Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/01153

 

Кны Ховд аймаг дахь салбарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2017/00171 дүгээр шийдвэр,                                 

    Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар магадлалтай,

           Кны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

           Д.Бид холбогдох,     

           Зээлийн гэрээний үүрэгт нийт 326.969.298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г нарын гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, Э.И, хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Г, Н.Ж, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

     Нэхэмжлэгч шүүхэд гаргсан нэхэмжлэлдээ: Д.Б нь 2011-11-27-ны өдөр тус банктай 153 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 584.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай сарын 1.6 хувийн хүүтэй  зээлсэн. Зээлд эзэмшлийн газар, ресторан, агуулахын барилга, гурил, Цамбагарав зочид буудал, Мичид хүнсний дэлгүүр, гарааш, эзэмшлийн газар, цехийн барилга зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан. Д.Б нь  үндсэн зээл 336.732.223 төгрөг, зээлийн хүү 328.478,454 төгрөг, торгуулийн хүү 2.294.895 төгрөг, нийт 667.505.574 төгрөгийг төлсөн. Д.Б нь 2011-11-25-ны өдөр тус банктай 153 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа зөрчин 615 хоногийн хугацаанд зээлээ төлөөгүй байгаа ба гэрээний дагуу төлөгдөх зээлийн өрийн үлдэгдэл 326.969.298 төгрөг байна. Иймд Д.Бээс үндсэн зээлийн төлбөр 247.267.776 төгрөг, зээлийн хүү 69.828.263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.873.258 төгрөг, нийт 326.969.298 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ хэргийн талаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-05-ны өдрийн 517 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016-12- 20-ны өдрийн 119 дугаар магадлалаар тус тус хянан шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад Кны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлийг дахин хүлээн авч хэлэлцэх гэж байгаа нь  “шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг дахин авч хэлэлцэхгүй” гэсэн заалтыг зөрчиж байна. Ктай 2011-11-25-ны өдөр байгуулсан 153-р зээлийн гэрээний 3.4.1-д зээлийн зориулалт жижиг дунд бизнес гурилын бизнест зориулагдана гэсэн заалт, мөн гэрээний 4.1.1-д зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрээнд заасан хэмжээний зээлийг авах эрхтэй гэсэн заалт гэрээний 4.2.2-т зээлийн гэрээний 3.5 дахь заалтад зээлийг зориулалтын дагуу ашиглах ба бусдад дамжуулан зээлдүүлэхгүй гэсэн заалт, гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан зээлийн хөрөнгөөр гүйцэтгэх төлбөр тооцоог бүрэн түргэн шуурхай гүйцэтгэх, 5.2.3-т зориулалтын дагуу зээлийн хөрөнгийг шилжүүлэх, 5.2.8-д гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх гэсэн заалтуудыг К зөрчсөн байна. Кнаас иргэн Д.Бид жижиг дунд үйлдвэр гурилын бизнест зориулан зээл олгоно гэж 2011-11- 25-ны өдөр 153 дугаар зээлийн гэрээ байгуулаад  харилцах дансанд мөн өдөр 584 сая төгрөг оруулаад мөн өдрөө 585.200.000 төгрөгийн зарлагын гүйлгээг мэдэгдэхгүй, зөвшөөрөлгүй К өөрөө дур мэдэж онлайн гүйлгээний түр данс нээж зарлагын гүйлгээ хийсэн.Энэ нь Кны мөрдөж байгаа дотоод журмын 5.3.4-т заасан хуульд зааснаас бусад тохиолдолд хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр түүний данснаас зарлагын гүйлгээ хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болох нь тодорхой байна. Би нэг ч төгрөг аваагүй. К дотоод дүрмээ болон 2011-11- 25-ны өдөр байгуулсан 153 тоот зээлийн гэрээний заалтуудыг зөрчсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2017/00171 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан  Д.Бээс үндсэн зээлийн төлбөр 247.267.776 төгрөг, зээлийн хүү 69.828.263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.873.258 төгрөг, нийт 326.969.298 төгрөг гаргуулан Кны Ховд салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1.792.796 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.792.796 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

         Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 11-ний өдрийн 15 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2016/00171 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

        Хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар нарын гомдолд: Шүүх  Ховд аймаг дахь Кны салбараас Ховд анхан шатны шүүхэд 2017-02- 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн агуулга нь зээлдэгч Д.Бээс 2011-11- 25-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл ...нийт 328.762.095 төгрөгийг гаргуулахаар дурдсан. Ховд аймаг дахь Кны салбар нь иргэн Д.Бээс зээлийн үлдэгдэл мөнгийг гаргуулахаар урд нь тус тусдаа гаргасан 2 удаагийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч нэхэмжлэлийг бүхэлд нь 2 удаа тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр 2 тогтоол байсаар байтал Ховд аймаг дахь Кны салбараас иргэн Д.Бээс 2011-11-25-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл мөнгийг гаргуулахаар дахин 3 дахь удаа гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2017-04-04-ны өдөр 153/ШШ2017/00171 дугаар шийдвэр гаргасан нь ИХШХШТХ-ийн 65.1.6,120.4-г хэрэглээгүй. Д.Бээс 2011-11-25-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл мөнгийг /шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд тэдгээрийн талаар маргаж болохгүй/ гаргуулахаар Ховд аймаг дахь Кны салбараас 3 удаагийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх /дахин тухайн асуудлаар шүүхийн шийдвэр гарахгүй гэсэн хуулийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй/ хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 282.4-г хэрэглээгүй. Тухайлбал: Хувиараа гурилын худалдаа хийх ажилтай иргэн Д.Б нь жижиг дунд бизнесийн зээл /гурилын бизнест/ 584 сая  төгрөгийг авах зээлийн гэрээг Ховд аймаг дахь Кны салбарын захиралтай 2011-11-25 -ны өдөр байгуулж 584 сая төгрөг авах болсон байна. Д.Бийн харилцах дансанд мөн өдөр 584сая төгрөгийг жижиг дунд бизнест зээл олгож орлогын гүйлгээ хийж, улмаар Кны дүрмийн 5.3.4-т тусгагдсан хуульд зааснаас бусад тохиолдолд харилцагчийн зөвшөөрөлгүйгээр түүний данснаас нь зарлагын гүйлгээ хийхийг хориглоно гэсэн заалтыг банк өөрөө зөрчиж, Д.Бийн дансанд байсан 584 сая төгрөгийг  дур мэдэн эргүүлэн татаж зарлагын гүйлгээ хийж, улмаар Анод банканд өртэй байсан Оюу Мандал ХХК-ний өрийг барагдуулсан байна. Энэ үйлдэл нь зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж үзэх хуулийн үндэслэл болохгүй юм.  Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 153/ШШ2017/00171 дугаар шийдвэр гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй шийдвэр гаргасан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21,26 дүгээр зүйл, зээл олгох ажиллагааны 4, Кны зээлийн үйл ажиллагааны журмын 14.2, 14.4-г зөрчиж Д.Бийн авах ёстой байсан 584 сая төгрөгийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр Анод банканд 507 сая төгрөгийн хуучин өртэй байсан Оюу Мандал ХХК-ний өрийг барагдуулсан. Оюу Мандал ХХК-ний дээрх өрийн мөнгийг  Д.Б өөрөө захиран зарцуулаагүй байхад түүнээс суутгаж авсан нь буруу. Кны гүйцэтгэх захирлын 2011 оны 41 тоот тушаалаар баталсан зээлийн үйл ажиллагааны журмын 3.1.2-г зөрчиж  хийсэн зээл нь Д.Бийн хэрэгцээнд зориулагдахгүй, Д.Бийн зөвшөөрөлгүйгээр Оюу Мандал ХХК-ийн Анод банкны өрийг барагдуулж дансны гүйлгээг К онлайнаар татан авч хийсэн гэх боловч энэ мөнгийг ямар дансанд шилжүүлсэн нь тодорхой бус, Анод банкнаас К өр худалдан авсан тухай ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Д.Бийн зүгээс дээрх үйлдэлд шинжилгээ хийлгэх эдийн засгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулж нотлох баримт болгуулах талаар шүүхээс удаа дараалан хүсэлт гаргасан байдаг боловч хүсэлтийг хангаагүй.  Д.Б Ховд аймаг дахь Кны салбарын захирал П.Батбаяр нар 2011-11- 25-ны өдөр 153 тоот зээлийн гэрээ байгуулсан  бөгөөд гэрээний нийтлэг үндэслэлийн 1.1 ,1.2-г зөрчсөн байна. Ктай байгуулсан 153 тоот зээлийн гэрээний 3.4.1, 4.1.1, 4.2.2, 5.2.1, 5.2.3, 5.2.8 тоот заалт /хх-5 хуудас/ Кны дүрмийн 5.1.4, 5.3.4 тоот заалт /хх 41-49/ Кны зээлийн үйл ажиллагааны журмын 3.1.1, 3.1.2, 14.1, 14.2, 14.4 тоот заалт /хх 71-79/ Кны кассын үйл ажиллагааны журмын 3.1.2, 3.2.4, 3.2.6 тоот заалтуудыг /хх 80-84/ Кны 2016-10-03-ны өдрийн 339 дүгээр тайлбар бичиг /хх 98/ Монгол банкны Ховд салбарын захирлын 2017-03- 31-ний А-25 тоот албан бичиг /хх-102/ Кны 2011-11-24 -нд Оюу Мандал ХХК-ийн өр хаасан банкны меморалын бичиг. /XX 65-66/ Эдгээр бичиг баримтаар нотлогдож байхад шүүх огт анхаарч үзээгүй. Шүүгч Б.Маринаг ашиг сонирхлын зөрчилтэй байгааг хариуцагчийн зүгээс тайлбарлаж, татгалзаад байхад хүсэлтийг хангаагүй.  Хувиараа гурилын худалдаа бизнес эрхэлдэг иргэн Д.Бтэй Кны Ховд аймаг дахь салбарын захирал П.Батбаяр 2011-11- 25-ны өдөр зээлийн 153 тоот гэрээ байгуулж, зээлийн гэрээний ерөнхий нөхцөлийн 3.4.1-д зээлийн зориулалт жижиг дунд бизнесийн зээл /гурилын бизнест/ зориулагдана гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Кны Ховд аймаг дахь салбар 2011-11- 24-ний өдөр өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ хийхээс нэг хоногийн өмнө  Д.Бийн харилцах дансанд 584сая төгрөгийн орлогын гүйлгээ хийж, Оюу Мандал ХХК-ийн Анод банкинд байсан 507сая төгрөгийн өр, Канд байсан Д.Бийн 76 сая төгрөгийн зээлийн үлдэгдлийг урьдчилан төлж хаасан байдаг. 2011-11-25-нд Д.Бийн харилцах дансанд 584 сая төгрөгийг зээл олгож орлогын гүйлгээ хийгээд тэр өдрөө буцаагаад онлайнаар татан авч Д.Бид мэдэхгүй дансанд гүйлгээ хийсэн байдаг. Оюу Мандал ХХК-ийн Анод банкны өрийг барагдуулах шаардах эрхийн талаар Д.Бтэй Кны Ховд аймаг дахь салбараас ярьж тохирсон талаарх нотлох баримт хэрэгт байдаггүй харин 2011-11- 25-ны өдөр гурилын бизнест зориулж зээл авахыг Д. Басбишд Ховд аймаг дахь Кны захирал П.Батбаяр санал болгосны дагуу иргэн Д.Б  гурилын бизнест зориулж тус банкнаас 584сая төгрөгийн зээлийг бэлэн бусаар авах зээлийн гэрээ хийсний дагуу Д.Бийн дансанд  2011-11- 25-ны өдөр орлогод оруулж, зөвшөөрөлгүйгээр Оюу Мандал ХХК-ийн өрийг  төлсөн. 507 сая төгрөгийг суутгаж авсан.Энэ үйлдэл нь Д.Бид гурилын бизнест зориулж өгөх биш Оюу Мандал ХХК-ийн Анод банкны өрийг барагдуулах зорилготой, захирал П.Батбаяр өрийг барагдуулснаар 3-5%-ийн мөнгөн урамшууллыг хүртсэн. Иргэний хуулийн 57, 59 дүгээр зүйл заасан хэлцэл болох нь батлагдаж байна. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017-05- 11-ний өдөр 15-р магадлал гаргахдаа  Иргэний хуулийг буруу хэрэглэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.  Иймд  гомдлыг  хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     Кны Ховд салбар 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Д.Бэд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2011-11-27-ны өдрийн 153 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээл 247.267.776 төгрөг, хүү 69.828.263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.873.258 төгрөг, нийт 326.969.298 төгрөг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Шийдвэр болон магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Хэргийг шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардлагатай буюу “зээлийн гэрээнд заасан мөнгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн эсэх”, “шилжүүлсэн бол олгосон зээлийг хэн ямар байдлаар захиран зарцуулсан” нь маргаантай байхад энэ асуудлаар шинжээч томилуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангаагүй нь буруу гэж үзнэ. 

        Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

          Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д нийцээгүй байна.  

        Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2011-11-27-ны өдрийн 153 дугаартай зээлийн гэрээний 3.6.а-р “зээлийн үйлчилгээний шимтгэл”-д 584.000 төгрөг суутган авсан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь дутагдалтай байна. 

        Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2017/00171 дүгээр шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 1.793.000 төгрөгийг Б.Басбишэд буцааж олгох захирамж гаргасугай. 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ