Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01663

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 26 210/МА2024/01663

 

 

Л.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02166 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.С-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г ХХК-д холбогдох,

Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, хангай хотхоны 522 дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлж өгөхийг даалгах, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07 тоот гэрээний үүрэгт ажлын байрны түрээсийн төлбөр 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны түрээс 57,750,000 төгрөг, алданги 5,197,500 төгрөг, нийт 62,947,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжины 0-0 тоот хаягт худалдааны газарт хүнсний дэлгүүр болон үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг байсан. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 2/29, 3/31 дугаар тогтоолын дагуу гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төсөлд хамруулахаар болсон. 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Л.С-, Г ХХК болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 3 талт гэрээ байгуулж, Г ХХК болон Л.С- нарын хооронд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гэрээ-г байгуулсан. Уг 2 талт гэрээнд 2016, 2021 онд 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан.

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээгээр Л.С-д нийт 66.37 м.кв орон сууцыг шилжүүлэхээс 39.9 м.кв талбай бүхий орон сууцыг Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Хангай хотхоны 00 тоот орон сууц, үлдэх 26.47 м.кв талбайд Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороонд баригдаж буй орон сууцнаас 17 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, 1 м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр тооцож, 9.47 м.кв талбайн үнэ 17,046,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. 2015 оны 3 дугаар улиралд дээр дурдсан 39.9 м.кв талбайтай орон сууцыг хүлээж авсан.

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нэмэлт гэрээгээр зөрүү 26.47 м.кв талбайд Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Хангай хотхоны 522 дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Л.С-д 2022 оны 1 дүгээр улиралд шилжүүлэх, өмнө нь байгуулагдсан 3 талт болон 2 талт гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон боловч Г ХХК нь уг орон сууцыг шилжүүлж өгөөгүй.

Мөн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай 07 тоот гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 2.1-т зааснаар ажлын байрны 1 сарын түрээсийн төлбөрт 550,000 төгрөгийг барилга бүрэн баригдаж дуусах хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон.

Иймд Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Хангай хотхоны 522 дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлж өгөхийг даалгах, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07 тоот гэрээний үүрэгт ажлын байрны түрээсийн төлбөр 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны түрээс 57,750,000 төгрөг, алданги 5,197,500 төгрөг, нийт 62,947,500 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Түрээсийн төлбөр гэх гэрээний дагуу төлөх хууль зүйн үндэслэлгүй. Хангай хотхоны 522 дугаар байрны 21.1 м.кв гэх байр манай компанид байхгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 236 дугаар зүйлийн 232.1.3, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, хангай хотхоны 522 дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Л.С-д шилжүүлж өгөхийг хариуцагч Г ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны ажлын байрны нөхөн төлбөр 57,750,000 төгрөг, алданги 5,197,500 төгрөг, нийт 62,947,500 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 647,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 174,664.5 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.С-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх дүгнэлтээр Г ХХК бид хоёрын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, уг гэрээний дагуу Г ХХК нь 2013 оны 10 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сар дуустал 20,900,000 төгрөгийн нөхөн төлбөр төлж байсан байна... гэж шүүх зөв дүгнэсэн боловч уг гэрээний хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ....тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.... гэж хууль тогтоогчийн зүгээс хуульчилсан.

Хариуцагч Г ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07 тоот гэрээний үүрэгтэй холбогдуулан Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан бусад хэлбэрээр миний шаардлагыг хүлээн зөвшөөрч надад 2013 оны 10 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сар дуустал 20,900,000 төгрөгийн нөхөн төлбөр төлж байсан нь дээрх үйл баримтаар тогтоогдож, хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан байхыг анхаарч үзэлгүй Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан ...бусад хэлбэрээр анхнаасаа миний шаардлагыг зөвшөөрч гэрээ байгуулж, эцсийн байдлаар 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр түрээс гэх утгаар 1,650,000 төгрөгийг төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тасалдсан гэж үзэж байна.

4.3. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ...тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж хуульчилсан. Нэхэмжлэгч миний бие дээрх 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07 тоот гэрээний үүрэгтэй холбогдуулан түрээсийн төлбөрт 7,350,000 төгрөгийг Г ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/00050 дугаартай шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Улмаар уг шийдвэрийг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/Ш32021/09966 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарсан.

Дээрхээс дүгнэн үзвэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан үндэслэл тогтоогдоно. Мөн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид эвлэрсэн нь дээрх хуулийн бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлд хамаарахаар байхад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан гэрээний хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Г ХХК бид хоёрын хооронд 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2 удаа гэрээгээ дүгнэн нэмэлт өөрчлөлт оруулж эцсийн байдлаар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 91-2 дугаар Нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-гээр гэрээний эрх зүйн харилцаа 2021 оны 11 дүгэээр сарын 04-ний өдрийг хүртэл үргэлжилсэн байхад уг гэрээнээс үүссэн үр дагавар болох түрээсийн төлбөр 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны түрээс 57,750,000 төгрөг, алданги 5,197,500 төгрөг, нийт 62,947,500 төгрөгийг гаргуулах шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

2014 онд Г ХХК нь Л.С-той түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээг байгуулсан. Л.С- 8 нэрийн дэлгүүртэй бөгөөд дэлгүүрийнхээ түрээсийн орлогыг авмаар байна гэж шаарддаг. Уг гэрээний нэршил нь түр оршин суух хугацаанд гэдэг. Анх байгуулагдсан гэрээний 91.1, 91.2-т тусгагдсан дагуу тус хаягт байрлах 39.9 м.кв талбай орон сууцыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр олгосон. Түр оршин суух хугацааны түрээсийн 6 удаагийн төлбөрт нийт гүйлгээгээр 20,000,000 төгрөгийг төлсөн. Үүнийг зогсоох болсон үндэслэл нь түр оршин суух хугацаа нь дууссан буюу манай компаниас орон сууцыг хүлээж авсан. Тухайн байгуулсан гэрээний 2.2-т иргэний зүгээс ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн ажлын 10 хоногийн дотор тухайн иргэнд олгоно гэж заасан. Нэхэмжлэгч 7 жил 9 сар гэх хугацааг ярьдаг. Энэ хугацаанд нэхэмжлэгч тал гэрээнд зааснаар ямар нэгэн нэхэмжлэл өгч байгаагүй бөгөөд үүнийг нотлох баримтгүй. Ийм учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Л.С- нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, хангай хотхоны 522 дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлж өгөхийг даалгах, 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07 тоот гэрээний үүрэгт ажлын байрны түрээсийн төлбөр 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны түрээс 57,750,000 төгрөг, алданги 5,197,500 төгрөг, нийт 62,947,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

 

3. Г ХХК болон Л.С-, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-г байгуулсан байна./хх8-11/

 

3.1. Мөн Г ХХК болон Л.С- нар 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ-г байгуулсан байна./хх6-7/

 

3.2. Үүний дараа нэхэмжлэгч хариуцагч нар 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр болон 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-г тус тус байгуулж, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 91 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг үндэслэн нэмэлт гэрээг байгуулсан байна./хх4-5/

 

3.3. Гэтэл, анхан шатны шүүхийн шийдвэрт Г ХХК болон Л.С- нарын хооронд 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 91 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн байх боловч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, 2013 оны 91 дугаартай үндсэн гэрээнд нэмэл өөрчлөлт оруулсан гэрээг ирүүлж, анхны 2 талт гэрээ нь хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр нотлох баримтанд үндэслэгдээгүй гэж үзэхээр байна.

 

4. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т зааснаар шүүгчээс нэхэмжлэгчид зохигчийн хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгөх ажиллагааг явуулаагүй, хэргийн материал танилцуулах эрхээр нь хангаагүй, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг мөн хуулийн 67.1.2-т зааснаар хариуцагч гардуулсан тухай баримтгүй байна./хх23, 32/

 

4.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсний дараа шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудтай хариуцагчид танилцуулах ажиллагааг хийсэн эсэх нь баримтгүй байх бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхдээ нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна./хх33-42/ Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

4.2. Дээрхээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байна.

 

5. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацааны тасалдлын асуудал тодорхойгүй байх бөгөөд 2021 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр дээрх гэрээнүүдтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн талаар хэн аль нь тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн шаардлагын аль хэсэгт хамаарах асуудлыг тухайн шүүх шийдвэрлэсэн талаарх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,688 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

  ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ