| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0035/э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2019-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 35
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.Эт холбогдох 1930000290022 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй С.Э.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн орчим Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Т” гэх газар иргэн Б.ЭРыг зодож, эрүүл мэндэд нь “баруун чамархайн урд хэсэгт, зүүн дагзны ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эрүү шанаа орчимд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2 шил архи уусан. Эр намайг хэл амаар доромжлоод байхаар нь цохиод авсан.
Хохирогч Б.ЭРы “...2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн үед би саахалт өвөлжиж байгаа Б гэх айл руу хороог нь гишгэж өгөх ажлаар очоод хороог нь гишгэж дуусаад гэрт орж мах идэж байхад Э намайг ямарч шалтгаангүй зодсон. Тийм болохоор би гомдол гаргасан.Одоо миний бие эрүүл Э надад эмчилгээний зардалд 500000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг /хх-ийн 4/
Гэрч Л.Аын “...2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд хороо гишгэж орж ирээд мах идэж байхдаа Эр, Э 2 хоорондоо бие биенийгээ тоглоотоор элдвээр хоч өгөөд гэр дотор тууцалдаад байсан. Тэгсэн гэнэт Э гэрийн баруун талд Эрыг дараал унахаар нь би өөрийн хүү Хийг наад 2-ыгоо салга гэж хэлээд салгуулж гэрээс гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 06/
Гэрч Л.Хийн “...2019 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө би өөрийн дүү Хын хонины хороог Эр Х, Э бид 4 гишгэж эхлээд үдийг хойно 16 цагийн үед дууссан. Хороо гишгэж байхдаа бид нар 2 шил архи хувааж уусан. Тэгээд хороогоо дуусгаад гэрт орж хоол идчихээд байж байтал Э, Эр хоёр хоорондоо муудаад Эрыг Э дээрээс нь дараад унахаар нь би салгаж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 07/,
Яллагдагч С.Эын “...2019 оны 01 дүгээр сарын 06-ны орой би өөрийн танил Б.ЭРтай маргасны улмаас 2 удаа цохиж, толгой руу нь 1 удаа цохиж гэмтээсэн нь үнэн. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 55 дугаартай: Б.ЭРы биед баруун чамархайн урд хэсэгт, зүүн дагзны ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эрүү шанаа орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 12/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2/75 дугаар тодорхойлолт /хх-ийн 17/
Шүүгдэгч С.Эын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 33/
Шүүгдэгч С.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав
. Шүүгдэгч С.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн орчим Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Т” гэх газар иргэн Б.ЭРыг зодож, эрүүл мэндэд нь “баруун чамархайн урд хэсэгт, зүүн дагзны ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эрүү шанаа орчимд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч С.Эын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.ЭР, гэрч Л.Х, Л.А, Л.Х нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Э нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа иргэн Б.ЭРыг зодож эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч С.Эын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул С.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Эт ял шийтгэл оногдуулахад хохирогч Б.ЭРд эмчилгээний зардалд 500000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохиролд 500 000 төгрөг төлсөн. Хохирогч Б.ЭР гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эыг 500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Эт оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан С.Эт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Эт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Ялтан С.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.ЭРд эмчилгээний зардал 500000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР