Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01661

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 26 210/МА2024/01661

 

 

Ш.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/03654 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш.Т-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Э-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөр, хохиролд 9,287,776 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ш.Т-, С.Э- нар нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний 1.2-т талууд гэрээний үүргээ шударга, бодитоор биелүүлнэ гэж заасан. Гэтэл тухайн газрыг бодитоор ашиглах боломжгүй байдал үүссэн. Нэхэмжлэгч нь байшин бариад, зуслангийн газар хэлбэрээр ашиглаж, амьдрах зорилгоор маргаан бүхий газрыг худалдан авсан. Гэтэл тэр газар нь хүн амьдрах боломж бололцоо байхгүй, булгийн эхийг хашчихсан газар байсан. Иргэний хуулийн 260 дугаар зүйлд эрх шилжүүлэх, худалдаж авахтай холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд 260.3 дахь хэсэгт эд хөрөнгө эзэмших болон олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч, тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын доголдолгүй болон эрхийн зөрчилгүй шилжүүлэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл С.Э-ын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ ч биелүүлээгүй, мөн Иргэний хуулиар хүлээсэн үүргээ ч бас биелүүлээгүй. Иймд манай зүгээс гэрээнээсээ татгалзаж, өгсөн мөнгөө буцааж авах, хариуцагч тал газраа буцаагаад авчих гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс С.Э-аас газрын төлбөрт төлсөн 9,000,000 төгрөг, Сүхбаатар дүүргийн татварын албанд төлсөн 287,776 төгрөг, нийт 9,287,776 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн газрыг худалдаж авахдаа Ш.Т- нь очиж үзэн, өөрийн хүслээр худалдан авсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг ч хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Э-аас 9,287,776 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Т-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,554 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-аас 163,554 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Т-т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль, ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, нотлох баримтын үндсэн дээр гаргах шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Анхан шүүх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө/газар/-ийг биед байдлын доголдолтой гэж дүгнэсэн хэдий ч хэрэгт авагдсан баримтаар доголдолтой эсэх нь огт нотлогддоггүй бөгөөд харин ч тус маргаан бүхий газрын зориулалтын дагуу ашиглах бүрэн боломжтой талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан.

Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ маргаан бүхий газарт 2023 оны 06 дугаар сард тог татуулахаар монтёр дагуулан очиход монтёр нь ...энд тог тавих боломж байхгүй, үер ёсны аюултай бүс гэж үздэг учир цахилгаан өгдөггүй... гэж хэлсэн гэж дурдсан.

Гэтэл хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан У ХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/478 дугаар албан бичигт маргаан бүхий газарт цахилгаан татах хүсэлтийг Ш.Т-, С.Э-ын нарын зүгээс хандаагүй байна гэж ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасан шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн буюу цахилгаан татуулах талаар холбогдох байгууллагад хандаагүй, монтёр дагуулж очоогүй байдаг.Тухайн маргаан бүхий газарт цахилгаан татах боломжтой бөгөөд ойр орчмын айл өрхүүд тог цахилгаантай амьдарч байгаа нь нотлогддог.

4.2. Анхан шатны шүүх маргаан бүхий газар нь шинжээчээс ирүүлсэн фото зураг, дүрс бичлэгээр 2024 оны 04 дүгээр сарын байдлаар хашааны хажуугаар нарийн гол урсаж, тухайн хашааны газар нь тэгш бус, овон товонтой, шавар ихтэй, дов сондуултай болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хаврын улирлын нэг онцлог болох цас хайлж, газар гэсэж газрын дотоод бүлээн уур дээшилж үүний нөлөөгөөр газар ус, шалбаагтай болох үе нь 4 дүгээр сар байдаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр, нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтын шаардлага хангахгүй 3 фото зургийг үнэлж маргаан бүхий газрын доголдолтой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу тус маргаан бүхий газарт намаг цэвдэгтэй эсэх, байшин барих боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Х ХХК-ийг шинжээчээр томилсон боловч шинжээчээс шинжилгээ хийх боломжгүй гэх утга бүхий албан бичиг, фото зураг, дүрс бичлэгийг ирүүлсэн буюу шинжээч дүгнэлт гаргаагүй.

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийг нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн. Гэвч хариуцагчийн зүгээс маргаан бүхий Шарга морьт гэх зуслангийн газарт маш олон айл өрхүүд хуульд заасан зориулалтаар газар эзэмшиж, ашигладаг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд илэрхий үйл баримт гэж үзэж байгаа болно. Хэрвээ хүн амьдрах боломжгүй байсан бол холбогдох эрх бүхий байгууллагаас тус газрыг 15 жилийн хугацаатай олгогдохгүй байх байсан.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрыг нэхэмжлэгч өөрийн эзэмшилд 2022 оны 11 сард авсан ба өнөөдрийн байдлаар 1 жил 8 сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд хэрвээ доголдолтой гэж дүгнэсэн бол энэ хугацаанд доголдол үүссэн эсэх, доголдлыг арилгах боломжтой эсэх талаар дүгнэлт огт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд маргаан бүхий газар нь зориулалтын дагуу ашиглах бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нотлох баримтыг шүүхийн санаачилгаар мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр цуглуулсан баримт хавтаст хэрэгт авагдсан. Маргаан бүхий газар эд хөрөнгийн доголдолтой гэдэг нь шинжээчийн ирүүлсэн сиди бичлэг түүнд хийсэн шүүгчийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог. Хариуцагч талаас уг газар эд хөрөнгийн доголдолгүй гэж нотлох үйл ажиллагаа хийгээгүй бөгөөд нотлох баримт гаргаж өгөөгүй. Энэ нь тухай газар эд хөрөнгийн доголдолтой гэдгийг хүлээн зөвшөөрч буй хэлбэр юм. Анхан шатны шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хуулийн дагуу үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Ш.Т- нь хариуцагч С.Э-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөр, хохиролд 9,287,776 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь тухайн худалдаж авсан газар нь байшин барих боломжгүй, тог татуулах боломжгүй, булгийн эх дээр барьсан доголдолтой газар байсан учраас өгсөн мөнгөө хариуцагчаас буцаан гаргуулна гэсэн тайлбар, хариуцагч тухайн газрыг нэхэмжлэгч өөрөө очиж үзээд авсан бөгөөд ямар нэгэн доголдолгүй гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

2.1. С.Э- нь Ш.Т-тэй байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт хаягт байрлах, нэгж талбарын 1462003390 дугаар бүхий, 460 м.кв хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Э-2203010039 дугаарт бүртгэгдсэн газар эзэмших эрхийг Ш.Т-т 9,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. /хх8/

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд худалдан авсан газрыг доголдолтой эсэх талаар талууд маргасан байна.

 

3.1. Анхан шатны шүүх маргаан бүхий газарт шинжээч томилсон боловч Х ХХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 24/03 тоот албан бичгээр Тухайн 1462003390 дугаартай нэгж талбарын дугаартай хашааны үүд хэсэг рүү автомашин ороход хүндрэлтэй, хазгай, устай, шавартай байна гэх хариуг, гэрэл зургийн хамт ирүүлсэн./хх116-118/

 

3.2. Мөн, анхан шатны шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тухайн газарт үзлэг хийхэд ...Хашааны хажуугаар нарийн гол урсаж байна. Мөн газар нь тэгш бус овон товонтой, шалбааг, шавар ихтэй харагдаж байна... гэх тэмдэглэл хэрэгт авагджээ.

/хх139-140/

 

3.3. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн худалдан авсан газрын гэрэл зураг болон шинжээчээр томилогдсон Х ХХК-аас ирүүлсэн гэрэл зураг зэргийг харьцуулан үзэхэд тухайн газар нь намагтай, байшин барилга барьж амьдрах боломжгүй газар гэж тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж дүгнэхээр байна./хх16-18/

 

3.4. Худалдах, худалдан авах гэрээг талууд байгуулах үе нь цаг хугацааны хувьд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байх ба өвлийн улирал байсан учраас нэхэмжлэгчийг газрын шинж байдлын талаар бүрэн мэдэх боломжгүй байсан гэж үзнэ.

 

4. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн худалдан авсан газар буюу гэрээний зүйл нь биет байдлын доголдолтой болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/03654 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 164,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ