Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2949

 

 

 

 

2016 оны 09 сарын 26 өдөр                                          Дугаар 151/ШЗ2016/02949                                                                 Төв аймаг

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Төв аймаг, Баянжаргала сум, Жаргалант багт оршин Боржигон овогт Дамчаагийн Пүрэвсүрэн /РД:НЕ56021261/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Баянжаргалан сум, Жаргалант, 1-р багт оршин суух Батсүхийн Батболд-д холбогдох,

570.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч  Д.Пүрэвсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 онд Б.Батболдоор хонио хариулуулахаар сард 300.000 төгрөгөөр бодсон. Б.Батболд банканд зээлийн өртэй тул сар бүр бэлнээр 150.000 төгрөгийг өгч үлдсэн хөлсөнд нь хонь, ямаа өгч байхаар тохиролцсон юм. Б.Батболд манай хонийг 10 сараас хариулсан. Харин 150.000 төгрөгөө 2013 оны 9, 10, 11, 12 сар, 2014 оны 1 дүгээр сар бүгд 750.000 төгрөг бэлнээр авсан. Гэтэл Б.Батболд хонио муу хариулж 4 хонь чонод идүүлчихсэн, түүнийгээ би төлж өгөөч гэж хэлсэн. Иймд би Батболдоос 9 сард хонь хариулаагүй байж бэлнээр авсан 130.000 төгрөг, чонод идүүлсэн 4 хонио нэг бүрийг 130.000 төгрөгөөр, 420.000 төгрөг нийт 570.000 төгрөгийг Б.Батболдоос гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн нь Б.Батболдод холбогдуулан 570.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ. 

           Хариуцагч Б.Батболдыг шүүхэд ирүүлэхээр “Мэдэгдэх хуудас”-ыг нэхэмжлэлд дурьдсан Төв аймаг, Баянжаргалан сум, Жаргалант, 1-р баг гэсэн хаягаар хүргүүлэхэд Б.Батболд нь уг хаягт оршин сууддаггүй болох нь тус сумын Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д хариуцагчийн хаяг тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан энэ хуулийн 69.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ.

Иймд хариуцагч Б.Батболдын хаяг тодорхойгүй, мэдэгдэхгүй байх тул хуулийн дээрх заалтуудыг үндэслэн Б.Батболдод холбогдох Д.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн оршин суугаа газрыг мэдэхгүй, мэдэх талаар бүх талын арга хэмжээг аваад үр дүнгээ өгөхгүй тохиолдолд түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 69 дүгээр зүйлийн 69.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Д.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Батсүхийн Батболдод  холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17.750 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар захирамжийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУУЛ