| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00874/И |
| Дугаар | 972 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 972
| 2016 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 151/ШШ2016/00972 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Төв аймаг, Цээл сумын 4-р баг, Хавцалд оршин суух, Тайж овогт Хөжөөгийн Уламбаяр /РД:ОО64101878/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Заамар сум, 4-р баг, 5-р гудамж, 4 тоотод оршин суух, Мангир овогт Дорждаваагийн Сүрэнжав /РД:НН86031297/,
хариуцагч: Төв аймаг, Заамар сум, 2- баг, Төмстэйд оршин суух, Боржигон овогт Тунгалагийн Ариунболд /РД:НН88041671/,
хариуцагч: Төв аймаг, Заамар сум, Төмстэй баг, Дулаанд оршин суух, Харчууд овогт Хишигдалайн Алтанхишиг /РД:ЙГ90022111/,
хариуцагч: Төв аймаг, Заамар сум, Төмстэй баг, Хөх булагт оршин суух, Аргалчин овогт Даваасүрэнгийн Ганхөлөг /РД:ДН83072714/,
хариуцагч: Төв аймаг, Заамар сум, 4-р баг, 4 гудамж, 1 тоотод оршин суух Мянган овогт Насангийн Чимгээ /РД:ФМ68040163/ нарт холбогдох,
Гэм хорын хохирол 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Уламбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Уламбаяр миний 2 тооны үхрийг 2015 оны 2 дугаар сарын 15-16 шилжих шөнө Д.Сүрэнжав нар хулгайлан надад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд ялтан нар өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д зааснаар гэм буруугаа хүлээж хохирлоо нөхөн төлнө гэсэн боловч одоо хүртэл сайн дураараа төлөхгүй хохироосоор байна. Иймд Д.Сүрэнжав нараас 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Уламбаяр нь хариуцагч Т.Ариунболд, Д.Сүрэнжав, Х.Алтанхишиг, Д.Ганхөлөг Н.Чимгээ нараас 2 үхэрийн төлбөр 2.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ариунболд “Миний бие Х.Уламбаяр гэдэг хүний 2 тооны үхэрийг хулгайлан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн. Уг мөнгийг Х.Алтанхишиг, Д.Сүрэнжав, Т.Ариунболд бид гуравт холбогдох тул нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг 3 хувааж төлөх болно. Нэг хүнд ноогдох 667.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 167.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 200.000 төгрөгийг тус тус өгч барагдуулна”,
хариуцагч Д.Сүрэнжав “...Х.Уламбаярын нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг миний бие өөрт ноогдох хувь 667.000 төгрөгийг төлж барагдуулах болно. Үүнд Д.Ганхөлөг, Н.Чимгээ нар нь хамаагүй болно. Х.Алтанхишиг, Т.Ариунболд бид 3 авсан. Уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 330.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үлдэх 337.000 төгрөгийг тус тус төлнө”,
хариуцагч Х.Алтанхишиг “Х.Уламбаярт учруулсан 2.000.000 төгрөгийн хохиролд Д.Ганхөлөг, Н.Чимгээ нар холбоогүй. Уг 2.000.000 төгрөгийг Т.Ариунболд, Д.Сүрэнжав, Х.Алтанхишиг бид 3 хувааж төлнө. Өөрт ноогдох 666.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 266.000 төгрөгийг тус тус төлнө” нар нь тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх 32, 35, 36/
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Х.Уламбаяр нь хариуцагчаар Д.Ганхөлөг, Н.Чимгээ нарыг татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан бичгийн нотлох баримт, хариуцагч нарын тайлбар зэрэг баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш болох нь тогтоогдож, мөн нэхэмжлэгч Д.Ганхөлөг, Н.Чимгээ нараас татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлснийг хүлээн авч, Д.Ганхөлөг, Н.Чимгээ нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Х.Уламбаярын нэхэмжлэлийн шаардлага 2.000.000 төгрөгийг хариуцагч Т.Ариунболд, Д.Сүрэнжав, Х.Алтанхишиг нар нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Х.Уламбаярын нэхэмжлэлийн шаардлага 2.000.000 төгрөгийг хариуцагч Т.Ариунболд, Д.Сүрэнжав, Х.Алтанхишиг нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Уламбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 төгрөгийн 50 хувь болох 23.475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 23.475 төгрөгийг, хариуцагч Д.Сүрэнжаваас 7825 төгрөгийг, Х.Алтанхишигээс 7825 төгрөгийг, Т.Ариунболдоос 7825 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.Уламбаяр /РД:ОО64101878/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ