Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2024/01684

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 30 210/МА2024/01684

 

 

З.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/02495 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч З.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.М-т холбогдох,

18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Т-, хариуцагч Ч.М-, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Бид нөхөрлөлийн харилцаандаа тулгуурлан харилцан итгэлцлийн үндсэн дээр хувь нийлүүлсэн Алтан ургийн холбоос нэртэй ХХК-ийг үүсгэн байгуулсан.

Бид хоёр компанидаа хамтарч хөрөнгө оруулах талаар харилцан тохиролцож 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр хэлцэл хийн нотариатаар гэрчлүүлсэн. Уг хэлцэлд хүн тус бүр 20,000,000 төгрөг оруулах нөхцөлийг тусгасан бөгөөд би хэлцлийн дагуу 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа хийсэн. Гэтэл Ч.М- нь 20,000,000 төгрөгөө гаргаж хийгээгүй.

Би бизнес хийж мөнгөө өсгөх зорилгоор түүнтэй 4 сар орчим хамт амьдрах хугацаандаа компанид оруулсан 20,000,000 төгрөг, мөн өөрийн хоол хүнс, хувийн хэрэгцээнд өөрт байсан 3,000,000 төгрөг нийт 23,500,000 төгрөгийн зарлага гаргасан.

Иймд нэхэмжлэгч З.Т- надаас А ХХКК-д хэлцлийн дагуу оруулсан хөрөнгө оруулалт 20,000,000 төгрөгөөс цагдаагийн байгууллага дээр хэрэг шалгагдаж байхад эргэн төлөгдсөн 5,000,000 төгрөгийг хасаж 15,000,000 төгрөг, өнгөрсөн 3 жил гаруй хугацаанд надад учруулсан сэтгэл санаа, эд хөрөнгийн үнэлж нотлох боломжгүй гэм хорын хохирлыг үл тооцон зөвхөн нотлох баримт бүхий өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны хөлс 3,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг Ч.М-аас гаргуулан олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

З.Т- бид хоёр тавилга үйлдвэрлэл, худалдаа болон аяллын бүрэн хэрэгслийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулахаар харилцан тохиролцож тус бүр 20,000,000 төгрөг гарган компани байгуулахаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг буруу зүйлд зарцуулсан мэтээр хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Бид өөр өөрсдийн оруулсан хөрөнгөөр эхний ээлжид 70-81 УАМ улсын дугаартай Тоёота маркийн бага оврын ачааны машин худалдан авсан, мөн тавилгын багаж, тоног төхөөрөмжийг Эрдэнэт хотоос худалдан авч ажлаа эхлүүлэхээр болсон юм.

Учир нь З.Т- анх тохиролцсоны дагуу 20,000,000 төгрөгийг гаргаж өгөөгүй, түүнээс эхлээд 10,000,000 төгрөг, дараагийн удаад 5,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлж байсан. Эхний ээлжид орж ирсэн 10,000,000 төгрөгөөр бид харилцан тохиролцож дээрх бага оврын ачааны машиныг худалдан авахад зарцуулсан.

Мөн нэхэмжлэгч нь үүсгэн байгуулсан компаниа хаяж явсан, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Нэхэмжлэгч нь хөрөнгө оруулсан гэх 15,000,000 төгрөгөө нэхэмжилж байна. Харин өмгөөллийн зардалд төлсөн гэх 3,000,000 төгрөгийн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Миний хувьд одоогийн байдлаар бидний авсан бага оврын ачааны машины зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсаар байгаа бөгөөд зээл, зээлийн хүүд их хэмжээний төлбөр төлж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.М-аас 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.М-аас 232,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Т-т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Бид компанийн хувьцааг адил тэнцүү 50/50 хувиар эзэмшиж цаашид гарах ашиг, эрсдэл зэргийг ижил тэнцүү хуваалцах байдлаар харилцан тохиролцсон.

Гэтэл анхан шатны шүүхээс хэлцлээр тохирсон тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг худалдан авах үүргийг Ч.М- намайг хүлээж байсан мэтээр үндэслэлгүй тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай.

Мөн анхан шатны шүүх Ч.М- намайг тухайн худалдан авсан тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан, 5,000,000 төгрөгийг өдөр тутмын хэрэгцээнд зарцуулсан гэдгийг нотолж чадаагүй гэх боловч энэ нь миний гаргаж өгсөн зээлийн гэрээ болон бусад баримтуудаар нотлогддог, мөн Ковид-19 цар тахлын үеэр ямар ч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулах боломжгүй цаг хугацаанд З.Т- нь манай гэрт амьдарч байсан.

Иймд гэрээгээр харилцан тохиролцсон, мөн А ХХКК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьд хэн аль нь хамтран эхлүүлсэн үйл ажиллагааныхаа эрсдэл, хариуцлагыг хуульд заасны дагуу хүлээх үүрэгтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс намайг ажлаа хаяж явсан гэх боловч Ч.М- өөрөө бөө болно гээд хамтран амьдрагчтайгаа нийлж, намайг гэрээсээ хөөсөн. Тухайн компанид ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй бөгөөд 10,000,000 төгрөгөөр хамтран автомашин худалдаж авсан боловч тухайн автомашиныг Ч.М- хувьдаа ашиглаж байсан. Миний бие тухайн компанид тоног төхөөрөмж худалдан авахаар 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болохоос биш Ч.М-т автомашин авч, ашиглуулахын тулд 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч З.Т- нь хариуцагч Ч.М-т холбогдуулан 18,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг, өмгөөллийн хөлсөнд 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлажээ.

 

1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ бид компани байгуулж, хамтран ажиллах зорилгоор автомашин худалдаж авсан, машин худалдаж авсан үлдэгдэл зээлийг төлж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

2. Талууд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хөрөнгө оруулах хэлцэл хийж А ХХКК-ийг үүсгэн байгуулж, компанид тус бүр 20,000,000 төгрөгийн буюу нийт 40,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тавилгын болон аялалын үйлдвэрлэл худалдааны үйл ажиллагаа явуулах, улмаар компанийн олох ашиг, орлогыг 50, 50 хувиар эзэмшиж, компанийн эрсдэл, зардлыг 50, 50 хувиар хариуцахаар харилцан тохиролцжээ./хх 4, 6-10/

 

3. Нэхэмжлэгч З.Т-, хариуцагч Ч.М-ын Хаан банкны 5027728669 тоот дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн дээрх мөнгөн хөрөнгөөс хариуцагч нь 5,000,000 төгрөгийг буцаан өгсөн талаар маргаагүй. Харин үлдэх 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй эсэх талаар маргаж байна.

 

4. Талууд хуулийн этгээд байгуулж, үйл ажиллагаа явуулах зорилготой байсан гэх боловч дээрх хэлцлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй, уг гэрээ хэрэгжээгүй, нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөгийг компанийн дансанд бус хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгчийн дансны хуулга зэргээр тогтоогдсон байна.

 

4.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр компанийн үйл ажиллагаанд зориулж тээврийн хэрэгсэл зээлээр худалдаж авсан гэх боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн худалдан авсан гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тухайн компанийн нэр дээр байдаггүй, тээврийн хэрэгслийн эзэмшил өөр бусад этгээдэд байгаа талаар хариуцагч тайлбар гаргаж байна.

 

5. Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй байх ба тэдгээрийн хооронд үүргийн харилцаа үүссэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул дараах байдлаар залруулж хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

5.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан ба хариуцагч нь компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулж, тээврийн хэрэгслийг худалдан авсан байдал тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж үзнэ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээн хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/02495 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.6 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ