үүнийг би мэдээгүй. Иймд дээрх байдлаас харахад миний болон Б.Дашбалын үйлдлүүд тус тусдаа үйлдэгдсэн гэдэг нь харагдаж байгаа тул хэргийн үнэн зөвийг олж, зөв зүйлчилж өгнө үү. Ц.Эрхэс бид хоёрыг зодолдоход Б.Наранбат “боль” гээд салгаж, намайг холдуулсан. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Миний бие өөрийн хийсэн үйлдлийн гэм бурууг ойлгож, гэмшиж байна. Иймд миний эрх зүйн байдлыг дээрдүүлж, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.
Ялтан Б.Дашбал гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би хохирогч Ц.Эрхэсийн мэдүүлж байгаа алтан шаргал өнгөтэй “I phone 5” загварын гар утсыг нь хараагүй. Огт мэдэхгүй асуудалдаа сэжиглэгдэн 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж байгаад гомдолтой байна. Хохирогч, гэрч нар гар утсыг үнэхээр байсан эсэхийг тодорхой мэдүүлж, зааж өгч чадахгүй байгаа нь мэдээллийн эх сурвалжаа тодорхой зааж чадахгүй байгааг нотолж байна. Үүнд:
Хохирогч Ц.Эрхэс нь “I phone 5” загварын гар утас болон бэлэн 80.000 төгрөгөө дээрэмдүүлсэн гэдэг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “I phone 5” загварын гар утас байсан” гэх боловч “худалдаж авсан баримт, серийн дугаартай албан бичиг нь байхгүй. Манай хүүхэд яг серийн дугаартай хэсгийг нь ураад хаячихсан” гэдэг. 2016 оны 3 дугаар сарын 1-нд 23 цагийн орчим Хөдөө аж ахуйд хохирогч Ц.Эрхэс нь Б.Наранбат, Наранбаатар нарын хамт архи асууж таарсан. Ц.Эрхэс нь “дээрэмдүүлэх үед АТМ-ээс мөнгө авдаг карт голоороо хугарсан” гэдэг. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 12-нд шөнийн 00 цагийн үед “Замбала” супер маркетад картаараа үйлчлүүлсэн байдаг. Мөн 2016 оны 3 дугаар сарын 13-ны шөнийн 3 цагийн үед АТМ-ээс картаараа 50.000 төгрөгийн гүйлгээ хийсэн болох нь тогтоогдсон. Хохирогч Ц.Эрхэс нь Б.Наранбаттай үгсэн тохиролцож намайг гүтгэж байгаа нь доорх нөхцөл байдлаар тогтоогдож байна. Үүнд: 2017 оны 1 дүгээр сарын 18-ны шүүхийн хэлэлцүүлэгт Наранбат нь “хохирогч Ц.Эрхэс намайг 461 дүгээр ангид хоригдож байхад эргэж ирж уулзаад “Наранбатаа чи тэр хоёрт чирэгдээд байна. Тэрийгээ нотлох хэрэгтэй байна. Би чамайг болиулах гэж байсан гэж хэлсэн шүү. Тэгэхээр чи тэр хоёрыгоо гүжирдээд ч болтугай гар. Би чамайг гаргах талаар асууя” гэж хэлсэн гэдэг. Б.Наранбат нь 2016 оны 3 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед өөрийн эхнэртэйгээ миний гар утсаар ярьсан. Мөрдөн байцаалтын явцад огт дурдагдаж байгаагүй, хэргийн байдлыг мэдэхгүй гэрч гэх Ц.Сэвжидбаяр нь Наранбат, Отгонбаяр нартай үгсэн тохирч хуурамчаар гэрчилж байна. Б.Наранбат 13, Ц.Отгонбаяр 18 гэх зэргээр нэг корпуст ойролцоо байсан. Миний бие цагдан хорих ангийн эмнэлэгт хэвтэж байхад Ц.Сэвжидбаяртай таараад “чи яагаад худал гэрчилж байгаа юм бэ” гэхэд “танай Отгоо, Наранбат нар чинь батлан даалтад гармаар байна гэхээр нь би худал мэдүүлсэн” гэж хэлснээс Ц.Сэвжидбаяртай үгсэн тохирсон нь харагдаж байна. Үүнийг Б.Азжаргал гэх залуу гэрчилнэ.
Хохирогч Ц.Эрхэс нь өөрийн биед авч явсан мөнгөө архи болон бусад зүйлд зарцуулчихаад эхнэртээ дээрэмдүүлсэн болж харагдах зорилгоор буюу гар утас байснаа нотолж чадахгүй учир Ц.Сэвжидбаяраар хуурамчаар гэрчлүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Ц.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2016 оны 3 дугаар сарын 12-нд Дашбал хохирогч Ц.Эрхэстэй дэлгүүрээс архи бариад гарч ирсэн” гэдэг. Б.Наранбат нь “Ц.Эрхэс, Б.Дашбал нартай хамт дэлгүүр явсан, архи авч ирсэн” гэх зэргээр мэдүүлдэг. Хохирогч Ц.Эрхэс дэлгүүр ороод би 1 шил 0.75 литрийн Ерөөл архи авсан. Бид дэлгүүрээс гараад тэнд байдаг байрны гурван давхарт авсан архиа хувааж уусан. Дээрх байдал нь миний бие “I phone 5” загварын гар утсыг дээрэмдсэн гэх нотолгоо болж чадахгүй. Наранбат нь Отгонбаярт оногдсон хохирлын мөнгийг төлж хохирлыг барагдуулсан нь ойлгомжгүй байна. Ц.Эрхэс нь Отгонбаярт “20.000-аас 30.000 төгрөгийн хүүхэн олоод өгчих” гэж хэлээд муудалцсан байдаг. Миний бие энэ байдлыг болох үед тамхинд яваад ирж байсан учир энэ талаар мэдэхгүй. Иймд Эрхэс нь огт танихгүй хүмүүстэй хамт яваад дэлгүүрээс архи авч, цуг уугаад тэгээд мөнгөний карт нь хугарчихсан байхад гүйлгээ хийгээд байсан зэрэг нь мөнгөө алдаж дээрэмдүүлсэн зэргийг нь үгүйсгэж байна. Би өөрийн биеийг өмөөрч ялаас мултрах гэсэндээ давж заалдах гомдол бичээгүй. Зөвхөн хуульд нийцүүлж намайг үйлдээгүй хэрэгт яллаж байгаад гомдолтой байна.
Болсон хэргийн талаар: Би Бөхийн өргөөний эсрэг талын автобусны буудал дээр хүн хүлээж машинд сууж байхад Наранбат машинаас бууж Наранбаатар болон огт танихгүй Эрхэс гэх залууг дагуулж ирэхдээ онгорхой, карт уншдаг дэлгүүр асууж, архи авна гэж байсан. Эрхэс нь согтуу байсан. Бидэнд Отгонбаяр ахынд очиж уух гэж байсан 1 шил архи байсан. Тэр архийг уух гэж байхад таксины жолооч “Та нар гадаа уу. Машинд архи уулгахгүй” гэж уурласан. Бид 62 дугаар байрны эхний орцонд орж архиа уухад жолооч гадаа хүлээж байсан. 62 дугаар байрны орцонд Сээгий гэдэг залуу 2 хүнтэй хамт байсан. Архиа бүгдээрээ хувааж ууж дуусахад Эрхэс “би 1 архи авч өгье” гээд надаас карт уншдаг дэлгүүр асуусан. Дэлгүүрт ороод 1 шил архи, цэвэр ус зэргийг авсан. Цаг харахад 00 цаг болж байсан. Эрхэсийг дэлгүүрээс гарч ирэхэд нь би “чи яв. Би тамхи авчихаад араас чинь очьё” гэж хэлээд зам гараад салж явсан. Намайг тамхиа авчихаад орц руу орох гэж байхад дээр хүмүүс муудалцаж байх шиг байсан. Таксины жолооч намайг дуудахаар нь тооцоогоо хийх гээд байж байтал Отгонбаяр ах гарч ирээд махаа машинаас аваад “харилаа” гэж хэлээд явсан. Би ч гэсэн харих гээд уг машинд суусан чигээрээ харих гээд явж байхад автобусны буудал дээр Уянгасайхантай таарч 13 дугаар хорооллын “Нүүдэлчин” цайны газарт орж хоол идээд гарах замдаа Хандаатай таарч бид 3 манайхаас мөнгө авахаар 19 дүгээр хороолол явсан. Би ээжээсээ 60.000 төгрөг аваад Уянга, Хандаа нарыг анх таарсан газартаа буулгасан. Харих гэж байтал Наранбат “чи яагаад намайг орхиод явчихваа” гэхээр нь уулзаж дэлгүүр ороод манайх руу явсан. Замдаа Ц.Сэвжидбаяр 2 биеэ үнэлэгчтэй зогсож байхад нь таарсан. Би найз руугаа залгах гэтэл миний “S-3” загварын гар утасны дэлгэц дээр онгоцны зураг гараад сүлжээгүй болчихсон байсан тул Ц.Сэвжидбаяртай хамт байсан охидын 1 нь янзалж өгөөд салсан. Тэгэхэд л Ц.Сэвжидбаяр харж байсан. Тэрнээс биш Ц.Сэвжидбаярт “утас зарна” гэж огт хэлээгүй. Ц.Сэвжидбаяр нь Отгонбаяр, Наранбат нартай мөрдөн байцаалтад таараад намайг хэрэгт гүтгэж байгаад гомдолтой байна. 2016 оны 8 дугаар сард Ц.Сэвжидбаяр нь 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж байхдаа надтай таарч “Отгоо ахыг хэргээс салга” гээд надтай муудалцаж, орилж “Отгоо ах, Наагий 2 чинь чиний барьж байсан цагаан “S-3” загварын гар утсыг надад зарсан болгоод хулгайн утас гээд хэлчих гээд байна. Тэгээд хэрэг задарч Отгоо ахыг даалтанд гарга” гэхээр нь би уурлаад муудалцахад хамт хэвтэн эмчлүүлж байсан Б.Азжаргал биднийг салгаж байсан. Ц.Сэвжидбаяр нь одоо Цагдан хорих 461 дүгээр ангид байгаа. Намайг хэргийн 2 дугаар хавтастай огт танилцуулаагүй. Намайг хэлсээр яллаж, хэт нэг талыг барьж хэрэгт хамааралгүй хүнийг гэрчээр татаж байгаад маш их гомдолтой байна. Мөн хохирогч Эрхэс нь Наранбатыг Цагдан хорих 461 дүгээр ангид эргэж ирж уулзсан талаараа шүүх хуралдаанд хэлсэн. Уулзахад нь огт хяналт тавилгүйгээр үгсэн тохируулсан. Наранбат нь миний цагаан өнгийн “S-3” загварын утсаар тухайн өдрийн 22 цагт эхнэртэйгээ ярьсан нь үнэн тул дугаараа шалгуулах хүсэлтэй байна. Миний ар гэр үнэхээр хэцүү байна. Миний эх 1 жил гаруй хугацаанд миний араас явж, орцны жижүүрийн ажил хийж, 8-15 насны 2 хүүхэд асарч хөл гар нь хавагнаж, одоо ажилгүй болох гэж байна. Ийм миний ар гэрийн байдлыг харгалзан үзээд хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэв.
Ялтан Б.Наранбат гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний 60 нас гарсан настай эх минь асаргаанд байгаа. Төрүүлсэн эхдээ гологдсон 3 ихрээс үлдсэн 2 нялх үрсийг минь бодож, хэргийн үнэн зөвийг тогтоож, мэргэн шийдвэр гаргаж өгнө үү. Хохирогч Эрхэс нь Цагдан хорих 461 дүгээр ангид над дээр эргэлтээр ирэхдээ “чи тэр хоёртоо чирэгдээд байна. Наад хоёрыгоо нотол. Чи намайг Отгонбаяраас салгах гэж гараас минь угзрахад тэр хоёр миний халаасыг ухаад байсныг чи мэдээгүй юм уу?, Би тухайн үед нилээд муудсан байна лээ. Болсон явдлыг гэрч Наранбаатараас сонсож байж зарим нэг юмыг санасан” гэдэг. Хохирогч Эрхэс “Би тэр хоёрыг чинь хэргээ хүлээгээгүй байхад мэдүүлгээ өөрчилж болохгүй байна. Чи харин тэр хоёрыг гүжирдээд ч хамаагүй нотол” гэдэг. Би угаас худлаа ярьж чаддаггүй юм. Би “чамайг мэдүүлгээ үнэн зөв өгөхөөр 250.000 төгрөгийг төлье” гэсэн. Эрхэс “Чи тэгвэл 250.000 төгрөгөө надад шүүхээр дамжуулж өг. Би хуулийн зөвлөгөө аваад эргээд чам руу хариу хэлнэ” гээд ирээгүй. Харин шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авчихсан миний нүүр лүү эгцэлж харахгүй байсан. Эрхэс шүүхэд “Наранбат миний халаасанд ойртоогүй. Наранбат болиулж байсан” гэж хэлсэн боловч “гараас барьсан” гэх мэдүүлгээ залруулсан мэдүүлэг өгөөгүй. Тухайн үед шүүгч ч энэ талаар асуугаагүй, миний өмгөөлөгч оновчтой асуулт тавьж чадаагүй. Ц.Эрхэсд би үлдсэн 250.000 төгрөгийг өгөөгүй. Дахин холбогдоогүй. Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан боловч хэрэгт дорвитой нэмэлт ажиллагаа хийгээгүй. Учир нь мөрдөн байцаагч Мөнхтулга, прокурор Гэрэлмаагийн хамт ирээд намайг өмгөөлөгчтэй минь урьдчилж уулзуулалгүйгээр 1 удаа байцаалт авсан. Би миний хувийн байдлын талаар ажиллаж байсан газруудаар минь тодорхойлолт гаргуулж, үнэн худал ярьж байгааг хянах төхөөрөмж ашиглан мэдүүлэг өгөх хүсэлт гаргасан боловч “чамайг дахиж дуудаж уулзана” гэж хэлж яваад дахиж ирээгүй тул би Цагдан хорих 461 дүгээр ангийн тоо бүртгэлийн албаар уламжлан удаа дараа прокурорын газар, цагдаагийн газарт хаяглан хүсэлт гаргасан. Гэвч нэг ч хариу ирээгүй. Иймд би хүний эрхийг хамгаалах үндэсний комисст хүртэл хүсэлт бичсэн боловч ирж уулзаад “хүний эрх тодорхой зөрчигдсөн тохиолдолд хандаж болно” гэж хэлээд явсан. Би сүүлийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө урьдчилж уулзаж чадалгүй орсон. Өөрийн бичиж авч ирсэн зүйлсийг шүүгчийн сануулгын дагуу тодорхой уншиж чадаагүй тул өөрийгөө гэм буруугүйг нотолж чадаагүй. Прокурор Э.Гэрэлмаа хэргийн газарт байсан цорын ганц гэрч Наранбаатарыг өөрийнх нь мэдүүлгээр согтуу байсан хэмээн хэлдэг байсан боловч үнэн хэрэгтээ хамгийн эрүүл, болсон бүх үйл явдлыг маш тодорхой хэлдэг. Надтай хохирогч Ц.Эрхэсийг өмөөрлөө хэмээн зодолдох үедээ харин ч хамгаас эрүүл байсан. Түүгээр ч барахгүй цагдаагийн газарт баригдаад байж байхдаа Отгонбаярт санахгүй байгаа зүйлийг нь сануулж үг зааж өгч байсан. Гэрч Наранбаатарыг Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгааг нь өмгөөлөгчөөрөө дамжуулан хэлүүлсээр байтал олдохгүй байгаа гэх шалтгаанаар цорын ганц гэрчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэдүүлгийг нь няцааж нас дээр гарсан эхийг минь “хүүхэд чинь одоо шүүхээс гарчихна” гэж хуурч дахин дахин баттай нотлох баримтгүйгээр яллаж байгаад гомдолтой байна. Прокурор Гэрэлмаа нь намайг Дашбалтай хамт автомашин дотор явж байсан гэж онцолдог. Шөнө болсон байхад таксины ч мөнгөгүй, хүүхдүүдийнхээ памперс, сүүний мөнгийг авч чадаагүй архи үнэртүүлээд хадмынх руугаа алхаад очих байсан гэж үү. Хэрвээ би энэ хэргийн хамжигч байсан бол Б.Дашбалын тэр учир нь олдохгүй утасны талаар ярихгүй байсан. Хэрвээ худал мэдүүлэг өгч чаддаг байсан бол аль хэдийн суллагдчихсан байх байсан. Анхан шатны шүүх намайг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийг журамлаж ял хөнгөрүүлэх боломжгүй гэсэн. Би огт худал хэлээгүй тул болсон хэрэгт харамсаж байна. Миний байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийг журамлаж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. Болсон хэрэгт маш их гэмшиж байна. Хэргийн газарт байсан цорын ганц гэрчийг шүүх хуралдаанд оролцуулаагүйд харамсаж байна” гэв.
Ялтан Б.Наранбатын өмгөөлөгч У.Сайнбилэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь манай үйлчлүүлэгч Б.Наранбатын тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо, хэрэгт хамааралгүй гэдгийг нотлох баримтыг үнэлж үзэлгүйгээр дан ганц хохирогчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч Ц.Эрхэс нь Б.Наранбатыг өөрийнх нь эд зүйлийг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт оролцсон мэтээр мэдүүлдэг боловч энэ нь гэрч Наранбаатарын "... архи ууж дууссаны дараа Наранбат бид 2 хоорондоо муудалцаад зогсож байхад бид 2-ын дээд давхарт мурий Отгоо, Дашбалбар 2 нэг залуутай ярилцаад байгаа юм уу бүү мэд, нэг юм болоод байсан. Тэгсэн гэнэт тэд нар бүгд гүйлдээд гараад явчихсан.." /хх1-39/ гэх мэдүүлгээр няцаагддаг. Хохирогч Ц.Эрхэс нь "...бэлэн 80.000 төгрөг өмдний баруун талын хойд халаасанд байсныг авсан, ... миний өмдний баруун талын хойд халаасанд мөн бэлэн 40.000 төгрөг байсныг анзааралгүй үлдээсэн байна" /1 дүгээр хавтас, 35 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн байдаг. Тухайн алдсан гэх 80.000 төгрөгийг байрны мөнгө тушаахаар авч явсан гэдэг боловч 2 дугаар хавтас, 178-179 дүгээр хуудаст авагдсан нэхэмжлэх баримтаар энэ нь нотлогдохгүй байна. Хэрэг болох үеэр хохирогчийн виза карт хугарч гэмтсэн гэх боловч хохирогч нь 2016 оны 3 дугаар сарын 13-ны 03:48 цагт ATM мөнгөний машинаас 50.000 төгрөг авсан байх бөгөөд /2 дугаар хавтас, 222 дугаар хуудас/ энэ нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш хийгдсэн гүйлгээ байдаг. Хохирогч Эрхэс нь “I Phone 5” маркийн гар утас алдсан гэж мэдүүлдэг ба тухайн утасны мэдээллийг шалгаж тодруулах ажиллагаа огт хийгдээгүй, мөн утас байсан гэдгийг нотлох ямар нэг баримт хэрэгт авагдаагүй байна. Дээрх нөхцөл байдлуудаар хохирогчийн мэдүүлэг нь олон талаар эргэлзээтэй, Наранбат нь тухайн гэмт хэрэгт оролцсон гэх хангалттай нотлох баримт байхгүй, гэрч Наранбаатарын мэдүүлгээр тухайн гэмт хэрэгт хамааралгүй болох нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Ялтан Б.Наранбатын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Б.Наранбатын тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо, хэрэгт хамааралгүй гэдгийг нотлох баримтыг үнэлж үзэлгүйгээр дан ганц хохирогчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч Эрхэс нь Наранбатыг өөрийнх нь эд зүйлийг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт оролцсон мэтээр мэдүүлдэг боловч энэ нь гэрч Наранбаатарын “...архи ууж дууссаны дараа Наранбат бид 2 хоорондоо муудалцаад зогсож байхад бид хоёрын дээд давхарт мурий Отгоо, Дашбалбар 2 нэг залуутай ярилцаад байгаа юм уу бүү мэд, нэг юм болоод байсан. Тэгсэн гэнэт тэд нар бүгд гүйлдээд гараад явчихсан. ...” /1 дүгээр хавтас, 39 дүгээр хуудас/ гэх мэдүүлгээр няцаагддаг. Хохирогч Эрхэс нь “...бэлэн 80.000 төгрөг өмдний баруун талын хойд халаасанд байсныг авсан ... миний өмдний баруун талын хойд халаасанд мөн бэлэн 40.000 төгрөг байсныг анзааралгүй үлдээсэн байна” /1 дүгээр хавтас, 35 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн байдаг. Тухайн алдсан гэх 80.000 төгрөгийг байрны мөнгө тушаахаар авч явсан гэдэг боловч 2 дугаар хавтас, 178-179 дүгээр хуудаст авагдсан нэхэмжлэх баримтаар энэ нь нотлогдохгүй байна.
Хэрэг болох үеэр хохирогчийн виза карт хугарч гэмтсэн гэх боловч хохирогч нь 2016 оны 3 дугаар сарын 13-ны 3 цаг 48 минутад АТМ-ээс 50.000 төгрөг авсан байх бөгөөд /2 дугаар хавтас, 222 дугаар хуудас/ энэ нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш хийгдсэн гүйлгээ байдаг. Хохирогч Эрхэс нь “I Phone 5” загварын гар утас алдсан гэж мэдүүлдэг ба тухайн утасны мэдээллийг шалгаж тодруулах ажиллагаа огт хийгдээгүй, мөн утас байсан гэдгийг нотлох ямар нэг баримт хэрэгт авагдаагүй байна. Дээрх нөхцөл байдлуудаар хохирогчийн мэдүүлэг нь олон талаар эргэлзээтэй, Наранбат нь тухайн гэмт хэрэгт оролцсон гэх хангалттай нотлох баримт байхгүй, гэрч Наранбаатарын мэдүүлгээр тухайн гэмт хэрэгт хамааралгүй болох нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Ялтан Ц.Отгонбаярын өмгөөлөгч А.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Отгонбаярын хувьд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд “хохирогч Ц.Эрхэс нь миний хамтран амьдрагч, найз эмэгтэйг элдвээр хэлж доромжилсон учир тухайн үед би уурандаа түүнийг цохисон” гэж мэдүүлсэн. Энэ байдлыг хохирогч Ц.Эрхэс болон тухайн үед хамт байсан хүмүүс ”Ц.Отгонбаяр томроод хэрүүл өдөөд байсан” гэдэг байдлаар мэдүүлдэг. Ц.Отгонбаяр хохирогч руу дайрч давшилж, цохих явцад Б.Дашбал хохирогчийн гар утсыг авсан гэдгийг гэрч Ц.Сэвжидбаяр мэдүүлсэн байдаг. Би өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд Ц.Отгонбаярын хохирогч Ц.Эрхэстэй хувийн шалтгааны улмаас маргалдсан асуудал байгаа” гэв.
Ялтан Б.Дашбалын өмгөөлөгч Ц.Мандал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Дашбалын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тэрээр цагдан хоригдоод 1 жил гаруй болж байна. Уг хугацаанд 2 удаа өлсгөлөн зарласан. Энэ нь өөрийнхөө хэмжээнд хэргийн үнэн зөвийг олох гэж тэмцэж байгаа хэлбэр юм. Энэ хугацаанд бүх шатны прокурорт хүсэлт, гомдлууд бичсэн. Б.Дашбал тухайн үед мөнгөтэй байсан тул Ц.Отгонбаярт мөнгө өгч, бусаддаа архи авч өгөөд явж байсан. Хэрвээ хохирогчийн 80.000 төгрөгийг дээрэмдсэн юм бол яах гэж эх дээрээ очиж 60.000 төгрөг авах юм бэ. Хохирогч Ц.Эрхэсийн талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал байдаг. Энэ хэрэг дан ганц хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна гэдэг. Шүүгдэгч нарын хувьд өөрсдийгөө энэ хэрэгт хамааралгүй гэдэг. Хохирогч Ц.Эрхэс ямар зорилгоор Б.Наранбаттай цагдан хорих ангид очиж уулзсан байх вэ. Тэрээр Б.Наранбаттай очиж уулзсанаа хүлээн зөвшөөрдөг. Тэдний хооронд үгсэн тохиролцсон зүйл байдаг. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Уянгасайханаас гэрчийн мэдүүлэг авсан. Түүнийг хэрэг гарах үед цуг явсан гэдэг ч өөрөө цуг яваагүй гэдэг бөгөөд “Би тэр хүнд дургүй, манай нөхрийг уруу татдаг” гэсэн байдаг. Хөдөө аж ахуйн ард талын автобусны буудал нь биеэ үнэлэгчдийн үүр уурхай болсон газар. Тэнд биеэ үнэлэгчийн үнэ хөлснөөс болж маргалдсан гэдэг. Ц.Сэвжидбаяр гэж уг хэрэгт хамааралгүй гэрч байдаг. Хохирогч нь удаа дараа “алтан шаргал өнгөтэй I Phone загварын гар утас байсан” гэж мэдүүлж байсан ч сүүлд өгсөн мэдүүлэгтээ “цагаан саарал өнгөтэй утас, гэхдээ I phone 5 загварын гар утас мөн эсэхийг мэдэхгүй байна” гэсэн байдаг. Хохирогч дээрэмдүүлэх үедээ банкны картаа хугалуулсан гэдэг ч дээрэмдүүлснээс хойш буюу шөнийн 3 цагт банкны АТМ-ээс мөнгө авсан байдаг. Хугархай картаар мөнгө авах боломжгүй. Хохирогч гэртээ үүрээр очсон гэж мэдүүлдэг. Миний бодлоор тэрээр биеэ үнэлэгчид гар утас, мөнгөө алдчихаад хамт байсан хүмүүсээ таних учраас тэднийг гүтгээд байгаа юм болов уу гэсэн бодол төрдөг. Өмгөөлөгчийн зүгээс Б.Дашбалд хандаж “хэрэг хийсэн бол хэргээ хүлээж, хохирлоо төлбөл эрх зүйн байдал чинь дээрдэнэ” гэж хэлэхэд “Хэрэг хийгээгүй учир эцсээ хүртэл хуурамч хэрэг хүлээхгүй” гэж хариулсан. Б.Дашбалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Прокурор Э.Гэрэлмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлууд тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг үгүйсгэж байна. Хэргийн үйл баримт мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд, хохирогчийн өөрийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрч О.Наранцацрал, А.Лхагвагарав, Ц.Сэвжидбаяр нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Гэрч А.Лхагвагарав “Шөнө 00 цаг өнгөрч байхад хүн хаалга нүдээд дээрэмдүүлчихлээ туслаарай гэж орилсон” гэж мэдүүлсэн. Гэрч О.Наранцацрал “тухайн үед гар утас, мөнгөтэй байсан. Өглөө нь дээрэмдүүлчихлээ гэж ирээд, Цагдаагийн байгууллагад гомдол гаргана гэж хэлээд гарсан” гэж мэдүүлсэн. Ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол нь гэрч Б.Уянгасайханы “2 жилийн өмнө Хандаа, Дашбал нартэй очиж мөнгө авснаас биш, хэрэг гарах үед огт уулзалдаагүй. Тухайн үед би гэртээ хүүхэдтэйгээ байсан” гэх мэдүүлэг болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “1 шил архи уусан, 2 дахь шил архийг авах гээд намайг гарахад Б.Дашбал байгаагүй” гэсэн мэдүүлгүүдээр няцаагддаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд түүнээс энэ талаар тодруулахад тайлбарлаж чадахгүй байсан. Хохирогч Ц.Эрхэс “Ц.Отгонбаяр хүн болгон руу агсарсан, Б.Наранбат, Ц.Отгонбаяр нар миний гарыг барьж байсан” гэж мэдүүлдэг. Таньж олуулах ажиллагаагаар хэрэг үйлдсэн этгээдүүдийг хохирогч хараад шууд таньсан бөгөөд тэдний гадаад шинж тэмдгийг хэлсэн байдаг. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.
Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцонд Ц.Эрхэсийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “I phone-5” загварын гар утас, 80.000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Эрхэсийн “...би 2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад 10 дугаар хорооллоос өөрийн найз Эрдэнэжаргалын гэрээс гараад такси бариад харих гээд явж байсан юм. Замдаа тамхи авах гээд Бөхийн өргөөний уулзвараар буцаж эргээд Хөдөө аж ахуйн хуучин автобусны буудал дээр зогссон. Таксинаас буугаад дэлгүүр хайгаад явж байсан чинь гэнэт 2 залуу гарч ирээд “онгорхой дэлгүүр зааж өгье, цуг явъя” гээд цагаан өнгийн автомашинд суулгасан. Уг автомашин дотор надаас гадна жолоочтой нийлээд 5 хүн байсан. Би арын суудал дээр нь голд хавчигдаад суусан. Бид нар нэг дэлгүүрийн үүдэнд ирээд бүгд буусан. Тэгээд бүгд дэлгүүр лүү ороод 0.75 литрийн архи, ундаа авсан. Дэлгүүрээс гараад тэнд байдаг нэг байрны орц руу орж авсан архиа хувааж уусан. Уг орцонд надаас гадна 6 эрэгтэй байсан. Гэнэт тэд нар хоорондоо маргалдаад эхэлсэн бөгөөд шар царайтай, мурий хамартай залуу нь миний зүүн талын шанаа руу мөргөсөн. Тэгсэн чинь надад анх дэлгүүр зааж өгье гээд автомашинд суулгасан урт үстэй, үсээ хойшоо самнасан, хар цагаан өнгө хосолсон куртиктэй залуу дундуур нь ороод “боль боль” гэсэн. Би асуудал нэг л биш боллоо гэж бодсон. Тэр 6 хүнээс 3 нь түрүүлээд гараад явчихсан. Харин үлдсэн гурвын 2 нь надтай зууралдаад унахаар нь би салаад дээшээ 4 давхар луу гараад айлын хаалга цохисон. Нөгөө 3 залуу миний араас гарч ирээд дахиад надтай зууралдсан. Тэр үед би дахиад зугтаагаад 5 давхар луу гараад айлын хаалга нүдээд “Энд хүн дээрэмдүүлээд байна, туслаарай” гэж орилсон. Тэгсэн чинь аль нэг хаалганаас нь эмэгтэй хүн “цагдаа дуудчихсан” гэж хэлсэн. Ноцолдож байхад 1 залуу нь “манай найз агсам тавиад байна. Зүгээр зүгээр” гэж хэлсэн. Улмаар 4 болон 5 дугаар давхарын голын шатанд уг 3 залуу миний гар утас болон бэлэн 80.000 төгрөгийг дээрэмдэж аваад зугтаасан. Миний алтан шаргал өнгийн “I Phone 5” загварын гар утас өмдний зүүн талын халаасанд байсан. Харин бэлэн 80.000 төгрөг маань өмдний баруун талын хойд халаасанд байсныг авсан. Мөн миний өмдний баруун талын урд халаасанд “Хаан” банкны карт байсныг 1 нь тэмтэрч үзсэн ба өөр нэг нь карт осолтой гэсэн чинь авалгүй орхисон. Тухайн үед намайг шатан дээр 2 залуу нь 2 гараас тэлж хөдөлгөөнгүй шахуу болгож байх хооронд нэг нь намайг нэгжиж гар утас болон бэлэн мөнгийг минь авсан. Үүнийхээ дараа тэр 3 зугтаагаад явчихсан. Тэгэхээр нь би хайгаад араас нь гүйж байгаад “Нүүдэлчин” зочид буудлын хажууд нэг залуутай нь тааралдсан. Уг залуу нь тухайн үед намайг дээрэмдэж байхад байгаагүй. Өнөө өглөө цагдаа нар хүрээд ир гээд дуудсан бөгөөд явж очиход намайг дээрэмдсэн гурван залуугийн хоёрыг нь барьчихсан байсан. Харин сая ирэхэд үлдсэн нэгийг нь барьчихсан байсан. Уг залуу нь мурий хамартай, намайг эхэлж мөргөсөн нь мөн байна. ...” /1 дүгээр хавтас, 34-36 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Эрхэсийн “...манайх 2 байртай юм. 1 байраа түрээслүүлдэг, уг 2 байр маань ээж Г.Цэрэндолгорын нэр дээр байдаг, 2 байрны цахилгааны төлбөр 80.000 орчим төгрөг болсон гээд 80.000 төгрөг авч явж байсан юм. …” /2 дугаар хавтас, 177 дугаар хуудас/,
Гэрч Э.Наранбаатарын “...2016 оны 3 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулия” төв рүү 1 шил архи авах гэж яваад үүдэнд нь зүс таних мурий Отгоо, Наранбат, Дашбал, Мөөгий, тоодон Сэргэлэн болон өөр нэг танихгүй залуутай зургуулаа явж байсан. Энэ хүмүүс 2 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авчихсан бариад явж байсан. Улмаар долуулаа явж байгаад Хөдөө аж ахуйн урд талын автобусны буудлын ертөнцийн зүгээр урд талд нь байдаг 62 дугаар байрны нэг орцонд ороод нөгөө залуугийн авсан архийг хувааж уусан. Архи ууж дууссаны дараа Наранбат бид 2 хоорондоо муудалцаад зогсож байхад бид хоёрын дээд давхарт мурий Отгоо, Дашбал 2 нэг залуутай ярилцаад байгаа юм уу бүү мэд, нэг юм болоод байсан. Тэгсэн гэнэт тэд нар бүгд гүйлдээд гараад явчихсан. Хамгийн сүүлд архи авч өгсөн залуу “хөөе утас” гэж хэлж байсныг санаж байна. Тэгээд тэд нарыг явсны дараа орцонд унтсан. Би ганцаараа гараад явж байсан чинь нөгөө залуу таараад намайг барьж аваад “найзууд чинь миний утсыг аваад явчихлаа, та бол хамаагүй. Гэхдээ тэр найзуудынхаа нэрийг хэлчих” гэхээр нь би “за” гэсэн. Би Дарь-Эхэд 2 найзтайгаа нийлээд 2 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи уучихсан, тэгээд тэд нартай уугаад бүр тасарчихсан байсан юм. Юу болсныг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар Б.Наранбаттай муудалцаж байсан, мөн үлдсэн хүмүүс дээд талын давхарт бужигналдаж байгаад бүгд гараад гүйснийг санаж байна. ...” /1 дүгээр хавтас, 38-39 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Эрдэнэжаргалын “...2016 оны 3 дугаар сарын 12-ны орой Ц.Эрхэс надтай уулзах гээд манай гэрт ирсэн. Бид 2 утсаар ярьж байгаад уулзахаар болсон. Ингээд манай гэрт уулзаад байж байхдаа 2,5 литрийн том пиво хувааж уусан. Уг пивыг Ц.Эрхэс өөрөө гаднаас орж ирэхдээ авч орж ирсэн. Бид 2 тэрнээс өөр зүйл уугаагүй бөгөөд манай гэрт 1 цаг гаруй болчихоод гараад явсан. Тэрнээс хойш бид 2 уулзаагүй. Ингээд салаад явснаас хойш 1 хоногийн дараа над руу залгаад “найз нь дээрэмдүүлээд, хүнд зодуулчихлаа, цагдаад өгчихсөн байгаа” гэж хэлж байсан. Уг нь манай гэрээс харилаа гээд л гарсан юм. Манай гэрт байхдаа Ц.Эрхэс ямар нэг гар утас, энэ тэр гаргаж ирээгүй. Хүнтэй ч утсаар яриагүй. Гар утас нь өөрт нь байсан байх. Утсаар надтай ярьж байгаад хүрч ирсэн. Гэрт байхдаа өөрөөсөө мөнгө болон ямар нэг эд зүйл огт гаргаж ирээгүй. Пиво авч орж ирсэн юм чинь мөнгөтэй байсан байх. Гэхдээ би хэр их мөнгөтэй байсныг нь мэдэхгүй. …” /1 дүгээр хавтас, 44-45 дугаар хуудас/,
Гэрч А.Лхагвагаравын “...2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 62 дугаар байрны 55 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамт унтаж байсан. Шөнийн 01 цагийн үед манай гэрийн хаалгыг 1 эрэгтэй цохиод “туслаарай, цагдаа дуудаад өг, намайг хүн дээрэмдээд байна” гээд хүчтэй балбаад байсан. ... Тэр эрэгтэй манай гэрийн хаалгыг хэд хүчтэй балбаж, туслаарай, цагдаа дуудаад өгөөч гэж хэлчихээд алга болчихсон. Дуудлага өгчихөөд эргээд хаалган дээр ирээд чимээ чагнахад ямар нэг дуу чимээ сонсогдоогүй. ...” /1 дүгээр хавтас, 46-47 дугаар хуудас/,
Гэрч Б.Сэргэлэнбатын “...архи хувааж уухаар бид нар 62 дугаар байрны орцонд орсон. Аль орцонд орсноо санахгүй байна. Барагцаагаар 7-8 хүн байсан. Миний мэдэж байгаагаар мурий Отгоо, Даашка, дүлий Нараа байсан. Орцонд архи ууж байхдаа мурий Отгоо хүн болгон руу дайраад агсраад байсан. Тэгэхээр нь би түрүүлээд гараад явчихсан. Дүлий Нараа, мурий Отгоо, Даашка л гэж дууддаг, хочийг нь мэднэ. Намайг хүмүүс тоодон Сээгий гэж дууддаг юм. ..." /1 дүгээр хавтас, 53-54 дүгээр хуудас/,
Гэрч О.Наранцацралын “...Манай нөхөр Эрхэс 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гадуур ажил хөөцөлдөхөөр гарч 2016 оны 3 дугаар сарын 13-ны үүрээр танихгүй хүмүүст гар утас, мөнгөө дээрэмдүүлчихлээ гээд орж ирсэн. Хүзүүний 2 талаар хумсны майжсан сорив, баруун талынх нь хөлийн гуяны гадна хэсэгт нилээн том хөхөрсөн байдалтай. Хамар нь үл ялих хавдсан байсан. Нөхөр гэрээсээ гарахдаа хөх өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, хөндлөн судалтай цамцтай гарсан. “80.000 төгрөг, гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. Мөн “нэг залууг нь барих гэж байгаад гартаа зүүж явсан цагаа хаячихсан” гэж хэлсэн. Манай нөхрийн өмсөж явсан куртикны цахилгаан, өмдний халаасны хэсэг урагдсан байдалтай, өмднийх нь халаасанд байсан банкны карт нь хугарсан байсан. ..." /1 дүгээр хавтас, 48-49 дүгээр хуудас/,
Гэрч Б.Уянгасайханы “...би одоогоос 2 жилийн өмнө Б.Дашбал, Хандаа нартай хамт Үйлдвэр комбинатад байдаг Б.Дашбалын гэр лүү очиж байснаа санаж байна. Б.Дашбал гэр лүүгээ ороод мөнгө аваад гарч ирсэн. Түүнээс биш би Б.Дашбалтай цуг 2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө огт гэр лүү нь яваагүй. Түүнтэй ч таараагүй. Би он, сарыг нь яг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2015 оны 7 дугаар сараас өмнө уг үйл явдал болсон. Би 2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хөдөө аж ахуй дээр гарч ирээгүй. Б.Дашбалтай уулзаагүй. Б.Дашбалаас намайг яг хаана хүргэж өгснийг асуух хэрэгтэй. Б.Дашбал нь манай Хайлаастад байдаг байсан гэрийг мэднэ. Би тэндээсээ нүүгээд 4 жил болж байна. Б.Дашбал одоо миний амьдарч байгаа гэрийг мэдэхгүй. Тиймээс Хайлааст юм уу, Хөдөө аж ахуй дээр хүргэж өгсөн гэвэл худлаа ярьж байна гэсэн үг. …” /2 дугаар хавтас, 181-182 дугаар хуудас/,
Гэрч Ц.Сэвжидбаярын “...2016 оны 3 дугаар сард Багшийн дээдийн автобусны буудал дээр байхад Дашбал, Наагий буюу Наранбаттай хамт ирээд намайг ганц юм аваад өг гэж гуйсан. Надад мөнгө байхгүй гэхэд тэр 2 намайг машинаас буулгасан. Тэр 2 буцаад Хөдөө аж ахуйн яам орчихоод ирье гээд явсан. 1 цагийн дараа Наагий нилээд муудчихсан согтуу Дашбалтай хамт ирээд машины арын суудал дээр суусан. Би урд суусан. Тэгээд Дашбал цагаан сааралдуу өнгөтэй Андройд гар утас гаргаж ирэхэд нь би “зарах уу” гээд үзэх гэсэн чинь үзүүлэхгүй гээд халаасандаа хийсэн. Хаанаас авсан талаар хэлээгүй. Сүүлд Цагдан хорих төвд Дашкатай таарахад “битгий илүү дутуу юм яриарай” гэсэн. Цагдан хорих төвд эргэлтээр гарахдаа Отгоотой таарахад “Хөдөө аж ахуйн урд талын цагаан байранд би зодсон чинь Даашка хажуугаар ороод юмыг нь авсан” гэж ярьж байсан.” /2 дугаар хавтас, 185-186 дугаар хуудас/,
Ц.Отгонбаярын яллагдагчаар өгсөн “...би 2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 23 цагийн үед Багшийн дээд дээр зүс таних Наранбат, Дашбал нартай таарсан. Тэр 2 “Тоёота Приус 20” загварын автомашинтай явж байсан. Надад хэлэхдээ “хөлсөлсөн юм аа” гэж байсан. ... бид 3 Баянзүрх дүүргийн хүнсний захын тэнд байдаг Жулия төвийн ойролцоо зогсоод дэлгүүр орсон. Тэр үед шөнийн 00 цаг өнгөрч байсан. Дэлгүүр орох гээд явж байхдаа Хөдөө аж ахуйн дээр байдаг казак Ариунаа, Батка, тоодон Сээгий, дүлийн Наранбат, хар Даваа, Ц.Сэвжидбаяр, одоо хохирогч болсон залуу болон өөр бусад зөндөө танихгүй хүмүүс байсан. Дээр нь бид 3 нэмэгдсэн. Хохирогч гээд байгаа залуу “бүгдээрээ 1 шил архи хуваагаад уучих уу” гэж хэлсэн. Бид дэлгүүрээс архи аваад 62 дугаар байрны орц руу орсон. Уг орц руу бараг бүгд шахуу орсон. Архиа ууж байгаад бид нар хоорондоо жаахан маргалдсан. Би хохирогч гээд байгаа залуутай маргалдаад “яах гээд байгаа юм бэ” гээд нүүр лүү нь 1 удаа түлхсэн. Би машинд махаа үлдээчихсэн байсан тул Б.Дашбалаас 20.000 төгрөг авсан. Б.Дашбал надад “мөнгөнийхөө талаар 1 шил архи аваад ирээрэй” гэсэн. Би эргээд дэлгүүр лүү ороод 0,5 литрийн архи аваад шууд гэр лүүгээ такси бариад явчихсан. Тэд нар орцонд үлдсэн. ...” /1 дүгээр хавтас, 116-117 дугаар хуудас/,
Б.Наранбатын яллагдагчаар өгсөн “...Ц.Отгонбаяр гэнэт Ц.Эрхэс рүү дайрахаар нь би болиоч гээд Ц.Отгонбаярт хэлсэн чинь “чи муу пизда, чамд ямар хамаатай юм бэ” гээд Ц.Отгонбаяр над руу дайрсан. Тэгтэл гэрч Наранбаатар “чамд ямар хамаатай юм бэ” гээд Ц.Отгонбаярыг өмөөрөөд намайг заамдаад авсан. Би зөрүүлээд барилцаж аваад мултрах үед шатны эргэдэг тавцан дээр Ц.Отгонбаяр Ц.Эрхэсийг заамдаад дээрээс нь татчихсан, хажуунаас нь Б.Дашбал салгах гээд байгаа байдалтай байж байсан. Тэгтэл хажуугаар хүмүүс пэжигнэлдээд буугаад гараад явсан. ... Багшийн дээд дээр эргээд зогстол нэг машинаас Сэвжидбаяр гэдэг залуу гарч ирээд миний суусан машинд орж ирээд Б.Дашбалтай юм ярьж байхад Б.Дашбал гар утас гаргаж ирээд үзүүлсэн. Би ямар утас байсныг нь сайн хараагүй. Ямар ч байсан хавтгай дэлгэцтэй, андройд утас байсан” /2 дугаар хавтас, 209-211 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,
Гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хавтас, 8-30 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.
Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарт холбогдох хэргийн талаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг мөрдөн байцаалтын явцад бүрэн шалгасан байх бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Мөрдөн байцаалтын болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Иймд ялтан Б.Наранбат, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг, Л.Түвшинцэнгэл, ялтан Ц.Отгонбаяр, Б.Дашбал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, … зэрэг нь ял хүндрүүлэх нөхцөл байдал … ” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд ял хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан байх бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, ямар нэгэн дүгнэлт өгөөгүй зэрэг байдлыг уг зүйлд заагаагүй болно.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт Ц.Отгонбаяр, Б.Дашбал нарын ялтай байдлыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Ц.Отгонбаяр нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 400 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 100 дугаар зүйлийн 100.1, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1 жил 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд түүний хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 1 жил 13 хоногийн хорих ял өршөөлийн хуульд хамаарагдаж, ялтай байдлын хугацаа тоологдоно.
Мөн Б.Дашбал нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 619 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 cap хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 2-ны өдөр "2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай" хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2006 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан байх бөгөөд тэрээр 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 cap баривчлах ялаар, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 cap 10 хоног баривчлах ялаар, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ялаар тус тус шийтгүүлснээс үзэхэд түүний 2004 оны 12 дугаар сарын 13-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар шийтгүүлсэн хүнд гэмт хэргийн ялтай байдлын хугацаа үргэлжлэн тоологдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлджээ.
Түүнчлэн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж заажээ.
Ялтан, тэдний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын тухайд:
Хохирогч Ц.Эрхэсийн “... Уг орцонд надаас гадна 6 эрэгтэй байсан. Гэнэт тэд нар хоорондоо маргалдаад эхэлсэн бөгөөд шар царайтай, мурий хамартай залуу нь миний зүүн талын шанаа руу мөргөсөн. Тэгсэн чинь надад анх дэлгүүр зааж өгье гээд автомашинд суулгасан урт үстэй, үсээ хойшоо самнасан, хар цагаан өнгө хосолсон куртиктэй залуу дундуур нь ороод “боль боль” гэсэн. Би асуудал нэг л биш боллоо гэж бодсон. Тэр 6 хүнээс 3 нь түрүүлээд гараад явчихсан. Харин үлдсэн гурвын 2 нь надтай зууралдаад унахаар нь би салаад дээшээ 4 давхар луу гараад айлын хаалга цохисон. Нөгөө 3 залуу миний араас гарч ирээд дахиад надтай зууралдсан. Тэр үед би дахиад зугтаагаад 5 давхар луу гараад айлын хаалга нүдээд “Энд хүн дээрэмдүүлээд байна, туслаарай” гэж орилсон. Тэгсэн чинь аль нэг хаалганаас нь эмэгтэй хүн “цагдаа дуудчихсан” гэж хэлсэн. … Улмаар 4 болон 5 дугаар давхарын голын шатанд уг 3 залуу миний гар утас болон бэлэн 80.000 төгрөгийг дээрэмдэж аваад зугтаасан. Миний алтан шаргал өнгийн “I Phone 5” загварын гар утас өмдний зүүн талын халаасанд байсан. Харин бэлэн 80.000 төгрөг маань өмдний баруун талын хойд халаасанд байсныг авсан. Мөн миний өмдний баруун талын урд халаасанд “Хаан” банкны карт байсныг 1 нь тэмтэрч үзсэн ба өөр нэг нь карт осолтой гэсэн чинь авалгүй орхисон. Тухайн үед намайг шатан дээр 2 залуу нь 2 гараас тэлж хөдөлгөөнгүй шахуу болгож байх хооронд нэг нь намайг нэгжиж гар утас болон бэлэн мөнгийг минь авсан. ...” /1 дүгээр хавтас, 34-36 дугаар хуудас/,
Гэрч Э.Наранбаатарын “... Архи ууж дууссаны дараа Наранбат бид 2 хоорондоо муудалцаад зогсож байхад бид хоёрын дээд давхарт мурий Отгоо, Дашбал 2 нэг залуутай ярилцаад байгаа юм уу бүү мэд, нэг юм болоод байсан. Тэгсэн гэнэт тэд нар бүгд гүйлдээд гараад явчихсан. Хамгийн сүүлд архи авч өгсөн залуу “хөөе утас” гэж хэлж байсныг санаж байна. ...” /1 дүгээр хавтас, 38-39 дүгээр хуудас/,
Гэрч А.Лхагвагаравын “...2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 62 дугаар байрны 55 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамт унтаж байсан. Шөнийн 01 цагийн үед манай гэрийн хаалгыг 1 эрэгтэй цохиод “туслаарай, цагдаа дуудаад өг, намайг хүн дээрэмдээд байна” гээд хүчтэй балбаад байсан. ... Тэр эрэгтэй манай гэрийн хаалгыг хэд хүчтэй балбаж, туслаарай, цагдаа дуудаад өгөөч гэж хэлчихээд алга болчихсон. Дуудлага өгчихөөд эргээд хаалган дээр ирээд чимээ чагнахад ямар нэг дуу чимээ сонсогдоогүй. ...” /1 дүгээр хавтас, 46-47 дугаар хуудас/,
Гэрч Ц.Сэвжидбаярын “...Тэгээд Дашбал цагаан сааралдуу өнгөтэй Андройд гар утас гаргаж ирэхэд нь би “зарах уу” гээд үзэх гэсэн чинь үзүүлэхгүй гээд халаасандаа хийсэн. Хаанаас авсан талаар хэлээгүй. Сүүлд Цагдан хорих төвд Дашкатай таарахад “битгий илүү дутуу юм яриарай” гэсэн. Цагдан хорих төвд эргэлтээр гарахдаа Отгоотой таарахад “Хөдөө аж ахуйн урд талын цагаан байранд би зодсон чинь Даашка хажуугаар ороод юмыг нь авсан” гэж ярьж байсан.” /2 дугаар хавтас, 185-186 дугаар хуудас/,
Ц.Отгонбаярын яллагдагчаар өгсөн “...Би хохирогч гээд байгаа залуутай маргалдаад “яах гээд байгаа юм бэ” гээд нүүр лүү нь 1 удаа түлхсэн. Би машинд махаа үлдээчихсэн байсан тул Б.Дашбалаас 20.000 төгрөг авсан. Б.Дашбал надад “мөнгөнийхөө талаар 1 шил архи аваад ирээрэй” гэсэн. ...” /1 дүгээр хавтас, 116-117 дугаар хуудас/,
Б.Наранбатын яллагдагчаар өгсөн “...Ц.Отгонбаяр гэнэт Ц.Эрхэс рүү дайрахаар нь би болиоч гээд Ц.Отгонбаярт хэлсэн чинь “чи муу пизда, чамд ямар хамаатай юм бэ” гээд Ц.Отгонбаяр над руу дайрсан. Тэгтэл гэрч Наранбаатар “чамд ямар хамаатай юм бэ” гээд Ц.Отгонбаярыг өмөөрөөд намайг заамдаад авсан. Би зөрүүлээд барилцаж аваад мултрах үед шатны эргэдэг тавцан дээр Ц.Отгонбаяр Ц.Эрхэсийг заамдаад дээрээс нь татчихсан, хажуунаас нь Б.Дашбал салгах гээд байгаа байдалтай байж байсан. Тэгтэл хажуугаар хүмүүс пэжигнэлдээд буугаад гараад явсан. ... Багшийн дээд дээр эргээд зогстол нэг машинаас Сэвжидбаяр гэдэг залуу гарч ирээд миний суусан машинд орж ирээд Б.Дашбалтай юм ярьж байхад Б.Дашбал гар утас гаргаж ирээд үзүүлсэн. Би ямар утас байсныг нь сайн хараагүй. Ямар ч байсан хавтгай дэлгэцтэй, андройд утас байсан” /2 дугаар хавтас, 209-211 дүгээр хуудас/,
Б.Наранбатын яллагдагчаар дахин байцаагдахдаа өгсөн “...Би хоригдож байхдаа наралгаан дээр Ц.Отгонбаяртай таарсан чинь “юу бодож байна ахын дүү. Ах нь одоо явах юм бол онцгой энэ тэр гээд явж өгнө ш дээ. Даашкаг хэргээ хүлээ гээд хэлчих. Байцаагчдаа юу гэж ярьсан юм бэ?, захиа бич” гэхээр нь би өөр өөрийнхөө төлөө гэж бодоод юу ч хариу хэлээгүй” /1 дүгээр хавтас, 137-138 дугаар хуудас/,
Б.Наранбатын яллагдагчаар дахин байцаагдахдаа өгсөн “...Ц.Отгонбаяр хоригдож байх хугацаанд янз бүрийн байдлаар элдэв зүйл санал болгоод байна. Нэг нь хэргээ даавал арай бага тусна, миний дүү юу бодож байна, энэ тэр гээд байх юм. …” /1 дүгээр хавтас, 139 дүгээр хуудас/,
Б.Дашбалын яллагдагчаар дахин байцаагдахдаа өгсөн “...Б.Наранбат хохирогч Ц.Эрхэсийг дагуулж ирсэн, ... орц руу ороход Ц.Эрхэс Ц.Отгонбаяртай зууралдаад архи ууж байсан газраас дээшээ шатаар гарч байсан. Би тэгэхээр нь “жолооч яараад байна, явлаа гээд байна. Би ч гэсэн явлаа” гээд орцноос гараад нөгөө таксинд очоод сууж байхад Ц.Отгонбаяр араас яарсан байртай гарч ирсэн ба тортой махаа авъя гээд Ц.Отгонбаяр машинаас махаа аваад салаад явсан. Би нөгөө машинтайгаа явсан. …” /2 дугаар хавтас, 212-213 дугаар хуудас/,
Б.Дашбалын шүүх хуралдаанд өгсөн “...Ц.Отгонбаяр, Б.Наранбат нар хоорондоо шувуу бичилцээд би тэрийг нь замаас нь авсан. Б.Наранбат “Та Эрхэсийг цохисон. Халаасыг нь ухсан, ухаад байсан хүн та, Ц.Отгонбаяр ах ш дээ. Өдий болтол хэргээ хүлээхгүй” гэж шувуу бичсэн байсан. …” /3 дугаар хавтас, 70 дугаар хуудас/,
Б.Наранбатын шүүх хуралдаанд өгсөн “...Би хохирогч Ц.Эрхэсийн биед халдаагүй. Хохирогчийг Ц.Отгонбаяртай зууралдаад хананд шахуулсан байдалтай байхад нь угзарч татсан. Ц.Эрхэс өндийгөөд дээшээ гүйгээд явсан. …” /3 дугаар хавтас, 73 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хавтас, 8-30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар давж заалдах гомдол няцаагдаж байна.
Түүнчлэн, дээрх нотлох баримтуудаар 2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат, Ц.Эрхэс нар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцонд архидан согтуурсан, улмаар Ц.Отгонбаяр нь хохирогч Ц.Эрхэсийг мөргөсөн, үүний дараа Б.Дашбал, Б.Наранбат нар хохирогч Ц.Эрхэсийн хоёр гарыг барьж, хөдөлгөөнийг хязгаарласан, энэ үедээ эд зүйлийг нь авах зорилгоор өмднийх нь халаас руу гараа хийх, мөн Ц.Отгонбаяр нь хохирогч Ц.Эрхэсийн өмсөж явсан хувцасных нь халаас руу гараа хийх зэрэг үйлдэл хийж, хохирогч Ц.Эрхэсийн эд зүйлийг хүч хэрэглэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нар нь бүлэглэн Ц.Эрхэсийн эд зүйлийг дээрэмдсэн гэж хэргийн үйл баримтыг тодорхой буюу хэн ямар оролцоотой байдлыг нэг бүрчлэн заагаагүй байх боловч давж заалдах шатны шүүх Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарын бүлэглэсэн байдлын оролцоог тодорхойлж, үйл баримтыг тогтоов.
Ингэхдээ, давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтын талаар нарийвчлан тодорхойлохдоо анхан шатны шүүхийн дүгнэсэн бүлэглэн үйлдсэн гэх хэмжээ хязгаараас халиж, хэргийн үйл баримтыг тогтоогоогүй болно.
Дээрх үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.