Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 76

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч С.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 1930001700104 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг “А” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй С.Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

           

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “А” гэх газарт өөрийн төрсөн эх Ц.Оыг зодож, эрүүл мэндэд нь “баруун талын шууны хэсгийн болон хэвлийн хэсгийн цус хуралт, 2 хөлийн шилбэний хэсгийн няцрал, зүүн гарын ядам болон чигчий хурууны өнгөц зүсэгдэлт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  С.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр адуундаа явж байхад адууны эрэлд явж байсан хүмүүстэй таараад архи уусан. Архи ууж ирээд ээжийгээ хэл амаар доромжилж, ийм асуудал гаргасан гэв.

 

Хохирогч Ц.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд отроор нүүж ирээд 20-иод жил болж байна. Би мал дээрээ 2 хүүгийнхээ хамтаар байдаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр миний 2 дахь хүү С.Б нь архи ууж ирээд надад агсам согтуу тавьж намайг зодож гэмтээсэн. Тэр өдөр 16 цагийн орчим би гэртээ шөлтэй хоол хийчихээд аягалж байтал гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд намайг “хурдан хөдлөөч, аяга хоол өгөх юм уу, үгүй юм уу” гэхээр нь би хоол аягалж өгтөл миний өөдөөс аягатай хоолоо шидэхээр нь би гараараа хаатал миний гарыг онож аяга нь хагараад миний гар зүсэгдсэн. Тэгээд намайг “янхан, гичий” гэх мэтээр хэл амаар доромжлоод барьцалдаж аваад гэрээс гарсан. Гэрийн гадаа гараад намайг газар ойчуулаад миний гэдэс рүү нэг удаа, хоёр хөл рүү тус бүр 2 удаа өшиглөсөн. Тэгээд пингэний хажууд байсан 70-80 см орчим хэмжээтэй мод бариад миний баруун, зүүн гарын мөр, дал хэсгээр цохисон. Тэгээд нөгөө мод нь юу ч үгүй хугараад өгсний дараа тэрээр поошиг түшүүлээд тавьсан байсан том лоом аваад ална гээд над руу далайх үед нь манай охин С.С голоор орж барьж авсан бөгөөд намайг хальт оноод миний охины толгой хэсэгт оносон. Тэгээд манай охин аймгийн цагдаагийн газарт дуудлага өгөхөд тэрээр мотоциклоо унаад яваад өгсөн. ...Тухайн үедээ миний баруун гарны долоовор хуруу тулсан, зүүн гарын бүх хуруу зүсэгдсэн, 2 гарын тохой, дал орчмоор хөхөрсөн, хэвлий гэдэс орчмоор мөн хөхөрсөн, хөл рүү өшиглөсөн учир хавагнасан байна. Бүх бие хөндүүр болоод даралт ихсээд зүрх өвдөөд байсан.  Одоо миний бие зүгээр болсон. Миний хүү 2013 онд эхнэр авч тусдаа гараад 2017 онд салсан юм. Эхнэрээсээ салснаас хойш архи уугаад ирэхээрээ үглээд байдаг болсон. 2019 оны 04 дүгээр сарын 07-нд гэрт орж ирээд согтуу юм ярьж байснаа гэнэт уурлаад зодоод эхэлсэн. Өмнө нь намайг ингэж зодож дарамталж байгаагүй. Архи уусан үедээ үглээд байдаг болохоос биш агсам согтуу тавиад байдаггүй байсан. Тухайн үед С.Б нь архи согтууруулах зүйл хэрэглэсэн согтуу байсан. Гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй. Хэргийг нь хурдан шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Дорнод аймагт амьдардаг бөгөөд 2019 оны 03 сарын сүүлээр хөдөө ээж дээрээ ирээд мал төллөхөд нь туслаж байгаа юм. 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай ах С.Б нь өглөө малдаа явлаа гэж яваад үдийн хойно 16 цагийн орчим ирэхдээ архи уучихсан согтуу мотоциклтойгоо ирсэн. С.Б ахыг ирэх үед манай ээж гэртээ хоол хийгээд гаргаж байсан бөгөөд орж ирээд ээжид хандаж “та миний эхнэрийг хөөж явуулсан” гээд уурлаад байсан. Тэгээд “хоолоо хурдан аягалж өгвөл өг, өгөхгүй бол боль гичий минь” гээд загнаж байснаа тогоотой хоолыг нь очоод өшиглөөд асгачихсан. Тэгээд ээж рүү аягатай хоолоо шидэхээр нь ээж гараараа хаахад аяга нь хагарсан. Тэгээд ээж гэрээс зугтаад гадаа гарсан бөгөөд би цуг гарахад С.Б ах газраас мод чулуу, лоом бариад ална гээд дайраад байсан. Тэгээд барьж байсан модоороо нэг удаа ээжийн зүүн талын мөр орчим цохиход мод нь хугарсан. Тэгээд пингийн хажууд байсан лоомыг аваад цохино, ална гээд дайрахаар нь би голоор нь орж хорьсон боловч дйилдээгүй лоомоороо цохисон. Харин ээжийг хальт оноод өнгөрсөн бөгөөд би лоомны үзүүр хэсгээр нь толгойдоо нэг удаа цохиулсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 199 дугаартай: Ц.Оын биед баруун талын шууны хэсгийн болон хэвлийн хэсгийн цус хуралт, 2 хөлийн шилбэний хэсгийн няцрал, зүүн гарын ядам болон чигчий хурууны өнгөц зүсэгдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 12/

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 5 дугаар багийн Засаг даргын 5/24 дугаар тодорхойлолт /хх-ийн 25/

 

Шүүгдэгч С.Бд хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-ийн 29/

 

Шүүгдэгч С.Бгийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “А” гэх газарт өөрийн төрсөн эх Ц.Оыг зодож, эрүүл мэндэд нь “баруун талын шууны хэсгийн болон хэвлийн хэсгийн цус хуралт, 2 хөлийн шилбэний хэсгийн няцрал, зүүн гарын ядам болон чигчий хурууны өнгөц зүсэгдэлт” бүхий хөнгөн хохирол учруулсан   болох нь шүүгдэгч С.Бгийн  мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ц.О,  гэрч  С.С нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 199 дугаартай дүгнэлт зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч С.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч С.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч Ц.О зодож эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч С.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул С.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч  С.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн  нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь  зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ  тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хохирогч Ц.О гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бд  600 / зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  600 000 зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан С.Бд мэдэгдсүгэй.

 

           4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Бд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.         

 

           5. Ялтан С.Б нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.О   гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

         

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                             

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.СУГАР